Шигшмэл. Орчлон нь амь шүтэлцээ бүхий бодист болон чинад билиг
ертөнцөөс бүрэлддэг нь тодорч байна. Орчлонгийн чинад гүнд цэг бүрт нь энергийн гаргууд нягтрал бүхий
билиг оюун шүглэн оршино. Өвөг монголын
билиг эрдэмд эл оршихуйг аливаа юмс,оршихуйн хувь тавиланг хөтлөн
жолооддог Дээд Тэнгэр хэмээн үзэж дээдэлжээ. Квант физикийн үүднээс ч ил юмс, билиг ертөнц хоёр бат амьсан шүтэлцэх заяа туулдаг нь тодорхой
болов. Бодист ертөнцийн юмс, оршихуйн
бүрэлдэх, зуурдын төрөл туулах хийгээд бүрлэхүйн
чинад тавилан заяа нь тийнхүү Дээд
Тэнгэрээс залуурта аж. Хүмэн бол
дээд оюуны шид чадлыг өвөрлөсөн амьтан буюу орчлонгийн амьсан хувьсахуйн оройн дээд билигm цэцэг нь мөн.
Хүмэн тэгэхлээр дээд тэнгэрийн
төлөөний буюу жинхэндээ онгод сүнс
мөн учраас гүн бодол оюуныхаа эрч, төвлөрөл, шийдэл, залбиралаар дээд тэнгэрийн чинад ундрага-
тавилан заяаг хурайлан Мөнх
Тэнгэрийн хүчийг буулгаж алив үйлсийг газарт бүтээх ид чадавхитай. Хүмүүний хөгжил дэвшил бол үүний бат нотолгоо
мөн. Эл үйлсийг Чингис хаан хүмүүний
өмнө нотлон харуулсныг их талын нүүдэлчдийн соёл, сод түүх гэрчилж байна.
Бодист архлаатай шинжлэх ухаанаа, дээд билиг оюун лугаа амьсуулан хөгжүүлэх үйлс бол энэ зуунаас
эхлэн тохиох хүмүүний дээд эрдэм
болно. Чингэхүй дор бодист
суурилсан шинжлэх ухаан нь гайхамшигт технологи ухаанд хувирахын сацуу билиг салаа эрдэм нь дотогшоо гүн рүү няргаж,
гадагш Орчлон тийш орой, хаяагүй тэлж, тэнгэрийн сэрэхүйн эрчээр чинад билиг хийгээд оддын
орон, харь гариг, хар юмс, хар энерги дэх дээд оюун лугаа ний болох шидийг
олно. Дээд Тэнгээрээс тавилан заяаг хурайлснаар байгалийн
үзэгдэл хийгээд нийхэмийн хувьслын(нүүхүйн) жамыг билигээр
жолоодох буюу Мөнх Тэнгрийн
хүчийг хурайлан буулгаж үйлдвэрлэл,
үйлсийг хөтлөх цаг ирнэ. Хүмүүний соёл иргэншлийн Тэнгэрийн эрин
тийнхүү айсуй.
Дээд Тэнгэр ба шинжлэх ухаан
Бодист ертөнц ба билиг тэнгэр. Физикийн өнөөгийн “солиотой”
туршилтууд Орчлон бол чухамдаа
оюунт чинад ертөнц хийгээд бодист буюу атомт ертөнцийн ний амьсан
барилдахуйн цогцос болохыг нотлох тийш дэвшиж байна. Угтаа билиг
оюун ба бодист оршихуйн харьцааны тухай асуудал нь хүмүүний ой ухааныг мөнхөд эзэмдсээр
ирсэн аж. Дэлхий тойронд хүмүүн
чинадын билиг сэрэхүйн төсөөллийг газрын ахуйд буулгаж мэдэрснээр олон шашин, үзэл номлол, ёс дэг, бишрэл
тогтоход хүргэжээ. Тэр бүрт ултай
нотолгоо огтхонч байсангүй. Дээд оюунт
ертөнц бол маны мэдрэхүйн эрхтнээр мэдэрч, хүртэж буй 3D огторгуй болон хугацааны чинадад байх билиг энергит оршихуй
ажээ. Тэрхүү билиг тэнгэрийг эдүгэ цагийн физик ч шууд
хэмжиж илрүүлж чадахгүй. Харин шүтэлцэх үйлээр нь бодист ахуйд учруулсан өөрчлөлтөөр нь л дам илрүүлж
байгаа юм. Хүмүүн бид 3D огторгуй- “агуулах” доторх юмс хийгээд хувьслыг нь
мэдэрч, таних охор заяанд дасч бүр хатуу
аргамжуулжээ. Эл даслаас хөлтөж билиг
сэрэхүйгээс айж эмээх, сөгдөж бишрэх нь олонтой тохиодог байна.
Квант
физикийн “солиотой” үзэл, онол, туршилт нь чухамдаа молекул хийгээд түүнээс
чинагш бодист ертөнц дэх юмс(матер), билиг оюун хоёр салгахын аргагүй эн тэнцүү шүтэлцэн оршдогийг илрүүлсэн юм. Маны танихуй нь бодист
юмс хийгээд хувирал тойронд нь аргамжаатай
байгааг тийнхүү тодоос тод болгов. Тэр “солиотой” үзэл хий үзэгдэл мэт дэлсээр бүр хүний бодол санааг бодист аргамжаатай үзлээс нь ангижруулах хүчид хувирч эхлээд[1] байна. Билиг ертөнцөөс зураглан хүсснээ хурайлан дуудаад газарт үйлс болгон хэрэгжүүлэх Мөнх Тэнгэрийн хүчийг буулгаж байж. Тэгж өвөг дээдсийн билиг шид чадлын шинжлэх ухааны үндсийг
тодруулж байгаа юм. Квант
физикийн тийм торгон туршилт
улам бүр нэмэгдсээр[2] байна. Түүгэрч барахгүй бие цогцсоос
тусдаа, тэгэхдээ ний амьсал заяа, шид бүхий, чинад оршихуй –сүнс байгааг физикчид, эмч нартай
хамтран нотлоод[3] байна.
Амьсан шүтэлцэх үйлээрээ
Орчлонгийн бүхий л юмсын бүрэлдэх, бүрлэхийн зуурдын заяаг хөтөлдөг хоёр их
язгуур оршихуй байна. Нэгдэх нь бодист ертөнц юм. Хоёр
дахь нь өнөөгийн өрнийнхнөөр бол далд ертөнц, хар нүх хийгээд юмс, хар
энерги, дорнын төсөөллөөр бол чинад билиг оюуны энергийн далай бөгөөд энэтхэгт prana, хятадад Qi хэмээн өнөөс
өнөөг хүртэл ярьсаар ирж. Өвөг монгодчууд
сүүлчийнхийг нь Дээд тэнгэр(чинад билиг оюун) гэсэн нь бүхий л юмсын хувь тавиланг залж жолооддог дээд
оюуны эрч хүч[4] гэх мэдрэмжийг өнө
эртнээс мэдэрч эзэгнэн байсан нь бат баримт буюу.
Өнөөгийн физикийн шинжлэх
ухааны туршилт, математик тандалтаас үзвэл чинад
ертөнц буюу Дээд Тэнгэр бол билиг
энергийн далай бололтой[1]. Энэ нь зөвхөн дээшээх тэнгэрт төдийгүй Орчлонгийн бүхий
л цэгт шүглэж, хургасан асар их
нягтрал бүхий билиг эрч хүчний
ундарга энерги хэмээн ухвал зохиму. Энэ санааг бүр найман зууны тэртээ Чингис
хаан: “Дотоод биендээ ерөөсөө тэнгэргүй, тэнгэр хаана байна гээд асуухад
дээр огторгуй руу заадаг Мухамэт эд диний дэргэд би бол бурхан мөн байна” гэж
тодоос тод илэрхийлсэн байх аж [5]. Аливаа бодист юмс тэгэхлээр гүн язгууртаа дээд
тэнгэрт живж, дээд тэнгэрийн билиг далай нь бүхнийг эзэгнэн булхуулж байх
аж.
Амьсахуй. Бодист цогцсын хувирал
байгалийн тулгуур хуулийг дагана. Ил бодист юмс бол угтаа чинад билиг далайн “царцмал” энерги буюу хөвж буй биежил гэмээр. Тэгж
хөрөхдөө төрөл бүрийн хэмжээ, масс- энергийн нягтрал бүхий электрон, протон, нейтрон зэрэг
бодист бөөмсийн заяа түшнэ. Тэдгээр нь шинжлэх ухаанаар нарийн тогтоосон цахилгаан(цэнэг, гүйдэл), соронзон( хойт өмнөт туйл) шинж чанартай. Хоорондоо
массын таталцал, цахилгаан соронзон болон
цөмийн хүчээр харилцан үйлчлэлцэнэ. Тэгснээр цөм, атом, молекул, улмаар бодис үүснэ. Тэгж
бодист ертөнц бүрэлдэнэ. Бодист юмс нь билиг далай лугаа шүтэн барилдаж
амьсахуйн тавилан заяаг туулна. Амьсахуйн заяа бол Орчлонгийн түгээмэл зарчим
ажгуу.
Нийгэм болон зон олон гар
санаа нийлэн найрах, дохио чимээ, хэл зангаагаар ний болох нь дээд Дээд
Тэнгэрийн далд залуур бүхий “үйл,
мэдээллийн” чинад заяаг түшсэний бат
баримт мөн. Хүмэн бол Орчлонгийн
хувьслын дээд цэцэг нь буюу бодист
шүглэсэн дээд тэнгэрийн билиг заяатан мөн. Хүмэн тэгэхлээр Дээд Тэнгэрийн бүрэн эрхт элч
төлөөлөгч аж. Хүмэн газрын мэдээллийг
хүртэж мэдрээд улмаар билиг тэнгэрийн дээжис мэдээлээр “хөрөнгөлж”
эсгэж бадрахуйд ярих, сэтгэн дүрслээд яруу илэрхийлэх, зурах,
аялгуулан бүтээхүйн шид зургийг толгойд бүрэлдүүлнэ. Хүмэнэй Бусад адгууснаас хүмэнэй гоц ялгаа бол сэтгэлийн хурай дуудлагаар хүсэл мөрөөдлөө
тэнгэрийн билиг далайгаас захиалаад,
улмаар газарт бүтээн босгох шидтэйд
оршино. Хүмэн бүрт дээд оюуны билиг шид чадал адил заяасан боловч, харамсалтай нь
газар гацаанд “зовлон” туулах ахуйд аргамжуулж, шуналын бузарт автснаар бараг бултаараа мөнөөх ид шидийг гээжээ.
Амьгүй бодис юмст бол амьсахуйн заяа нь аяндаа үл
салах бүтэц тогтоцын барилдлагаар
илэрнэ. Эл амьсахуйн бүтэц тогтцын жамыг илрүүлээд байгалийн тулгуур хууль
хэмээжээ. Өвөг монголчууд бодисын
бүтэж бүрэлдэхүйн зуурдын жамыг
билиг тандалтаар илрүүлээд “дом” хэмээн хуульчилсан буюу.
Дээд тэнгэрийг төсөөлөхүй. Физикийн шинэхэн
туршилтууд хорвоогийн амьсахуйн заяа нь Орчлон бүхэлдээ оюун ухаант, бүр дээд
оюуныг тээсэн их цогцос юм гэх санаа руу хөтөлсөөр байгааг өмнө дурьдсан. Да Будда багштан:
“орчлонд оюун ухаарлаас өөр юу ч алга” гэсэн байдаг. Хүмэн бол дээд
тэнгэрийн бүрэн эрхт элч мөний хувьд зорилгоо
сэдэж товлохуй дор дээд тэнгэрийн
сэрэхүй лүгээ шүтэлцэн өгдөөгөөд уураг тархинд нь бүтэж бүрэлдэхүйн уянга хөг
заяа “ургана”. “Ургана” гэсэн үгээр Дээд Тэнгэрээс мөнөөх үйлийг бүтээх Мөнх
Тэнгрийн зарлиг буулгасныг зураглан
тодруулж байна. Энэ бол билиг жам аж.
Хүмүүний өнөөгийн аугаа соёл иргэншил
тийм л жамаар бүрэлдсэн аж. Шинжээч, яруу найрагч, хөгжимч , ерөөлч, туульч,
зураач дууч нар бол дээд тэнгэрийн билиг
заяа түшиж гэгээрэлд хүрэх заяа түшиж, дадал олсон цөөн хүмүүс юм.
Харин
өвөг монголчууд бол дээд тэнгэрийн шид эрчийг билиг сэрэхүйгээр мэдэрч
гэгээрэлд булт дийлэнхээрээ хүрсэн цорын ганц ард түмэн гэнэм. Билигт гэгээрэлд
хүрэх сургууль нь тэнгэр, газар, уул,
усаа тахиж оюуны энергийнх нь “хүндийн”(савдаг, лус, шамбал?) төвд ний болж дуудснаар байгаль
дэлхийн жамыг таних, хөтлөх эвийг
олоход сурчээ. Таньснаа хурайлан
Мөнх тэнгэрийн хүчийг буулган хэрэгжүүлэх үйлсийг бадрааж байж. Нүүдлийн соёл, иргэншил бүрэлдүүлж хөгжүүлсний
баттай баримт энэ мөн.
Нэхэн
санамаар зүйл бол дээд тэнгэрийн эрч хүч нь орчлонгийн бүхий л цэгт
шүглэн байх чинад оршихуй юм. Тиймээс дээд тэнгэр амьтай,
амьгүй алив юмсын гүнд ч гадна нь ч огторгуйн бүх цэгт, эгшин бүрт шүглэн бас “амилуулан” амьсгалуулж
байх ажээ. Физикийн өөр нэг тулгуур туршилтаар Орчлонгийн бүх масс- энергийн 96
хувь нь чинад ертөнцөд хамаарахыг
нотолжээ[2]. Та бидний бие цогцсын 96
хувь нь ч мөн чинад ертөнцөд
хамаарах чинад тэнгэрийн сэрэхүйн энерги, эрчийг агуулна.
Скалар энерги, долгио. Гар утсны хэлхээ бүтцэд цахилгаан соронзон долгио энергээ дуу дүрсэд шилжүүлнэ. Үүний
зэргцээ чинад далд ертөнц рүү юүлж ордог “скалар” долгио бас байдгийг ХХ зууны эхэнд физикч Тесла
илрүүлсэн байж. Цагаасаа түрүүлсэн эрдэмтнийг тухайн үед нь хэн ч ухаж
ойшоогоогүй ганцаардаж явжээ. Эдүгээ скалар энерги долгиог илрүүлээд шимтэн
судалж байна.
Гол шид чанар нь скалар долгио чинадын учир бодист хорвоод энергээ алдаж саардаггүй тэгэхлээр дэлхийд
эгшин зуур тархаж хаа сайгүй[1,3] дүүргэнэ. Тэгэх мөртлөө мөнхүү скалар энерги алс далд дахь юмсын мэдээллийг
ч шууд хурааж эргэж ойхдоо авчирнэ. Энэ бол амьсахуйн зарчмаас үүдэлтэй.
Тиймээс хүмүүнд далдыг харах билиг “нүд” болох шидтэй аж. Эдүгэ гагцхүү дам хувирлаар нь илрүүлж
байгаа юм. Бүр гайхалтай нь аливаа юмсын бүтэц дэх амин-дотоод хувьслын
мөн чанар, цагийн заяачийг өөрчлөх шидтэй. Хүмэн хийгээд адгуусын ой санамжийн төрөлх хүрдийг
бусниулах аюултай гэсэн үг. Орон зайд юүлбэл хүчтэй цахилгаан соронзон орон- скалар энерги хураах учир шинэ “бөмбөг”ч
бүтээх болов. Ил дэх цахилгаан соронзон
долгионы скалар язгуур нь далд ертөнцөд
мэдээг тэгж хүргэдэг аж.
Биоскалар долгио. Хүний удмын донж
мэдээллийг хадгалсан молекул ДНХ, нейрон нь биоскалар долгионоор хоорондоо
харилцдагийг бас илрүүлсэн[1] байна. Тэгэхлээр
Орчлонгийн чинадын чинад гүнд алив оршихуйн бүрэлдэх, бүрлэхүйн жам тавилангийн скалар цахилгаан соронзон долгионы холограф буюу билиг тавилангийн орон байж таарах
нь.
Холограф билиг орон хоёр. Физик дэх нэг сод
ололт бол холограм мөн. Аливаа долгио нь далайц энерги бас өнцгөөр
тоологдох хэлбэлзлийн (дугуйны хигээс мэт)фазаар[3] тодорхойлогдно. Ердийн фото зураг бол гэрлийн долгионы далайц энергийн
үйлчлэлээр фото зургийн хальсанд үүссэн ул мөр нь юм. ХХ зууны сүүлийн мөчид олон янзын
фаз- хигээс((дугуйд бол хигээсийн өнцөг) бүхий гэрлийн долгио нийлэхэд үүссэн холограф гэх барзгар ул мөрлөлөөс 3D зураг босгох аргыг нээсэн юм. Зургийн холохальсыг
хэд ч хигж хуваасан мөнөөх 3D дүрс бүрэн бүтнээрээ хадгалаастай
байдаг.
Нэрт
физикч Давид Бом Орчлон бол нүсэр холограф юм гэсэн таамнал дэшүүлсэн юм. Таамнал ёсоор нэг бөөмд ч Орчлонг
сэргээн босгох мэдээ хадгалаастай
байна гэсэн санаа буй. Бомын санааг бодист төрх дагнасан илээс чинадын
чинад долгиолог оршихуй руу өрнүүлбэл хар нүх, хар энергид
шилжинэ. Тэр долгиолог орны холограф нь цэг бүртээ
Орчлонгийн гурван цагт тохиосон, байгаа, тохиох оршихуйн тавилангийн далд(virtual) төөргийн мэдээллийг(Дээд
Тэнгэр!) хадгална.
Тэгэхлээр
чанад скалар долгионы холограф
бол мөнөөх Орчлонгийн түгээмэл зүй жам , дэгийг хурааж нягтруулсан билиг төөргийн далай гэмээр. Тиймээс Орчлон нь бүхий л
төрлийн скалар цахилгаан
соронзон долгионы холограф бүрэлдлийн их санг агуулна. Энэ бол Дээд
Тэнгэрийн тавилан заяаны далай мөн буюу. Тэр оронд Орчлонгийн
бүрэлдэх хувирахуйн дэг тавилан
төөргийг жолоодох далдын заяа хадгалаастай
байна хэмээнэм. Эл скалар холограф орныг өвөг дээдэс маань
билгээр тандан илрүүлээд Дээд Тэнгэр хэмээн оновчтой нэрлэсэн мэт төсөөлнөм.
Хэний
хэн бэ? Бүх юмсыг “бурхан” бүтээжээ гэх номлол бол ил бодист оршихуй, ахуй хугацаан дахь хувирлын тухай
“охор” бодолд сөгдсөн эрт цаг үеийн төсөөллөөс үүдэлтэй. Бурханыг “хүмэнжүүлж” бас тэнгэрт байгаа мэтээр
шүтдэг нь дэлхий даяар түгээмэл. “Бурхан” гагцхүү тэнгэрт заларч байгаа
гэх үзэл их лавширч. Тэгэхээс ч өөр гарц байгаагүй нь тодорхой.
Физикийн
шинжлэх ухааны өнөөгийн өндөрлөгөөс учир шалтгааны учиг үзүүрийн барааг тандах нөхцөл
бүрдэж эхэлж байна. Мөнх хувирах хорвоогийн гүн язгуурт юмсын
бүрэлдэх, зуурд орших, бүрлэхүйн билиг заяаг хөтөлдөг чинад скалар цахилгаан соронзон холограф буюу билиг орон байна гэх санаг өмнө өгүүллээ.
Өвөг дээдсийн билгээр тандаж мэдэрсэн дээд тэнгэр бол үүн лүгээ хамаарах буюу.
Тэнгэрийн зарлиг. Дээд тэнгэр бол шударга ариуны дээд жам тавилангийн сан аж. Байгаль, ертөнцийн түгээмэл жам энэ болой.
Өвөг дээдэс билиг эрдэмд
суралцаж, Тэнгэрийн зарлиг буюу оршихуйн дээд заяач-
Мөнх Тэнгэрийн хүчийг орйн дээдэд залжээ.
Дээд тэнгэрийн зарлиг ёсоор амьтай, амьгүй бүхий л юмс эн тэнцүү
эвийн жамыг сахих жамтай. Хүн гүрний үеэс
их талын нүүдэлчид тэнгэрийг шүтэж,
тэнгэр эцэг, этүгэн эхийн хүү хэмээх үзлээр хүмүүжиж, улмаар тэнгэрийн нэгэн
хүмэнд багцран амьссан нь нүүдлийн соёлыг бадраах ундрага нь байж. Тиймээс ямарч тохиолдолд тэнгэрийн жамаар
амьсан аливаа үйлс хэргийг билиг жолоодлогоор иртэй, уртай, дэмтэй
хэрэгжүүлдэг байж. Тийм билиг жолоодлого
далайн сүрэг загас, жигүүртэнд ил тод харагддаг. Гайхамшигт нууц энэ мөн хэмээнэм.
Өнөөдөр
чинад ертөнц байгаа тэр нь
Орчлонгийн бүрэлдэх, орших, бүрлэхүйн
жамд шийдвэрлэх үүрэгтэйг хүмүүн мэдрэх
болов.
Сүлэлдэхүй. Дээд тэнгэрийн хөтлүүр эрчийг тээсэн болохоор төвлөрсөн
бодол бясалгалаар бодис юмсын төлөв төрхийг өөрчлөх
шид хүмэнд заяасныг дахин дурсъя.
Физикчид туршилтаар,[10] түүнийг нотолжээ. Орчлон нэг амьтай цогцос болохын баталгаа ч энэ мөн. Газар
дахь ахуй, амьдралын догшин нөхцөл тэнгэрийн
сэрэхүйг илт дарангуйлна. Тиймээс хүмэн зөвхөн газрын мэдрэмжид ааглуулсан аж.
Физикчид
эдүгээ бодисын атом, молекул дахь электрон
болон бодисоос үүсэх тусгаар фотоны(гэрлийн бөөм) салангид төлөв төрхийг нэг бүхэл амьсалд
багцруулан зангидах ухааныг олжээ.
Ингэж нэг төлөвт багцруулахыг сүлэлдэхүй(entanglement) гэнэ. Сүлэлдэхүй
ёсоор хумхи оршихуйн
нэг төлөв нь нэгэн зэрэг амьсан багцарсан олон төлөвүүд(тавиланг)-ийн нийлбэр байх тухай квант физикийн тулгуур
зарчимд суурилж байгаа юм. Тэгэхлээр бодисын тухайн төлөв бүр нь
олон олон чинад төрх төлөвийн тавилангийн хувь нийлбэр гэсэн
үг. Тэгж “хүж” барилдсан “бөөмийг” хоёр
хуваагаад алс холд салгасан ч нэгнээс нь анхны бүх мэдээлийг авч болох нь тодров[6].
Ирээдүйд квант сүлэлдүүлэхүй нь хол, ойроос
хамаарахгүйгээр мэдээллийг цахилгаан соронзон долгио хэрэглэлгүй
дамжуулах, алсаас юмсын төрх төлөвийн хувирлыг мэдрэх, жолоодох зэрэг дэвшлийн суурь болно. Хорвоо бүхлээрээ айлсан амьсаж, дээд тэнгэрийн заяа ивээхүй дор хүмүүн Чингис хаан лугаа адил
Мөнх Тэнгэрийн хүчийг хурайлан
дуудах цаг айсуй. Чингэхүй
газарт дээд тэнгэрийн зарлиг хэрэгжиж, бултаар тэнгэрийн шударга үнэнийг эрхэмлэж хэрүүл маргаан, буу
шийдэмгүй амьдрах заяа нүүрлэнэ. Энэ заяаг хүмүүн хэрэгжүүлэх үйлсэд
монголчууд бид өвөг дээдсийн уламжлалаа одоо даруй батлан харуулж, манлайлах
ёстой.
Дээд тэнгэрийн
жам ба хуулиар дэглэх засаг
Нүүдэлчид ба сүнс. Өвөг монголчууд дээдсийнхээ тэнгэрийн сэрэхүйн уг –
сүнстэй харилцдаг байсан нь билиг эрдмийг шууд мэдрэх, билиг
туршлагыг нь эзэмших эх ундрага нь байжээ. Эртний Грекийн
суут гэгээнтэн Платон: “ Хүний сүнс чинад ертөнц рүү буцахдаа
боловсрол, соёлын мэдлэгээс өөр юу ч авдаггүй” гэж хэлсэн байдаг. Платон
өөрөө сүнстэй харилцаж байсны баримт гэж
үзнэм. Өвөг монголчууд дээдсийнхээ онгодын эрдэм, туршлагаас тэгж суралцаж,
зөвлөгөө авч байсанд эргэлзээ үл төрнө.
Билиг эрдэм нь өрнийн
танхимд суулгаж “нүдлүүлж, сонсгож, цээжлүүлдэг”
эрдмээс эрс тэс өөр болох нь тов тодорхой. Нүүдлийн
соёл нь хүмэн зоноо дээд оюунд дарвиулан хүргэж байгаль, хүмүүний түгээмэл жамыг билгээр
мэдрүүлээд, дүрслэлт төсөөлөл
бадрааснаар газар дахь их үйлсийг бүтээх “Мөнх Тэнгэрийн хүч”-ийг хурайлан
буулгах чадлыг олгож байжээ. Үүнийг өвөг монголчуудын газарт
бүтээсэн ул мөр нь үл бүдгэрэх түүхэн баримтаар нотлогдож байгааг хэн бүхэн зөвшөөрнө биз ээ.
Хүмэн бол дээд оюуныг эзэгнэх хувь
заяаны “тэнгэртэй” буюу дээд тэнгэр билиг чадлыг олгоод, газрын ухаан
болон амьдралыг хөтлүүлэхээр илгээсэн элч мөн.
Сүнс бол жинхэнэ хүн нь мөн. Хүмэн
тэгэхлээр ил хийгээд чинад билиг эрчийг амьсуулан сүлэлдүүлж, учир зүйг билгээр мэдрээд
төсөөллөө бүр “дүрслэн” сэтгээд, үг, зураг, хөг аялгуугаар
илэрхийлэх, танин мэдэх шид чадалтан
юм. Тийм хүнийг өнө эртнээс билиг танхай
авьяастан хэмээн хүндэлж байж. Тэнгэр заяа шүглэсэн бүх бодист амьтасын дотроос ганцхан хүнд л дээд оюунт сүнс
заяажээ. Амьсгал хурааж, зүрх
зогсоход сүнс дээд тэнгэрт буцна. Сүнс бол дээд тэнгэрийн зарлиг дагуу хүний
дараагийн төрөлд шилжих шидтэй гэж ярьсаар дийлэнх нь итгэсээр . Энэ
утгаар үзвэл сүнс дагаж оюунт амьдрал
мөнх юм.
Билиг эрдэм,соёл. Орчлон нь ил юмс хийгээд
чинад билиг оюунаас бүрэлддэгийг
бат мэдрээд билиг тавиланг “Дээд Тэнгэр”
хэмээн онч нэрлэсэн нь өвөг дээдсийн эрдэм хичнээн аугаа холч цараатай
байсныг бахадмаар. Билиг соёлын тунамал бүтээл “нууц
товчоо” судартаа[4] үүнийг зарлан тунхагласан нь дээд оюуных нь ид чадлын баттай баримт мөн.
Хүмүүн ба Дээд тэнгэр. Дээд Тэнгэрийн билиг тавиланг хүмүүн бултаараа эдлэх цаг ойртжээ. Зоргоор
дарамтлах хахир дэг ёс нь тэмцлийн дүнд алгуур цэгцэрсээр өнөөгийн хуульт нийхэмд дэвшжээ.
Суурин түмэн зовлон туулах замдаа тэмцлээр бүтээсэн соёл энэ мөн. Мөнөө энэ соёл газар дэлхийг бүхэлд нь
хамарсан байна.
Гэвч
энэ бол Тэнгэр- байгалийн түгээмэл шудрага жам бишийг өнө эрт цагт Сорхагтани хатан онч мэргэн[7] тодорхойлжээ. Тэрээр “ Эргэж нүүх хорвоод суухуйн жам
байхгүй, Нүүхүйн тэнгэргүй хүмүүнүүд, суухаас өөр замгүй... Мөнхийн хөдлөхүйг
нүүхүй гэмой. ...Нүүхүй нь жам суухуй нь зам, Нүүдэл нь оршихуй, суухуй нь
тэсэхүй” гэсэн нь өвөг дээдэс маань тэнгэрийн шудрага ариун
жамаар төр, улсаа бадруулсныг гүн мэдэрч
байсныг яруу зураглажээ. Дээдэс маань суурин иргэд бол дарангуйлалд
тарчилж байгааг ч бат мэдэрсэн байна. Үүнээс өлгөж бодвол Чингисийн(мөн Атилийн) аян дайны чин
зорилго нь хүмүүнийг тэнгэрийн дээд шудрага засагтай болгож, тарчлах үйлээс
ангижируулахыг зорьсонд оршиж байна. Товчхон хэлбэл булт хүмүүнийг дээд
тэнгэрийн заяа түшүүлэх нь тэнгэрийн зарлиг- даалгавар хэмээн эрхэмлэж байж.
Хэдийгээр ардчилал, хүний эрхийн үзэл санааг шигтгэж зассаар байгаа боловч хууьт төр засаг үеэ өнгөрөөж атгахан цэнхэр гариг
маань бүхэлдээ тэсэж давашгүй хямралд автаад байна. Хүчээр түрүү барьж, эд
баялаг илүү эзэмших гэсэн бузар тэмүүлэл нь гагцхүү шуналаас ундрагатай. Хууль
цайзаар хамгаалуулсан хомхой шунал нь эх
дэлхийн унаган төрхийг сүйрүүлж, бас газар
газар буу шийдэм гозолзуулж, дарийн утаа ханхлуулж, хонзогнол, хүн ардыг тачилган зовоох бузар үйл тохиосоор
байна. Энэ бол хүмүүний хуульт засаглал бүхэлдээ дуншиж, мөхөл нь ойртож буйг
ёрлож байна хэмээнэм.
Хүмүүн
хийгээд түмэн байгалийн эрх тэгш ний заяаг эдлэх цорын ганц зам бол
тэнгэр эцэг, этүгэн ээжийгээ ариглан
арчилж, эв ээл, түнжинтэй амьдрах Дээд Тэнгэрийн жамыг сахих ганц зам байна. Өвөг дээдэс маань их талд тэнгэрийн
засаг тогтоогоод зогсоогүй, тэнгэрийн шудрага ариуныг хүмүүн төрөлхтөнд хүргэж
эдлүүлэх чин хүсэл зорилгоор аян дайнд мордож байсныг дахин саная.
Өнөөдөр
монгол түмэн маань үзэл үнэмшлийн эзгүйрч хоосорсон орон зайд өвөг дээдсийнхээ
дээд тэнгэрийн ивээлийг үгүйлж явна. Тиймээс аргагүйн эрхэнд харь шашин мөргөл рүү хальтирч олноороо автах
болов. Монголчууд бидний өнөөгийн
хямрал, уймарлаас гарах гол тулгуур бол өвөг дээдсийн гүн сурвалжит Дээд Тэнгэрийн
заяа номлолд суурилсан, бас өнөөгийн нийхэмийн соёл, дэвшилд нийцсэн ертөнцийг
үзэх үзэл, төр засаглалыг бадраах нь амин чухал зорилт болов. Чингэж чадваас их
эзэнтний хүсэл мөрөөдлийн галыг шинэ нөхцөлд бадрааж, эх орныхоо жинхэнэ эзэн болохоо
батлахын сацуу хүмүүн төрөлхтөнд наран гэрэлт дуурайл болно. Хүмүүний
соёл иргэншлийн Тэнгэрийн жам айсуй!
Ишлэл
[1]. О. Лхагва, Л. Амарболд, Мөнх Тэнгэрийн хүч ба билиг ертөнц,
Эрдэм шинжилгээний бичиг, Лавай18, 21-30,
2017
[2]. О. Лхагва, Тэнгэрийн сэрэхүй
ба билиг төөрөг I, II. Онолын сэтгүүл, 2016, 1(004), х. 83, 92
[4]. О. Лхагва,
Орчлон, Суу заль, Мөнх Тэнгэр. Битпресс ХХК. Улаанбаатар, 2013
[5]. Журанайн Нүрзэд: Номын утгыг тайлах оньсыг
товчилсон хүүрнэл, Сорхагтани Бэкүний,
“Хөх монголыг төрөөр бадраах
хутагтай НЭҮРИТ их засгийн алтан
дээд аялгуу”, х. 99, Монгол улс, 2009
[6]. http://www.sciencemag.org/news/2017/06/china-s-quantum-satellite-achieves-spooky-action-record-dista
[7]. Сорхагтани
Бэкүний, “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай НЭҮРИТ их засгийн алтан дээд аялгуу”, боть I, х. 40, Монгол улс, 2009
No comments:
Post a Comment