Monday, August 12, 2013

Хоосон чанар, Мөнх Тэнгэр


                                                О. Лхагва, Л. Эрдэнэтуяа, Ц. Сайнсанаа
                                                                                                           
The most beautiful thing we
can experience is the mysterious.
 It is the source of all true art and science.
—Albert Einstein
                                                    

Улаачлах үг. Эдүгэ Буддын гүн ухааны сургааль, эрин цагийн квант физик, синергетикийн голч үзэл онолын ноён нуруу   төсөө чанараараа саахаллан  ойртсоор байгаа нь шинжлэх ухаан дахь нэгэн  сод үйл учрал даруй мөн бөлгөө. Бодис, хоосон хоёроос Орчлон бүрэлдэнэ гэх Демокритийн номлолоос өрнийн шинжлэх ухаан эх авчээ. Тэгээд илийг эвдэлж үйрүүлэн “эгэл” болгоод тус бүрийг нь шинжиж таниад “онч” сэтгэж эвлүүлэн(нийлбэрлэхүйн зарчим) дүгнэсээр  шинжлэх ухаан технологийг хөгжүүлж.  Эл аугаа танин мэдэхүй бол  хэнд ч гайхал төрүүлсэн, хүмүүний нийгмийг хол давшуулсан  сод дэвшил мөн.
            Дорнын танин мэдэхүй  нь өрнийнхөөс гараа нь ч, бэлчээр нь тэс өөр ил хийгээд чинадын ний төөрөгтэй оршихуй- сүнс оронг(тэнгэр) тандан судалдаг аж.  Тиймээс эвдэлж бутлаад эгэл болгоод судалдаг “техникт” шинжлэх ухаанаас тэс өөр ундрагатай, үл үзэгдэх, үл баригдах  оршихуйд бие- сэрэхүйгээрээ ний болоод түгээмэл зүй тогтлыг  нь багцаалан номнодог аж. Судалгаа, танихуйн гол зэвсэг хэрэглүүр нь тийнхүү хүн өөрөө бөгөөд билиг сэрэхүйгээ  хөгжүүлэхүйд  ил юмс, ахуй бол Орчлонгийн язгуур оршихуй огтхон ч  биш харин ч ахар бодол төсөөллөөр   зохиож эвлүүлсэн “хийсвэр” загвар мэт болохыг илрүүлжээ.
Энэ нь эртний Грэгийн гүн ухаантан  Платон (427-347 мтө)  орчлонд гагцхүү билиг сэрэхүйн эрчээр ундрагад нь хүрэхүйд  илэрдэг үл хувирах, туйлын бөгөөд түгээмэл дээд ертөнц (сүнс тэнгэр, ОЛ) байна, түүн лүгээ ний болоод жамыг нь дагаваас ариун шудрагаар амьдарч, түгээмэл үнэнийг мэдэрч, юмс оршихуйг таних болно хэмээн сургасныг өөрийн эрхгүй санагдуулнам. Тэрээр уг зүй жамыг хүмэнд ойлгуулахыг хичээхдээ,  агууд ахууц  суулгасан хоригдол ил юмс, бачуу давчуу орчинд   аргамжаатай,   таг бөглүү ахуйд үүдсэн мухар мэдрэмждээ дасаж хууртаад хавцлын хананд туссан сүүдрийг бодит юм хэмээн төөрөлдөх лүгээ адил  болохыг хэлж байсан аж.

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.