Friday, August 20, 2010

Говь талаас хумхи ертөнцөд хөтөлсөн зам

О. Лхагва багшийн "Зууны Мэдээ" сонинд нийтлэгдсэн ярилцлага: (Сонины дугаар 2010.8.19 ПҮРЭВ №29 (60) )  

О. Лхагва багш А.Эйнштейны нэрэмжит шагнал гардах үеэр шавь нарын хамт .



Хэний хэн бэ? 
УИС-ийн багш, онолын физикч,  ШУ доктор, профессор, ШУ-ны гавъяат зүтгэлтэн О.Лхагвад Эйнштэйний нэрэмжит олон улсын шагнал саяхан гардуулжээ. О Лхагва багш ХХ зууны дэлхийн шилдэг хүний дипломт,  Нью Йоркийн ШУ –ны болон  ОУ-ын шугаман бус эрдмийн  академийн жинхэнэ гишүүн, дэлхийд хэний хэн бэ тольд данстай. Тэрбээр  ХХ зуунд хөгжсөн, хумхи ертөнцийн зүйг жамыг илэрхийлдэг квант физикийн судалгаанд нөр хөдөлмөр, бүтээлээ  зориулжээ. Сүүлийн дөч шахам жилийн дотор Моск. их сургууль, Цөмийн шинжилгээний нэгдсэн институт(ЦШНИ)- ийн эрдэмтэдтэй  хамтран атом, цөм, мезоатамын физикээр эрдмийн их сургуулиуд дундын онолын судлагаа- сургалтын  шавь сургууль үүсгэн шинжлэх ухааны  шинэ чиглэл хөгжүүлсэн байна. Шавь нар нь ч нэрт эрдэмтэд бөгөөд  монгол улсын их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллага, Мон-атом компанид   захирал, тэргүүлэх  профессор зэрэг хариуцлагтай алба хашиж тус бүрдээ шавь сургууль үүсгэн, эрдмийн дэд чиглэл хэдийнэ тэрлүүлжээ.
Шинэ гараа. 
Эдүгээ проф. О. Лхагва наноэлектроникийн чиглэлээр онолын судалгаа, байгаль- нийгмийн үзэгдлийг  математикаар загварчилж, компьютерийн хэлнээ буулгаад   3D буюу юмсыг биежил дүрс, хөдөлгөөн, хөг аялгуутай нь бүтээдэг мэдээллийн технологийн чиглэлээр шавь сургууль бүрэлдүүлж байна. Квант физикийн тулгуур үзэл нь дорнын гүн ухаан, чинагшлаад Мөнх Тэнгэрийн үзэл лугаа саахаллан дөхөж ирсэнд тулгуурлан Мөнх Тэнгэрийн хүчний шинжлэх ухааны үндсийг тодруулахаар квант физик, синергетик , дорнын гүн ухааны заагт тулгуур судалгаа хийж байна.   
Тийнхүү суут Эйнштейний онол сэтгэлгээг хөгжүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулаад,   физикийн тулгуур арга санааг их талдаа нутагшуулах,   шинэ чиглэл үүсгэн эрдмийн гал бадрааж , өрнийн  эрдэм, дорнын гүн ухааны заагт тулгуур шинжилгээ өрнүүлэх, мөн олон зуун шавь бэлдэхэд уйгагүй зүтгэснээр О. Лхагва багш квант физикийг хөгжүүлэх дэлхийн үйлсэд их ач тус хүргэжээ.
   Дэлхийн шинжлэх ухаанд хүндтэй  хувь нэмэр оруулж, гарамгай амжилт үзүүлсэн нэрт эрдэмтдэд өгдөг энэ  шагналыг Англид төвтэй Олон улсын намтар судлалын хорооноос олгосон аж. 

   Бүтээл.  
Проф О. Лхагва  30 шахам ном сурах бичиг, шинжлэх ухаан, гүн ухаан, мэдээллийн технологи, нийгмийн асуудлаар  300 гаруй өгүүлэл бүтээл хэвлүүлсний  100 орчим нь гадаадын нэртэй сэтгүүл, бүтээлд хэвлэгджээ. 1971 онд ЦШНИ-д цөмийн урвалаын онолоор дэд, 1995 онд мөн тэнд бөөм, гэрэл, атомын үйлчлэлцлийн онолоор дээд докторын зэрэг хамгаалжээ. Судалгааны бүтээл, эрдэмлэг авьяас билгээрээ  эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж яваа ахмад эрдэмтэн юм.
  
Та хүүхэд байхаасаа физикийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг байсан уу. Яагаад энэ салбарт бие сэтгэлээ зориулах болсон бэ?
-Би Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошууны халх, “их нуурын хотгор” хэмээх говь нутгийн баруун хойт хойморт төрж өссөн, угийн малчин хүн. Улаангомд  дунд сургууль дүүргэсэн.  Далай хааны газар сурч аялгуу, соёлд нь суралцсан. Анхандаа  хэл аялга зөрснөөс хөгтэй учрал ч  байсан. Ойрад аялга яриа, соёлд сайн суралцсан  шүү.
 Сургуульд тооны  хичээлд төвөггүй сурдаг байлаа. Анги ахиад физик сонирхов.   Энэ сонирхол бүр багад ч илэрч байсан юм шиг. Өвөл нар буцахаараа өдөрт тариан чинээ дээшилдэг гэж хөгшчүүл ярихыг сонсоод,тоонын нарыг  ханын толгойгоос хир хэмжээтэй буухыг өдөр бүр хэрчлээс гарган тэмдэглэж байгаад аавдаа загнуулж байснаа санадаг юм. Дунд сургуульд З. Цэвээн багш гэрлийн үйлчлэлээр юм ганддаг болохыг зааж, сургуулийн үзүүлэнгийн рентгэн туяан доор гараа барихад  ясны  сүүдэр буусанд их гайхаж физик рүү сэтгэл хэлтийсэн  гэх үү дээ. Одоо бодохноо би насан туршдаа нарны бөөм фотон болон бөөмс, цөм, атом, молекул судалж бас заасан байна шүү дээ. 
 Байгалийн үзэгдлийг математикаар судлах далд хорхой МУИС-д сурч байхад  туссан юм. Тэгээд л онолын физик рүү эргэлт буцалтгүйгээр орсон доо. ОХУ-ын  Дубна хот дахь    ЦШНИ-д хоёр удаа нийтдээ 15 жил ажиллаж суралцав.  Цөм, атомыг бөөмөөр буудаж буталдаг  урвалыг математикаар судалдаг онолын физикээр мэрэгжив. Энэ бол монгол улсын минь нэр, ард түмний минь буян мөнийг мэдэрч залбирч явна даа. 

Та ямар алба хашиж явав? 
ЦШНИ-д  дөрвөн жил ажиллаж, дэд доктор болж ирээд, МУИС-даа таван жил багшлаад, МАХН-ын төв хороонд Шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалахын хэлтсийн орлогч эрхлэгчээр есөн жил ажиллаж, монголын бүх шатны 300 орчим сургууль, цэцэрлэг, эрдэм, эмнэлгийн газраар орж явлаа. Тэгээд  гуйж байгаад их сургуульдаа нэг жил болоод дахин ЦШНИ-д очиж 9 жил ажиллав. 1995 оноос МУИС-даа багшилж байна. 

-Таны үед физик, химийн  ухааны учир үндсийг сурагчдад хүргэж  заадаг байж дээ. Одоо бол физик  гэхээр  учир утга нь ил бус  томъёо  нүдлүүлээд түүнээс нь сурагчид жигшээд байх шиг... Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?
Тийм шүү, санал нэг байна. Сургахуйн  дарамтлан мэдээлэх арга манайд  хүчтэй хэвшжээ. Зүй нь  сурагчид  туршиж судлаад хамтын оюуны дайралтаар  шинжлэх ухааны хууль зүйг өөрснөө “нээж” байх л ёстой юм даа.  Тэгж л Ньютон, Фарадей, Эйнштейний тогтоосон хууль зүйг өөрснөө “нээж” сурах, судлахад суралцах номтой. Тэгж л сургавал  судалгаа, туршилт, амьдарлаас ургуулан сэтгэж, шинийг сэдээд, түүнийгээ хэрэгжүүлэх чадвар эзэмшиж, дадал олбол ухаан нь задарсан,  хамтач, бүтээлч иргэн төлвөшинө.

Тэгвэл багш ямар байх ёстой вэ?
 Багш сэтгэлгээний өргөн цар хүрээтэй,  юмны тухай үсэглэн уншиж мэдээлэгч биш,  эрдмийн хөтөч, шинжилгээний удирдагч байвал зохино. Бүх төрлийн ажил, эрдэм ухаан  бүгд л сэдэж сэтгээд  нээж бүтээхүйн  нэг л уг үндэстэй үйлс мөн. Манай уламжлалт сургалт бол  өөрөөр нь бүтээлгэж хийлгэх чадвар л төлвшүүлдэг юм. Дашрамд хэлэхэд, багш бэлддэг сургуулиуд энэ чиглэлээр арга ажиллагаагаа эрс  өөрчилмөөр байна.

Хүүхэд залуу үеийг яаж сургавал зохино вэ?
Сургахын гол утга нь суугаа орон нутагтаа  амьдрах орчноо өөрөө  цогцлуулан  босгох чадвар олгоход оршино.  Өвөг дээдсээс уламжлуулсан монгол нутагтаа эзэн байх чадвар арга ухаанд л сургах нь чухал юм шүү. Түүх, соёл, амьдрал уламжлалыг шинэ нөхцөлтэй  нийцүүлэн нутаг нутагтаа аж ахуй, үйлдвэрлэлийг хөтөлж хөгжүүлэх хүмүүс  л  монголыгоо аварна шүү.  Харийн хүн бидэнд тусалж байгаа нь нэн сайн гэхдээ тэдний бодлынх нь мухарт мөнгө хожих бодол байгааг санаж явахад илүүдэхгүй. 

Дунд сургуулийн сургалтын талаарх таны бодол?
Ер нь манай дунд сургууль амьдрал, монгол ахуй, соёл уламжлалаас хол тасархай байна.  Шуудхан хэлэхэд, шинжлэх ухааны олон  хийсвэр эрдмийг хуурай мэдээлснээс хүүхэд залхаж “идэвхигүй” төшөөрч байна. Бас сургууль  хүүхдийг уламжлалт үйлдвэрлэл аж ахуйгаас хөндийрүүлж байна.
Орон нутгийн хөдөлмөр, үйлдвэрлэлийн алдар нэртэй хүмүүсээрээ хичээл заалгах сан. Орон нутагт шинэ техник, технологид суурилсан бага оврын үйлдвэр, үйлчилгээ, аж ахуйн газрыг дариухан байгуулж, сургуультай холбомоор байна. Хот хөдөөд үйлдвэрлэл, соёлын ялгаа арилбал хөдөөг орхиж, хотыг мунгинуулсан нүүдэл зогсоно л доо.
 Харь өрнөдийн орны туршлагыг  ЕБС-д нэвтрүүлнэ гэж  хэнхдэг дэлдэх нь сонсдох юм.  Монгол бол  догшин ширүүн уур амьсгалтай их тал нутагт,  үүсэн бэхжсэн удамшил дархлаа бүхий хүмэн, мал, амьдрал үйлдвэрлэлтэй дэлхийд ижилгүй  орон болохыг дээдэс маань  санаж яваасай.  

Авьяастай хүүхдээ яаж сургах вэ?
Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй. Физик, математик,  байгалийн ухаанд авьяасаас гадна бас зохих  тэвчээртэй хүүхэд  л суралцвал   сайн. Эс тэгвэл хүүхэд ч зүдэрнэ, алсын үр дүн нь ч бага шүү дээ. Гоц авьяастай гэгдэх хүүхдийг татаж сургадаг, тусгай сургууль аймаг бүрт байвал зүгээр байх. Багшийг нь ч онц анхаарч бэлдвэл сайн.  Сурагч байхдаа  математик, физикийн бодлогын хураамж дахь бодлогыг голдуу л  дэс дараалан боддог байлаа. Зарим нөхөд маань чадах байсан ч  тэвчээр нь дутаж байсан даа.
Байгалийн зүй жам ноёрхох  анхны довцогт мацаж гараад математикаар илэрхийлэх дөгөөг урхаарахуйд хүсэл аяндаа асч, тэмүүлэл оргилдлог. Тэр бол байгалийн жамын ярууг сайхныг мэдэрснийх л дээ.  Ер нь ч  физикчдийг  яруу уянга сэтгэлгээтэй л гэцгээдэг юм билээ.
 Хүнийг сургана гэдэг нь зааж номнохдоо биш, сэдэж сэтгээд өөрөө бүтээх хорхойг нь асаахад л оршдог юм билээ. Эхэндээ хүүхэд мэдлэг, туршлага дутах, мунгинаж цаг алдах, гутрах ч үе байдаг. Тодорхой асуудлыг өгөөд залж байгаад өөрөөр нь шийдүүлчихлээр урамшиж зориг ордог юм билээ. Тэр үед нь ойрдоо юу хийж, алсдаа хамтаараа юу хийх зорилтыг ойлгуулад ирэхээр уралдан бүтээхүйн хорхойтой болдог доо.  Миний  шавь нар хорхой нь  оволзоод ирэхээрээ биеэ ч хайрлахгүй  зүтгэцгээсэн. Тэр төвшинд хүрэхээрээ амар гээд байхад ч ажиллаж бүтээх нь урамтай  байлаа. Чухам үүний хүчээр манай эрдмийн  гал бадарсан юм.

-Квант физикийн судалгаанд та  олон жил зүтгэл, хөдөлмөрөө зориулжээ. Квант физикийг базаж,  эгэл олонд  ойлгомжтой тайлбарлаж  болох уу?
- Энэ чинь амаргүй асуудал даа. Хумхи ертөнц бол маний ертөнцөөс тэс өмнө зүй жамтай. Суут эрдэмтэн Эйнштэйн ХХ зуунын эхэнд  хэдэн сод нээлт хийжээ. Нэгдэх нь орон зай, хугацаа нь хатуу тогтонги бус гадаад нөхцлөөс болж хувирдаг харьцангуй чанартай  болохыг нээжээ.  Энэ бол харьцангуйн тусгай онол юм. Хорин настай залуусаас нэгийг нь  .999 с (гэрлийн хурд c= 300000 км/секунд)  хурдтай сансрын хөлгөөр Орчлонд аялуулжээ гэе. Газар дээр 40 жил өнгөрсний  дараа өнөө залуу буцаж ирэхэд хөлөгт  бүтэн хагас жил өнгөрсөн хүү 22 настай байх юм. Нөгөө нь квант физик. Атомын ертөнцөд бүх юм амьсан  сүлэлэлдэж, юу нь хаана ямар хурдтай явааг тодорхойлох аргагүй. Бүх юм тухайн байранд байх эс байх төрхтэй болно.  Тэгэхлээр хулгайч электроныг мөр мөшгөж  барих боломж туйлаас үгүй. Дурьдсан хоёр язгуур шинж бол ойр бодолд юмс мөнх мэт байгаа нь хуурамч чухамдаа  хоосон чанартайг илтгэж байгаа юм л даа. 

Тэгэхлээр дорнын гүн ухаан руу нийлж байна уу? Тиймээ. Шинжлэх ухааны үзэл  Буддын гүн ухаантай айлслаа.  Дашрамд хэлэхэд, өрнөдөд зөвхөн илийг зөвшөөрөх мөртөө бүх юмс нэг нэгнээс огтхон ч хамааралгүй гэх явцуу үзэлд аргамжаатай явсаар ирж. Тэд ахуй  юмсыг бутлан туршиж  судлаад  сэтгэлгээний  хүчээр төсөө загвар зохиодог.  Энэ бол өнөөгийн шинжлэх ухаанд хүргэсэн зам.
Гэтэл дорнодод гэгээрэл, онгодод хүрээд Орчлонг зөн билгээр мэдрээд, Орчлонгийн  дээд төлөв нь төгс амгалан сүнс орон болохыг айлдсаар байж.  Дээр хэлснээс үзэхүл, квант физик, сниергетикийн үзэл санаа дорнын зөн билигийн эрдэм  рүү нийлсэн нь энэ. 
Энэ зууны эцэс дараах зуунд өрнө, дорнын хоёр аугаа соёл нийлж, хүмүүний соёлын их нэгдэл болно.   Бас зөн билигт хүмүүн ялгаран хөгжвөл шинэ үүлдэр салаалж ч мэднэ дээ.

Үйлдвэрлэл, ниймийн дэвшил яах вэ?
 Квант физик үйлдвэрлэл технологийг хувиргаж, ганцхан зуунд хүмүүнийг урьд хожид байгаагүй хурдацтай дэвшүүлснийг өнөөдөр бид эдэлж байна.  Ололт өөрчлөлтийг дурьдаж барахгүй.  Мэдээлэл, харилцаа хөгжлөө. Хүн төрлөхтөн нэгэн айл бүлд нийлж даяаршиж байна. Энэ бол буцалтгүй үйл явц.  Даяаршилд монгол үндэстэн яаж нийлж зохицох л бидний гол асуудал боллоо.
             Харин эрдмийн нэг ололтыг онцлон хэлье. ХХ зуунд хүн тусгаар атом, молекулыг судалж гаршуулаад одоо хооронд нь хэлхэж холбосноор  дэлхийд байгаагүй онц шаардлагатай шинэ бодисыг бүтээж сураад байна.  Энэ бол нанотехнологи бөлгөө. Цаашдаа нанотехнологи нийгмийн үйлдвэрлэл хийгээд хүмүүний, харилцааг үндсээр нь өөрчлөгщх дамжиггүй.  Дөч тавин жилийн дотор хүмүүний шинэ харилцаа , дэг бүрэлдэхэд хүргэнэ байх шүү.

 Шинжлэх ухааныг үйлдвэрлэлийн хөтлүүр болгох талаар юу хийх вэ?
Мэдээж шинжлэх ухаан, технологийн  дэвшлийг соргого тусгаж их талдаа нутагшуулахад   онц анхаармаар байна.  Бид нано- био- мэдээллийн технологийн дэлхийн дэвшлийн манлайд өрсөлдөн  өөрснөө мацаж гараад ололтыг нэвтрүүлээд эх орноо хөгжүүлчихнэ  гэвэл арайл “хийрхүү” бодол болох байхаа.  Хөгжилт орны найдвартай патент жорыг  хамтын ажиллагааны өндөр төвшинд цаг алдалгүй нэвтрүүлбэл бүх талаар хожино гэж бодож байна.

Хүний хүмүүжлийн  талаар таны бодлыг сонсъё?
Монгол улсын хамгийн гол асуудал бол ард түмнээ  элгэн нутаг, их түүх, соёл уламжлалын туган доор   нэгэн хүн мэт нягтруулан  хмүүмүүнжүүлэхэд оршино гэж бодож байна.  Чингисийн үед ард түмэн  Тэнгэр эцэг, Этүгэн эх, сүнс тэнгэр бүгдэрээ сүлэлдэн амьсахуйн зүй жам- Мөнх Тэнгэрийн хүчийг сахин дагаж  байв.   Бид эл аугаа их  далд суу хүчнээсээ хөндийрөөд  олон зуун жил болжээ.  Тэр  арилаагүй бидний угшид удам, зөн билигийн тэнгэрт унтаж байгаа гэдэгт итгэж байна. Тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө олсон  болохоор сэргээх  цаг  нэнгэнт ирсэн биш үү. Балчраас буурлыг хүртэл бүгд сахина даа.
            Бас хүний бие, ухаан бол яалтгүй Орчлонгийнх юм шүү. Харин санаа бодол  бол минийх гэх юм  нь  мөн. Хүний санаа ариун бол бурхан тал руугаа, шунал, атгаг хар хортой бол чөтгөр тал руугаа ханддаг аж. Ард түмнээ балчир багаас нь сэтгэл ариун, хүнлэг болгон хүмүүнжүүлэх төрийн тууштай бодлого л үгүйлэгдэж байна даа. 
-Шинжлэх ухааны дэвшил ч гэрэл, сүүдэртэй. Газар дэлхий маань унаган төрхөө алдаж, хүн төрлөртний санааг зовоох боллоо. Дулаарал, цөлжилт, утаа угаар,  хөнөөлт зэвсэг ч   дэвшлээс  эхтэй юм биш үү. Энэ цөвүүн цагт хүмүүн яах ёстой вэ?
 Гэрлийг сүүдэр дагана.  Эрдмийн гэрэл ч сүүдэртэй. Техникийн чадал чансаа өндөрт хүрэхэд  дэлхий маань амьдрал тээсэн хэврэгхэн цэнхэр гариг  боллоо. Дэвшилд хязгааргүй. Эрч  хүчийг ашиглан баяжих хэт шунал ч бас хязгааргүй аж.  Дэлхий ээжийн хир чинээнээс хол давсан, үйлдвэрлэл эрхэлснээр  хүн хомхой шуналаараа  галав юүлэлтэд хүргэж мэдэхээр болоод байгааг онц анхаармаар байна шүү. Тэгэхлээр хүн өөрийн бүтээснээ төдийгүй этүгэн ээжийгээ мөхөөхөд хүргэх гээд л байна даа.
 “Чонын” гэмээр ч юм шиг  ханахгүй  шунал, үл энэрэх  араатанлаг шинжээсээ  салж  Тэнгэр эцэг, Этүгэн ээжийн ил далдын жамыг  дагаж  гэгээрэл сүлэлдэхүйн  ёсыг сахин амьдрах цаг хүмүүнд ирнэ байхаа нэж найдаж л явна.   Гай болж, дурьдсан галав эрчээ авчих вий хэмээж айнав.

Тэгвэл бид яах ёстой вэ? 
 Дахиал хэлэхэд эх орныхоо  эзэн нь байх  үзэл, сэдэх бүтээх тэмүүллээр залуу үеээ хүмүүнжүүлэхэд  цаг алдмааргүй байна. Томоогүй байхад нь хатуужил, дэг төлөвшил олгоогүй байтал хожим харийн хүний эрх мэдэл нэгэнт газар аваад ирэхүйд хойч үе маань гомдоод ч хомжигдох болно доо.
Өвч дулаарал бол туйлын тогтворгүй хувирлыг дэлхий даяар үүсгэнэ байх аа. Байгаль цаг уурт ч, нийгмийн амьдралд ч эрс нөлөөлнө. Ийм цаг үед номнон  заах “хэтэрхий” мэргэн чадал хэнд ч үгүй дээ.  Харин залуусаа судалж дүгнэж, сэдэж сэтгэж  бас бусдын дуурайлыг харж ажиллах сортоо, арга ухаан , зориг тэвчээрт сургавал зохино.  Хятад улс  Алшааны говио ногоон болгож чадаад байхад бид яахаараа дутах болж байнаа.  Хүнээ сайн сургаж, хэрсүүжүүлээд, чаддагт нь  хөтөлж залах ажлыг  даалгаж, цалин хөлсийг хир чинээгээрээ өгөөд эх орны өмнө хүлээх хариуцлагыг тод заагаад үр дүнг нь хатуу шалгадаг байгаасай. Цадахгүй чөмөгнөөс  хутгаа гэдэг ардын маань цэцэн үг эдүгэ “ханахгүй” шуналаас эх орон, элгэн түмнээ сүйрүүлчихэв дээ хэмээх эзэглэл өнөөдөр хатуу сургамж болоод байгааг анхаарах цаг иржээ. 

Төр юу хийвэл зохих вэ? 
Төрд зүтгэж буй залуус улс төрчид минь ард түмнийхээ сүлдэд залбирч  хэрсүүжээсэй гэж хэлье дээ. .Эзэн чингэсээс уламжлан ирсэн өндөр төрийн төмбөгөр дэг журмыг судлан сэргээж, төрийн албан хаагчдын хууль тангарагт шингээж, чанд хатуу баримтлаасай..  Бид   төрийн аугаа  уламжлалтай  ард түиэн  гэдгээ дэлхийд харуулмаар байна. 

-Квант физик, синергетик нь шинжлэх ухааныг дорнын гүн ухаантай ойртуулаа гэж та хэллээ.  Цаашид ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
Шинжлэх ухааныг атом цөмийн бөмбөг,сансар,  интернэт, био- мэдээлэл- нанотехнологи  гээд багцалж төсөөлье. Хүн оюуныхаа дээд гэгээрлийн онгод төлөвт хүрэхээр Орчлон руу гаа сүлэлдэн  амьсдаг тухай өмнө хэллээ.  Тэгээд 3 цаг, бүх юмс найран ивлэсэн “ мөнхийн”  одоод  хүрээд мэдээллийг авч хүмүүнд дамжуулах чадал олно.  Эндээс үзэхүл, бөөг тэнгэрийн элч хэмээсэн нь дориун онож хэлсэн юм уу гэмээр.  Гэгээнтэн, онгодтой бөөгийн энэхүү чадалд тулгуурлан дорнын гүн ухаан, их талд  Мөнх Тэнгэр эрдэм үүсэн хөгжжээ. Харин өрнийнхөн эл эрдмийг зөвшөөрөхгүй явсаар ирж. Мөнх Тэнгэр эрдмийг мэдрэх цар сав нь дутаж байсны улмаас их монгол улсыг христийн гэгээнтэн байгуулсан, монголчуудыг “дээрэмчид” хэмээн үзэж байж. Түүхэнд үүнийг хар домог гэж нэрлэдэг.  Энэ гунигт дүгнэтийг өрнийн шинжлэх ухааны хөтөч  үзлийн согогоос үүдэлтэй гэж үзэж байна. Тиймээс квант физик, синергетикийн тулгуур онолын өндөрлөгөөс Мөнх Тэнгэр эрдмийн язгуур уг үндсийг тайлбарлах чин хүсэл өвөрлөж явна.    
Дэлхийн хуурай газрын их эзэнт гүрнийг  байгуулахдаа монголчууд чинь язгуур шинжлэх ухаандаа  л тулгуурласан нь гарцаагүй. Учир начрыг нь илрүүлж ард түмэндээ дуулганаа.
Дуулгах дүгнлтдээ хүрч байна уу? 
Одоо тэр нууцыг хэлэхэд тулж хүрээд байх шиг... Өрнийнхөн ил бариа ахугаас эрдмийг хөгжүүлсэн. Тэд Орчлонгийн язгуур далд зүйн гадна алс хол оршиж байж. Ил ахуйн зүй жам нь далдаасаа амилсан ундрагатай байсан юм санж.  Дорнынхан бас нүүдлэлчид эрдмийг далдаас нь хөгжүүлсэн байж. Далдад хумхи ертөнц хамаарна.   Эрдэмдээ  хэт итгэж ихэмсэг төрх шүглэсэн өрнийн зарим эрдэмтэд далдыг үл мэдрэх үзэлдээ хөтлөгдөн  “мухар” нээлт хийж хар домог зохиосрн  байж.   Энэ бол худгийн мэлхий худгаа гэхийн үлгэр  шиг гэхүйц юм.
Далд  ертөнийн жам  нь квант физик, синергетикийн үзэл лугаа саахалссныг   ухаж мэдрээд   хүмүүний хоёр соёл их ийнхүү нийлж байгаагийн учрыг хумхийн тэртээх далдаас   илрүүлэхэд дөхөж очлоо гэж бодох юм.

Та ард түмэн, залуу үедээ хандаж юу хэлмээр байна?
Дээр ч хэлчих лээ дээ. Өвөг дээдэс бидэнд өгөөмөр  бас тансаг эх орон өвлүүлжээ. Бид эзэн шиг эзэгнэж,  дэлхийн нүднээ  цогтой монгол  гэдгээ харуулах цаг ирлээ шүү. Эд цөөн мөнгөнд хууртан, шуналд автаж, цаг алдвал олон газрын овжин сурмаг хүмүүст хайран эх орноо алдаж ч мэдэх аюулыг бүү мартаарай.  Чингисийн их гүрний ир омог нь монгол хүнийхээ суу заль,  авхаалжтай чийрэг бие хийгээд тэнгэрлэг овсгоонд байсныг би мэдэрч дэвтлээ. Түүнийгээ бид гээгээгүй байхаа, далд хадгалаатай унтаж байгааг ч өмнө хэлсэн.  Сэрээх тохиолдолд цөөхөн монголоос дэлхийн суут хүчтэн, нудрагачид бас эрдэм соёлын авьяастан төрсөөр байгаа жишээ үүнийг нотолж байгаа биз дээ. 

Физикийн  судалгааны  төвшин дэлхийн хаана нь явна вэ?
Чухал асуулт байна шүү. Сая хэлснээр ухаан, авьяас мэдрэмж бидэнд “тэнгэрээс” заяасан  удам угшлын юм шүү. Харин дэлхийн төвшинд  хаана нь явна вэ гэдэгт хариулахаас өмнө эрдэм, боловсрол, соёл, үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй нягт уялдуулсан  хүнээ бэлтгэх төрийн тууштай бодлого дутсаар байгааг дахин хэлье. Оюутны  сургалтын төлбөрөөр Улсын их сургуулиа тэжээлгэж, эрдэмтэн багш нар  нь  өлмөн зэлмэн  гэрийн хорионд, багаж төхөөрөмж нь хуучирсан байгаа шүү дээ.  Дэлхийн төвшинтэй жишвэл бид өрөвдмөөр л... Боловсрол ч мэдээж шүү дээ. Ер нь төр засаг, улстөрчид  хэрсүүхэн бодоосой. Сургамж дутахааргүй байгаа биздээ.   Үйлдвэрлэл, салбарын их сургуулийн зэрэгцээ  байгаль, нийгмийн тулгуур эрдмийг ойрын  ирээдүйд адаглаад дэлхийн дундаж төвшинд хүргэх   төрийн шууд  харъяаллын их сургууль онцгой чухал байна. Дэлхийн жишээг харах завгүй юм уу, эсвэл эс мэдсэн төрх нь энэ юм уу.
 Залуустаа ажил үйлс бүхэн эрдэм шүү гэдгийг сануулмаар байна. Ажлыг гололгүй эх орон ард түмнийхээ төлөө зүрх сэтгэлээрээ зүтгэж  ажиллавал хэн ч алдартан болно л доо. Монгол түмний минь аз жаргалтай амьдрал л  та бидний аз жаргалын  баталгаа шүү дээ.  Аз жаргалыг хүсье. olhagvao@yahoo.com 

No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.