Thursday, October 29, 2009

"Великое единение"-Ховд хот, ОУЭШБХ-илтгэл, бүтээлийн эмхтгэл

Великое единение


О. Лхагва, Ц. Сайнсанаа и Л. Эрдэнэтуяа, Монголия,


e-mail: olhgavao@yahoo.com


Уйти нам трудно от мирских забот.
Но Вечность постигает только тот,
Кто хоть на шаг сойдет с троны привычной,
И путь проложит, от других отличный
Ависценна(Абу Али Ибн Сина)

Веление Мунк Тэнгерия

В предыдущей работе[1] рассматривался вопорс о том, что тайна процветания кочевников заключалась в силе Мунк Тэнгерия - общенациональное принятие веры единства мира, человека и вечног духа. Однако никому неудалось догадаться, что за реальность- сила Мунк Тэнгерия.

Thursday, October 22, 2009

Атомын энерги ба Монгол улс


Проф. О. Лхагва
Товч утга:
Далайн хишиг хүртэдгүй, түүнд гарцгүй, экологийн доройтол илт нүүрлээд, ард иргэдийн амьдрал сэргэж амжихгүй байгаа монгол орон байгалийн баялагт тулгуурлан, хөгжингүй улс орны тус дэмжлэгт түшиглэн, байгальд халгүй бөгөөд найдвартай нь нэгэнтээ батлагдсан цөмийн эрчим хүчний бүрэн төвшний үйлдвэрлэлийг монгол нутаг дахь олон улсын хууль, хяналт шууд үйлчлэх онцгой буурь газарт байгуулах нь даяаршиж буй хүмүүн төрөлхтний хамтдаа урагшлан дэвших зорилтыг хэрэгжүүлэх нэг гарц мөн хэмээн үзэж физикчид бид санал дэвшүүлж байгаа юм.
Байгаль-хүмүүн ба дэвшил
Хүмүүн эдүгэ мэдээллийг гэрлийн хурдаар дамжуулан харилцаж байна. Нийгмийн үйлдвэрлэлийн бүхий л салбарт үйлдвэрлэл технологи, шинжлэх ухаан, соёл, боловсролын үйл явцыг түүн лугаа жишихүйц хурдаар ч бас хөтөлж байна. Чингэснээр байгаль- хүмүүний шүтэлцэн хамаарахуй хийгээд нийгмийн харилцааны бүхий л хүрээнд эрчтэй өөрчлөлтөд хүргэж байна.
Өвч дэлхий даяар зүйл зүйл бодис юмс, хамаг амьтас хийгээд оюун санаа хамсахуйн үйлийн үрийг туулах зуур аяндаа цэгцрэн буй өнөөгийн суут үйлсийн цараан дунд их талын нүүдэлчид, монгол туургатны билэг мэдрэмжийн ундрагаас эхтэй хүн байгалийн амьсан оршихуйн гүн учир утга улам бүр илрэн тодорсоор байна. Хүн анхандаа дэлхийг хавтгай дараа нь саяхан болтол аварга том бөмбөрцөг мэт төсөөлж байсан бол өнөөдөр алган дээр “багтам” амьдарлыг эрхэмлэн тэвэрсэн яруу нандин бөгөөд хэврэгхэн цэнхэр гариг болохыг мэдэрч, үнэн сэтгэлээр хайрлаж хамгаалахыг чармайж эхлэв.
Эх дэлхий хийгээд аливаа юмс, амьтас болон хүмүүн бүгдийг багтаасан эл аугаа системд маань урьд өмнө тогтнон байсан бараг тэнцвэрт байдал их хурдацтай дэвшлийн дээд төвшинд ирэхээр алдрахад хүрч байна. Энэ бол хувьсахуйн түгээмэл жам бөлгөө. Математикийн үүднээс бол аливаа тэнвэрт бус хувирал нь шугаман бус төрхтэй бөгөөд хуйлран хувирахуйн үйлийн үрийг туулж, аяндаа цэгцрэн шинэ дэг эрэмбэ бүрэлдэх жамтай билээ.
Хүмүүн-байгаль- оюун сэтгэлийн багцрахуйн харьцангуй тэнцвэр алдарч байгаагаас дэлхийг өвч хамарсан олон хурц асуудалтай хүн төрөлхтөн өнөөдөр тулгараад байна. Хүн- байгаль хийгээд хүмүүний сэтгэл оюуны шүтэн барилдахуйн түгээмэл зүй жамаар өнөөдөр нэгэнтээ нягтран айлсаад байгаа хүн төрөлхтөн нийтээрээ сахин дагах тавилан зам буюу шинэ дэг эрэмбэ бүрэлдэхүйд гарцаагүй тулжээ хэмээн үзнэм. Эерэг хийгээд сөрөг талын эвсэх тэрсэхүйн шүтэн барилдахуй нь аливаа хувьсан дэвшихүйн зөв төөрөг замд хүргэдэг жамтайг нүүдэлч монголын эртний Мөнх Тэнгэр эрдэм сургадаг билээ. Хэвшиж тогтсон горим дэг цаг нөхцөл хувирахуй дор зохицон хувьсах нь хөгжихүйн хууль бөгөөд чухамхүү түүний үрээр аливаа тэрсэх үзэл хөдөлгөөн намжин шинэ гольдрол урсгалд нийлэн хамтаараа урагшлахын үүдийг нээдэг гэж монгол түмэн үздэг урт сурвалжит уламжлалтай билээ.
Бидэнд нүүрлэсэн бэрхшээл
Монгол улс экологийн доройтол, эрчим хүч, хоол хүнсний хангамжийн хомсдлыг хурц мэдэрч, бэрхшээл туулж байна. Сүүлийн 60 жилийн дотор монгол нутаг дунджаар цельсийн 2.1 градусаар дулаарчээ. Судалгаанаас үзвэл 1980 оноос хойш манай орны газрын гадаргуугаас 2 метр орчим өндөр хүртэл агаарын температуур дунджаар цельсийн 1.9 градусаар дулаарчээ. Эрдэмтэд дундаж дулаарал 2 градус болоход сүйрлийн шинж ойртохыг үнэлсэн байдаг. Алтай, хангай, хэнтийн уул нуруудын мөнх цас хайлан багассаар байна. Алтайн нурууны мөсөн гол хайлж илт богиносчээ. Манай орон даяар 1000 орчим гол горхи, 1500 булаг шанд, 760 нуур тойром хатаж ширгэсэн байна. Үүнээс үүдэн өвс ургамлын гарц муудан билчээр хуурайшин талхлагдсаар байгаа нь манай уламжлалт нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлд хүнд цохилт болох төлөвтэй боллоо.
Цөлжилт говь тал нутаг төдийгүй, ой хөвчтэй, чийглэг байсан уулархаг хангай нутагт ч идэвхижсээр байна. 2006 оны судалгаанаас үзэхэд монголын нийт нутгийн 90 гаруй хувь нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилттэй байжээ. Хангай уулархаг нутгийн 12 хувьд нь цөлжилтийн байдал үүсчээ. Сүүлийн 30 жилд манай ойгоор бүрхэгдсэн талбай 1.5 сая гектараар багасчээ.
Сүүлийн 40 жилд билчээрийн ургац 2-3 дахин буурсан дүн бий. Байдал ийм байхад газар тариалангийн үйлдвэрлэлээ бүрэн сэргээх боломж буурсаар байна. Хот суурин газрын бохир усны цэвэршил хангалтгүй, уул уурхайд технологийн чанд горимгүй, хяналтгүй малталт, олборлолт явуулснаас ус ихээр бохирдож байна. Үйлдвэрлэл хийгээд хот суурин газрын бохирдсон усны 60 гаруй хувь нь бүрэн цэвэршихгүй буюу тэр чигээр байгальд орж байна.
Манай оронд хурдацтай явж буй экологийн доройтол нь монголчууд бидний дангаар туулах хувь тавилангийн асуудал биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэвч бид өөрснөө онц анхаарал тавьж нийт хүмүүн төрөлхтөн, хамтын нийгэмлэгт эрт мэдэгдэлгүй экологийн сүйрэлд хүргэх аваас дэлхийг хамарсан сүйрлийн голомт чухам энд үүсэхийг үгүйсгэж болохгүй бизээ.
Эх дэлхийн газар нутгийн цэвэр ариун унаган төрхийг сэргээх талаар хүмүүн төрөлхтний хүсэл тэмүүлэлд нэгдэж, монгол туургатны хүн-байгалийн амь шүтэлцэхүйн уламжлалыг сэргээн эх нутгаа экологийн доройтлоос аврах нь монголчууд бидний хүмүүний өмнө хүлээсэн ариун үүрэг мөн.
Далайд гарцгүй, далайн хишиг хүртдэггүй, зам тээвэр өндөр үнэтэй, байгаль экологийн дээр дурьдсан бэрхшээлийг даван туулахын тулд монгол улс өөрийн дотоод нөөцөө дайчлан юуны өмнө эрчим хүчний найдвартай үүсгэвэртэй болох асуудал хурц тавигдаж байгаа юм.
Эрчим хүч ба амьдрал
Энерги хомсдлын бэрхшээлийг ч манай ард түмэн туулсаар байна. Өнөөдөр монголын хүн амын 30 гаруй хувь нь цахилгаан болон дулааны тодорхой хангамжгүй амьдарч байна. Сэрүүн- хүйтэн бүсэд оршиж буй манай орны хот суурин газрын айл өрхийн дийлэнх нь түүхий нүүрс шатааж орон байраа дулаацуулж байна. Нийслэл Улаанбаатар хот болон төвийн бүсийг цахилгаанаар хангадаг хэдэн цахилгаан станц нүүрсээр ажиллаж байна. Ингэснээр дөрвөн том уулын хотгорт байрлалтай нийслэл өвөлдөө битүү утаан дунд амьдарч байна. Нийслэл хотын агаарт их хэмжээний утаа тортог, хорт бодис цацагдаж, нэг иргэнд жилд дунджаар 317.8 кг тийм бодис ногдож байна. Аймгийн төвүүдэд ч байдал иймэрхүү л байгаа юм.
Хөдөө нутгийн ард түмэн, малчид, тариаланчид найдвартай цахилгаан энергийн эх үүсгэвэргүй байна. Цахилгаан энерги үгүйн улмаас хөдөө нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх боломж үнэндээ хаалттай байна. Энэ нь орон нутагт ядуурлын гол шалтгаан болж байна. Тиймээс алс хязгаар нутгийн малчид зах зээл бараадан төв суурин хот руу шилжин нүүсээр байна. Үүнийг хоёр бэрхшээл дагалдаж байна. Нэгдүгээрт, хотсуурин газрын орчимд мал олширч даац хэтэрснээс билчээр сүйрч цөлжилтийн нэг хүчин зүйл болоод байна. Хоёрдугаарт, хот суурин газар ажилгүй айл өрх, хүн олширч, нийгмийн хэв журам, хангамж хийгээд амьдралын тохитой нөхцлийг алдагдуулж байна.
Өмнө дурьдсан бэрхшээлтэй уялдан манай улсад нийгэм хүмүүний амьдрал, ахуй төлөвшин дэвжих зам руу орж чадахгүй мунгинаж байна. Өндөөдөр манай нийт хүн амын хүн амын 35.2 хувь нь амьжаргааны доод төвшнөөс бага орлоготой хүмүүс байна. Хүн амын 14 хувь нь эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.
Ухаалгаар харилцан ойлголцож, хамтаараа хөгжих илүү таатай харилцааны шинэ зам нээж, нийтээрээ бэрхшээлийг даван урагшлан дэвших нь хүмүүний эрхэм зорилт болохыг хүмүүн төрөлхтөн мэдэрч улам бүр нягтран ойртсоор байна. Энэ зорилгод нийцүүлэн Нэгдсэн үндэстний байгууллага, хөгжингүй гүрнүүд, тэдний удирдагчид анхаарал тавьж, хүч хөрөнгө зарж арга хэмжээ авсаар байгаад монголын ард түмэн түүний дотор физикчид бид сэтгэл өег явдгаа ч энэ ялдамд хэлэх нь зүйтэй.
Атомын энерги ба Монгол улс
Урьд хожид хэзээ ч байгаагүй, шинжлэх ухаан, технологийн чадавхиа ашиглан дэлхийн соёл иргэншлийг хөгжүүлэх аугаа асуудлыг ухаалгаар шийдэх зорилт өнөөдөр хүмүүн төрөлхтний өмнө тавигдаад байна. Тэр үйл өрнөл нь юуны өмнө энерги, цахилгаан энергийн нөөцийг эрс нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Дэлхийн дулаарлын гол үр хөврөл нь болоод байгаа нүүрс шатааж цахилгаан энерги үйлдвэрлэх хуучин арга барилаас татгалзахыг амьдралыг авран хамгаалах ариун зорилт хатуу шаардаж байна. Ер нь эл асуудалд дэлхий даяараа хайхрамжгүй хандваас нэгэн өдөр дэлхийн экологийн сүйрэл рүү өөрийн эрхгүй уруудах аюул нүүрлэнэ бизээ.
Экологийн сүйрлийг тойрохын тулд хүмүүнд нүүрснээс өөр энергийн эх үүсвэр шаардлагатай болсон нь ийнхүү илт болжээ. Цөөнгүй эх үүсвэр байгаагийн даацтай илүү боломжтой нь бол цөмийн энерги ашиглахад оршиж байна. Атомын буюу хүнд цөмийн хуваагдлын урвалыг жолоодон энерги үйлдвэрлэх технологи дэлхийн хөгжингүй оронд өндөр төвшинд хүрчээ. Атомын цахилгаан станц найдвартай ажиллагааны төвшинд хүрсэн нь ч нэгэнтээ нотлогдоод байна. Чингэхүй атомын цахилгаан станц эрчим хүч, цахилгаан үйлдвэрлэлд жинтэй бөгөөд голлох байр суурь эзлэх нь тодорхой болсныг амьдрал нотолсоор байна.
Америк улсад нийт үйлдвэрлэж буй цахилгаан энергийнх нь 20 орчим хувийг атомын реактороос гаргаж байгаа бол энэ харьцаа Англид 25 , Германид 30 орчим, Белгид 54, Францад 78, Литвад 80 хувьд хүрчээ. Өнөөдөр дэлхий даяар 30 орчим оронд энерги үйлдвэрлэлийн 442 орчим реактор ажиллаж, 100 орчмыг шинээр барихаар төлөвлөжээ.
Цаашдаа нийгмийн үйлдвэрлэлийн өрнөлттэй уялдан цахилгаан энергийн хэрэгцээ хурдацтай өсөх бөгөөд ОУАЭА-ийн үнэлгээ ёсоор -2030 он гэхэд дэлхий даяар нийтдээ 50 хувь нэмэгдэхийн дотор хөгжингүй оронд 2 дахин, хөгжиж буй оронд 3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэ хэрэгцээг нүүрсний станцаар хангана гэвэл экологийн сүйрэлд шууд хүргэх аюул мэдээж нөмөрнө.
Тэгэхлээр эдүгэ нэгэнт аюулгүй найдвартай, байгальд халгүй, үр өгөөж сайтай бөгөөд цахилгааныг хямд гаргах арга болох нь илт нотлогдоод байгаа цөмийн эрчим хүчний үйлдвэрийг хөгжүүлэх зоригод дэлхий даяар анхаарал нэгэнтээ төвлөрөөд байна.
Сүүлийн жилүүдэд Азийн орнууд атомын цахилгаан станц байгуулах талаар давшингуй ажиллаж байгааг үүнийг нотолгоо хэмээн үзэх нь зүйтэй буюу. Шинээр ашиглалтад орсон 39 станцын 22 нь азид байгаа аж. Зүүн хойт ази, тухайлбал, өмнөт Солонгос одоо цахилгаан энергийнхээ 35 хувийг атомын станцаар үйлдвэрлэж байгаа бөгөөд 2020 он гэхэд чадлыг нь 56 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Япон улс атомын 53 реактораас цахилгааныхаа 30 хувийг үйлдвэрлэж байгаа бол 2017 оны үес 40 хувьд хүргэх зорилттой байна.
Атомын энерги үйлдвэрлэл ийнхүү эрчимтэй хөгжих төлөвтэй байгаа нь дэлхий-ээжийг экологийн сүйрлээс аврах амин шаардлагаас урган гарч байна. Атомын энергийн технологийг улам бүр сайжруулж, олон станцыг хэдийчнээн түргэн барьж байгуулснаар энергийн нүүрст суурилсан үйлдвэрийг эрс цөөрүүлж, гол аюул учруулаад байгаа хүлэмжийн хийг эрс багагаж чадна. Өнөөдөр ажиллаж байгаа 442 реаторыг нэг жил зогсоолоо гэж бодоход дэлхийн агаар мандалд нүүрсхүчлийн 600 сая тонн хүлэмжийн хий цацагдах тооцоо бий. Тэгэхлээр атомын цахилгаан станц бол дэлхий ээжийг экологийн сүйрлээс аврах энергийн гол үүсгүүр болох бүрэн найдвартайн бас нэг нотолгоо мөн.
Хүмүүний цаашдын хөгжлийн төлөв хийгээд байгаль дэлхийнхээ унаган төрхийг хамгаалан сэргээх зорилгыг эрхэмлэн атомын энергийг үйлдвэрлэх, цөмийн түлш бэлтгэх, түүний аюулгүй байдлыг чандлан хангах талаарх олон улсын ойрын болон хэтийн чиг бодлогод яв нийцсэн үйл ажиллагаа явууулахаа Монгол улс тууштай илэрхийлсэн билээ.
Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнд нэгдэж, цөмийн зэвсэггүй улс болохоо зарласнаас гадна бүс нутагтаа цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхийн төлөө идэвхи санаачлагатай ажиллаж байна. Манай орон ураны боломжийн нөөцтэй байгаа нь олон улстай хамтран ажиллах, өөрийн хир чинээгээр дэлхийн улс түмэнд тустай үүрэг гүйцэтгэх таатай нөхцөл бүрэлдэж байгаа юм.
Физикчид бидний санал
Хүмүүний өнөөгийн эрчтэй хөгжил, хүн-байгалийн шүтэн барилдахуйн жамаас олон улсын харилцааны шинэ дэг жаяг үүсэн бүрэлдэх зүйг тогтлыг зөгнөн, монгол улсын их сургуулиуд дундын шинжилгээ- сургалтын эрдмийн галыг 40 –өөд жилийн тэртээгээс бүрэлдүүлэн хөгжүүлсэн физикчид бид дэлхийн олон улс, нэгдсэн үндэстний байгууллага, ОУАЭА, цөмийн зэвсэгт гүрнүүдэд хандан дараах саналыг өргөн дэвшүүлж байна.
Монгол улсын нутаг дээр олон улсын байгууллага болон ОУАЭА-ийн шууд хяналт хийгээд гагцхүү олон улсын байгууллагын хууль, дүрэм үйлчлэх онцгой буурь газар товлон тогтоогоод, цөмиийн реактор ажиллуулах, цөмийн түлшний бүрэн боловсруулалт хийх, цөмийн энерги үйлдвэрлэх, зүүн хойт ази болон бусад бүс нутагт цөмийн түлш нийлүүлэх, цөмийн реаторын шаарыг дахин боловсруулах энэ бүгдэд олон улсын чанд хяналт тооцоо хийх үүргийг сахин биелүүлэх зорилго бүхий цөмийн энерги үйлдвэрлэл, шинжилгээ хяналтын олон улсын цогцолборыг байгуулах шаардлагын чухлыг мэдэрч, түүнийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж санал дэвшүүлж байна.
Саналыг дэвшүүлэх үндэслэл санааг дээр товч дурьдсан боловч Монгол улс болон бүс нутгийн хөгжил цэцэглэлт хийгээд олон улсын харилцааны шинэ дэг загвар бүрэлдэн тогтоход үзүүлэх үр нөлөө, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим санааг доор цохон сийрүүлэв.
· Олон улсын цөмийн энергийн цогцолборыг байгуулах нь хүмүүний харилцааны шинэ дэг эрэмбэ тогтооход эхлэл загвар болно. НҮБ-ын хүрээнд улс орнууд нийлж, амьдрах орчноо хамтаараа бүтээх арга замыг олоход дууриал болно.
· Зүүн хойт азийн бүс нутгийн улс орон хамтдаа хөгжих, хамтран ажиллах шинэ гараа эхэлнэ. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хамтын шинэ сэтгэлгээ, чармайлтын эх үүсгэвэр болно.
· Тийм чансаатай томоохон үйлдвэр байгуулагдвал түүнийг дагаж бүс нутгийг хамарсан дэд бүтэц, үйлдвэр хамтын ажиллагааны шинэ салбарлалт бүрэлдэнэ. Далайд гарцгүй, далайн хишиг хүртдэггүй манай орны хувьд бүс нутаг, олон улстай харилцан ашигтай, идэвхитэй хамтран ажиллах аятай нөхцөл бий болно.
· Олон улсын онцгой буурь газрын тойрон орчимд монгол улсын хууль үйлчлэх хот байгуулж, үйлдвэр, шинжлэх ухаан, соёлын олон улсын хамтын ажиллгааны төв үүсэн бүрэлдэнэ. Дэлхийн төвшин зиндааны эмнэлэг, боловсрол, тээвэр харилцаа, амьжаргааны хангамж бүхий хот үүснэ.
· Монголын нутаг дахь онцгой буурь газарт олон улсын цөмийн энргийн цогцыг байгуулах нь хөнөөлт газар хөдлөл, хар салхи зэрэг гэнэтийн гамшгийн эрсдлээс ангид байх газар зүйн баталгаатай байх болно.
· Монгол улс цөмийн зэвсэгт хоёр их гүрний дунд оршдог учраас бат цайз лугаа жишихүйц найдвартай хүрээлэлтэй бөгөөд уламжлалт хамтын ажиллагаа тухайн чиглэлээр олон улсын төвшинд гүнзгийрэн өргөжинө
Хүн- байгалийн амь барилдахуй хийгээд хүмүүний даяаршихуйн өнөөгийн шугаман бус нөхцөлд хүн төрөлхтөн цаашдаа шинэ дэг эрэмбэд шилжин хамтдаа урагшлан хөгжихийг зөгнөн билэгдэж дэвшүүлсэн физикчид бидний саналыг дэлхийн олон нийт, олон улсын байгууллага, улс гүрэнд хүргэн уламжлахыг төр, засгаасаа хүсэж байна.
Монголын физикчид бидний дэвшүүлж буй санал хэрэгжихүеэ хүмүүний даяаршихуйн үйлст их бага улс, үндэстэн бүр материал баялаг хийгээд оюуны нөөц бололцоогоо дайчлан хир чинээгрээ хувь нэмрээ оруулж, дэлхий даяар хүн төрөлхтөн хамтдаа энх амгалан хөгжихийн эхлэл дууриал болно гэдэгт итгэл төгс байгаагаа энэ ялдамд илэрхийлж байна.
Монгол улсын их сургуулиуд дундын
физикийн шинжилгээ- сургалтын эрдмийн галын физикчид
2009 оны 10 сарын 20.

Sunday, October 18, 2009

IT-Физикийн загвар лаборатори бүтээхүй-2

Физикийн Загвар Лабораторийг 3D загварчлах судалгааны ажлаас энд хэдэн зураг орууллаа.
Өмнө 2D загвар-лабораторийн зарим туршилтын хэсгийг зурагаар оруулсан...Цааш нь сонирхон үзэх хүсэлтэй хүмүүс сэтгэгдэл үлдээх хэсэгт хандана уу...





...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.