Tuesday, May 15, 2012

О.Лхагва: Монголын билиг эрдэм нь сүнс тэнгэрээс ундрагатай

Cч: Хэдүүхэнтэй та физикийн шу-ны охь үзлийн өндөрлгөөс монголын уламжлалт билиг эрдмийн ундрагыг тандсан сонирхолтой илтгэл тавьсан. Энэ тухай ярилцвал зав цаг байна уу?
ОЛ: Хамгийн ховор бөгөөд үнэтэй нь хүнд цаг, ялангуяа миний насныхны хувьд бүрч чухал л юм даа. Зориод ирсэн байхад завгүй гээд буцаавал урмы нь хугална байх даа.
Сч: Таны илтгэлд квант физик, синергетикийн цогц үзлийг хүмүүний соёл иргэншил, тэгэх тусмаа бүр нүүдэлчдийн Мөнх Тэнгэр эрдэмтэй холбож шинэ санаа дэвшүүлсэн гэж ойлгож байна.Хоорондоо асар зайтай эрдмийн холбоо сүлбээ юунд байна вэ?
О Л: Асуудал үнэхээр алс зайтай нөхцөлд бүрэлдсэн эрдэмд байгаа нь үнэн дээ. Сэдвийг одоо “Монголын билиг эрдмийг квант физик синергетикийн цогц үзлээр гийгүүлэхүй” гэмээр ч юм шиг санагдаж байна. Квант физик бол молекулаас чанад(хумхи) ертөцийн жамыг илэрхийлдэг ухаан. Синергетик(ний үйлдэхүйн) эрдэм нь Орчлонгийн хувьслын язгуур үндсийг хүмүүний гарт саяхан л атгуулж байна. Эл хоёр тулгуур эрдмийн
охь үзлийн өндөрлөгөөс монголын билиг эрдмийн нарийн учиг үзүүрийг гэрэлтүүлэн хайж тодруулахыг хичээсэн ухаантай юм.
Сч: Таны судалгаанаас ямар санаа дүгнэлт тунав?
ОЛ: Нартад байгаль, ахуй, сэрэхүй хийгээд амьдарлын нөхцлөөс эх авч хоёр эрс ялгаатай танихуй, сэтгэлгээ хөгжиж, түүнийгээ дагалдаж бас жаяг тэс өөр төр улс, нийхэм, үйлдэн бүтээхүйн арга барил үүсэн бүрэлджээ. Нэгд, суурин түмэн нь дарж номхотгох хууль цааз, бишрүүлэн сөгдүүлэх шажин, илийг эвдэж, онч сэтгээд эвлүүж бүтээхүйн соёлтой газрын хаант улс бүрэлдүүлж. Энэ бол эдүгэ дэлхий даяар дэлгэрсэн засаглалын угшил гараа юм. Хоёрт, нүүдэлчид нь Орчлонгийн ухаарал, сэрэхүйн ундрага- сүнс тэнгэрт онгод хөглөн хүрээд ил, далдын нууцыг билгээр мэдэрч таних увьдсыг олоод улмаар тэнгэрийн зарлиг доор “тэнгэрийн” нэгэн хүмэн- үндэстэнд нягтарч, шажингүй, шоронгүй их засагт төр улсыг мандуулсан байна.
Сч: Дүгнэлт жинтэй бас жигтэй сонсогдож байна. Үндэслэл нь чухам юунаас эхтэй вэ?
ОЛ: Хашиж ээрсэн асуулт чинь зангилааг онож буудаж байна. Төгс төгөлдөрт нь эрдэмтдийнх нь сэтгэл бүр цадсан өрнийн эрдэм бодис, хоосон хоёроос Орчлон бүрэлдэнэ гэх иш санаанаас ургуулан хөгжүүлсээр цөмийн бөмбөг, интернет бас феодализмыг империализмд хүргэж дэвжүүлсэн аугаа их эрдмийг цогцлуулсан юм. Үнэхээр ч бахадмаар даа. Харамсалтай нь дундад зуунд өрнийн эрдэмтэд монголын нүүдлийн соёлыг хүч ухаан заран байж ултай судлаад: үлдээсэн түүхэн ул мөргүй, онч сэтгэлгээгүй юм тэгэхлээр нүүдэлчид ердөө л “зэрлэг дээрэмчид” байж хэмээх “тулгуур” дүгнэлтэд хүрчээ. Энэхүү “нээлт” нь хожим хар домог гэгдэх болсон аж.
Сч: Тэгвэл та яагаад нүүдэлчдийг тэнгэрийн “нэг хүн”- үндэстэн гэж та дүгнэв?
ОЛ: Жаахан байзнаарай. Өлгөж сэдэх зангилаа руугаа л дөхөж байна. Сонгодог физик нь хумхи(молекулаас чанад) ертөнц рүү нэвтрэхдээ таг мухардаад, зовж балмагдаж байж квант жамын учиг санааг олж атгасан юм. Тэр ертөцөд бүхий л юмс шүтэлцэн ний амьсахуйн заяатай учир дан тусдаа юм огтхон ч үгүй. Бас хувьслыг бодис юмсын өнгөц нийлэх салах мэт төсөөлж байсныг синергетик эрдэм жинхэнэ дээ бүтэц алдарсан хуй, хуйврал уймараа байдлаар өрнөдөг болохыг илрүүллээ.Энэ бол эрдмийн шинэ хөтөч үзэл рүү гарцаагүй хөтөлсөн дэвшил мөн гэдэгт эрдэмтэд итгэж байна.Жинхэнэдээ бол Орчлонгийн ил хийгээд далд(энериги, сүнс-ухаарал сэрэхүй, сэтгэл) оршихуй нь нэг амь сүлбэлдээн байж шүү дээ.
Сч: Өрнийн эрдэм дэх энэ шинэ үзэл нүүдлийн соёлд яагаад нөлөө хамааралтай байх болж байна бэ?
ОЛ: Сонгодог физикийн эх хөтөч үзэл өрөөсгөл байж. Орчлон бол тус тусдаа юмс, хоосноос бүрдэнэ хэмээн тогтож лавширсан сонгодог(классик) хөтөч үзэл нь илд аргамжаатай явцуу үзэл байсан аж. Эндээс л санаа өлгөж авсан юм. Хар домогийг тухайн үедээ гарцаагүй “нээлт” хэмээж байсан. Туурвисны үндэс нь сонгодог эрдмийн хөтөч үзлийн өрөөсгөлийн харгай байж. 
Сч: Тэгвэл Мөнх Тэнгэр үүнд ямар холбоотой юм бэ?
ОЛ: Их талд тэнгэр- газрын хуйварлын өршөөлгүй үйлийг туулахдаа нүүдэлчид бие-сэтгэл- үйлсээрээ түүн лүгээ нэвчин амьсаж эргүүлэгт нийлжээ. Тэгээд сүнс тэнгэрийн ундрагаас зөн шидээр эрдэм өвөрлөж, улмаар билиг эрдэм цогцлуулж. Эл эрдэм бурхан ч үгүй, чөтгөрч үгүй байгалийн жамыг тандаж цэгцрүүлсэн цогц билиг эрдэм бол тэгэхлээр Мөнх Тэнгэр мөнөөс мөн. 
Сч: Таны таамналд нотолгоо байна уу?
ОЛ: Нотолгоог физикийн сүүлийн үеийн нээлтээс л олоод байна. Орчлонгийн бүх юмс алс хол, ойроос хамаарахгүйгээр эгшин зуур мэдээлэл солилцон амьсан сүлэлдэж байдгийг физикт туршилтаар нээсэн юм. Энэ нь синергетик хэлээр шугаман бус долгионууд үршин нийлэх үйлээр бүрэлддэг холограф төрх шинжээс үүдэлтэй. Сүүлийн жилүүдэд физик туршилт Орчлонг тэмтэрч гадагш хаяа оройгүй, дотогшоо оёор ёроолгүй амь ний шинжтэй улам бүр илрүүлсээр байна.
Сч: Холограф гэж юу вэ?
ОЛ: Лазерын хурц найраг цацраг нийлж үршихдээ юмсын гурван хэмжээст бодит юм шиг зураг дүрс босгох шидтэйг физикт нээсэн юм. Зургийн тийм хальсыг хичнээнч хигэж үйрүүлсэн үйрмэг бүр нь өнөөх биеийн бүтэн дүрсийг агуулна. Нобелийн шагналт Д. Бом эндээс өлгөж, аливаа биетийн бөөм бүр нь орчлонгийн бүхий л мэдээ сэлтийг агуулна, тэгэхлээр Орчлон бол их нь багыг, бага нь ихийгээ өвөрлөн орооцолдсон нэгэн амь буюу холограф шинжтэйг зөгнөн таамнал дэвшүүлсэн юм. Үүнээс миний санаанд нүүдэлчид онгодод хүрч, дотоод ертөнц рүүгээ нэвтрэхээрээ ил хийгээд далдын мэдээллийг гүнээсээ тандаж, билиг эрдмийг ундруулах шид чадлыг олсон байж гэж үзсэн юм.
Сч: Зөн билиг нүүдлийн соёлын эх ундрага болсон хэрэг үү?
ОЛ: Зөв. Тиймээс нүүдэлчид сүнс тэнгэрийн ухаарал сэрэхүйн ундрагаас билиг эрдэм, соёл хурааж базаагаад улмаар цогц эрдэм Мөнх Тэнгэрийг цэгцрүүлжээ. 
Сч: Дээр дурьдсан тэнгэрийн нэг хүнд нийлж бүрэлдсэн үндсэн гэдгийг яаж ойлгох вэ?
ОЛ: Нүүдэлчин бүр бие-сэтгэл-амьдралаараа байгаль дэлхийдээ нэвчин нийлж, гагцхүү тэнгэрийн зарлиг( их засаг) дагаж нягтарсан үндэстэн болсон байна. Үүнийг Л. Гумилев үндэстэн дэлбэрэн бүрэлдсэн гэж үзсэн нь зөв билиг тандалт байж дээ. 
Сч: Монголын язгуур урлаг соёлын зарим асуудлын учиг учрыг квант физик, синергетикийн цогц үзлээр тодруулахаар юу хийж байна?
ОЛ: Бид чинь манжийн дараа нь социалист дарамтын эрхшээлд үндэсний уламжлалаасаа хөндийрсөн түүгээрч барахгүй тэнгэрийн сахилгаа гээж харийнших гэм бий болжээ гэмээр. Гээж мартсан өв уламжлал, ёс дэгийг физикийн охь үзлээр гийгүүлж тодруулах нь эрдэмтний хийх нэг чухал ажил байхаа гэж бодсоор явна. Үндэсний соёл, танихуйн уламжлал өв санг квант физик, синергетикийн цогц үзлээр гэрэлтүүлж өчүүхэн ч болов тодруулах сан хэмээсээр... Чухам ямар барьцнаас эхлэх нь битүү л явсаар ирлээ. Саяхнаас ойрд Хөх Нохой овогтынхны (Ж. Нүрзэд) өртөөлж ирсэн Тулуйн хатан Сорхагтаны хэлмэл айлдварыг уншихад үнэхээр монголчууд тэнгэрийн засаглалтай УЛС байгуулсан бас квант физик, синергетикийн цогц үзлээр гийгүүлж тодруулж болмоор өв соёлын улбаа нь багцаалагдаад байх шиг л.....
Сч: Энэ чиглэлд юу базааж байна?
ОЛ: Бодож бясалгаж бага сага санаа товлон хурааж л байна. 
Сч: Та өөр ямар чиглэлд цагаа зориулж байна?
ОЛ: ДНХ- ийг нано голчтой цацраг бөөмийн урсгалаар буудахад физик эвдэрлээр химийн олон ионт нэгдлүүд үүсээд дараагаар нь биохимийн урвал явж, эргээд эс сэргэх бас мөхөх цогц хувирлыг судлах олон улсын програмын хүрээнд ажиллаж байна. Залуус маань шимтэн сонирхоод байхаар толгойлж зүтгэж тусалмаар бодогдоод салж чадахгүй юм.
Сч: Энэхүү дурьдсан судалгааны чинь хэт зорилт юу вэ?
ОЛ: Цацрагаар удмын согого, өмөн үү харшилтай молекулыг “хулхинд” нь буудаж эрүүл эд эсэд нь хор хөнөөл багатай эмчлэх, цөмийн цацрагийн аюулаас хамгаалах, удамшлын өвчинг анагаах арга боловсруулах үйлсийн физик үндсийг тодруулах зорилттой юм. Бас эл суурь судалгааны компьютр тооцоо дүрслэлийн арга ололтыг хэрэглэн байгаль, нийгмийн үзэгдлийн 3D загвар бүтээх чиглэл үр дүнтэй цэгцэрч, залуусын маань урам сэргээд байгаад баяртай явна. 
Сч: Үндэсний билиг эрдмийн уламжлалаа бид ашиглаж болох уу?
ОЛ: Эдүгэ дэлхий даяараа айлсаад үндэсний төрх чанар алдарч байгаа нь хүн төрөлхтний хувьд санаа зовоосон асуудал болоод байна. Ийм нөхцөл тохиохуйд үндэстэн ястан өөр өөрийн язгуур чанар чадавхаа сэргээхийг хичээх боллоо. Тэгэхлээр монголчуудын маань ярих дуртай “тэнгэрлэг” хэмээх бардам итгэлийн чанад дахь шид эрч хүчийг сэргээх нь хойшлуулшгүй зорилт мөн. Тэнгэр эцэг, Этүгэн эх бидэнд билиг эрдмийн чадвар, байгаалаас хайрласан бяр, эрэмхий чадал нүүдэлч угсаатан- ард түмэнд минь хадгалаастай байгаа нь дамжиггүй. Үүнийг дэлхийд аварлагаад байгаа бөхчүүд, нудрагачид, шатарчин, зураач, бүжигч, дууч залуус минь бэлхнээ нотлоод байна. Даяаршихуйн үйлийг бид чухамхүү өөрийн эртний шид чадал, билиг эрдмээ бадруулан, үл няцах үл урван тэрслэх, үл гуйвах чин үнэнч хүмүүнжилуламжлалаар хуяглан угтаж, тэсэн давах цаг тулжээ гэж үзнэм.

Ярилцсан Л. Эрдэнэтуяа

No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.