Saturday, January 16, 2010

Мөнх Тэнгэр бол цогц үзэл, эрдэм

Мөнх Тэнгэр бол цогц үзэл, эрдэм



Шинжлэх ухааны доктор, проф.О. Лхагва*

*) ФЭС, МУИС, е-мейл: olhagvaa@magicnet.mn


Шаманизм как система мировосприятия насквозь мистичен , но в нем нет места ни для бога, ни для дъявола. Если в концепции нет божества ...то такие системы называть релегиями нельзя.

Л. Н. Гумилев:


Эрдмийн хувьсгал ба хөтөч үзлийн хувирал
Квант физик болон синергетик нь ХХ зууны эрдэм, танихуйн сэтгэлгээн дэх хоёр их хувьсгал билээ. Өрнийн эрдмийн ахуй тойрсон сэтгэлгээний хүрээг гэтэлж, танин мэдэхүйн урьд нь зүүдлээ ч үгүй “онгон” оргил тийш мацах зуураа хүмүүн бүтээхүйн ид чадвар олсноор нийгмийг бүхэлд нь хурдацтай дэвжүүлжээ. Тэгснээр өрнийн шинжлэх ухааны суурь - эрдмийн хөтөч үзлийг ч эрс хувиргаж[1, 2] шинэ төвшинд гаргав.
Орчлон, нийгэм хийгээд аливаа юмсыг үл хамаарах бүрдэлд “буталж” болно хэмээх өрнийн эрдмийн хөтөч үзэл нь гүн ухаанаас авахуулаад байгаль, нийгмийн судлал, амьдрал ахуйн арга барил, хувь хүний үзэл бодолд ч нэвт шингэсэн байж. Шинэ хөтөч үзэл нь харин энэхүү давчуу үзэлд тулгуурласан өрнийн детеменист (мөшгөхүйн) зарчмыг бүрэн халж[3,4,5] дорнын шүтэн барилдахуй лугаа айлсаж ирэв. Ингэснээр Орчлон түүний аливаа бүрдэл нь бүхэлдээ нэг амь лугаа багцрахуйн жамтайг өрнөдөд ч хүлээн зөвшөөрөх болов.


Орчлонгийн бүхий л юмс мөнх бус [6] билээ. Тогтолгүй “урсч”, хувьсахдаа тэнцвэрээс ямагт алс зайд гэдрэг хариут үйл өрнөлийн явцад юмс оршихуй нь зуурдын хуйлрал- үйлийн үрийг дамжин аяндаа цэгцэрч шинэ дэг эрэмбэ, төрөл, төрхийг олдог[7] байна. Синергетикийн эл голч ойлголт нь аливаа хувьсал гагцхүү шугаман бус математик зүй хамаарлаар хуйлран өрнөх жамтайг илрүүлж байгаа юм. Байгаль, нийгмийн болон сэтгэл оюун, ухаарлыг ч өөртөө багтаасан Орчлон хийгээд юмсын бүхэлдээ хамсан багцрахуй ч үүнд шууд уялдана. Ингэснээр анхандаа байгалийг бүхэлд нь нэгэн багц лугаа багтаан тандаж эхэлсэн хүмүүний төрөлхийн зөн мэдрэмжийн танихуй нь ахуйд аргамжаатайн улмаас “бутлах” үзэлд бүрэн автснаар олон үл хамаарах “эрдэмд” салаалсан бол эдүгэ нэгсэхүйн чигт хандав.

Түүхэн үнэн ба эзэнт гүрэн
Байгаль, нийгмийн үзэгдэл, хувьсахуйн жамыг бусдаас түлхүү танин мэдэж, улмаар техник, технологи хийгээд соёл иргэншлийг илүү хурдацтай хөгжүүлсэн үндэстэн тухайн цаг үедээ эзэнт улсыг байгуулж иржээ. Энэ бол аливаа их гүрэн үүсэн бүрэлдэхүйн түүхэн үнэн мөн. Мөнх Тэнгэр буюу их талын монгол өвөг туургатны ертөнцийг үзэх үзлийн доор их эзэнт улсыг удаа дараа байгуулсаар ирсэн нь ч энэ жам лугаа зайлшгүй нийлнэ. Харин Мөнх Тэнгэрийн танихуйн гүн сурвалж буюу тэр эрдмийн язгуур ундрага нь суурин эрдэм ухааны үүднээс туйлын учир битүүлэг байсаар ирж.
Их талын нүүдэлчдийн байгуулсан эзэнт гүрнүүдийн танин мэдэхүй, эрдэм ухааны нууц нь ийнхүү өнөөдөр ч нууцаа хадгалсаар байна[7]. Эл тулгуур асуудал шинжээчдийн анхаарлын төвд одоо ч байсаар л байна. Тиймээс ч нүүдлэчдийн танин мэдэхүй, соёлын язгуур учир үндсийг суурин ард түмний эрдэмтэд түүхэн туршид хайж бэдрээд, аргаа барсан зарим нь өнөөх л ахар хөтөч үзэлд автсан учраас төөрөгдөлд[8a] хүрэхээс өөр гарцгүй байжээ. Одоо ч судлаачид эл асуудлын талаарх үзэл санааны хавчуу хүрээнд эргэлдсээр эрдмийн жинхэнэ учиг үзүүрийг олох сэтгэлгээнд [9, 13] хүрэхгүй байгаа мэт.

Соёл-иргэншлийн өрнийн хэмжүүр
Үе үед цэцэглэж байсан соёл- иргэншлийг гагцхүү үлдээсэн балгас, олдвор, дурсгал, бичиг- судрын ул мөрөөр нь үнэлж цэгнэдэг хатуу жор байх ажээ. Өрнөдийн эрдэмд энэ бол түүхэн соёл-иргэншлийг үнэлэх ганц хэмжүүр нь болдог байна. Эл аргад зөвхөн ил бариа юмсыг л зөвшөөрөх өнгөцхөн үзэл, бас түүнээс улбаалсан ил бариа ул мөрөөр л хүмүүний түүхэн үйл хийгээд соёлыг үнэлэх яс чиг заалт хадгалаатай байгаа нь тодорхой.
Тэгтэл их талын нүүдэлчдийн хувьд үлдээсэн соёл, иргэншлийн ул мөр нэн хомс. Энэ бол нөгөө нэг түүхэн баримт мөн. Харамсалтай нь өрнийн судлаачдын мөнөөх “явцуу” шалгуураар бол нүүдэлчдийн соёл иргэншилд барьцтай үлдэх ил юм үнэндээ ховордуу аж.
Соёл, үйлдвэрлэхүй хүчний өгслийн баригдаж харагдах ул мөргүй болохоор нь тэднийг “зэрлэг дээрэмчид” [8б] мэт үзэх мухар төөрөгдөл газар авснаас түүхэн үнэнийг завхруулах гай ч тарьж байж. Чухамдаа алс дорныг эзэгнэсэн “… дээрхийн гэгээнтэн Ионн болон түүний хаант улсын тухай “хар” домог үүсэх [10] үр хөврөл чухамхүү эндээс үүдэлтэй аж. Л. Гумилев их талд христос шажинтны хаант улс үүсэн тогтнож байсны шинж тэмдгийг эрж хайсан бүхий л оролдлого бүтэлгүйтснийг нотлон хэлээд “тийм дампуу юманд бүр 500 гаруй жил итгэж, дагасаар ирсэн нь дэндүү хачирхалтай санагдах юм"[8в] гэж хэлсэн байна. Түүхэн үнэнийг илт мушгиж гуйвуулсанд ийнхүү их эрдэмтэн эгдүүцэн гайхаш нь тасарч байжээ.
Ул суурьтай судлагаа хийж, эл хуудуу үзэл бодлыг няцаасан нэрт эрдэмтэд нүүдэлчид нь техник, технологийн болон сэтглэгээ, оюуны соёл, төр засаглал, хууль цааз хийгээд нийгмийн хэв дэг ёсны хувьд ч суурин ард түмнээс хоцроогүйг[11] тод тэмдэглэжээ. Нэрт эрдэмтэд бүтээл хийгээд бясалгал сэтгэлгээндээ нүүдэлчдийн соёл-иргэншилд суурин соёлыг үнэлдэг тэр шалгуурын шүүрэнд үл баригдах “далд” ундрага буйг зөгнөөд ч байсан мэт санаа хэллэг ч олонтаа тааралддаг [12].
Нүүдэлчдийн соёл иргэншлийн “далд” ундрагыг өрнийн суурин түмний эрдэмтэд төдийгүй түүхэн туршид айл хөрш амьдарсан хятад оронд ч төдий л ойлгохгүй байсныг эрдэмтэд тэмдэглэсэн байна. Тал нутгийн нүүдэлч-малчдын ахуй соёл нь суурин- тариач иргэдэд ямагт “үл ойлгогдом” хачирхалтай байсныг одоо ч хэлсээр[9,13] байна. Тэгэхлээр суурин өөрөөр хэлбэл, тариалангийн бачуухан газар, үйлдвэрлэл, амьдралын хөшинг ахуйд аргамжаатай тариач түмэнд огт байхгүй танин мэдэхүй хийгээд мэдрэмжийн нэгэн далд увьдас чадвар нүүдэлчдэд байсан тухай таамнал дэвшүүлсэн[ 8в,12] байна.
Хэзээ, хэн ч үл таамнах байгалийн гэнэтийн догшин үзэгдэл, хувирлын эрхшээлд амьдрахдаа Орчлонгийн хувьслын ноён оргилд цэгцэрсэн оюун ухаанаа дайчлан түүнд сөгдөх, аргадаж биширч байсан нь их талын нүүдэлч түмний амьдралын хэм байсан нь мэдээж. Ингэснээр хүмүүний сэтгэл, оюун ухаарал хийгээд бие сэтгэлээр байгаль ертөнц лугаа багцран нийлэх буюу шүтэн барилдах нь их талынханд илүү тохиох магадлалтай байж. Энэ бол дорнын эрдэм ухаан болон өнөөгийн шинжлэх ухааны шинэ хөтөч үзлийн үүднээс бол ухаарал, танихуйн мэдрэмж үүдэн бүрэлдэхүйн нэг өвөрмөц нөхцөл мөн. Эрдэм мэдлэг нь юуны өмнө хүмүүн болон байгаль оршихуйн хоорондох нягт уялдаа , түүнчлэн бие хийгээд сэтгэлийнх нь оршин ахуйн найраа харьцаанаас эхтэй[14] байж болохыг эрин цагийн шинжлэх ухаан ч улам бүр хүлээн зөвшөөрч байна.

Өрнө ба дорнын танихуйн жам
Орчлонгийн ил ба далд бүрдэл бүхий л юмс цогцос нь хаос үйлийн үр хуйларлыг mуулан ц‎эгцэрч төрөл олох буюу шинэ дэг эрэмбэд [15] хүрд‎эг нь эдүгэ хэдийнэ тодорхой болов. Ийнхүү ирээдүйг сонгох нь хувьсал өрнөхүйн түгээмэл жам аж. Үүнд байгаль, нийгэм бүхэлдээ хамаарна. Тэгэхдээ бүр улиран хувилах удамын жамыг ч хувьслын шат шатанд урлан бүтээж санд хадгалдаг байна. Байгалийн хамгийн эгэл амьгүй юмсаас дээд амьтан, хүмүүнийг хүртэл удмын жам, өөрийгөө хувилан төгөлдөржүүлэх зүй тогтол баттай тогтжээ. Ийнхүү “сонгож” урлан бүтээх хувьсал нь бас Орчлонгийн ухаарлын био оронг ч [7,16] бас бүтээжээ. Орчлонд оюун ухаарлын эгэл сэрэхүйгээс сэдэж сэтгэхийн оройн өндөрлөгийг багтаасан ухаарлын орон буюу оюун мэдээллийн далдын далай бүрэлдсэн байх бүрэн магадлалтай. “...Орчлонгийн гадна хийгээд дотор нь ухаарал түүн лугаа үл хувирах юм гэж даан ч үгүй. Бүхий л оршихуй нь ухааралтай бүр газар дэлхий ч хүртэл...”[6] хэмээсэн Буддын болон дорнын олон сургааль түүний дотор бөөгийн суртал ч энэ тухай өгүүлсээр байх аж.
Иймд хорвоо ертөнцөд бүх юмс бүрэлдлийг нэгсгэж буй ухаарл- мэдээллийн орон байна[17] гэж үзэх нь зүйтэй хэмээнэм. Эл орны ухаарал мэдээллийн тун буюу “нейроквант” нь бүхий л юмс, оршихуйн хооронд "улаа" нэхэж, улмаар тэдгээрийн багцран нэгсэхүйг бүрэлдүүлнэ. Ингэснээр аливаа амьтай ба амьгүй юмс, оршихуй нь мэдээллийг хүлээн авах, Орчлонг мэдрэх бас түүн лугаа хариулж харьцах увьдас чадвартай байна. Харин ухаарлын дээд төрлийг эзэгнэж, мэдрэн сэтгэх чадвартай хүмүүнд бол энэ нь шууд танихуйн идийг олгож байна. Монголчууд ингэж танихыг билгийн нүд нээх хэмээн ярьдаг байж. Өнөөгийн суут эрдэмтэд, сэтгэгчид ч ямар нэг байдлаар “онгодод” хүрч далдыг мэдэрч байдаг аж[18а].
Үзэгдэл хувьслын жамыг тэгэхлээр дорнынхан билгийн нүдээр, европод бутлан шинжлээд сэтгэн дүгнэх аргаар голдуу танин мэдэж иржээ. Өрнийн эрдэм бол байгаль ертөнц, юмсыг танихдаа өөрийн санаанд болон техник хэрэгслэлээр буталж, “үл хамаарах” бүрдлүүдийг нь судалж, онолын төсөө тэрлүүлэн загвар зохион бүтээдэг. Загвар бол тиймээс эрдэмтний бодол санаандаа “тоймлон” төсөөлсөн таамаг мөн. Туршилтын баримт дүнтэй нийлж гэмээж нь загвар төсөө даруй мэдлэг болно.
Харин дорнын танихуйд бол эрдмийн арга хандлага тэс өөр. Байгаль ертөнц, оюун ухаарал амь нэгсэлд хүрэхэд ил төдийгүй далд оршихуй юмсын зүй тогтол, уялдааг бүхэлд нь билгийн нүдээр шууд харж мэдэрдэг байна. Энэ бол үнэмлэхүй мэдлэг юм. Ер нь ахуй юмсын тухай бодож таамнасан төсөөлөл биш бөгөөд харин бясалгалын буюу ер бусын хэмээн нэрлэдэг оюун ухаарлын дээд онгодын төлөвт ороход бүрэлдэж буй юмсын жинхэнэ бөгөөд шууд тусгал мөн [18б] гэж үздэг байна. Дэлхийг билгийн нүдээр шууд харж байхад глобус хэрэггүй гэдэг нь үнэмлэхүй мэдлэгийг илэрхийлсэн дорнын бясалгагчийн хэлц үг.

Мөнх Тэнгэр бол нүүдэлчдийн цогц эрдэм
Мөнх Тэнгэр бол монголчуудын ертөнц хийгээд нийгэм, бас бие, сэтгэлийн харилцааны талаарх цогц үзэл буюу эрдэм ухаан байжээ [12]. Харин эл эрдмийг хүрээлэнд үйлдсэн туршилт болон онолын судалгаагаар тусгайлан боловсруулаагүй нь мэдээж. Тэгвэл чухам ямар ундрага үүсгүүрээс эрдэм ухаан түүнээс улбаалсан их талын соёл, иргэншил эрч хурдтай цэгцэглэсэн байж таарах вэ? гэсэн асуудал дээр өгүүлснээр өнөөг хүртэл нууцаа хадгалсаар байна.
Асуудлын түлхүүрийг Орчлонгийн юмс оршихуй, оюун ухаант хүмүүн хийгээд ухаарал- мэдээллийн орон гурвын багцарлаас хайх нь гарцаагүйг өмнө өгүүлсэн санаа илэрхийлж байна. Эдүгэг хүртэл түүхч судлаачид бөөгийн онгод болон үйл суртлыг ихэнхдээ дан нийгэм, шашны үзэгдэл мэт өнгөцхөн үзэж, тэндээс “мухар” шийдлийг эрсээр иржээ. Тэгтэл юмс(матери), энерги, ухаарал-мэдээлэл нь шүтэн багцрахуйн тавилантай нэг амь чанарын гурван илрэл нь мөн. Харин эл язгуур чанарт нэвтрэх мэдрэмж хийгээд байгалийн шинжлэх ухааны хувьсгалч үзэл санаа, мэдлэгт суурилсан алс цараатай шинэ хөтөч үзэл баримжаа , арга чиг л өнөөг хүртэлх судалгаанд дутсаар байжээ[5] гэж үзэх нь зүйтэй байна.
Бөөгийн үйл онгод нь язгуур үндсээрээ гарцаагүй байгалийн үзэгдэлд шууд хамаарна [19]. Үүнд эргэлзэх зүйл огтхон ч үгүй. Ямарч шашин шүтлэгтэй улс, нийгэм, омог аймагт бөөгийн зан үйл оршин үйлчилсээр ирсэн, одоо ч байсаар бас тусалсаар байна. Бөөгийн үйл онгод бол байгаль, сэтгэл оюун хийгээд Орчлонгийн нэг тулгуур нь болсон ухаарал-мэдээллийн[20] үйлчлэл, харилцан хувирлаас багцран үүдсэн бодит мөн чанараас хүний ухаан сэтгэхүйд шүтэн барилдахуйн жамаар бүрэлдсэн тусгал[21] хэмээн үзэх нь зүйтэй юм.
Тийнхүү тэнгэрийн зайран, удган хүний оюун ухаан нь дээд гэгээрлийн буюу “онгодын” төлөвтөө Орчлонгийн ухаарлын орон лугаа багцран барилдснаар түүнийг билгийн нүдээр харах увьдасыг[21] олно. Суурин түмний мэргэд огтхон ч гадарлах боломжгүй өвөрмөц соёл- Мөнх Тэнгэрийн цогц эрдмийн далд ундрага чухамхүү үүнд оршино. Орчлонгийн бүрэлдэл хувьсал лугаа багцран нэгссэн онгодын төлөвт орохоороо хүн бүхийл бие, эд эс, ухаарал мэдрэмжээрээ ил далд оршихуйтай харьцана.
Мөнх тэнгэр бол тэгэхлээр дээшээ харж залбирдаг “хөх” тэнгэр төдийхөн бус Орчлон түүний амь бүрэлдэл- хүний бие цогцос, ухаарахуйг ч багтаадаг гэж үзвэл зохино. Тиймээс хүмэн гагцхүү өөрийн дотоод “тэнгэр” рүү нэвтэрч гэмээж нь тэндээс байгаль ертөнц хийгээд хүмүүнийн шүтэн барилдахуйн жамт ухаарал- мэдээллийг бүх бие, эд эс бүрээрээ мэдэрч, үнэмлэхүй мэдлэгт хүрэх ид хавыг олох юм. Нобелийн шагналт физикч Д. Бом [22] бүхэл Орчлонгийн нэгсэхүй болон эрэмбэ бүрэлдэхүйн мэдээлэл нь бүрдэл бөөмс бүрт нь хадгалаатай, нэг бөөмд ч их цогцсоо бүтээн босгоход хүрэлцээтэй мэдээлэл байх тухай санааг дэвшүүлсэн билээ.
Их тал нутагт увьдаст бөө нар гэгээрэн онгодын төлөвт хүрч , байгаль, юмсыг шууд билгийн нүдээр үзэж мэдэрснээ нийт олонд номнож, улмаар үндэстний хүрээнд дэлгэрүүлснээр сургалт, эрдмийн ам тогтолцоо бүхий танихуйн цогц сургаал, сэтгэлгээний ноён нуруу бүрэлдэн тогтсон байна[7]. Түүнээс гадна их талынхан эл эрдэм болон танихуйн мэдрэмжээрээ Орчлонгийн ухаарал, мэдээллийн “далд” оронд нэгдэж хувьслыг мэдэрч тандана. Ийнхүү их талын ард түмний байгаль, нийгэм, бие болон сэтгэлийн найраг зүй бүрэлдэн тогтсноор танин мэдэх хийгээд соёл- иргэншлийг хөгжүүлэх ундрага- хөдөлгөгч хүч нь болсон Мөнх Тэнгэрийн цогц эрдэм үүсэн хөгжжээ.

Туйлшрал ба үнэмлэхүй мэдлэг
Суурин тариач болон нүүдэлч түмний танихуй хийгээд соёл иргэншил язгуур өөр шинжтэй тухай дээр өгүүллээ. Энэ санаа өнгөцхөндөө хийсвэр мэт санагдаж ч мэднэ. Тиймээс тэрхүү ялгааг бүрэлдүүлсэн мөн чанарыг хайх нь нэн чухал. Орчлонгийн бүхий л бүрэлдэхүүн: байгаль, нийгэм, хүмүүн хийгээд бие сэтгэлийн нэгсэн багцрахуйн жам тавилангийн үүднээс түүнийг хайх нь илт болж байна. Манай гаригт хүмүүний амьдрал үүсч, улмаар суурин тариач болон нүүдэлч түмэнд ялгарсны шалтгааныг бас л өнөөх юмс оршихуй, оюун ухаант хүмүүн, болон энерги-ухаарал- мэдээллийн шүтэн багцрахуйн тавилант бүрэлдлээс өлгөж үзэх нь зүйтэй.
Нэрт эрдэмтэн Гумилев их талын нүүдэлчдийн түүхэнд уур амьсгалын өөрчлөлт онцгой үүрэгтэй болохыг хэлээд, түүхэн үйл явдлын судалгаанд “....хүмүүний түүх дэлхийн шим мандлын түүх лугаа уялдах чухамхүү тэр амь холбоо нь өнөөг хүртэл нийгэм болон байгаль судлаачдын аль алиных нь шинжилгээнээс сугарч хоцорсоор [11б] ирснийг" цохон тэмдэглэсэн байна.
Эртний хүмүүс зөөлөн уур амьсгалтай, ус чийг, үржилт хөрс бүхий дэлхийн дөрвөн их мөрний хөндийд суурьшин хөдөлмөрлөж амьдрах орчноо бүтээх гарааг эхэлсэн нь түүхэн баримт мөн. Тэд газар тариалангийн зэрэгцээ мал түүний дотор урт хөлийн малыг гаршуулж эхэлснээс тариалан, мал аж ахуйн өрсөлдөөн үүссэн нь мэдээж. Манай эрний өмнөх мянганы дунд орчмоос[9,13] шар мөрний хөндийд анхны улс бүрэлдсэн ажээ.
Ингэснээр суурьшмал олонхийн улс “... шар мөрний хөндий дэх омгуудыг эзэлж, заримыг нь устгахад нүүдлийн аж ахуйтай болж амжсан хэсэг нь тал нутаг руу дайжсан" [11в] байна. Билчээр, агнуурын аж ахуйн арга ухааныг дагнан эрхэлсэн их талын нүүдэлчин омог аймгууд ч их талд алгуур бүрэлдэн тогтнож эхэлсэн бололтой. Манай он тоолын өмнөх III зууны үед нүүдлэчдийн анхны улс үүссэн түүхэн баримт[9] үлджээ .
Суурин тариач түмэн аль ч орон газар ялгаагүй төр улсыг бүрэлдүүлж, газар тариалан, усжуулалтын барилга хөгжүүлж, бичиг үсэгтэй болж, хот сууринг байгуулсан байна. Хожуу ч нүүдэлчид хазаар, дөрөө, эмээл, аяны тэрэг бас махир сэлэм, хөө хуяг зохион бүтээсэн[11а] нь танин мэдэхүй, техник- технологийн сэтгэлгээний харьцангуй өндөр төвшинд хүрсний баримт юм. Тэд их эзэнт улсыг удаа дараа байгуулсан нь урт улбаат соёл, иргэншилтэй байсныг ч даруй гэрчлэнэ.
Сая өгүүлснээс үзвэл суурьшмал тариачид болон нүүдэлч иргэд өөр өөрсдийн төрт ёсыг бүрэлдүүлж соёл, нийгмийн байгуулалт, хууль цаазыг хөгжүүлж иржээ. Тэгвэл тэдний үйл амьдрал хийгээд арга ажиллагаа, байгаль дэлхий, сансарын мандал лугаа харьцах харьцаанд ямар ялгаа байсныг сонирхож үзэе.
Суурин тариачдын ургацын төлөө тэмцэл нь үр, ус, хөрс, ургамалаа бордох, арчлах зэрэг ил бариа ахуйд бие хийгээд санаа зоригоо чанд зориулна. Энэ бол явцуухан орон зайд, “хоёр нарны хооронд” ил бариа тогтонги ахуйгаас ухаан бодлыг салгалгүй байж хэрэгждэг технологи юм. Ийм учраас суурин ард түмний дийлэнх нь харж, барьж мэдрэх юмст дасал хэвшил болж, түүнээс холдож тогтонги ахуйгаас хөндийрөх нөхцөл ер тохиох боломжгүй байж.
Харин нүүдэлч иргэдийн хувьд байдал эрс ялгаатай байв. Сансар хорвоогийн мандал дахь хувирал, байгаль дэлхийн цаг уурын үзэгдлийг аль болохоор урьдчилан мэдэрч билчээр ургац бусад баялагийг цаг цагт нь амжиж ашиглах "шуурхай" зохицол бол нүүдлийн технологийн амь сүнс нь мөн. Тэгэхлээр нүүдэл нь хүрээлэн буй орчин төдийгүй сансар хорвоо лугаа найран ууссан аж ахуйн цогц технологийг бүрэлдүүлжээ.
Тэдний үйлдвэрлэлийн эл арга нь зарим түүхч судлаачдын таамнасан шиг “мухардмал”[9,13] аргаа ядсан үйл ажиллагаа байгаагүй аж. Харин ч Орчлон болон газар дэлхий, түүний шим мандал, сансрын ухаарал лугаа эвсэн найрсан торгон мэдрэмжид суурилсан байжээ. Экололги буюу байгаль дэлхий лугаа эвсэж зохицсон “эрүүл” сэтгэлгээ болон хэт шунал, сүйтгэлээс ангид ээлтэй технологийг боловсруулах нь шинэ зуун дахь хүмүүний аминд тулсан зорилт болоод байна[24] шүү дээ. Бүхэлдээ айлсан даяршиж буй эдүгэгийн нөхцөлд хүмүүн дэлхий ээжийнхээ эрүүл оршихуйн унаган төрхийг нандигнан эрхэмлэсэн байгаль төвт амь ахуйн технологит эс шилжвээс экологийн сүйрэл ухаралтгүй нүүрлэх цаг ойрхон байна. Аминд тулаад ирэхээр нь одоо л ярьж буй үйлдвэрлэлийн ээлтэй технологи нь их талын нүүдэлчдийн амьдрах арга ухаанд явир цагаас ийнхүү шингээстэй байжээ.
Тийнхүү тэнгэр, газрын догшин хувиралд сөгдөн амьдрахдаа нүүдэлчдийн зарим нь Орчлонгийн язгуур оршихуй руу бие болон ухаарал мэдрэмжээрээ багцран нэгсэхийн идийг олох нь түлхүү байсан нь илт болж байна. Дорнын бусад орон нутагт бол хүмүүс зэлүүд газар, ууланд урт удаан хугацаанд даяан хийж, тухайлбал, Будда багш гэгээрэлд хүрдэг нөхцөл тал нутгийнханд бол шууд амьдралд нь ойр дөт илэрч байсан бололтой.
Тусгаар юмс оршихуйн хувьсахуйн зүй жамыг бутлан туршиж, таамаг төсөө босгох чадварын нөгөө талд түүнээс огтхон ч үл дутах онгодын увидас чадлыг хүмэн байгальтайгаа амьсан олж байжээ. Ингэснээр Орчлон лугаа хүмэн найран багцарснаар орших, хувьсахуйн жамыг мэдэрч таних болжээ. Тийм "мэргэн" болох ид угтаа хүн бүрт байх учиртай. Хүмүүний түүхэн дэх гоц мэргэдийн талаарх баримтыг точиж барахгүй. Адаглаад Будда багш, Ностердамус, Ванга мэтийн айлдлын тухай бараг л хүн бүр мэднэ. Ер нь хүний, ялангуя эрдэмтэд, зохиолч сэтгэгчдийн мэдрэх, танин мэдэх, урлан бүтээх чадвар нь чухамдаа онгодод суурилдаг нь ч баттай.
Үйлдвэрлэл, амьдралын эрхээр хүмүүн төрөлхтөн ил бариа ахуйд уусаж дассан суурин тариач, Орчлон, байгалийн ил хийгээд далд оршихуй лугаа нэгсэж мэдрэх ид чадлыг олсон нүүдэлч иргэдэд ялгарч туйлшран салжээ. Ийнхүү зөвхөн ил орших ахуйгаас эхтэй хөтөч үзэлд суурилснаас өрнөдийн соёл бүрэлдэн хөгжих гараагаа авчээ. Харин байгаль орчин болон далд оршихуйд өөрийн эрхгүй уусч мэдрэх тавилан тохиосон нүүдэлчдийн эрдэм соёл нь хүмүүн- ухаарлал- Орчлонгийн шүтэн барилдахуйн мөн чанараас үндэслэсэн тэрлэжээ. Тиймээс Орчлонгийн ил ба далд оршихуй лугаа зохицсноор хүмүүн хоёр туйлт хөтөч үзэл хийгээд соёлд хуваагдан эрдэм ухааныг үүтгэжээ.
Хоёр туйлт эрдэм бол Орчлон лугаа нэгсэхүй хийгээд ахуй оршихуйг тал талаас нь мэдэрч өрнөсөн эрдэм, соёл мөн. Эл хоёр их танихуй хийгээд сэтгэлгээ нь шүтэн барилдахуйн жамаар эргээд эвсэн найраад ирэхээрээ хүмүүний соёлын нэгдлийн их галыг бадраах нь гарцаагүй хэмээн үзнэм. Хүмүүний сэтгэлгээний түүхэнд хоёр өөр үзлийн солбицол дээр л хамгийн үр бүтээлтэй дэвшил олонтаа тохиож байсныг цохон хэлсэн их эрэдмтний санаа[23] үүн лугаа нийлнэ.
Шинэ хөтөч үзэл дэвшснээр өрнийн шинжлэх ухаан дорнын эрдмийг эдүгээ зөвшөөрөхөөр барахгүй түүнээс үнэмлэхүй мэдлэгт хүрэх арга замыг эрчимтэй судалж хайж эхлэв. Оросын физикч эрдэмтэд энэхүү өгүүлэлд дэвшүүлж буй “ухаарлын” орон лугаа утга санаа дүйх торсион орон нээгээд[25] байгаа тухай ч мэдээлж байна. Чингэхүйе “... өрнө, дорнын эрдэм ухаан чинээндээ тулаад ирэхээрээ гарцаагүй нийлнэ"[14] хэмээсэн XIX зууны Энэтхэгийн нэгэн суут гэгээнтний зөгнөл биелж буйг даруй илтгэж байна. Холгүй ирээдүйд хүмүүний соёл иргэншлийн эл аргууд харилцан нэвчиж танин мэдэхүйн хүрээ тэлснээр эрдмийг туршин тандаж олборлох хийгээд шууд мэдрэх аргын аль алин нь бүр суралцагсдын хүртээл болох цаг төдий л удалгүй ирнэ гэдэгт итгэнэм. Мөнх Тэнгэрт мөргөмүү!


Ном зүй

1. Capra, The Web of Life,Flamingo, 1997. p.3, р. 17,
2. О. Лхагва, Хөтөч үзэл ба танин мэдэхүй, “Манай Монгол” сэтгүүл, 2003, №3, (17).
3. I.Prigogin, The End of Certainty, Free Press, 1997, The Free Press, p.5,
4. Karl R. PopperThe Open universe, Poutledge, 1995, p.41,
5. О.Лхагва, Ц. Сайнсанаа, Квант физик ба нөхөн барилдахуй, Шугаман бус эрдмийн үндэсний анх дугаар бага хурлын бүтээл, Улаанбаатар, 2004, х.136.
6. Букке Д. Кёкай, Учение Будды, Элиста, 1992, стр. 92.
7. О.Лхагва, Их талын нүүдэлчдийн соёлын ундрага, Proc. VIII Int. Congress of Mongolists, J. Mongolica, Vol.13(34), p.92, 2003, Ulaanbaatar.
8. Л.Н. Гумилев, А. И. Курчки. Хар домог. Улаанбаатар, 1992, а) х.75, б) х. 76, в) х. г) х.72,
9. Н. Крадин, Кочевничество в современных теориях исторического процесса, Время мира, вып.2, 2001
10. С. Руденко, номонд: В поисках вымышленного царства, Москва, 1992, х.4.
11. Л.Н. Гумилев, В поисках вымышленного царства, Москва, 1992, а) х. 28, б) х. 293, в) х. 19]
12. О. Лхагва, Их талын нүүдэлчдийн соёл-иргэншлийн хөдөлгөгч хүч, Манай Монгол” сэтгүүл, 2001, № 01-02, (11-12).
13. Н. Крадин, Общественный строй кочевников: дискуссии и проблемы, Вопросы истории, 2001, №4, 21.
14. А. В. Иванов, Специфика традициооной науки, Горно-Адтайск. 2006,
15. I.Prigogin, I. Stingers, Order Out of Chaos, New York Bantam Books, 1984.
16. O.Лхагва, Пространственно- временной подход к цивилизации, КАН-Алтай, 3(15), 1997.
17. O. Lhagva On the space- time structures in the human civilization. Proc, VII Int. Congr. of Mongolists. Mongolica, Vol., 9(30), 1999, p. 581, Ulaanbaatar.
18. F. Capra, The Taoof Physics, Flamingo, 1983, а) p. 141, б) p.37.
19. О. Лхагва, Мөнх Тэнгэр бол эрдэм ухаан, ОУ Монголч эрдэмтдийн IX их хурал, Илтгэлүүдийн товчлол, 2006, х. 101.
20. Р. Пишель, Будда, его жизнь учение, Москва, 1911, стр. 101.
21. О. Лхагва, Мөнх Тэнгэр ба гэгээрэл, Манай Монгол, 2002/01-02,х.82
22. D. Bohm, Wholeness and the Implicate Order, London: Routledge, 2002.
23. В. Гейзенберг, Боровская интепретация квантовой теории, Москва, 1956, с. 62.
24. U N Conference on Environment and Development, Rio de Janairo, Brazil, 1992. Convention on Biological Diversity, 1992. U N Conference on Convention of Climate, Kyoto, Japan, 1997.
25. А. Е. Акимов, Г. И. Шипов, Сознаниеь физика торсионных полей и торсионные технологии. Журнал: Сознание и физическая реальность, 1996, №1, с. 66.



ШУ доктор, проф. О.Лхагва,
Онолын физикч- математикч,
МУИС, профессор
МУ Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
Шугаман бус эрдмийн ОУ академийн жинхэнэ гишүүн,
Нью-Йоркийн ШУ академийн жинхэнэ гишүүн,
XX зууны дэлхийн 2000 шилдэг хүний дипломт,
IQ- төвийн оюуны төрлхийн өндөр чадварын өргөмжлөлт,
МУИС-ийн оюутны холбооны 2007 оны “шилдэг багш”,
сургуулийн 2008 оны “шилдэг сурган хүмүүжүүлэгч багш” өргөмжлөлт


No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.