Sunday, January 10, 2010

Өнөөгийн физик ба Чингис судлал

Өнөөгийн физик ба Чингис судлал


Профессор О. Лхагва
Физик-математикийн шинжлэх ухааны доктор,
МУИС, Физик-элетроникийн сургууль



Эл өгүүлэлд Мөнх Тэнгэр эрдэм ухааныг квант физик, синергетикийн шинжлэх ухааны сор үзэл онол лугаа нийцүүлэн судалж улмаар Чингис судлалыг эрин цагийн эрдмийн мандалд дэвшүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Их талын нүүдэлчдийн танихуй, соёл нь өрнийн суурин орны эрдэмтдэд үл ойлгогдох, үл сэтгэгдэх далд ундрага хөврөлтэй байжээ. ХХ зуунд өрнөж, хүмүүний танихуйг өрнийн ил ахуйгаас бодисын гүн болон их Орчлонг багтаасан багцрахуйн ил ба далд оршихуй хийгээд хувьсахуйн жамыг нь таньсан квант физик, синергетикийн ухааны үзэл онолын хөрсөн дээр тэр далд хөврөл эдүгэ соёолон, хүмүүнд харагдах төлөв нь улам бүр тодорсоор.


Нүүдлэчдийн өвөрмөц танихуй хийгээд соёл нь Мөнх Тэнгэр цогц эрдмийг бүрэлдүүлжээ. Мөнх Тэнгэр эрдмийн өндөрлөг дээр их талд эзэнт гүрнүүд удаа дараа үүсэн мандсан нь түүхэн үнэн буюу туршлага мөн.
Шинжлэх ухаан болон дорнын гүн ухааны үзэл ид ойртон шүргэлцэж байгаа өнөө цагт Мөнх Тэнгэр эрдмийг Орчлонгийн ил ба далд оршихуйн шүтэн багцрах тавилан зүйд нийцүүлэн өргөтгөн шинэтгэж хөгжүүлэх цаг тулж ирлээ. Энэ бол өнөөгийн монголчууд бидний даруй судалж, шийдвэл зохих Чингис хаан судлалын тулгамдаж буй асуудал мөн.


Тойм гараа
Мэдээллийн хурд гэрлийн хурд руу дөхөж, дэлхийн бөмбөрцөг “харьцангуй” жижгэрч, харилцаа бүх хүрээнд эрчимжснээр хүмүүний хамсан багцрахуйн буюу даяаршихуйн үйлийн үр өрнөв. Тийм нөхцөлд үндэстэн бүр өөр өөрийн эрдэм, соёлын өвийг нягтлан тодруулж нийтийн санд өргөн барих шаардлага тавигдлаа. Энэ бол улс үндэстний төдийгүй хүн төрлөхтний өмнө гүйцэтгэх чухал үүрэг, хүлээх хариуцлага мөн. Чингис судлал бол монголын түүх, соёл, танихуйн өв санг судлах нэгтгэн дүгнэх нэг гол чиглэл гарцаагүй мөн. Манай эрдэмтэд, төр засгаас эл асуудалд онц анхаарал тавьж, эрдэмтэд бүтээл туурвиж байна.
Харин их эзэнт гүрний цэцэглэн мандсны бат суурь бөгөөд тэр цагийн танихуй хийгээд соёл, сэтгэлгээний оргил нь болсон Мөнх Тэнгэр эрдмийг физик, синергетикийн ухааны эрин цагийн дэвшлийн сор үзэл, онолын үүднээс судалж, гүн утга учрыг нь нээх, цаашид хөгжүүлэх асуудал нэгэнтээ тулж ирлээ гэж үзэж байна. Чингэвээс нүүдэлчдийн соёл, түүх, иргэншлийг байгаль- хүмүүний шүтэлцэн хувьсахуйн язгуур үндсээс ургуулан хөгжүүлэх цоо шинэ гараа эхэлнэ. Бас явир эртний сурвалжит Мөнх Тэнгэр эрдэм ухааныг төрөл суурь нь болох дорнын ухааны зарчим лугаа харьцуулан судлах асуудал ч шинэ өндөлөгт гарах болно.
Их талын нүүдэлчдийн танихуй хийгээд соёл, эрдэм нь дэлхийн суурин тариач түмэн, тэдний эрдэмтэн сэтгэгчдийн аль нь ч гадарлаж байгаагүй өвөрмөц нууц ундрагатай[1] байсан ажээ. Үүнийг эрдэм, танихуйн түүхэн баримт, сэтгэлгээний өгсөлт ч тодорхой харуулсан юм. Нүүдэлчид тэнгэрийн доор их талд догшин, ширүүн байгальтай нүүр тулан амьдарч байсан. Ингэснээр тэдэнд ил ахуй, байгаль хийгээд түүний чанад дахь Орчлонгийн далд оршихуйн нэг амь багцрал руу хамсан нийлэх увидас, зөн мэдрэхүйн ид[2,3] түлхүү заяажээ.Тийм увидаст мэргэдээ дээд тэнгэрээс заяат хэмээн үе үе дамнуулан өргөмжлөн хүндэлсээр гэж болохоор санагдана. Доор зүүлтэд энэ тухайд дэвшүүлсэн санааг болгоомуу.
Эсгий туургатны дунд билгийн нүдээр байгалийн нууцыг тойн тандаж, олноо дэлгэрүүлдэг тэнгэрийн зайран, удган нар олон байсан нь үүнийг батална. Бөө бол бодист ахуй, хүмүүн хийгээд Орчлонгийн далд оршихуй буюу ухаарлын(сүнсний) орны хооронд үйлчлэгч увидастан ”улаач” мэт. Зөн мэдрэхүйн буюу билигийн номлол суртал нь нүүдэлчдийн бөөнөөрөө сэхээрэхүйн үүсгэвэр нь байсан бололтой. Бөө нарын онгодыг дагалдан хүн зоны зөн мэдрэхүй ч аялдан сэрсээр нийтийн оюун ухаарлын найрмал орон бүрэлдэж болох талтай[1,4].
Урт удаан хугацаанд тийнхүү даган баяссан зон олны дунд далдыг шууд номнож тараасан мэдээлэл хуримталсаар ам сургалт, хам мэдрэхүйн тогтолцоо бүхий үндэстний цогц сэтгэлгээ- мэдрэхүйн дэг, соёл, эрдмийг бүрэлдүүлжээ. Зөн мэдрэхүй-танихуй- хүмүүнжихийн цогц хүчин хүмэн бүрт хүрч бас нэгсэн төвлөрөөд ирэхээр үндэстнийг хамарсан сэтгэл оюуны хүчирхэг найраа бүрэлдэн тогтсон байна. Энэ бол Гумилевын дэвшүүлсэн үндэстэн дэлбэрэн бүрэлдэх хүчин[5] болов уу хэмээнэм. Тийнхүү талынхны дунд үндэстний хэмжээнд уламжлалт соёл, эрдэм түүхэн турш үе үе дэвшин мандаж(пассионарность)[6] байжээ. Тэр өндөрлөгүүдэд л их эзэнт гүрэн бүрэлдэж байсан гэж үзэж байна. Ер нь дэлхийн их эзэнт гүрнүүд соёлын тухайн оргилд үүсэн тогтнож байсан нь түүхэн тулгуур туршлага буюу үнэн гарцаагүй мөн.
Орчлонгийн бүхий л бүрдэл юмс далдуураа яавч үл салах тавилан холбоотой. Таамналын хэцүү давааг зуугаад жилийн өмнө давж, туршилтын баттай нотолгоо хэдийнээ олсон квантын физик, бас аливаа хувьсал нь хуйларан орооцолдох(хаос) жамаар шинэ төрөл, төрх, дэг эрэмбэ бүрэлдүүлдэг болохыг нэгэнтээ харуулсан синергетикийн ухааны сод дэвшил[7] үүнийг батлаад байна. Орчлон бүхэлдээ нэг амь лугаа хамсах учир бүх л оршихуй ч хувьслын хуйлралд бултаар өртөнө.
Орчлон хийгээд бүрдэл бүр нь хаос буюу хуйлрал, уймарлыг туулан цаг ямагт төгөлдөржиж, дээд заяа төрлийг олдог жамтай аж. Эл зүй тогтол бол хэнд ч илэрхий түгээмэл үнэн. Тэгэхлээр хаос бол тэнэг уймрал огтхон ч бус харин ухаарлыг төрүүлэгч нь зайлшгүй мөн. Ухаарал л төгөлдөржлийг сонгодог байж таарах нээ. Иймээс ухаарал бол хувьслын дээж бүтээл бөгөөд Орчлонгийн бүхий л юмс, амьтны төгөлдөржлийн удмын мэдээлэл ч ухаарлын оронд хадгалаатай байж таарна. Удмын мэдээлэл бол Орчлонгийн ухаарахуйн орон- сан[8] байгааг илтгэж байна.
Тийнхүү аяндаа төгөлдөржихүйн нууц нь ухааралт сонголтын үр юм гэж үзүүштэй нь дээр өгүүлснээс илт байна. Орчлонгийн хувьсал өрнөхүйн хэм үйл амьтай, амьгүй бүхийл юмст гарцаагүй нөлөөлж буй. Ил ба далд оршихуй (ухаарал, сүнс)-ын багцрахуй дахь хаос өрнөлд хүмэн өртснөөр ой ухаанд нь байгаль, юмсын харилцааны хэм төрх ямар нэг төвшинд бууж мэдрэмж төрүүлнэ. Харин зайран, удган нар бол онцгой ид увидаст онгодын дээд төлөвтөө шилжиж хувсахуйн хаос өрнөл рүү нийлснээр далдыг шууд “харах” чадвар[9] олдог юм шиг байна.
Ахуй, ил далд оршихуй, зөн мэдрэхүйн “тогоон” дундаас цогцлон бүрэлдсэн дорнын гүн ухаанд эл зүй жам явир цагаас нааш илэрхий байсан юм. ХХ зууны шинжлэх ухааны сод хувьсгал- квантын физик, синергетикийн дүгнэлт нь тийнхүү дорнын гүн ухааны тулгуур санаа руу шууд нийлж байна. Өрнөдийнхөн ч эдүгэ өрнө, дорнын хоёр тэс өөр их соёл байсныг гүн ойшоож, энэ чигт сэтгэлгээ уралдуулж, судалгаа эрчимтэй хийж эхэллээ. Шинжлэх ухаан, техникийн өндөр төвшин, сэтгэл судлалын ололтод тулгуурлан өрнөдөд хүнийг богино хугацаанд туршилтаар дээд “квант” төлөв- онгодод нь хүргэж гэгээрүүлэх аргыг ч олоод байгааг дурьдах нь зүйтэй болов уу.

Мөнх Тэнгэр
Монгол туургатны өвөрмөц танихуйн өрнөлөөр их талд цэгцрэн хөгжсөн эрдэм ухаан бол Мөнх Тэнгэр[2] билээ. Орчлонгийн ил ба далд оршихуй, бие-сэтгэхүйн нэгслийн найран цэгцэрэх үйлийн үрээр хөгжсөн нүүдэлчдийн эл цогц шинжлэх ухаан нь дорнын гүн ухаан, танихуй, эрдэм соёлын нэг салаа мөн нь хэнд ч илэрхий. Өнөөдөр Чингис хаан судлалыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх тухай ярихдаа юуны өмнө монгол туургатны ертөнцийг үзэх үзэл, төр, нийгэм, хүмүүнлэг, хууль цааз, эдийн засаг, цэргийн эрдэм ухааны суурь нь болсон Мөнх Тэнгэр эрдмийг цоо шинэ төвшинд танин мэдэж, хөгжүүлэх асуудалд анхаарал төвлөрүүлэх нь зүйтэй байна. Тиймээс өнөөгийн физик, синергетикийн шинжлэх ухааны дээжис үзлийн өндөрлөгт түүнийг нийцүүлэн утга тайлал өгөх нь нэн тулгамдсан асуудал мөн.
Дэлхий нийтээр нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн шинэ хөтөч үзлийн[9] тугийн доор Чингис хаан судлалыг эрс шинэчлэх хөгжүүлэх хэрэгтэй байна. Байгалийн ухааны өнөөгийн сор үзэлд суурилсан шинэ хөтөч үзэлд нийцүүлэн дэлхий даяар нийгмийн ухааны эрдэм судлал шинэ дэвшил рүү чиглэв. Орчлонгийн хувьслын язгуур учигийг хэдийнэ атгасан өрнийн эрдэмтэд гараад явчихлаа.
Байгаль шинжээч- математикч молхи миний мөхөс ухаанд манай оронд нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухаанд дэлхийн жишгээр шинэ хөтөч үзэл, сэтгэлгээний хувьсгал өрнөжөөсэй хэмээн санаагаа илэрхийлж байна. Байгалийн ухааны зарим чиглэлд ч бас хамаарна. Эл бодлоо ичингүйрэн илчлээд зарим асуудлыг тайлбарлан хөндөж санал хэлэхээр зориглож байгааг минь болгоомуу.

Нийгэм, хүмүүнлэгийн ухаан ба хөтөч үзэл

Чөлөөт зах зээлд шилжиж, хүний санаа, үг эрх чөлөө олж, үзэл суртлын урьдын дарамтат хязгаар үндсэндээ арилсны ачаар хаалттай байсан Чингис судлал гарааны эрчимтэй хурд авлаа. Эрдэмтэд тун чамлалтгүй бүтээл туурвиж, шинэ санаа таамнал дэвшүүллээ. Монголын түүх, хэл шинжлэл, утга уран зохиол, соёл урлаг, боловсрол зэрэг шинжлэх ухаан, соёлын уламжлалт салбарууд ч шинэ нөхцөлд дорвитой дэвшиж байна. Энэ бол хийгээгүй олон ажлыг хийж, чухал чухал асуудлыг шийдэж байгаа хэрэг. Гэхдээ гарааны хурд бол өнөөгийн даяаршиж буй дэлхийд цулбуурт орох барианы баталгаа биш нь тодорхой. Даяаршиж буй дэлхийд хөтөч үзлийн шинэчлэлд суурилан давшиж буй шинжлэх ухааны галын шугамын өрнөлийг амдан хурдаа авах нь хэрэгтэй байна. Дагуулж тавьсан анч нохой үнэгийг гүйцдэггүй.
Шинжлэх ухааны өнөөгийн дэвшил, хөтөч үзлийн эрс хувирлын өндөрлөгөөс тандахад манай нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, ер нь амьдралын хүрээний олон асуудалд ХХ зуунаас өмнөх үеийн хуучин хөтөч үзэл баримтлал дагнан ноёрхсоор байна.
Бидний хувьд Чингис хаан судлал нь эл их эрдэм хайгуулын нэг тэргүүлэх чиглэлд гарцаагүй орно гэж итгэж байгаагаа өмнө дурссан. Дээр хэлснээр Чингис хааны оройн дээд эрдэм ухаан бол Мөнх Тэнгэр байсныг хэн хүнгүй л мэднэ. Мөнх Тэнгэр нь Орчлон-байгаль-ухаарахуйн амь нэгсэхүйд суурилан тэрлэсэн өвөрмөц эрдэм ухаан. Энэхэн ялдамд байгаль эхээс хол хөндий дан нийгэм, шашны суртлын үүднээс эл эрдэмд ханддаг дэндүү хөнгөн хуудмаг(харалган) үзлийг халах цаг нэгэнт болсныг хэлмээр байна. Шинэ хөтөч үзэл болон уламжлалт аргыг хослуулбал бидний эрдмийн сэтгэлгээ хурдацтай давших нь гарцаагүй.
Материйн бөөмс хийгээд квант орон, Орчлонгийн эх ба төгсгөлийн талаарх эрин цагийн физикийн онол нь дорнын гүн ухааны цар үзэл рүү ойртон төрөлсөж байгааг дээр дурьдсан. Харин ч бид өнөөдөрийн гайхамшиг- шинжлэх ухааны сор үзэл нийлж буй дорнын танихуйн нэг чухал салаа - өвөмөц Мөнх Тэнгэр эрдэмтэй байсандаа бахархах мөч ирж байгаа бусуу.
Бодохуйяа, нүүдэлчдийн өвөрмөц танихуй хийгээд мэдрэхүй сэтгэлгээний цогцос- Мөнх Тэнгэр эрдэм ухааныг баяжуулан хөгжүүлэх таатай боломж эдүгэ бүрдээд буйд хойрго хандмааргүй. Энэ чухал асуудлыг харийн орны эрдэмтэд хийхгүй, тэдэнд хийхэд ч амар бус. Монголчууд бидэнд эх байгаль-өвөг дээдсээс уламжилсан заяаны зөн мэдрэхүй, зан үйлийн ил ба далд өв сан хадгалаатай бий. Тиймээс их талын эсгий туургатны эрдэм- Мөнх Тэнгэрийг дэлгэрүүлэн тайлах, хөгжүүлэх тавилан бидэнд л заяажээ. Энэхүү цориун үгийг дагуулаад зарим гашуувтар санаа хэлэхийг зөвшөөрнө үү.

Төөрөгдөхүй.
Социализмийн зурваст манай оронд шинжлэх ухаан, боловсрол, соёл, нийгэм, эдийн засгийн сэтгэлгээ гайхамшигтай хурд авч хөгжсөн билээ. Харин бахдам ололтыг бид шинжлэх ухааны хуучин хөтөч үзлийн(paradigm) хүрээнд олсон юм. Өрнийн гэгдэх тэр хөтөч үзэл нь уулаас бодист ахуйн тойронд бүрэлдсэн явцуухан үзэл санаа гэдгийг дээр хэдэнтээ дурьдсан.
Тэгэхлээр бид нийгэм, хүмүүнлэгийн ухаанд нэвчсэн хуучин үзэл баримжааллыг даруй шинэчлэн өргөжүүлэх цаг нэгэнтээ иржээ. Манай шинжээчид зав чөлөөгүй ажилласаар байгаа нь тодорхой. Тэгэвч эрдмийн шинэ чиг гарааг заах хөтөч үзэл нь давчуу байвал төөрөгдөх аюул бий. Тийм нөхцөлд шинжилгээ цөөн тооны баринтагтай судар, туршилтын хүрээнд явцуу үзлийн гадас тойрон эргэлдэнэ. Таамнал, санаа ч мөлжүүр төдийд ханаж, зогсонги төлөвт орно. Зүйрлэвэл нэгэн буурийг ойрхон тойрон малаа байнга билчээвэл билчээр талхлагддаг лугаа адил. Өөр бас нэг гэм бий. Байгаа мэдээ баримтаа давтсаар “ханах” төвшинд дөхөхөд, өмнө сэдсэн санааг баримт мэт үзэх хандлага газар авна. Чингэхүйе, шинжлэх ухаан баримтат болон түүхэн хөрснөөс хөндийрч, хуурамч, домог дууль маягт шилжих аюул ч бий.

Физик дэх мухардал.
Мухардал физикт ч тохиосон үзэгдэл, харин түүнийг богинохон хугацаанд давж байж өнөөгийн гайхамшигт өндөрлөгт хүрсэн юм. Сонгодог физикийн явцуу бодист ахуйн хөтөч үзлээс салах нэн хэцүү даваа байсан юм. Атом түүний тэртээх ертөнцийн квант зүй жам манай газар дээрхээс хэт гаж бөгөөд дэндүү “харь” зэрлэг байжээ.
ХХ зууны эхэнд сонгодог физикийн үзэл онолын хүрээнд хэрхэвч үл тайлбарлах хэд хэдэн тулгуур туршлага гарч ирчихээд байв. Тэр нь бодис хийгээд түүнээс үүсдэг дулааны цацрал хоёрын тэнцвэржсэн үеийн зүй тогтол, гэрлийн үйлчлэлээр цахилгаан гүйдэл үүсэх үзэгдэл байлаа. Гэрэл, цацрал чухамдаа атом, молекултай л шууд үйлчлэлцдэг юм. Тэр ертөнцөд манайхаас хэт “гаж” эдүгээ квантын хэмээн нэрлэж буй жам үйлчилдэг байсан санж. Түүнийг өнөөх бодист ахуйн ахар үзлийн аргаамжаа тойрон эргэлдсэн сонгодог физикчид яахин ч гадарлана билээ. Сонгодог физикийн эрдмийн ноён нуруу бүрэн гүйцэд сүндэрлэсэн гэж бат үнэмшсэн эрдэмтэд уг туршлагын учир утгыг тайлах гэж цөхрөнгөө бараад байв. Ахуй тойрсон ахар хөтөч үзэл ухаант эрдэмтдийн давших сэтгэлгээнд “чөдөр” болдгийн жишээ энэ болой.
Тэр чөдрийг анх тайлалцсан Нобелийн шант физикчдийн нэг В. Хайзенберг[10] туршилтын баримтыг шинжээд цөм, электрон кулоны орон гурав хэзээч тусгаар бус нэг цул амьд багцарч байж атомыг үүсгэнэ, атомын дотор электрон хаана байгаа нь туйлаас тодорхойгүй(uncertainty principle) болохыг тогтоожээ.Товчхондоо атомын “хулгайч” электроныг мөрийг нь мөшгөн барих манай “гаригийн” буюу шалтгаан мөрдлөгийн зарчим бүрмөсөн алдарсан гэсэн үг. Тэгээд тэрээр оршин ахуй мэдлэгийн хөрсийг орхиод үл мэдэх, үл таних ангалаг руу хариах болсон юм гэж дурссан байдаг.
Тэр зуур квант физикийн бас нэг үндэслэгч Нобелийн шант Нильс Бор 1928 онд хятадад айлчилж явахдаа орчлонгийн аливаа юмс үзэгдэл хоорондоо шүтэн багцрах жамтай нь дорнын гүн ухаанд аль хэдийнээ илэрхий байсныг ойлгожээ. Тэгээд тэрээр алдарт нөхөн гүйцээхүй(шүтэн барилдахуй)-н зарчим[11] хэмээх томъёолол дэвшүүлсэн нь квант физикийн үсрэнгүй хөгжлийг өрнүүлсэн юм.
Квант физикийн ололт богинохон хугацаанд хүмүүний нийгмийг хэрхэн хөгжүүлснийг тайлбарлах нь илүүц. Гэхдээ энэ нь шинэ гоц үнэмшмээргүй үзэл санаа буюу хөтөч үзэлд дэвших нь шинжлэх ухааны хөгжихүйн сүнс нь байдгийн батлагаа энэ мөн. Үзэл санаа, хөтөч үзлийн шинэ өндөрлөгт гарснаар шинжлэх ухаан, түүнийг дагаад нийгмийн эрдмийн сэтгэлгээ, техник технологи ч гайхалтай хурдан дэвшдэг байна. Хэдийгээр квант физик хөгжөөд 100 жил ч бүрэн болоогүй боловч хүмүүний танихуйн сэтгэлгээ, соёл иргэншлийг бүхийл түүхэн үедэхээс нь олон зуу магадгүй бүр мянгач дахин дэвшүүллээ. Энэ бол шинэ хөтөч үзэлд дэлхий даяар шилжиж байгаагийн найдвартай нотолшоо болж байна.

Нийгмийн ухаанд мухардал илэрсэн нь

Шинжлэх ухааны сэтгэлгээний өнөөгийн өндөрлөгөөс харахад нийгмийн ухаанд хөтөч үзлийн мухардал бүр 500 гаруй жилийн өмнө илэрсэн нь тодорхой байна. Тэр илэрлийг хэн ч мэдэрсэнгүй, тийм боломж ч байгаагүй, өнөөг хүртэл үргэлжилсээр аж. Үйлдвэрлэл, нийгмийн амьдарлын асуудлыг хуучин хөтөч үзлээ даган шийдсээр л ирж. Энэ нь газар дээрх үлэг биес, юмсын хөдөлгөөн, хувьслыг илэрхийлэхэд Ньютоны сонгодог физик сайн тохирдог, одооч хэрэглэсээр байгаа лугаа адил юм.
Өнөөдөр квант физик, синергетикийн үзлийн нөлөөн доор хүмүүн эл хөтөч үзлийг эрс өөрчилж байгааг өмнө хэлсэн. Түүнийг дагаад өрнөдөд шинэ хөтөч үзлийн үзэл санаа байгаль, нийгэм, техник технологийн олон салбарт хурдацтай түгэн дэлгэрээд байна. Нэрт эрдэмтэд өрнийн шинжлэх ухааны цэцэглэлт нь хүмүүний соёл иргэншилд гоц нөлөө үзүүлсэн боловч, өрөөсгөл бодист ахуйд аргамжаатай явцуу үзлийн хүрээнд эргэлдэж байсныг цохон тэмдэглэсээр байна
Нийгмийн ухаан дахь мухардал нь физикт тохиосны нэгэн адил тулгуур туршлага буюу түүхэн үнэн лугаа эрс зөрчилдснөөр илэрчээ. Нийгмийн ухааны тулгуур туршлага гэж юуг ойлгоно вэ гэж асууж болно. Нийгмийн дэвшил хувиралын түгээмэл баримт бол цаг хугацааны туршид батлагдсан түүхэн үнэн буюу тулгуур туршлага гарцаагүй мөн. Дэлхийн бөмбөрцгийн тойронд их гүрнүүд тухай тухайн үеийнхээ соёл, сэтгэлгээний өндөрлөг дээр байгуулагдаж байсан нь түүхэн үнэн гарцаагүй мөн. Их тал нутагт нүүдэлчид эзэнт гүрнийг удаа дараа байгуулсан нь ч бас тэдгээр нь тухайн үеийн соёлын өндөрлөгт бүрэлдэн үүссэн нь ч хөдөлбөргүй түүхэн үнэн бөгөөд тулгуур туршлага[12] яав ч мөн.

Хар домог.
Дундад зуунд эл тулгуур туршлагын түүхэн баримт буюу Мөнх Тэнгэр эрдмийн далд учирт хүрч тайлал хийх сэтгэлгээний цар хүрээ өрнийн суурин түмний эрдэмтэд байгаагүй, байх ч боломжгүй дээр өгүүлснээс тодорхой. Тэр нь өнөөх л явцуу хөтөч үзлийн гай байсан нь илт бизээ. Нүүдлэчдийн соёл нь 500 гаруй жилийн өмнө төдийгүй одоо ч нийгэм судлаачдын[13] ой тойнд огтхонч буухгүй “үнэмшмээргүй” гажиг зүйл байсаар байгаа юм. Судлаачид хүрээлэн буй ил ахуйн чанадад Орчлонгийн далд оршихуй, ухаарлын далай байгааг үл мэдрэх давчуу цар үзлээс салж амжаагүй л байна.
Мухардалд өртсөн нийгмийн судлаач эрдэмтэд ч зүгээр суугаагүй бас л физикчид лугаа адил янз янзын санаа сэдсэн байна. Тэр үес хүмүүний танихуй ерөнхийдөө үлэг биеийн хүрээнд, Галлилейн туршилт ч тавигдаагүй, орчин үеийн физик сураг чимээ ч үгүй байсан цаг л даа. Судлаачид ахар үзлийнхээ хүрээнд л асуудлыг шийдэх гэж үзээд арга ядахдаа “хар домог”[5б] гэгчийг найруулсан нь эдүгээ хэн бүхэнд илэрхий. Тэд хар домог найруулахдаа онц “хурц” сэтгэж түүхэн үнэнээс дэндүү хазайжээ. Тэгэхдээ тэд алс дорнын нүүдэлч түмнийг шааруулах гээгүй нь өмнө өгүүлснээс тодорхой. Өнөөх бодист ахуйн явцуу хөтөч үзэлд аргамжаатай байсан нь хайгуулч эрдэмтдийг тийм “домог” зохиоход яалт ч үгүй хүргэсэн байна. Тиймэрхүү төөрөгдөлдсөн таамнал найруулах тохиолдол түүхэн турш цөөнгүй л байж. Худгийн мэлхий худгаа далай хэмээдэг үлгэр лугаа төстэй явдал юм уу даа.

Өрнийн эрдмийн үнэлэмж
Дээр чухас дурьдсан төөрөгдлийн жинхэнэ шалтагийг яльгүй гүнзгийрүүлэн төнхөе. Өрнөдөд ер нь хүн соёл, үйлдвэрлэлийн аливаа үйлсдээ ч мөнөөх л хөтөч үзлийн үнэлэмжээр хандах нь түгээмэл хэвшил байв. Тэгтэл талынхан тэнгэр, нар, сар, эрхэс хийгээд газар дэлхийг бүхэлд нь хамсуулан цэгнэж зөн мэдрэхүйн эрхшээлд амьдардаг атал өрнөдөд тийм үйл зуршил бараг үгүй байв.
Тиймээс өрнөдөд гагцхүү ил бариа юмыг таньж мэдэхийг эрдэм хэмээн бат ойлгож хэвшсэн бололтой. Түүнээс улбаалан соёл, иргэншлийг үнэлэх хатуу шалгуур тогтжээ. Тэр нь гагцхүү барилга, балгас, бичиг судар, түүхэн дурсгалын зүйлийн үлдэгдлээр л тухайн соёл, иргэншлийг үнэлдэг “дүрэм” тогтсон байна. Энэ нь ч бас л өнөөх бодист ахуйгаас үүссэн хөтөч үзлийн баттай ул мөр мөн.
Тэгтэл нүүдэлчдэд үлдээсэн балгас, бичиг судар, түүхэн дурсгалын зүйл нэн ховор. Мөнөөх “дүрэмийн” дагуу нүүдлэчдийн соёл, иргэншлийг үнэлчихмээр юм өрнийн эрдмийн шүүрэнд үлдээгүй байна. Тэд нүүдэлчид нь өөрийн гэх соёл, танихуйн сэтгэлгээний өв уламжлалгүй хэмээх дүгнэлтэд хүрчээ. Тэгээд нүүдэлчид нь яах ч аргагүй “зэрлэг” дээрэмчид (варвары) юм байна гэж итгэхэд хүрч. Туршилтаас үүдсэн эл дүгнэлтэд тулгуурлан таамнал дэвшүүлэхэд яалт ч үгүй мөнөөх “хар домог” найран боловсорсон бизээ.
Л. Гумилев[5б] хар домгийг зарим түүхчид нүүдэлчдийг эс тоосон атгаг бодолдоо хөтлөгдөн түүхэн үнэнийг мушгин гуйвуулсан “гүжирдэл” мэт үзсэн байна. Өнөөдөр бодоход атгаг хорон санаандаа зохиосон бус ахар хөтөч үзлийн гай болох нь илэрхий мэт санагданам. Дашрамд хэлэхэд эрдэмтэд хир чинээгээр л үнэний төлөө сэтгэл зүрхээ өгч ажилладаг улс шүү дээ.
Суурин түмний эрдэмтдэд үл ойлгогдох, үл үзэгдэх соёл, танихуйн өвөрмөц далд эрч, ундрага их талын нүүдэлчдэд байсан уу гэсэн асуудал өнөө үед бүр хурц тод тавигдаж байна. Квант физик, синергетикийн их дэвшилтэт онол, танихуйн өндөрлөгт цэгцрэн буй шинэ хөтөч үзлийн үүднээс эл тулгуур асуудлыг шийдэх таатай боломж нээгдэж байгааг дахин цохон хэлэе. Хар домогтой холбоотой таамнал санааг “...тийм дампуу юманд бүр 500 гаруй жил итгэж, дагасаар ирсэн нь дэндүү хачирхалтай санагдах юм" гэж Гумилевын[14] онож хэлсэн үгээр өндөлъе.

Хүмүүний танихуйн ундрага
Суурьшал ба нүүдэлч түмний танихуй чухам юунаас эх ундрагаа авахаар ийнхүү зөрөөтэй болдог байна? Тэр хоёрт язгуурын ямар ялгаа байна вэ? гэсэн асуудал дээр өгүүлснээс аяндаа гарч байна. Энэ талаар товч өгүүлье.
Ахуй сэтгэхүй хоёрын их багцрахуй дахь шүтэн барилдахуйн үйлийн үр нь чухамдаа танихуйн үр хөвөрлийг төрүүлнэ. Тэгвэл суурин ба нүүдэлчдийн амьдарлын ахуй нөхцөлд эрс тэс ялгаа юу байсныг шинжиж үзэе.
Суурьшил явир эртнээс эхэлжээ. Суурин түмний амьдралын хэм явцуухан ахуй, орон зайд өрнөнө. Тэр л ахуй хөгжиж буй оюун санааг нь мэдээж эзэгнэнэ. Тэдний амьдралын гол ухаан, тэмцэл, зүтгэл ургац авахад бүхлээрээ чиглэнэ. Суурин түмэнд хүрээлэн буй ахуйгаа л танин мэдэх шаардлага амьдарлаас нь ийнхүү үүснэ. Ахуй юмсыг буталж бүтэц, чанарыг судлах сонирхол гарцаагүй төрж таарна. Энэ нь өрнийн эрдэм ухааны гол арга болж хөгжжээ.
Бутаргахуйн (reduction) хэмээн нэрлэгдэх болсон эл аргад аливаа юм, системийг үйрүүлэн буталбал нэг нэгнээс “үл хамаарах” бөөм, бүрдэлд сална. Тэдгээрийг нэг бүрийг нь танин мэдээд, нийлүүлж дүгнэвэл системийг бүхэлд нь танин мэднэ гэж бат итгэж байж. Өрнийн шинжлэх ухааны хөтөч үзлийн үндэс суурь нь үүнд оршино. Эл цар санаа хожмоо Ньютоны механик, Лапласын детерменизмийн (мөшгөхүйн) зарчимд шигдэж батжснаар өрнийн эрдэм ухааны хөтөч үзэл[9] болон бэхжсэн байна. Шалтгаан мөрдлөгийн цувраа хэлхээсийн үзэл ч энэ болой. Эл хөтөч үзэл олон мянган жилээр өрнийн бүхий л эрдэм ухаан, амьдрал ахуйн хүрээнд нэвт шингэж үйлчилсээр ирж. Харин дээр өгүүлснээр багцрахуйн хөтөч үзэл ХХ зууны хоёрдугаар хагасаас байгалийн ухаан, XXI зуунд Орчлонгийн аливаа хувьсал, тухайлбал нийгмийн ухаанд тууштай нэвтэрч эхэллээ.
Нүүдэлчдийн танихуй яаж хөгжсөн тухай барагцаалъя. Их талд хүмэн догшин ширүүн байгаль, цаг уур , сансрын үзэгдэл хувиралтай улаан нүүрээр тулж байсан. Нүүдэлчдийн амьдралын хэм ийм байсан нь одоо ч тодорхой. Нүүдэлчид байгалийн өмнө сөгдөж, үзэгдэл хувирлыг нь аль болох урьдаас зөгнөн мэдэрч шуурхай зохицон амьдрах гарцыг хайж, байнга зөгнөн сэрэмжилж байжээ.
Тийм нөхцөлд хүний оюун ухаан, бие цогцос нь ч тэнгэр, газар, Орчлонгийн хувьсал, бүрэдлийн жам зүй лугаа гарцаагүй шүтэн барилдана. Тэгснээр хувьслын оройн дээд бүтээл- оюун ухаан Орчлонгийн ухаарлын орон лугаа шууд шүтэлцэнэ. Багцрахуйн тийм үйлийн үр нь нүүдэлчдэд зөн мэдрэхүйн ид увьдсыг түлхүү бүрэлдүүлжээ. Энэ бол дээр өгүүлснээр оюун ухаан, бие, сэтгэхүй тэнгэр, газрын багцрахуйд хувьслын хаос үйлийн үрээр хүмүүнд зөн мэдрэхүйн өвөрмөц бас далд ид хав аяндаа цэгцрэн бүрэлдэхэд хүргэжээ.
Тэгэхлээр байгаль, орчлонгийн бүтэц хувирлын түгээмэл жам лугаа нэгснээр нүүдэлчид удмаараа зөн мэдрэхүйн чадлыг олж байсан бололтой. Энэ бол нүүдэлчдийн танихуйн гол ундрагын эх болно. Танихуйн тийм зам байгааг өрнийн өндөр хөгжсөн шинжлэх ухаан эдүгээ нотлоод байна. Далдыг харах зөн мэдрэхүй бол их талын нүүдэлчдийн танихуйн жам байж. Дээр хэлснээр тэнгэрийн зайран , удган нарын зөн мэдрэмжийн номлол үндэсний хүрээнд дэлгэрч, ам сургалттай зөн мэдрэхүйд суурилан найрсан билиг, танихуйн үндэстний хүрээний хам тогтолцоог бүрэлдүүлжээ.
Их талын нүүдэлчид, түүний дотор монгол туургатны зөн мэдрэхүйгээс ийнхүү тэрлэсэн танихуй нь “Мөнх Тэнгэр” хэмээх орчлонгийн хувьсал хувирахуйн зүй тогтлыг бүхэлд нь тандан зөгнөсөн цогц билиг эрдэм ухааныг хөгжүүлснийг ч дахин хэлэе. Олон арван мянган жилийн турш тэрлэн хөгжсөн энэхүү цогц эрдэм хийгээд хүмүүнлэгийн ухаан, хууль цааз, техник технологийн дэвшлийн өндөрлөгүүдэд их талын эзэнт гүрнүүд байгуулагдаж байсан бөгөөд ноён оргилд нь Чингисийн эзэнт улс бүрэлдэн тогтножээ. Эл өвөрмөц бөгөөд Орчлонгийн ил ба далд оршихуй, хүмүүний амьдрал, оюун ухаарлын шүтэн барилдахуйн хаос хувьслаас бүрэлдэн цэгцэрсэн Мөнх Тэнгэр эрдэм өрнөдийнхөнд ойлгоход амаргүй байсан нь сая өгүүлснээс илэрхий.

Шинэчлэл зайлшгүй

Манай зарим нэрт түүхч, нийгэм судлаач эрдэмтэд эл чиглэлийн шинжлэх ухаанд зогсонги байдал үүсч, эрс шинэчлэл рүү дуудсан хурц тод санаа үгүйлэгдэж байгааг нэг бус удаа тэмдэглэж байлаа. Тэдний санааны үнэнд бүрэн итгэнэм. Бид цөөхөн баримтыг тойруулан хуучин хөтөч үзлийн хүрээнд “ гадсаа” тойрсон санаанаас санаа ургуулсаар байна уу гэсэн бодол төрөх ч тал байгааг дурссан.
Сургалт ч хуурай мэдээлэл, учир битүүлэг томъёо, томъёоллоор залуу үеийнхний оюуныг дүүргэж, сэтгэхүйг нь боогдуулах дутагдал амь бөхтэй байна.
Сургахуй нь авсан мэдээллийг өөрийн гэгээн сэтгэхүйд хувирган эрс шинэ санаа сэдэл, бүтээхүйн шийдэл өрнүүлэхэд л орших ёстой. Мэдээлэл, томъёо, томъёоллын цаана өрнөх хувьсал, зүй тогтлыг сэтгэж, дүрслэн босгох чадварыг суралцагсдад хэрхэн олгосноор нь эрдэмтэн багш хүний чансаа, чадавхи илэрнэ. Эдүгэ шинэчлэлийн олон шинэ соргого нэр томъёо чих дэлссээр байх авч харамсалтай нь өрнийн мөнөөх хуучин хөтөч үзэлд суурилсан мэдээллийг ”тусгаар” оюутанд сонсгох дэг үйлчилсээр, байсаар байна. Суралцагсдын оюуны хамтын дайралтаар асуудлыг шийдүүлж, багш өөрөө эрдмийн хөтөч нь байх чадвар дутсаар байна.
Хэл шинжлэл ч дээрхэд хамаарна. Хэл бол хүмүүний сүрэг, ил ба далд ахуй, хувь хүний болон нийгмийн сэтгэхүйг багтаасан их багцрахуйд өрнөсөн хаос хуйлраас аяндаа цэгцрэн төрөл олсон харилцаа-сэтгэлгээний хэрэглүүр юм. Хэл зогсолтгүй хувьсана. Эдүгэ хэл шинжлэлд математик, синергетикийн ухааны аргазүй хүчтэй нэвтэрсээр. Даяаршлийн өнөө үед хэлийг шинэ хөтөч үзэл, хувьслын шугаман бус зүй жам, сэтгэлгээнээс гадуур судалж, зааж сургаж болмооргүй. Хэл бол аль ч шатанд ойр хийгээд холыг хутгаж сэтгэх, мэдрэхүйн хүчирхэг хэрэглүүр байх учиртай. Даяаршихуйн эринд төрөлх хэл, соёлоо хамгаалах үйлсийг юуны өмнө явир цагаас нүүдэлчдийн амьдралын ил ба далд ахуйгаас хэрхэн үүдсэн язгуур шинжид тулгуурлах нь зүйтэй болов уу.
Эзэн Чингисийн үед хууль бол байгаль, нийгэм, хувь хүний эрх, амар амгалан аж төрөх түгээмэл үйлсийг цэвэр ариун хөтлөх дүрэм байжээ. Хууль, төрийн дэгийг цөөхүүлийн эрх ашигт ямар нэг хэмжээгээр далдуур бодолцож(цоорхой) гаргаснаар гай тарьдаг нь тодорхой. Их засаг хууль нь олон түмний оюун санаа, мах цусанд шингэсэн бүх үндэстний найрмал сэтгэлгээ, амьдралын хэв хэмжээ байж. Хууль хийгээд найран нэгссэн үзлийн доор өөрийг бусдаас ялгах аминч үзэл арилж, урван тэрслэхийг үл тэвчих, үл шантрах, ялан дийлэхийн нэгэн зүрх зоригийн хүмүүнжил нийтийн дэг хэвшил болсон байж. Өнөөдөр төрийг ард нийтийн төр болгон хөгжүүлэх асуудлыг ултай судлах хэрэгтэй байна. Төрийн дээд тушаалтны сахин мөрдөх эзэн Чингис хааны дэгийг ч тогтоож болмоор.

Сүүлийн 300 орчим жилийн туршид эртний уламжлалт эрдэм соёлоо мартаж гээснээр эх нутаг дээрээ бид “харийншижих” нөлөөнд автжээ. Эрхмийн дээд баялаг- эх орон, аз жаргалаа хуваалцах элгэн монгол түмнээ шүтэн хайрлах үндэстний үзэл санаанд ч сэв сууж. Даяаршлийн үед эрхэм дээд нь мөнгө ч биш, хувийн жаргал ч биш, эх орон ард түмэн минь юм шүү гэсэн бүх нийтийг хамарсан элгэн халуун үзлийг балчираас, өтгөс буурлыг хүртэл оюун ухаан, мах цусанд нь шингээж, тэдэнд залбирч амьдрах хүмүүжлийг олгох цаг иржээ. Их эзэн хааныхаа төр, иргэний ёс, дэг соёлын өв санг судлан суралцаж, өнөөгийн бидний сахин мөрдөх хүмүүнжихүй, ариун дэг зарчмыг боловсруулан хэрэгжүүлэх асуудал ийнхүү тулжээ.

Зүүлт

Дээд тэнгэрээс заяат
Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу[15а]. Молхи физикч миний бодоход явир эрт цагаас нүүдэлч монголчууд дунд дээд тэнгэрээс заяат гэж хүндлэгддэг, гоц билиг төгс, далдыг хардаг удмын хүмүүс байсан бололтой. Тийм алдар хүндлэлийг хүлээсэн хүмэн бол Бөртэ чоно даруй мөн хэмээнэм. Чоно угтаа нүүдлэчдийн гайт дайсан мөн хэдий ч, гайхамшигт зориг, догшин их талд зохицсон тэвчээр бас самбаалаг шинжий нь нүүдэлчид үнэлдэг. Тиймээс аль ч талаараа “амаргүй” эрчүүдээ чонон хэмээдэг билээ. Их талдах зориг, золбоотой, ухаалаг самбаатны угсааг Бөртө чоноос эхлүүлэхээр нууц товчооны домог сэтгэмжийг сонгон боловсруулжээ. Тийм үнэлэмж санаа их талын амьдарлаас ургасан нэн эртний улбаатай нь илт. Их тэнгэрийн жамыг мэдэрдэг болохоор тэднийг хэт дөвийлгөлгүй дээд тэнгэрээс заяат хүн гэж онцолж байсан бололтой.
Чухам ямар билиг чадвараар бусдаас ялгарч байсныг нь Бөртэ чонын хойч үеийнхэнд тодорсон суу билэг, шид чадлаар харуулсан байна. Нууц товчооны мэдээ товч боловч хүний ойд үйл өрнөлийг “саяхан” болсон явдал мэт бодит дүрслэл буулгадаг гайхалтай бүтээл юм.
Бөртэ чоноос хойших 12 дахь үед Торголжин баяны хүү Дува сохор, Добун мэргэн хоёр төржээ. Дува сохор далдыг хардаг идтэн байжээ. Дува сохорыг цохон дундаа нэг нүдтэй гэсэн нь зөн билгийн мэлмий нь нээгдсэн хүн болхыг шүтэн барилдахуйн илээр нь бус далд шидээр нь тодорхойлсных хэмээнэм. Тэрээр Бурхан халдун дээрээс Түнхэлиг горхи руу нүүж айсуй хөсөг дэх бүхээгтэй тэргэнд сайхан охин сууж явааг харжээ. Тэр цагт охиноо бүхээгтэй суулгаж явснаас нь өлгөвөл удам чансаагаар дээгүүрт орох айл байж. Алан гоо нэртэй тэр охин Добунтай ханилсан түүх ийм эхлэлтэй. Дува сохор дөрвөн хүүтэй. Добун хоёр хүүтэй, бас нэг баягууд зарцтай байж.
Дува сохор үгүй болсны хойно, дөрвөн хөвүүн нь Добун мэргэн авга юугаан ургаа үл болгон дормжилж хагацаж[15б] нүүжээ. “Ургаа үл болгон” доромжилж гэсэн нь ахуйн ахар зөрөлдөөн бус чухамхүү ургийн онцгой ариун ёсыг ноцтой алдруулсанд оршиж байгааг тод тэмдэглэсэн гэмээр байна.
Добун мэргэн үгүй болсны хойно залуугаараа бэлэвсэрсэн Алан гоо эргүй байтал гурван хүү төрүүлжээ. Добуны төрсөн хүү Бэлгүнүдэй Бүгүндэй хоёр гурван бага дүүгээ Маалиг баягуудын хүүхэд байх гэж сэрдэж хөөрөлдөснийг Алан гоо сонсчээ.
Алан гоо хүүхдүүддээ “Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгын зайгаар орж ирээд, хэвлийг минь илж, гэгээ гэрэл нь хэвлийд минь шингэх бүлгээ”[15в] гэсэн байна. Цааш нь “ Тэр тэмдгээр ухаж үзвэл, тэнгэрийн (заяат О. Л) хөвүүд буй заа” гээд хэлсэн нь:
“Хар тэргүүт хүнтэй
Ханисган яахин өгүүлнэ, та нар,
Хамгийн хаад болбоос
Харцас тэнд ухана” хэмээн учирласан байна.

Эл түүхэн баримтаас тунгаавал, Алан гоо эхийн гурван бага хүү бол дээд тэнгэрээс заяатны хүний хүүхэд болох нь гарцаагүй байна. Алан гоо Дува сохорын далдыг хардаг гайхамшигт эрдэмд сөгдөн биширч түүнийг дээд тэнгэрээс заяат төрсөн гэж хүндэлж явж. Дува сохорын нэг хөвүүн нь авгаа амьд байхад Алан гоод сэтгэлээ илэрхийлдэг болсноос Добун мэргэн ургийн дэг алдруулсан дээд дормжлол хэмээн үзэж, ач нартайгаа хагацсан юм шиг байна. Алан гоо Добун мэргэнээс олон дүү, Дува сохорын том хөвүүдтэй хавьцаа насных байснаас тийм явдал үүдсэн гэж үзэх үндэс байна.
Нас залуу Алан гоо дээд тэнгэрээс заяат угсаатныг шүтэн хүндэлдэг чин үзэл үнэмшилдээ өөрийн эрхгүй хөтлөгдөн тийм угсааны хүний үрийг өөрөө төрүүлэх боломж нэгэнт байгааг цэгнэн мэдрээд боломжийг үл алдахаар зориглосон нь нэн магадлангуй аж. Магадгүй Дува сохорын шар хөвүүн ч Алангоог бишрүүлэх шидтэй байсан байж мэдэх юм. Удам сайт үр хүүхэд үлдээх нь эх хүний мөнхийн хүсэл мөрөөдөл байдаг юм хойно. Алан гоогийн дээрх үгст энэ бүхнийг дорнын бүрэгдүүхэн өнгө аястай боловч, хүндлэл, зорилго, шулуудсан зоригоо өчүүхэн ч сулруулалгүй үнэнч, шудрагаар илэрэхийлсэн байна.
Том хөвүүддээ доод язгуурт хүнтэй хавьтаагүй шүү, дээд тэнгэрээс заяат “шар” хүний хүүхдүүд шүү гэдгээ хэлээд хамгийн хаад болно биз ээ хэмээн хүсэл мөрөөдлөө ч учирлан илэрхийлсэн байна. Хоо маралаас удамт шар хүн хэн болохыг, бас эх нь ямар бодолтой дүү нарыг төрүүлснийг хөвүүд нь лавтай ойлгосон байж таарна. Үнэнч шудрагуй бол тэр цагийн монгол туургатны дээд үнэлэмж хэмжүүр нь байсны нэг баримт энэ мөн.
Тийнхүү Алан гоо эх Дува сохорын нэг “шар” хүүгээс Бугу хатаги, бугуту салжи, Боданчар мунхагийг төрүүлжээ. Боданчар мунхаг тэнгэрээ заяат хүмүүсийн удмыг залгуулжээ. Мунхаг нь эгэл бартаг ахуйд аргамжаатай бодлыг гэтэлсэн холч сэцэн ухаантайг нь тодотгохын үүднээс, шүтэлцэхүйн сөрөг тал нь мэт боловч, урвуулахуй дор сод утгад дүйсэн байна. Энэ нь бидний байнга хэлдэг “миний муухай хүү” гэдэг лугаа ч яг дүйж байна.
Боданчар мунхагаас хойш долоо дахь үед Есүхэй баатарын хөвүүн Тэмүжин төржээ. Алан гоо эхийн мөрөөдлийг гүйцэлдүүлэх хүмэн ийнхүү дэлхийд иржээ. Дува сохорын “шар” хүү далдыг хардаг идтэн байсан ч болов уу Алангоод алс ирээдүйн тухай зөн мэдрэхүйн мэдээ өгсөн ч байж мэдэх тухай дээр хэлснийг саная. Тиймээс “Хамгийн хаад болбоос” хэмээн хэлсэн бизээ.
Нууц товчоонд дээд тэнгэрээс заяат гэдэг нь Орчлонгийн ил ба далд оршихуй, ухаарал- мэдээллийн (сүнсний?) ертөнцийг мэдэрч далдыг хардаг ид чадвартай удмын билиг эрдэм төгс хүмүүсийг дээд тэгэрээс заяат гэж үздэг байсныг нууц товчоо баримтаар нотлох мэт. Тиймээс “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу”[15а] бат итгэлтэй өгүүлжээ. Худал хэлэх, хууран мэхлэх, шантарч няцахыг үл тэвчих хүмүүнжилтэй дээдсийн үгэнд итгэнэм.
Хүний ид чадварыг нь илт товойлгон “бурханчилж” хий мандуулахыг огтхонч мэдэхгүй, эрс цээрлэж байсан тэр цагт увидастныгаа “сохор” , “мунхаг” гэхчлэн тонгоруулан буюу орхигдсон нөхөн гүйцээх утгаар нь өргөмжилдөг заншил байсан мэт. Энэ заншил одоо ч бий. Дашрамд хэлэхэд монгол туургатны соёл, дэвшлийн далд ундрага хөвөрлийн баримт мэдээ сэлт нууц товчоонд олон байгааг улам нягтлан судлууштай.

Шинжлэл судалын “харийн” гэгдэм билчээрт молхи физикч- байгаль шинжээч миний дэвшүүлсэн мөхөс санаа сэдлийг минь эрдмийн эр зориг гарган дэмжсээр лавшрах чигт хөтөлсөн академич Ш. Бира хүндтэй шавь нь болох доктор Ц. Ишдорж нарт номын дээжис сэтгэл өргөе.




Ишлэл

1. О. Лхагва, Тайна цивилизации человечества, Труды интернационольного симпиозиума,посвященного юбилею 80 летия академика Ш. Бира. 2008, Улаанбаатар, хэвлэлд.
2. О. Лхагва, Мөнх Тэнгэр бол эрдэм ухаан. Илтгэлүүдийн товчлол, Олон улсын Монголч эрдэмтний IX их хурал, Улаанбаатар, 2006, VIII. 8-12, х. 10.
3. О. Лхагва, Мөнх Тэнгэр ба гэгээрэл, Манай Монгол, 2002/01-02,х.82
4. О.Лхагва, Их талын нүүдэлчдийн соёлын ундрага, Proc. VIII Int. Congress of Mongolists, J. Mongolica, Vol.13(34), p.92, 2003, Ulaanbaatar.
5. Л.Н. Гумилев, А. И. Курчки. Хар домог. Улаанбаатар, 1992, а. х.83.б. 139.
6. Л.Н. Гумилев, Дреняя русь и великая степь. Москва, 1992, с. 269.
7. Fritjof Capra, The Web of Life, Flamingo, 1997,
D. Bohm, Wholeness and the Implicate Order, London: Routledge, 2002
8. О. Лхагва, Хүмүүний танихуйн жам, Дал сонин, 2008, 269 (3)
9. О. Лхагва, Хөтөч үзэл ба танин мэдэхүй, “Манай Монгол” сэтгүүл, 2003, №3,
10. В. Хайзенберг, Боровская интепретация квантовой теории, Москва, 1956, с. 62.
11. О.Лхагва, Ц. Сайнсанаа, Квант физик ба нөхөн барилдахуй, Шугаман бус эрдмийн үндэсний анх дугаар бага хурлын бүтээл, Улаанбаатар, 2004, х.136.
12. О. Лхагва, Мөнх Тэнгэр бол эрдэм ухаан. Илтгэлүүдийн товчлол, Олон улсын Олон улсын эрдэмтний IX их хурал, Кызыл, 2005, VIII. 8-12, х. 10.
13. Н. Крадин, Кочевничество в современных теориях исторического процесса, Время мира, вып.2, 2001
14. Л.Н. Гумилев, В поисках вымышленного царства, Москва, 1992, а) с.9.
15. Монголын нууц товчоо, Сонгомол эх, Мөнх үсэг, Улаанбаатар, 2005. а) 1. б) 11, в) 21.

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.