Энэхүү номонд хумхи ертөнцийн квант жам, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, анагаахуй, нано-био-мэдээллийн технологи, байгаль, нийгмийн үзэгдэл дэх түүний утга учгийг эгэл тайлбарлаж, квант физик, синергетик хийгээд дорнын гүн ухааны охь үзлийн айлсалт, цаашид улам бүр өргөсөн тэлэх хэрэглээг нь тандан товч өгүүлнэ. Эдүгэ айсуй байгаль- нийгэм, үйлдвэрлэлийн хувьсгал, эх дэлхийн хувирлын язгуур үндсийг хөндөж мэдрэхэд эл судар тус болно.
Нэгдэх хэвлэлийн өмнөх үг
XIX зууны эцэс хэрд Ньютоны механик, Максвеллийн цахилгаан соронзоны онол, дулааны сургааль буюу термодинамик, хийн кинетик онол, уян харимхай, агаар хий ба ус шингэний динамик зэрэг физикийн сайн хөгжсөн олон салбар ухаан нийлж классик физикийг бүрэлдүүлжээ. Классик физик нь голдуу өдөр тутмын амьдралын
туршлагад тулгуурласан «хар ухааны» дүгнэлтийн хүрээнээс хол гараагүй байсан боловч уул хүрээнд багтах үзэгдэлд дэс дараалалтай, дотоод бүрэн
утга уялдаатай тайлбарыг өгч байв. Тэр үеийн физикчид классик физикийг бүх
орчлон ертөнцийн зүй тогтоолыг илэрхийлэх төгс ухаан боловсорсон мэтээр үзэн биширч байсан юм.