Monday, October 7, 2013

“Цацрагийн биологи, цацрагийн хамгаалал”сэдэвт олон улсын эрдмийн бага хурал болж өнгөрлөө

Цацрагийн биологи, цацрагийн хамгаалал”сэдэвт
олон улсын эрдмийн бага хурал.


Монгол улс, Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн (ЦШНИ)-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Цацрагийн биологи, цацрагийн хамгаалал” сэдэвт олон улсын эрдмийн бага хурал 2013 оны 9-р сарын 30-аас 10-р сарын 3-ны өдөр МУИС-ийн физик электроникийн сургууль (ФЭС)-д болж өнгөрөв. Тус хурлыг БШУЯ, Цөмийн энергийн газар (ЦЭГ), Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийн Цацрагийн биологийн лаборатори (ЦБЛ), МУИС-ийн Физик электроникийн сургууль (ФЭС), ШУТ Сан дэмжиж, проф. О. Лхагва хөтлөн зохион байгууллаа.
Бага хуралд цацрагийн биологийн эрдэмтдээс гадна эл чиглэлд шууд холбогдол бүхий цөмийн анагаахуй, цацрагийн хяналт болон хамгаалал, ураны хүдрийг хайх, баяжуулах мөн квант биологи болон мэдээллийн технологи, математик загварчлал, судалгаа- сургалт зэрэг олон чиглэлийн эрдэмтэн, эмч, мэргэжилтэн оролцож эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл, эмчилгээ үйлчилгээний өргөн цар хүрээтэй асуудлыг шүүн хэлэлцсэн юм.
ЦБЛ –ийн доктор О. Белов болон доктор И. Кошлан нарын илтгэл нийт оролцогчдын анхаарал, сонирхлыг ихэд татсан юм. Уг илтгэлд дэлхийн эрдмийн манлайд дэвшээд буй цацрагийн биологийн хөгжил, тулгуур асуудал, ЦШНИ -ийн цацрагийн биологи, хамгааллын суурь төхөөрөмжит судалгааны чадавх, түүнчлэн сансрын болон лабораторийн хурдан бөөмс, цацрал хийгээд биологийн биетийн эсийн болон нанотөвшин дэх харилцан үйлчлэлийн математик загварчлал, тооцооллын програм хангамжийн өнөөгийн боломжийг тусгасан байлаа.
Онол- тооцооллын болон орчин үеийн төхөөрөмж дээр гүйцэтгэсэн судалгаа- практикийн 3D дүрслэл бүхий үр дүнг нэгтгэсэн олон сонирхолтой мэдээллийг ч оролцогсод тавьж хэлэлцүүлэв. Мөн байгалийн цацраг идэвхт үүсгүүрийн тархалт, хэмжилтийг олон улсын тэвчих тун хэмжээтэй харьцуулсан үзүүлэлт мөн нүүж нэвчих онцлогтой нь уялдсан экологийн асуудлын талаар ч сонирхолтой илтгэл сонсгосон юм.

Ном хаялцал, санал. Хаалтын хуралдаанд ЦШНИ -ийн цацрагийн биологийн лабораторийн захирал, академич Е.А. Красавин оролцож, эрин цагийн биологи, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн олон зангилаа асуудлын талаар хуралд оролцогчидтой санал солилцож, асуултад хариуллаа. Хурлын үйл ажиллагааг дүгнэх ном хаялцлын явцад оролцогчид их эрдмийн үүрэг, ач тус, өнөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээний явц дахь тоон баримт, утга чанарын холбоог тойруулан ярилцав. Шинжлэх ухааны үр дүнгийн үйлдвэрлэл, амьдралд нэвтрэх хугацаа ихэд богиноссон учраас эрдмийн хурлаар дээд судалгааны үр дүнг сонсоод өнгөрдөг цаг ард хоцорч, харин өнөөгийн ололт нь практик үйл ажиллагаанд чухамхүү ямар дэвшлийг авчрах гэж байгааг зарлан мэдээлснээр шинэ зорилго тэмүүлэлд хөтлөх болжээ хэмээн нэгэн саналтай дүгнэв.
Үүнтэй уялдан өвчлөл, цацраг туяаны үйлчлэлд өртсөн эд эсийн тойм ул мөр- эгэл зураглалаас цацрагийн биологи, цацрагийн хамгааллын тулгуур судалгааны арга зүйг хэрэглэн уг сүг дүрсэд хадгалаастай байгаа физик- хими- биологийн хувирлын бүрэлдэл, цогц мөн чанарыг илрүүлэх боломжтойг мэдэрсэн юм. Чухамхүү шинжилгээг чухамхүү эрдмийн тийм өндөр төвшинд хүргэвээс оношилгоо, эмчилгээ хийх гүн утга учир тодрохыг ойлгоод оролцогсод сэтгэл хангалуун байсан юм. Энэхүү уур амьсгалыг академич Е. А. Красавин мэдэрч хуваалцаад эрдмийн эл бага хурлын ач тус нь эдүгээ их шинжлэх ухааны ололт, дэвшил, амьдрал практик дахь судалгаа, үйлчилгээний үр дүн хоёр нийлэн шүргэлцэж байгааг илрүүлсэнд оршиж байна хэмээн дүгнэсэн юм.
Хамтын ажиллагаа. Тийнхүү бүрэлдсэн хурлын таатай уур амьсгал тал талын хамтын ажиллагаа сэдэж хөгжүүлэх бодолд хүргэв. Оролцогчид ЦШНИ -ийн Цацрагийн биологийн лаборатори, МУИС-ийн Физик электроникийн сургуулийн хооронд үр бүтээлтэй хэрэгжиж байгаа хамтын ажиллагааны хүрээг өргөтгөж, квант болон цацрагийн биологи, математик загварчлалын талаарх судалгаа-боловсролын дээд төвшний ололт, боломжийг нь манай бусад их сургуулийн судалгаа, сургалт, үйлчилгээний хүрээнд нэвтрүүлэх цаг тулсныг онцлон тэмдэглэв. Тийм хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд энэхүү сэдэвт эрдмийн бага хурлыг байнгын болгохын чухлыг уригдсан эрдэмтэд ч манай нийт оролцогчидтой нэгэн дуугаар дэмжлээ.
Хурлын үеэр МУИС, ФЭС болон ЭШУИС, Био-анагаахын сургуулийн удирдлагууд цацрагийн болон квант биологи, түүний мэдээллийн технологид суурилсан математик загварчлал, тооцоо- дүрслэлт туршилтын чиглэлээр нано ба эсийн төвшинд хамтын сургалт, судалгаа явуулахаар санал нэгдлээ. Тэд нар ЦШНИ, цацрагийн биологийн лабораторитой хамтран ажилласнаар судалгаа- сургалтын ажлын чанарыг өнөөгийн өндөр төвшинд хүргэж шинэчлэх таатай нөөц боломж мөнийг тэмдэглэж байлаа.
ЦШНИ -ийн цацрагийн биологийн лабораторийн залуу эрдэмтэн доктор О. Белов, тэнд ажиллаж буй судлаач М. Батмөнхтэй хамтран Москвагийн их сургуулийн цөмийн хүрээлэнгийн проф. В. Балашов, проф. О. Лхагва нарын шавь сургууль үүсгэсэн туршлагыг буухиалан өвлөж, Монголын их сургуулиуд дундын цацрагийн болон квант биологийн эрдэм- сургалтын гал бүрэлдүүлэх алсын зорилгот гараагаа эндээс эхэлнэ гэх бодлоо ч илэрхийлж байлаа.
Зөвлөмж. Хурлын явцад тодорсон зорилго хийгээд гол гол санааг зөвлөмж байдлаар нэгтгээд олон түмний сонор, төр, засаг, их сургуулиудын удирдлагын анхааралд толилуулах нь чухал гэж оролцогсод санал нэгтэй шийдсэн юм. Зөвлөмж саналыг дор хавсаргав. Үүнд:

  • Сар хийгээд улаан нүдэн гаригт удаан хугацаагаар хүн аялуулахтай холбогдон цацрагийн биологи, цацрагийн хамгаалал дэлхийн шинжлэх ухааны тэргүүн шугамд дэвшин гарч байгааг,
  • Хүмүүн төрөлтнийг үеийн үед тарчилгасаар ирсэн, аюулт олон өвчин, хорт хавдар зэрэгт цөмийн цацраг туяаны оношилгоо, эмчилгээний арга нэвтэрч, улам бүр найдвартайгаа харуулж байгааг,
  • Байгалийн хувирал болон шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний явц дахь цацраг идэвхт тунгийн хор нөлөөнөөс үүсэх хоруу үйлчлэлээс хамгаалах асуудал хурц тулгарч байгааг,
  • Цөмийн болон квант физик, математик загварчлал, мэдээллийн технологи, генетик, бодисын бүтэц судлалын үсрэнгүй дэвшлийн үрээр алив үзэгдэл хувирлыг 3D тооцоот-туршилтаар илэрхийлдэг компьютер тооцоо- дүрслэлийн өндөр чадавхтай төхөөрөг, програм хангамж нь сургалт-судалгаа хийгээд нийгмийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л хүрээнд нэн хурдацтай нэвтэрч байгааг,
  • Их сургуулиудад цацраг туяа биологийн биеттэй эсийн болон нанотөвшин дэх харилцан үйлчлэлийн квант хийгээд синергетик онол, мөн тооцоо-дүрслэлт арга зүйн сургалтыг орчин үеийн дэвшлийн төвшинд хүргэх шаардлагатай байгааг,
  • Цацрагийн биологи, цацрагийн хамгааллын онол, туршилтын шинжлэх ухааны үзэл, мэдлэгийг нийт олонд хүргэн сурталчилж, цөмийн туяа, цацрагийг нийгмийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх аюулгүй арга, ажиллагааны үнэнийг олон түмэнд таниулах шаардлага улам нэмэгдсээр байгааг,
  • МУИС, ЭМШУИС болон ЦШНИ -ийн цацрагийн биологийн лабораторийн эрдэмтэн, мэргэжилтэн, Монголын ЦЭГ -ын шинжээч нарын цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шинэ нөхцөлийг бүрэн ашиглах шаардлагатайг анхааран үзээд санал доорх санал зөвлөмжийг дэвшүүллээ:
Нэг. МУИС, ФЭС болон ЦШНИ -ийн Цацрагийн биологийн лабораторийн хамтын ажиллагааны хүрээг өргөтгөх замаар ЭМШУИС болон манай холбогдох судалгааны хүрээлэн, төвүүд цацрагийн болон квант биологи, биологийн биет цацрагийн эсийн хийгээд нанотөвшин дэх харилцан үйлчлэлийн асуудлаар хэтийн зорилтот хамтын ажиллагаа хөгжүүлэх нь нэн чухал гэж үзэж байна.
Хоёр. Зөвлөмжийг анхааран үзэж, эрдэм, боловсрол, судалгаа- сургалт хийгээд практик үйл ажиллагааны өргөн хүрээг хамарсан энэхүү санааг нь амьдралд нэвтрүүлэхэд дэмжлэг гүн туслалцаа үзүүлэхийг БШУЯ, ЭМЯ болон холбогдох их сургуулиудын удирдлагаас хүсэж байна.
Гурав. Эрдмийн дээд судалгааны гарц, практикт нэвтэрч буй эрдмийн багтаамжит тоног төхөөрөмжийн үр дүн хоёр хоорондоо ойртож, эрдэмтэн, хяналтын болон эмч мэргэжилтний нэг нэгнээ ойлгож санал солилцох хэрэгцээ өссөнийг харгалзан эл хурлыг цаашид байнга болгох зүйтэй байна гэж үзлээ.
Практик, үйлдвэрлэл, эмнэлгийн мэргэжилтэн, эмч нар болон их сургуулиуд, судалгааны төвийн эрдэмтэн, судлаачид хоорондоо тийнхүү ойлголцож нягтарлаа.

Хурлын нээлт 2013.09.30
 Хурлын хаалт (Discussion) 2013.10.02

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.