Friday, March 25, 2016

Тэнгэрийн сэрэхүй ба шинжлэх ухаан II


Тэнгэрийн  сэрэхүй ба шинжлэх ухаан  II

О. Лхагва


Мөнх Тэнгэрийн хүчин дор
их  суу залийн  ивээл дор
Чингисийн тамганы  тунхаг

   Шигшмэл.  Өрнийн онч(rational) эрдэм ил бодист оршихуйг  буталж, төсөөлөл хуримтлуулж судалсаар хумхи ертөнцөд нэвтрэхэд аливаа бүрдэл юмс нь хэрхэвч үл салах амин барилдлагатайг илрүүлээд тэр ертөнцийн голч жам: квант физик номлолыг  хөгжүүлэн туршилтаар баталгаажуулсан юм.  Эдүгэ бодист ертөнцийн эл  төсөө загвар-  сургаалийн ноён нуруу нэгэнт тодорсон гэх  хандлага газар авч, чинагш энэ эрдэм гагцхүү технологийн дэвшлийг л бадраахад чиглэнэ хэмээх болов. Орчлонгийн  ил бодист  хийгээд далд язгуур  билиг- энергит мэдээллийн ертөнц хоёрын  амьсан барилдахуйн жамыг судлахуй лугаа  шинжлэх ухааны шинэ  дэвшил чиглэнэ гэх үзэл тодорсоор...  Эрин цагийн эрдэм ухааны цараанд үл багтах нарийн туршилтын гарц дүн, билиг  сэрэхүйн үр хөвөрлөөс өлгөж,   энэ санаанд дэм цацал өргөхийн хамт нүүдэлчин- монгол тулгатны Мөнх  Тэнгэр эрдмийн тулгуур унги нь чухамхүү  мөнөөх ил, далдын амьсан шүтэлцэхүйгээс эхтэй  билиг(тэнгэрийн) мэдрэмж суурьтай байсныг тандан өгүүлнэ.  Өвөг монголчууд тэнгэрийн  билиг орон лугаа   онгодоор улаачлан харилцаж,  мөхөлгүй амьдарлын  эрдэм, мэдлэгийг дээдсийн сүнснээс ч авах боломж байныг үгүүлнэ.

Abstract

At the  end of  XX century the  reductionist approach of western rational  science, achieved great progresses in understanding nature    was  occurred  to be incorrect  for  describing  micro world’  realities since  latters  are  seemed   tightly  interrelated  into one whole. Newest  progress of quantum physics, well tested by  micro world’s explorations now   hints  that   the universe represents   undividable whole too.  There  is  getting   grow   an   opinion that   comprehension of   quantum physics   as fundamental science  for studying material world   is turned out  to be  close  to completion and further  it will  contribute  mainly to  promotion of  technological progresses.  therefore new tendency of natural science would probably be  focused  on  exploring  complementary interconnection  of  material and absolute energy-informational worlds  of the Universe. Instigating  from the recent  experimental facts and supposed  estimations,  which are not being interpretable in frame of modern quantum science it is put forward  some intuitive  thoughts  with aim to explain  the mentioned problem. It is also considered  problem concerning  genuine root of  proper nomadic science- Munk Tengery that  was to be  based on feeling  heaven  absolute energy- spiritual field,   in which  all realities  of material and  spiritual  worlds are appeared to  be entangled.    Besides, it is discussed question about nomadic Mongolian progenitors’   capabilities regarded to be connected  to souls of dead ancestors and had able to get from them   information and advises on events  related to fast and future. 

 

Түлхүүр үг:   Ил, далд, хумхи ертөнц, Ил, далд оршихуйн шүтэн барилдахуй, Бие цогцос, сүнс. Тэнгэрийн сэрэхүй, Мөнх Тэнгэрийн хүч.

Шинжлэх ухаан, байгалийн тулгуур хүч.

       Өмнөх өгүүлэлд танилцсан, тэнгэрийн сэрэхүйн хүч болон шинэхэн туршилтын баримт, цэгнэлт үнэлгээний  санааг илд дассан хүмүүнээ илүү дөхөм бодист юмст үйлчилж буй  байгалийн тулгуур хүчний орон, хөтлүүр үйлийн жишээ лүгээ холбож тодотгон ярилцахыг хичээе.

Шинжлэх ухааны нээлт бол тэнгэрийн сэрэхүйн хүчний орон дахь хувьсал, бүрэлдэхүйн түгээмэл  тов донжоос багцаа баримжааг нь  илрүүлээд түүнийг тулгуур хууль хэмээн зарлаад таньснаа амьдралд хэрэгжүүлээд  техник, технологи, соёлын гайхамшгийг бүтээж дэвшсээр ирж.  Энэ бол нэн өчүүхэн хэсэг нь мэдээж.  Таталцлын болон цахилгаан соронзон хүч нь орон зайн цэг бүрт шүглэж үйчилнэ. Аливаа биетийн цэг бүрт нь эл хоёр бас бусад хоёр хүч ч үйлчилж хувирах, хувьсахуйн жамыг тасралтгүй хөтөлнө. Бас квант оршихуйн заяаны хоморго дэнс[1.A9] чанарыг өвлөсөн учраас  огторгуй, орон зай, хугацааг  багсруулан эзэмдэмснээр бүхнийг нэгэн амь  зуурдыг тасралтгүй  туулах заяаны сүлжээнд хэржээ.

Байгалийн тулгуур хүчнүүд бол бодист Орчлонг бүрэлдэх, бүрлэхүйн  зүй зарлигийг  хэрэгжүүлэх үйлийг  тийнхүү  хөтөлдөг учир “ухаарал”(сэрэхүйн)  заяатай гэхээс өөр яалтай ч билээ. Тэр аугаа шидийг билигээр тандаж баримжаалсан эртний хүмүүн “бурхан” л  гэхээс өөр замгүй байсныг өмнөх өгүүлэлд дурьдсан. 

 Илийн хувирахуйг хөтлөх эл тулгуур хүчнүүд   болон орчлонгийн  оройн дээд оршихуй-  билиг буюу “хий морилог”   ний “ухаалаг” үйлийг багцлан залах  тавилан бүхий тэнгэрийн   сэрэхүй буюу дээд  тэнгэрийн заяатай “хүчний”  орон байна хэмээн үзснээ өмнө бас үгүүлсэн билээ. Тэгэхлээр тэнгэрийн сэрэхүйн “хүчний”  орон бол Орчлонгийн ил хийгээд далд аливаа зуурдын оршихуйн  бүрэлдэх, бүрлэхүйн бүхий л  язгуур зүй жамыг жолоодон хөтөлдөг  дээд тэнгэрийн  хүч буюу зарлиг цэг бүрт нь шүглэсэн билиг энергийн “хүчний” орон юм. Тэнгэрийн сэрэхүйн зарлигаар бүхий л ил оршихуй цогцлон бүрэлдэж бүрэхээс гадна нөхцөл, орчлоосоо  хамааран шинээр төрөл олохуй төөрөг ч   тодорхой тов донж дагадаг буюу.

Дөрвөн тулгуур хүч ил Орчлонгийн бүхий л үйл хувирлыг жолооддог “зарлиг” мөнийг дурссныг бас саная.  Тэгвэл ил бодист хорвоо хийгээд  далд  билиг буюу өнөөгийн эрдмийн тандалтыг  дагаваас скалар  энерги, мэдээлэлт төрх бүхий ертөнцийн  амьсахуйн жам тавиланг бүхэлд нь жолоодон хөтлөх  Орчлонгийн тулгуур зарлиг буюу түгээмэл “хүч” гарцаагүй  байж таараад байна. Тэр бол    Орчлонгийн цэг бүрт шүглэсэн тэнгэрийн сэрэхүйн хүч мөн  болохыг дахин хэлэхэд илүүдэхгүй бизээ. Энд “хүч” гэсэн үгийг ир бяр, тэнхээ гэхээс хийлж, бүхний  тавилан заяаг хөтлөх түгээмэл эрч зарлиг- жам хэмээн төөсөөлбөл зохиюу.  Энэхүү жам дагуу ил ертөнц дэх хувьслыг мөнөөх дөрвөн тулгуур хүч жолоодож байгаа юм байна гэж төсөөлж   болмоор.

Орчлон дахь аливаа  хувьслын төөрөг тавиланг тэгэхлээр  тулгуур хүчнүүд болон энерги мэдээллийнх нь  орныг  хамтад нь    тэнгэрийн сэрэхүйн хүчний(билиг)  орноос жолоодно  хэмээн үзэж байна.  Байгалийн дөрвөн тулгуур хүч бол тэнгэрийн сэрэхүйн хүчний зарлигийг  бодист хорвоогийн бүрэлдэл, бүрлэхүйн өөр өөр тавилан заяанд хэрэгжүүлж буй тулгуур хүчний төлөөний буюу гүйцэтгүүр хүч мөн  буюу.  Нэн эгэлээр зүйрлэвэл  дулааны болон усан цахилгаан станц барих санаа төслийг тулгуур хүчний(таталцал, цахилгаан соронзон)  эрчээр хэрэгжүүлнэ.  Дашрамд хэлэхэд хүмэн бол дээд тэнгэрийн заяат амьтан мөний хувьд  тэнгэрийн сэрэхүйн бүтээлч  санаа лугаа  ямар нэг хэмжээгээр  холбоотой нь гарцаагүй.    “Бодист” юмс дотор хийгээд  нэл огторгуйн цэг бүрт нь  мөнөөх     дөрвөн хүч болон дээд  тэнгэрийн сэрэхүйн хүч шүглэн буй. Өмнөх өгүүлэлд ярилцсан ёсоор хүмэн бол тэнгэрийн шид увьдсыг өвөрлөсөн хосгүй амьтны хувьд тэнгэрийн сэрэхүйн орон  лугаа скалар долгиогоор харилцаж аливаа үйл хувиралд нөлөөлөх эрч чадавхитай юм.

 Эхний өгүүлэлд дурьдсан физикийн туршилтын үүднээс үзэхүл тэнгэрийн сэрэхүйн хүчний оронд үйлчлэл- мэдээллийн тээвэрлүүр нь  билиг энерги буюу скалар  фотон, биофотон байх юм.  Скалар фотон  Орчлонг туулахдаа энерги зарцуулж сулардаггүйг өмнө дурьдсан.   Бодист хорвоогийн цэг бүрт нь скалар билиг- гэрэллэг орон няргаж орогносон байна.  Бодист Орчлон  далд скалар орны далайд тэгж живсэн байх  аж.  Өгүүлснээс өлгөвөл, скалар фотон, тэнгэрийн сэрэхүйн хүчний орон хоёр нь материалаг ертөнцийн чинадад “нуугдан” хургасан, нэгэн төрхөд багтах Орчлонгийн язгуур буюу мөнх(absolute) оршихуй  буюу.   Энэхүү мөнх тэнгэрийн  далд орон нь орчлонгийн бодис, энергийн 96 хувийг эзэлдэг тухай ч ярилцсан билээ.  

Чингэхүйд тэнгэрийн буюу билиг сэрэхүй бол илийг хориогүй нэвтлэн орогнох мөртлөө  чинад ертөнцөд ангидаа орших гүн дотоод дахь мөнхийн билиг гэрэллэг буюу  “бурханлаг” хүч юм.     Тэгэхлээр матери анхдагч нь бөгөөд түүнээс үүдсэн сэрэхүйн тусгалаар  уураг тархинд ухраарал, сэтгэхүйн үйл өрнөдөг гэх   үзэл  ухар  болох  нь илт.     Өмнө дурьдсан туршилтуудын  санааг  үзүүрлэбэл хүмэнэй  эс, удамшлын молекулт  цогцос нь газрын мэдрэхүй болон тэнгэрийн сэрэхүйг  хооронд нь скалар орны урсгал мэдээллээр   сүлэлдүүлэн ний болгоод бүрэлдэх, бүрлэхүйн  алив тавилан  үйлийг хөтөлдөг гэх санаанд тэгж хүргээд байна. Орчлонгийн үүсэл хувирлыг  тайлбарлахын тулд одон орны сургаальд тэнгэрийн сэрэхүйн хүчний ойлголтыг хэрэглэх болов. Скалар энерги, биогэрэл бол чухамдаа тэнгэрийн  сэрэхүйн хүчийг дамжуулж,  манай гаригийг билиг орон[2]  болгон  хувиргадаг тухай санаа дэвшиж байв.

Тэнгэрийн зарлиг ба сэрэхүйн хүч.

 Өмнө өгүүлснээс үзэхүл  байгалийн  тулгуур хүчнүүд бол “цаг зуурын” довтолгооны  эрч бус харин ч  үзэгдэл хувирлыг Орчлон даяар  хөтлөх   зарлиг өвөрлөсөн    тэнгэрийн “сэрэхүйн”  төлөөний ухаалаг(билиг ) хүч  хэмээн төсөөлбөл зохимоор. Нарны таталцлын болон атомын цахилгаан соронзон хүч нь тухайн цэгт анх тодорхой орчил нөхцөл тохиож орсон  биес, цэнэг, соронзонг чухам ямар тавилангаар  жолоодох зарлиг жор нь шууд бүрэлдэж хэрэгждэг аж. Энэхүү тавилан жорыг  физикт  илрүүлээд байгалийн тулгуур хууль хэмээн нэрлэдэг болохыг саная.

Үүний нэгэн адил аливаа амьт юмс бол тэнгэрийн  сэрэхүйн зарлиг  дагуу зуурдын тэнцвэр тойронд  бүрэлдэж хувирах (тэнцвэрт бус) оршихуй мөнд бат  итгэнэм. Хүчний “үйлчлэлгүй” орших ч бас тэнгэрийн сэрэхүйн  тулгуур зарлигийг дагана.  Ухаалаг  гэсний чинадад аливаа үйлчлэлийг  “хүлцэнгүйгээр” үл дагах буюу гагцхүү тэнгэрийн сэрэхүйн зарлиг шийд л хэрэгждэг болохыг  тодруулах санаа байгаа юм. Тухайн үйлийг дагахдаа өмнөх гурван цагийн мэдээлэлт төлөв төрх, амь амьжирахуйн зүйг  хамгаалан  сөрөх атлаа   гагцхүү зохист шийдлийг олж байж  шинэ төрхөд хувирдаг буюу.  Ил, далдын амьсан барилдахуйн явцад  тэнгэрийн сэрэхүйн  шийдэл тодрохуйд  газарт бүтэц бүрэлдэх, бүрлэх бас төрөл олох, арилжих, шид чадлыг олох  хувирал  тохиодог бололтой.

 Тэгэхлээр  тэнгэрийн сэрэхүйн хүч бол “ хайш яйш” үйлчлэл хэрхэвч бус гагцхүү өнгөрсөн, өнөө, ирээдүйн мэдээллийг дэнслэн шийдвэрлээд даруй үйлийн үрийг шинээр сонгодог гэх нь зүйтэй байна. Энэ  бол механикт илэрхий  инерцийн хүч, түүнээс уламжилсан   кинематик зүй  тогтолд шууд хамаарна. Чингэхүй  хувьсал   зуурдын тэнцвэрт төрх буюу ил хийгээд далдын шүтэлцэхүйн шийдлийн тэнцлийг дамжин өрнөнө.  Инерцийн хүчийг тэгэхлээр ил юмс үйлчлэлд өртөхөд далд оршихуй шүтэлцэхүйн үйлээрээ зуурдын тэнцвэрийг хадгалуулах  мөртлөө шинэ шийдийг сонгох үйлийн илрэл хэмээвэл зохимоор. Орчлон дахь ил хийгээд далдын хувьсахуйн жам тийм аж.

            Квант физикийн нэг нэрт үндэслэгч, нобелийн шагналт, квантыг нээсэн эрэдэмтэн М. Планк: “Сэрэхүйг язгуур уг унги(орчлонгийн ОЛ)  хэмээн үзэж байна.   Бодис юмс  бүгд л сэрэхүйгээс эхтэй гэж бодож байна.  Сэрэхүйн чинадад бид яавч гарахгүй. Бидний харж, хэлж ярьж байгаа, төсөөлөн буй аливаа юмсыг сэрэхүйгээс төлждэг гэж үзэж байна“ хэмээн тодорхойлсон  нь  ил хийгээд далдын амьсан шүтэлцэхүйг жолоодож буй   энерги-мэдээллийн билиг орон,  тэнгэрийн сэрэхүйн хүчний  тухай нэн оновчтой зөн билиг үг мөн.  



Сүлэлдэхүй. Өрнийн сонгодог шинжлэх ухааны мөр мөшгөх онол(determinism) нь юмсыг  салгаж бутлаад тус бүрийнх нь динамик зүйг тэрхэн зуурт нь судлаад байсан болохоос тулгуур хүчнүүд бол Орчлонгтйн бүх цэгт шүглээд  хоморголон базаж, сүлэлдүүлэн ний заяа олгодог байна гэх тулгуур санааг нь  орхисон байж. Тэрч гарцаагүй. Орчлон нь бодис, хоосон хоёроос тогтоно гэх чанга дэг бол бодист хөтөч үзлийн  өрөөл болохын нотолгоо нь мөн. Цэг бүрт нь шүглэсэн тулгуур хүчнүүд хийгээд сэрэхүйн хүчний  цараанд Орчлон амилан цогцослохуйн заяа, билиг- сэрэхүйн хам жамыг  ч хадгалж байгааг тийнхүү гээж ойролцоолсон байна. Тэгж хялбархчилсны эцэст Ньютоны  динамик сургааль  үүсэн хөгжжээ. Энэ бол хүмүүний танин мэдэхүйн гайхамшигт дэвшил байв.  Сонгодог шинжлэх ухаанд  дархлаажиж үеэ өнгөрөөсөн  мөр мөшгөхүйн  үзэл өнөөдөр ч нийгэм,  байгалийн  ухааны ихэнх салбар хийгээд хүмэнэй ахуй сэтгэлгээнд  нэн амь бөхтэй байсаар л байна. 

Юуны өмнө физик, биологи, сэтгэл судлал, анагаах ухаан, гүн ухааны салбарт аливаа тусгаар мэт ойлгож дадсан юмс, үзэгдэл хувирал бол амин шүтэн барилдлагатай, амисан сүлэлдсэн хам төрх төлөвт оршдогийг мэдэрч байсан өваг дээдсийн билиг уламжлалыг сэргээж, хүн ардын ой тойнд бага балчраас нь хүргэх дэг манайд хэрэгтэй байна.

Өвөг дээдсийн тулгуур үзлийн учир учгийг тайлж, шинэ нөхцөлд баяжуулан хэрэглэвэл манай урагшлах замд тугч-гэрэл болно. Байгаль дэлхий, амьтай, амьгүй бүхий л юмс, Орчлон хийгээд бүхий л бүрэлдэл нь амьсахуйн нэгэн заяатайг мэдэрч түүнийг шүтэж хүндлэх, хайрлах, хар амиа бодох, шуналд автах, атаархах,  дэлхий ээж, амьт байгалийн  унаган зүйд хоролгон цэвдгээр хандах үзлээс салахыг хүмүүнд сануулаад байна. Тэгж амьдрах нь дэлхий ээжид хүмүүний төрөл олоод тэнгэрийн сэрэхүйн заяаг эдэлж яваагийн  гол зорилт мөн.  Нийгмийн аливаа байгуулал,  шашин бусад суртлын нэгдэл ч ялгаагүй дээд тэнгэрийн түгээмэл нэг л ариун заяаг тал талаас нь тэмтэрч түшиж яваагаа мэдэрч дэлхий ээжтэйгээ бүгд хамтдаа эвийн хорвоог туулж, ний амьдрахын үйлс бүтээхэд зүтгэх ганц зам тулж иржээ.

Туршилтын өндөрлөгөөс.  Монгол түмнийхээ нэр, буянаар  зууны тэн хагас давтал ил, далд ертөнцийн савсалганд бэдэрсэн молхи би бээр сонссон, цуглуулсан сэдсэн  санаагаа ард олондоо базаж хэлэхээр энд зорисон билээ.  Өрнийн шинжлэх ухаан ил бодис, юмсыг “тусгаар” үүрмэгт бутарган судалсаар хумхи буюу молекул атом  хийгээд чинад ертөнцөд нь нэвтрэхүйд бүрдэл хэлтэрхийнүүд нь хэрхэвч үл салах далд шид амь холбоотойг тогтоосон юм. Өнгөрсөн зууныг дамнуулан  мөнөөг хүртэл хөгжүүлсний үрээр  эрдмийн эл “гаж” зүй их Орчлонд ч  ноёрхдог болохыг сод туршилт илрүүлсэнтэй өмнө танилцсан билээ. Орчлон  нь ил бодист  хорвоог  бүхэлд нь живүүлэн булхуулсан далд “билиг” буюу “хар” шид ертөнцөөс бүрэлдэх аж. Маний дассан одот тэнгэр, ил бодист хорвоо Орчлонгийн дөнгөж 4.5 хувь нь аж.  

 Унги тунамал. Фейманы үнэлгээнээс үзэхүл планкийн урт 10-35 м   бол  энэ зайнаас чинагш Орчлон далд “хар” энерги, юмны төрхөд шилжинэ. Нөгөөтэйгүүр квант физикийн тулгуур  нь болдог бөөмлөг- долгиолог чанарын үүднээс цэгнэвэл энэ уртыг  ширхэглэг бодисын “хязгаар” хэмээн төсөөлж болмоор. Түүнээс чанагш буюу Орчлонгийн унги язгуурт “хар” юм буюу дан долгиолог төрхт “билиг” оршихуйн тунамал  байж таараад байна.  Тэр тунамал бол Орчлонгийн үндсэн буюу эх төлөв бөгөөд цэг бүрт  гурван цагийн мэдээллийг хурааж долгилсон скалар орон бололтой. Хүмэнэй бие цогцос, оюун санаа хийгээд аливаа юмс  бүхэлдээ  мөнхүү тунамалд живсэн байх аж. Оюун ухаант  хүмэн  угтаа  бие цогцсыг булхуулсан билиг тунамалын    нэг “дусал” ч  болов уу даа.  Тэгэхдээ холограф жам[1.AIII.7] ёсоор мөнхүү дусал орчлонгийн бүх мэдээллийг агуулах буюу “өвөрлөнө” шүү дээ. Хүмэн бол товчхондоо орчлонгийн билиг мэдээллийг  ч өвөрлөж явах аж.

Хоосон чанар. Хоосон чанар бол Буддын гол тулгуур  бөгөөд аугаа нээлт мөн[3]. Да Будда багш сэтгэл оюунаараа газрын мэдрэмжийн хилийг давж планкийн зайн чинадад нэвтрээд анх түрүүнд Орчлонгийн язгуур билиг тунамал буюу тэнгэрийн сэрэхүйн орон лугаа руу ний болж. Чингэхүйд өөрийнх нь цоцгцос дахь билиг тунамал болон Орчлонгийн   тунамал  хоёр сүлэлдэн мөнхийн билиг оршихуйн амь төрх олжээ.  Чингэхүйд далай руу орсон дусал мэт болоод газрын мэдрэмж алдарсан  учир   хоосон чанар илэрдэг аж. Өөр нэг чухал ойлголт бол мөнөөх “хар” оршихуй бол Орчлонгийн бүхий л мэдээллийг агуулж буй  цахилгаан соронзон скалар долгиолог орон буюу угтаа  мөнөөх язгуур билиг тунамал юм. Тэгэхлээр орчлон нь язгууртаа бодислог бус гагцхүү  тэнэгэрийн  сэрэхүйн орны “билиг” энерги мэдээлэлт скалар долгиолог тунамал юм. Унги скалар орон дахь энерги потенциалын ялгаанаас тэнгэрийн сэрэхүйн “далд” хүч бүрэлдэж амьгүй хийгээд ухааралт оршихуйн үүсэл хөгжлийг жолоодно. Эл “далд” хүчийг газрын ахуй лугаа жишиж багцаалбал, амьжаргаа, ахуй, соёлын төвшийн эрс ялгаа үүснээс хүмүүнийг шилжих, дүрвэхэд хүргэж буй “бодит” хүч лүгээ жишиж болмоор юм. Энд хэлснийг янз бүрийн өндөр дэх таталцлын хүчний потенциал энергийн ялгаа гарснаар  таталтын хүчний налуу байгуулагч бүрэлдэж, үйлчлээр нь үер бууж, ус урсдаг лугаа жишиж төсөөлж болно.

Тэнгэрийн сэрэхүйн ил ертөнц дэх  салаа мөчир  нь бол физик- байгалийн 4 тулгуур хүч мөн.  Бодист юмс хийгээд дээд оюунт оршихуйг ч бүрэлдүүлэх, бүрэлгэхүйн  түгээмэл зарлиг хийгээд энерги  тийнхүү  Орчлонгийн  унги язгуурт  дархлаатай бас  мөнх хөгжиж тэлэх аж. Тэнгэрийн сэрэхүйн зарлиг дагуу бүхий л  амьгүй бодист хийгээд амь оюунт юмсын бүрэлдлэх бүрлэхүйн  эх  ундрага нь  далд оршихуй буюу билиг мэдээлэлт энергийн орон аж.  Физик эрдэмд илрүүлээд технологи болгосны ачаар тэр  цахилгаан соронзон долгионд мэдээлэл дайж сураад радио, телевиз, интернет, гар утсаар хүмүүн орон зайг огшоон, эгшин зуурт харилцан  нэгэн амьсалд нягтарч байна. Орчлонгийн бүхийл цэгт бадрах скалар орны эрчлүүрт хувьсал билиг сэрэхүйг төрүүлэн  хувьсахуйн зарлиг зүйг далд ертөнцийн скалар далай-долгионы оронд   хураажээ хэмээн төсөөлмөөр...

Билиг танхай. Аливаа бодист юмс хийгээд амьт юмс, маний бие цогцос ч ялгаагүй Орчлонгийн  хувьслын хөтлүүр- тэнгэрийн сэрэхүй хийгээд  бодист хорвоогийн 4 тулгуур хүч, энерги мэдээллийн орны  залуур эрхшээлд оршихыг сая дурьдлаа.  Далд ертөнц дэх скалар  гэрэллэг оронд Орчлонгийн хувьслын 3 цагийн мэдээлэл  мөнхөд хадгалааастай  бас энерги мэдээлэл зарлиг  нь алдагдал сулралгүйгээр эгшин  зуур түгэнэ. Тэгж  Орчлонг хоморголон жолоодох учир нэг амьд багсруулан байх нь ч гарцаагүй юм. Энэ тухай өмнөх өгүүлэлд дурьдсан билээ.

 Орлонгийн   ухаант амьтан, дээд оюун ухаант хүмэн бодист цогцос- “хавх” аргамжаанаасаа сулран  гурван цагийн тэр мэдээ зарлигт  далайд билиг сэтгэлийнхээ “дуслаа” ний болгохуйд  өнгөрсөн, өнөө, өнө ирээдүйг тандан мэдээлэх мэргэн болох нь өмнө өүүлснээс илэрхий.  Энэ бол Орчлонг нэгэн амь оршихуй болохыг нотолсоор буй квант физикийн нэг  өндөрлөг гарц нь мөн.  Бас эрдмийг нүдэлж тогтоож сурахаас гадна  мэдээллийн билиг сан лугаа ний төрхийг олсон хүмэн билиг танхай чадлыг олж, гайхам авьяастан, мэргэн “шидтэн” болно. Дээд гэгээрэл бол далд ертөнцөд бие  цогцос, скалар биоцахилгаан орноор дамжин  нэвтэрч 3 цагийн мэдээлэлд хүрч, билиг эрдэм чадлыг шууд эзэмдэх чадалд хүргэх хувирал юм. 

Онгод. Сүнсийг тэнгэрийн сэрэхүй буюу далд скалар орноос хүн хүнд хүртээсэн заяа- биофотоны бүрэн “цогц” амь билиг мэдээлэл  мэтээр төсөөлнөм. Сүнс бие хоёр  хэдийгээр сүлэлдэн барилдах авч амь алдарахад  сүнс  нь тусгаарлан салахыг туршилтаар нотолсныг өмнө ярилцсан. Зүрх цохиж цус эргэж байхад сүнс хүмэнэй цогцос лугаа  тэнгэрийн сэрэхүйн хүч энергийг тасралтгүй суулгаж солилцуулаад, мөнөөх 4 тулгуур хүчээрээ дамжуулан бие цогцосын био  болон сэтгэлийн амьжирлын бүхий л хувьсал хийгээд  ухаант амдралыг жолоодох шийдэл боловсруулахад хүргэдэг аж. Уураг тархи бол дурьдсан ил далдын хувирлыг нэгтгэн хөтлөх, хувь хүний шийдэл хийгээд эрмэлзлийг бүрэлдүүлэх залуур төв мэт.  Тэгэхлээр ухаарал(mind) бол тэнгэрийн билиг сэрэхүй хийгээд  газар дахь бодислог бүрэлдлийн хоорондох шүтэлцэхүйн үйлийг солилцуулан шийдэл  лүгээ  хүргэх улаач хөтлүүр буюу.

 Өвөг монголчуудын дээд тэнгэрээс заяат төрсөн гэх  төсөөлөл  бол тэнгэрийн сэрэхүйд онгод сүнсээрээ ний болох шидийг олоод улмаар газар дахь хүмүүний  үйлийг хөтлөх “билиг” чадлыг олсноор эдүгэ хүртэл оньс нь тайлагдаагүй нүүдэлчний “далд” эрдэм, соёлыг бадраамсныг дээр дурьдсан билээ. Дээд тэнгэрээс заяат билиг чадлыг монгол туургатан хүмэн эзэмдэн байсны баримтыг[4] нууц товчоонд тодорхой  өгүүлсэн бий. Тийм шид чадалд цөөн зайран, удган төдийгүй бүхэл нүүдэлч үндэстнээрээ даган баясч   ний болоод улмаар тэнгэрийн  сэрэхүйн билиг орон  лугаа нийлээд,  “тэнгэрийн нэг хүмэн” болон Мөнх Тэнгэрийн хүчийг эзэгнэсэн байж[1. Б].   Тэнгэрийн сэрэхүйн хүчийг тэгж эзэмдэж байснаа эзэнт гүрний тамганы өрд дунд тунхаглан оройн дээдэд залсныг үгүүлсний нотолгоо гэх нь зүйтэй бизээ.   Чингэж, үл шантрах, үл няцах, үргэлж дийлэхүйн тэнгэрийн хүчний  сэрэнхүйн “билиг” шид чадлыг олсон аж.

Дашрамд хэлэхэд, физикийн ухаанд илрүүлээд, технологид хувиргасан аугаа эрдэм бол багаж төхөөргөөр судалж тогтоосон зүй тогтол мөн. Дээд тэнгэрийн билигийг  амьсан тээж яваа учраас хүмэн газрын хүлээснээс ангижран тэнгэрийн билиг далай лугаа ний болбас алив хүсснээ гүйцэлдүүлэх шид чадлыг олох бүрэн боломжтой нь дээр үгүүлснээс илт байна. Энэ бол мэргэлэх, анагаах, эрдэм, соёлын гайхамшгийг бүтээх яндашгүй ундрага мөн бөлгөө.  Олон шашин  дахь залбирал, тарни, гүн бишрэлээр илэрхийлж буй хүсэлт биелдэг тухай яриа  бол үгүүлсний нотолгоо баримт мөн буюу.  Совин онгодоор тэнгэрийн сэрэхүйн орноос эрч авахуйд билигт хүмэнэй газрын мэдлэг тэмүүлэл нь уураг тархинд  аяндаа эсээд дэвэрч гарах шид чадалд хүрдэг байна.  Бичгээр үлдпээгүй ч  билиг шид ундрагтай нь газрын ахуйг хол гэтэлсэн  тууль, ерөөл, ардын  урлаг, уртын дуунаас илэрхий билээ.

 Сүнс мөнх. Бас цогцост  амь эцэслэхэд сүнс далд ертөнцөд эргэж хургадаг скалар цахилгаан соронзон багцрал мөн гэх төсөөлөл өмнөх өгүүлэлд  дурьдсан туршилтын баримтаас тодорхой болж байна. Тэгэхдээ бүр амьдын үйл явдал, эрдэм мэдээллийг хадгалдаг бөгөөд онгод дуудлагаар бууж, түүхэн  үйл явдал, соёл урлагийн мэдээллийг дамжуулдаг[5] байж. Мөнх Тэнгэрийн хүчийг сүнс орноор дамжуулан эзэмдэх увьдас чадал  монгол тулгатан нүүдэлчдэд тохиосон нь суут аугаа туршилтын түүхэн баримтыг  лавшруулж, нотлогоо олох цаг тулж иржээ.  Сүнс бодит оршихуй болохын  шинжлэх ухааны туршилт чингэж батжихуйд  монголчууд үнэхээр дээд тэнгэрийн  билиг  ундрагад хүрээд  нууцаа одоо ч хадагалсаар буй   нүүдэлчдийн билиг эрдэм- Мөнх Тэнгэр, суу залийг цогцлооогоод, аугаа соёл, дэвшлийг бадраасныг мэдэрч баярлах цаг ирнэ гэдэгт итгэнэм.  Хүмүүн газрын  амьдарлын “зовлон”  туулахдаа  хашиж хязгаарлах хууль, шорон гяндан, цэрэг цагдаа  сэдэж хэрэгжүүлээд  улмаар үүн дээр тогтдог төр улс байгуулжээ.  Энэ бол газар гацааны бүтээл юм. Тэнгэрийн сэрэхүйн буюу Мөнх Тэнгэрийн хүчний босоо голч  шугам тойронд Орчлонгийн дээд заяа зарлиг  түшсэн, тэнгэрийн  шудрага, билиг төр байхыг Чингис хаан хүмүүний өмнө нэгэнтээ батлан харуулсан биш үү.    Хүмүүн ч тэр тэнгэрийн билиг заяаг түших тийш  мунгинан мацаж байна.

Газар дахь  сэтгэлгээний баг хүрээнээ, матери анхдагч хэмээх номлолд бүрэн автан  явахад минь дээд тэнгэрээс заяат гэгээнтэн, билиг танхай Ш. Лувсанвандан багштан “томъёоны” гэнэхэн “балчир”байгальчийг тоож, квант физикийн шүтэн гүйцээхүйн зарчмыг орчил нөхцлийн улмаас монгол хэлний авиа сүлэлдэн   хувирах зүйд  хэрэглэх санаагаа хэлж хэд хэдэн удаа  ярилцахдаа молхи надад билиг эрдмийн зул үлдээжээ.  Энэхүү өгүүллийг багштаны мөнх билиг тэнгэрт цацал болгон өргөв.











   Эшлэл

1.      О. Лхагва, Орчлон, Суу заль, Мөнх Тэнгэр. Битпресс ХХК. Улаанбаатар, 2013.

2.      В.И. Вернадский.  Живое вещество и биосфера. М., Наука, 1994,

3.      A. Shopenhauer,  The Emptiness of Existence

https://ebooks.adelaide.edu.au/s/schopenhauer/arthur/essays/chapter4.html

4.      О. Лхагва, Цэгээн шар хүн хэн бэ?,  Монгол судлалын чуулган”, № 6(41), 2009. 221

            сэлбэсэн: Acta Mongolica,  Vol.9(320), 2010, 227-232.

5.       О. Лхагва, Дэм үг, санаа бодол, Монгол товчоон түүхийн тайлал I боть. Дээд тэнгэрүүдээс улаачлан дамжуулсан Аянгат удгүн, Улаанбаатар, 2015.  

No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.