Wednesday, September 28, 2016

Мөнх Тэнгэрийн хүч ба билиг ертөнц


Мөнх Тэнгэрийн хүч ба билиг ертөнц

О. Лхагва, Л. Амарболд

All reality exists in the mind the   outer phenomenon, that which appears, is only its outer expression. The visible universe is the reflection of the invisible.

 Plato.

Annotation

It  is  getting   grow   an   opinion that   comprehension of   quantum physics   as fundamental science  for studying material world   is turned out  to be  close to completion and further  it will  contribute  mainly to  promotion of  technological progresses.  Therefore in future new tendency of natural science would probably be  focused  on  exploring  complementary interconnections  of  material and hidden  spiritual  realities of the Universe.  Here instigating  from the recent exotic experimental facts and made-up  estimations,  which are not being interpretable in frame of modern quantum science it is to put forward  some intuitive  thoughts  for explaining  the mentioned problem.

In the paper the problem concerning  genuine root of  proper nomadic science- Munk Tengery  is considered. Newest  progresses in quantum physics and synergy  have confirmed  that   the universe represents   undividable whole as atom.  We are  suggesting that the root of  Munk Tengery  force  is formed   by means of intertwining   human awareness  to the cosmic consciousness  or spiritual field force, empowering capabilities to   resolve  knowing,  creating and evolving all material and  spiritual  realities  in the Universe.   Thus  shaped desires of a person might become  primary  seed leading to adoption of  Munk  Tengery order for starting creation and evolution of realities.    Besides, the question relating nomadic Mongolian progenitors’  proficiencies that are believed to be firmly connected  to souls of dead ancestors and  able to get from them   information and advises on all events  connected to nomad’s fast and future life.

Түлхүүр үг:   Ил  ба далд, хумхи ертөнц, Ил, далд оршихуйн шүтэн барилдахуй, Бие цогцос, сүнс. Байгалийн тулгуур ба Тэнгэрийн сэрэхүйн хүч. Мөнх Тэнгэрийн хүч ба зарлиг.



        Өнө эртнээс  их талын нүүдэлчид далд ундрагатай  соёл, эрдэм бадрааж, удаа дараа эзэнт гүрэн  байгуулсны оньс нь өнөөг хүртэл тайлагдаагүй аж. Өрнийн  онч(rational) шинжлэх ухаан учрыг нь олох гэж судлаад “тулгуур” таамнал дэвшүүлсэн нь  “хар домог”[1] хочтой  болжээ.   Нүүдэлчдийн эрдэм бүр өнөөгийн квант физикийн үзэл, номлолын   цар хүрээний чинад дахь “далд” буюу билиг ундрагаас эхтэй учраас түүнийг  одоо ч мэдэрч чадахгүй байна хэмээнэм.   Энэ бол Орчлонгийн ил хийгээд далд оршихуйн  ний шүтэлцлийн үйлээр цогцлох бодис- бие- сэтгэл- тэнгэрийн (билиг) сэрэхүйн  зүй тогтлын тулгуур судалгаа [2,3] руу хүмүүний танихуйг хурайлан дуудсаар буй байгаль, нийгмийн ухааны зангилаа асуудал мөн.


            Эдүгэ цагийн физикийн үзэл, онолын хүрээ хилийг давсан,  тайлал утга нь   олдохгүй “сондгой ёр” туршилт мэр сэр  тавигдах боллоо. Энэ нь ягшмал хуульд архлаатай “сонгодог” физикчдийн  ой тойнд ер буухгүй байсан ХIX, XX  зууны зааг дахь  сондгой туршилтын  “жиг  жоготой” баримт сэлтийг[2,AI.7, 8; AII.2; 4] даруй санагдуулна.  Тэр үед мөнөөх баримтаар цухуйсан  учгаас  үүтгэн бүр  сонгодог физикийн үзлийн хөрснөөс  ангалаг даван зоригтой  үсэрч, “онгон” квант ертөнцөд рүү “нэвтэрсэн”  түүхтэй. Тэр ертөнц нь гоц өвөрмөц квант хууль жамтай  болохыг тотоосон юм. Квант жамыг нэн товч томъёолбол  атом нь   хэвийн төлөвтөө бол  хэрхэвч үл салах  нэгэн цул амь цогцос   бөгөөд  зүй тогтлыг нь сонгодог эрдмийн хүрээнд илэрхийлэх найдвар огтхонч үгүй. Харин эвдэлж буталбал электрон, протон, туяа гэх мэтийг цацруулна. ХХ зуунд тусгаар атом, молекулыг судалж “гаршуулаад” эдүгэ хооронд нь холбож хэлхээд дэлхий ээжид заяагаагүй шинэ төрөл  бодис үүсгэх арга- нанотехнологи[5] хөгжиж байна.

            Физикийн шинэхэн туршилтуудаас сэдэж,  Орчлон бүхэлдээ үл салах нэгэн амь  бөгөөд язгуурт нь тэнгэрийн сэрэхүй(cosmic consciousness) буюу аливаа хувьсал, бүтээх, бүрлэхүйн заяаг хөтөлдөг ухаарлын(бурханлаг?!) хүч байна гэх санаа руу чиглэсээр яваагаа энд цэгцлэв. Квант физик, синергетикийн үзэл санаанд  суурилуулан, дурьдсан жиг туршилтын баримтын  учиг дагуулан няргаж судалснаар  тайлал нь олдоогүй   нүүдэлчдийн амин эрдэм-Мөнх Тэнгэрийн унги үндсийг тэмтрэх зорилтыг өвөрлөн  олон жил мэтгэж[2]  явна. Өгсүүр бартаа, будант зам дахь  хайлтын дүнг шөвгийн нэгэн төвшин рүү дөхүүлснээ толилуулж байна. Өгүүллийн  I зүйлд  Орчлон, хумхи ертөнцийн салбарт үйлдсэн “жиг” туршилтын баримтаас товч дурьдана. Хоёрдугаар зүйлд эсийн барилдахуйн мэдээллийн тухай ярилцана. Гуравдугаар зүйлд скалар долгио, сүнсний[3] тухай өгүүлнэ. Дөрөвдүгээр зүйлд Тэнгэрийн сэрэхүйн орон болон хүчний тухай шинэ таамнал[3] дэвшүүлнэ. Тавдугаар зүйлд Мөнх Тэнгэрийн хүчний яязгуур үндсийг бэдэрсэн санаа таамналыг  өгүүлнэ

I.                   Сондгой ёр  туршилтууд: Орчлон, хумхи ертөнц

 Өнөөгийн сондгой ёр туршилтуудын баримтыг төнхөөд байхад ил бодист юмс, далд билиг сэрэхүйн ний оршихуй нь их Орчлонгийн  бүрэлдэх, бүрлэхүйн тавилан заяа буюу “бурханлаг” жамыг л хурайлан хөтөлдөг мэт бодол төрүүлээд байх юм. Тиймээс шинэ үзэл санааны хөврөл рүү хүргэдэг тулгуур- ёр туршилт, түүнээс үрслүүлсэн сэдэл санааг зон олныхоо сонорт хүргэхийг молхи байгальч бээр зориглов.

Орчлон  нэгэн амь  багцрал. Францын А. Аспектийн  эрдмийн гал бодис, юмс  дахь нэг бөөмд нь  үйлчилж хөндөхөд  холбогдох мэдээлэл нь  Орчлонгийн нөгөө хязгаарт буй ижил бөөмст эгшин зуур  хүрдгийг нотолжээ[6].   Орчлон  нэгэн амьд  багцармал  заяатайг энэ туршилт  нотлов. Тэгэхлээр юмс, хүн, амьтсын бие цогцос бол тус тусдаа битүү “тусгаар” юмс огтхон ч бус аж.  Орчлон нэл  ний оршихуй мөнийг  туршилт тэгж тодруулав.  Тусгаар юмс байгаа гэх нь  унги  чанараас нь хэт хийрсэн  “ухар” бодол санаан дахь хий томъёолол л аж.

Зууны гэгдэх эл туршилт харьцангуйн ерөнхий онолын тулгуур багана- гэрлийн хурд тогмол бөгөөд хурдын дээд хязгаар гэдэг тунхаглалыг эрс зөрчив. Орчлонд үйлчлэлийн хурд төгсгөлгүй болохыг тодруулснаар бүх юм тугаар салангад байж үзэгдэх нь далд “шидийг” нь   мэдрэхгүй байгаагаас үүдсэн андуу төсөөлөл аж. Өлгөж цэгнэвэл, Орчлон бол яавч үл салах нэгэн амь цогцос мөнийг баталж  байна.  Нүүдэлчид задгай тэнгэрийн дор  эн захад  нь үл хүрэм   их талд ертөнцийн ил хийгээд далдын догшин хувиралтыг тэсэн туулж амьдрахдаа илийг хүртэхүйдээ тусгаж, далдыг билиг сэрэхүйгээрээ мэдрэх увидас чадлыг олсон байж.   Нүүдэлчид билиг эрдмийн хөврөлд чухамдаа тэгж бүр бултаараа хүрсэн байна. Нүүдэлчний амин эрдэм-Мөнх тэнгэр ч тэр билиг хөвөрлөөс хүмүүний ой ухаанд эсэж дэврээд улмаар далд соёл хөгжүүлээд, эзэнт гүрэн бадраахад хүргэсэн байна.  Хүмэнэй уураг тархи, эс, ДНХ бол Тэнгэрийн сэрэхүйн жолоодлогоор тасралтгүй хувирч, төгөлдөржихийн сацуу Орчлонгийн билиг ертөнц дэх өнө, өнөө, ирээдүй  цагийн мэдээллийг шууд мэдрэх дээд увидас бүхий танихуйн төгс бүтэц- хэрэглүүр юм.  Байгалийн үйл учрал тохиосон болон хүмэнэй хүсэл залбирал дагуу тэнгэрийн сэрэхүйн орны зарлиг шийтгүүлснээр аливааг бүтээх, бүрэлгэх  төөрөг хүчийг бүрэлдүүлж болох мэт.

Холограф ба Орчлон.  Хаанаас нь ч харсан юмсын бүтэн биежил (3 хэмжээст)  дүр зургийг босгодог квант  долгиолог зүйд суурилсан арга олоод төхөөргийг нь ч физикчид[7, 2.AIII.7,8.] хэдийнэ бүтээжээ.  Дүрс буулгасан хальсыг нь хичнээн ч буталж хигсэн  мөнөөх бодит дүрс үүрмэг бүрт нь бүрэн хадгалаатай байдаг. Квант физикийн  энэ “ад” нээлтийг холограф гэнэ. Физикч Д. Бом, эл  хийгээд А. Аспектийн туршилтын баримт,  синергетикийн  онолын дүгнэлтээр төлжүүүлээд аливаа  бодисын  өчүүхэн хэлтэрхий(электрон, протон гм) бүр нь  Орчлонгийн  бүрэн мэдээлэл  агуулна хэмээн зөгнөжээ. Цаашлаад Орчлон нэг амь багцрал юм бол  бүхлээрээ аугаа холограф[7] бүтэцтэй гэж  таамнал дэвшүүлсэн байна. Тэгэхлээр нэг бөөмд ч Орчлонг бүтнээр нь босгох мэдээлэл бүрэн байх  юм.

            Нейрофизиологч К. Прибрам ч уураг тархины мэдээллийн бүтэц нь холограф төрхтэйг туршилтаар [8]  нотлов. Тэрээр сэрэхүй(consciousness) бол Орчлонгийн багцарлын холограф бүтцэд хадгалаатай мэдээллээс  үүдэлтэй гэх санаа дэвшүүлжээ. Тэгэхлээр маний уураг тархи, эд эс бүрийн дотоод  дахь бүхий л цэгт Орчлонгийн холограф орон  няргаж шүглэсэн байх юм. Орчлонгийн холограф  бол мөнөөх “хар юм” л байх нь гарцаагүй.  Ухаант хүмэн тэр билиг буюу “ухаалаг” далай лугаа  ний болохуйд гурван цагийн мэдээлийн далайгаас “ундаалах” заяаг түшдэг хэмээх санааг өмнө дурссныг саная.

      Холограф бол эдүгэ эрдмийн шинэ хөтөч үзэл(paradigm) бүрэлдүүлэх болов.  Орчлонгийн  нэгэн амь багцрал дахь аливаа  үйл, хувирлыг Тэнгэрийн сэрэхүйн(cosmic consciousness) жолоодлогоор өрнөдөг хэмээх хөтөч үзлээс үүтгэн шинжих шаардлагатай болов.  Орчлонг тэгэхлээр, их билиг- холограф далайд өрнөх суу зал(synergy)-ийн үйл- хуйлрал хувьслаар бүхний зуурдын заяаг хөтөлдөг  аугаа их уураг тархи мэтээр үзэх санааг ч дэвшүүлдэг  болов.

Бодлоор хувирлыг хөтлөхүй. Бодол бөөмсийн туулах  замыг өөрчилж байгааг туршилтаар[9,10]  нотлов. Тавилан жам  бол  урьдаас бэлэн зураг төөрөг огтхон ч бус болохыг туршилт харуулав. Ил хийгээд далд оршихуйн  шүтэлцээ харьцахуйн жамаар  аливаа  юмс зуурдын  төрх төлөв “шууд” олж бүрэлдэх заяатайг  энэ туршилт  батлав. Хүний  хүсэл бодол хумхи оршихуйн  хувьд дүлий дүмбэ  ч  ер  биш аж. Харин хүн хүсэл залбирлаар юмс хувьслын тэнгэрийн хөтлүүр хөврөл үүсгэж, гарц  бүтээл- бүрэлдэх,  бүрлэхүйн “зарлиг” шийтгүүлэх шидтэйг эл туршилт илрүүлэв гэвэл зохилтой.  Цаашилбал, хүмэн хүсэл зорилгоо тэнгэрийн сэрэхүйн(cosmic consciousness) хүчний оронд  хүргэн дуулгаж дарвиулбал(резонанс)   илийн чинад  лугаа  найраад хүсэл биелэх шидийг үүсгэдэг мэт байна. Тэгвэл  үлгэр, домогт өгүүлдэг  шид хүчийг ч хүмүүн эзэмдэж байсныг яахин үгүйсгэнэм билээ дээ.  Бас  хүмэн өөрөө газрын аминч ахуй- сэтгэлээс салж, билиг эрч хүч  лүгээ нийлэхүйд хүсэл, зорилгоо хэрэгжүүлэх зарлиг шийтгүүлэх шидийг олж болохыг  физик туршилт ийнхүү сануулж байна. Тэр шид залуур хүчийг хайх нь бас л тулгуур асуудал мөн.

Санаанд үл багтах цэгнэлт. Физикчид бас нэг чухал цэгнэлт хийжээ. Орчлонгийн оршихуйн 96 хувийг[11] эзэлж буй  хар юм,  хар энерги буюу билиг далайн энергийг  үнэлсэн байна. Хар гэсний учир нь ямарч төсөөлөлгүй, мэдэхгүй  байгааг илэрхийлж байгаа хэрэг.



Өгүүлснийг цэгнэхүйе, бидний цогцос аливаа юмс бүгд л чинаддаа далд билиг ертөнц- Мөнх Тэнгэрийг тээж явах аж. Амигүй  юмсаас дээд оюун ухаант хүмүүнийг хүртэл  хувьсал эгэлээс дээд оюун ухааныг хүртэл  өрнөсөн гэдэгтэй  хэн бүхэнд санал нийлнэ бизээ. Энэ бол Орчлонгийн хувьсалын дэгжсэн жам.   Бодол санааг бид битүү мэдэрч мэддэггүй  лүгээ адил Орчлонгийн хувьсал дээд төвшиндөө мэдэрхүйн эрхтэнд үл өртөх тэнгэрийн сүнслэг ухаарлыг ч хүртэл урлан бүтээсэн байж таарах нээ.

Мөнх Тэнгэр эрдмийн хувьсахуйн  “Их   суу заль”  номлол болон синергетикийн үзэл  ёсоор  хувьсал бүхнийг хамгийн эгэлээс нь дээд төгөлдөр рүү тэгж өгсүүлэн бүтээж, мэдээллийг хурааж, төгөдөржүүлж, арвижуулдаг жамтай. Орчлонгийн хувьсал  дээд ноён оргилдооо Дээд Тэнгрийн заяа (мөнхийн сүнс, eternal heaven, вечный дух) - ариун билигийг  цэцэглүүлэн бүтээсэн гэх санаа руу туршилтын баримт ийнхүү хөтөлж байна. Товчхондоо оюун ухаант хүмэн та бид Орчлонгийн оройн дээд цэцэг “одон” ажээ.

Квант үнэлгээ.  Тодорхойгүйн харьцаа бол  квант физик дэх  нэг гол тулгуур нь  мөн. Эл харьцаа бол тусгаар бодист биеийг мөр мөшгөн тодорхойлдог Ньютоны (determinist) зарчмаас хэрхэвч үл салах амьсал заяатай багцралыг(wholeness)  илэрхийлэх квант жам руу шилжихэд хэрэглэсэн үнэлгээний  ойролцоо томъёо юм Зураг 1.


                                     Зураг 1. Бөөмийн импульс, координатын   болон энерги, хугацааны завсар дахь(хэмжилтийн алдааны) утгын харгалзсан  үржвэр нь   h   утгаас их буюу тэнцүү байж гэмээж нь мөнөөх систем квант жамаар оршин тогтноно. Квант ертөнцөд  бөөм бүр ширхэглэг болон  долгиолог төрхийн нэгдэл мөн. Бөөмийн импульс,  долгионы  долгионы урт хоёрын шүтэлцлийг  сүүлчийн томъёогоор илэрхийлнэ. Планкийн гэж нэрлэдэг, квант жам хэрэгжихүйн  билэг тэмдэг- тогтмол h = 6.626 070 040 x 10-34 Жоуль* секунд. 



 Тодорхойгүйн харьцаа нь орчлонгийн аливаа юмс оршихуй нь бөөмлөг, долгиолог төрхийн шүтэлцэхүйн жамтайг илэрхийлнэ.   Тодорхойгүйн харьцаанд тулгуурлан Нобелийн шагналт Р. Фейнман нэг хоосон  сияа аяганд дэлхийн далайг буцалгахад хүрэлцэх энерги байгааг үнэлсэн байдаг[2.AIII].  Энэ бол мөнөөх билиг хар далайн  энерги мөн нь дамжиггүй.   Үнэлгээнд  10-35 метр зайн чинад руу бөөмлөг төрх алдарч, хумхи хар нүх(black whole) лүгээ хувирна гэж үзсэн байна.   Орчлонгийн  “хар” юмсын  далай  тийнхүү яндашгүй энергийн ундрага аж.  Сая тэмдэглэснийг  сөрж бодохул ширхэглэг чанарын чинадад долгиолог төрх дагнаж таарах аж. Тиймээс   хар нүхэнд  долгиолог  төрхөөс үүсдэг холограф зүй тогтол ноёлох болно. Орчлонд гурван цагийн турш өрнөсөн үйлийн  мэдээлэл мөнөөх холограф   “далайд” үелэн давхарлаж шингэсэн[2.AIII.7] байх нээ. Дашрамд дурахад. их говийн хэрмэн цавын элсэн суваргын үе давхаргууд нь галав галавын хувирлын номын сан мэт сэтгэгдэл төрүүлж байж билээ. Хумхи хар оронд хувьслаар төрөл арилжих  хугацаа    секундэд явна. Энэ бол  хувьсал бүрэн үелэх Планкийн гэгдэх жишиг хугацаа юм.  Энерги- мэдээллийн тэрхүү холограф далайд бодист ил хийгээд тэнгэрийн сэрэхүйн хүчний хооронд мэдээллийн  шүтэлцэл  секундэд төгс  шийдвэрт хүргэнэ. Чанадын чанад  билиг ертөнцөд Орчлонгийн  ухаарал сэрэхүйн жолоог хөтлөх ид шид тэгж заяасан мэт. Синергетикийн үүднээс үзэхэд Орчлонгийн холограф фрактал[2.AII.6-8] шинжтэй. Өөрөөр  хэлбэл их нь багыгаа бага нь ихийгээ  өвөрлөсөн холограф бүтэц болно. Тэгвэл бодис юмс, ялангуяа Орчлонгийн холографийн өчүүхэн хигээс нь болох хүмэн  Орчлонгийн ухаарал сэрэхүйн чадлыг нь бүрэн өвөрлөнө. Тэгвэл хүмэн бол дээд тэнгэрийн заяаг эзэгнэн бүрэлдсэн Орчлонгийн хувьслын оройн цэцэг нь юм.  Харин бие цогцсын бөөм бүр Орчлонгийн бүрэн  мэдээллийг хадгална.

Хурдсан тэлж байна.   2011 онд астрофизикчид  Орчлон хурдсан тэлж байгааг   нотолсон туршилтаар[12]  Нобелийн шан хүртэв.  Бодист үзэлд суурилуулан босгосон харьцангуйн ерөнхий онол ёсоор бол, их дэлбэрэлтээс инагш тэлж буй  Орчлон  таталцын  (gravitational) хүчний үйлчлэлээр     массыг яваандаа эргээд хумиж хураах номтой.  Эрин цагийн физикийн үзэл, онолын хүрээнд хурдсан тэлэхийн  учрыг  тайлж  чадахгүй. Одоохондоо шинжлэх ухааны царааг давсан асуудал мөн. Өмнө өгүүлснийг болгоовол,  Орчлонгийн нэгэн амь багцарлын хувьслын оргил нь  Тэнгэрийн сэрэхүй юм бол  хурдсан  тэлэлт юм бол  тэр тэлэлт гагцхүү дээд тэнгэрийн “шугаман бус геометр” буюу орны  шийдвэр “зарлигаар” бүтэж буй шид үйлс баймаар.  Магадгүй нүүдэлч өвөг дээдсийн шүтэж харьцсаар ирсэн Мөнх Тэнгэрийн хүч бол их суу залийн номлолд тийм хувирлыг  залуурдах шид буюу  хувьслыг хөтлөх зарлиг шийтгэдэг билиг хүчийг битүү мэдэрсэн  байж таарах юм.  Хүмэнэй оюун санаа бол гадны мэдээллийг аваад аяндаа дотроосоо эсэж дэврэхийн жишээг тэгж санагдуулнам. Хүмүүний танин мэдэхүйн мөн нэг тулгуур асуудал энэ болой.

Улаач- скалар долгио.   Амьдралын бараг алхам бүрт цахилгаан сорнзон долгио нэвтэрчээ. Тархах чиглэлдээ хөндлөн Е болон Н векторын шүтэлцэн хувирах долгио гэж үзсээр ирэв.  Хоёр цахилгаан соронзон долгионы гүвгэр, хотгор нь эсрэг таарахад усталцаж юу ч үгүй болно хэмээн төсөөлсөөр ирэв. Гэтэл дурьдсан хөндлөн долгио усталцахад  үлдээд  цааш орон зай руу  ер бус энерги “юүлж”, тэгэхдээ бүр далд ертөнц рүү  шингэдэг тууш догио байсныг саявтархан зөвшөөрөв.  Сербийн инжинер Никола Тесла [13] өнгөрсөн зууны эхний мөчид илрүүлснийг хэрэгсээгүй  аж.     Түүнийг скалар  долгио гэж ч хэлдэг юм.

Скалар долгио бол тэгэхлээр  маний ертөцөд илээр үгүй  авч гайхам шид чанартай долгиолог энерги мөн.  Тэр шидийг нь шинжлэх ухаан мэр сэр илрүүлж, эрдэмтэд шүүн ярилцаж байна. Огторгуй дотор гүйж тарахгүй, зогсонги учраас скалар нэртэй болж. Огторгуйн цэг бүрт цахилгаан соронзон потенциал энерги эгшин зуур бүрэлдүүлнэ. Эгэлээр  зүйрлэвэл савыг( орон зай)  урсгал нь хугацааны туршид үелзэн хувирах төрөл төрлийн шингэнээр дүүргэх лүгээ  төсөөтэй гэвэл ойролцоо очмоор юм шиг.  Шингэнийг тоо хэмжээгээр нь тодорхойлно.  Саван дахь шингэн нь огторгуйд тарж урсах вектор хэмжигдэхүүн бус савын хэмжээгээр шуудхан үелэн тархаж тогтноно. Скалар  энерги бол  цахилгаан соронзон долгио хүчтэй далд эрчрэл үйлчлэлээр өөр төрөл олж  үүсээд “огторгуй савыг” дүүргэсэн, гурван цагийн(хугацааны туршид үелсэн) мэдээлэл энергийн( холограф-долгилог) “тунамал” хэмээн  төсөөлж болмоор аж. Мөнх Тэнгэр эрдмийн туршилтын суурь нь болдог  бөө улаач нарын онгод үйлийг    ил ба далд ертөнцийн хооронд мэдээлэл дамжуулж харилцахдаа  скалар долгио цацруулж  бас хүлээн авдаг байж таарах л болов уу.   

Шид чанар нь. Скалар  долгио оронзай- биетийг дүүргэсэн бол  цэг бүрт нь шүглэж байршина.   Аливаа юмс, оршихуйд эд эс бүр  нь  скалар долгионы  хугацааных нь “дарамтад” өөрийн эрхгүй өртөх үйл тохионо.  Мөнөөх юмсын дотоод  амин хувирлын  хурдыг нь өөрчлөх шид хүч үйлчилнэ. Тэгэхлээр юмсын хугацааны амь жамыг хувиргах, тухайлбал, ухаан санаа, сэтгэлийн албадмал болон санамсаргүй хөдлөл, таталцлын орны  хугацааны дэг горим, биеийн масс, инерцэт чанарт ч нөлөөлөх болно. Скалар долгиог газрын гүнд “юүлбэл” цөмийг нь хайлуулж,  цахилгаан соронзон долгионд хувиргаж болох юм. Ямар  орчин байхаас хамаарахгүйгээр   цаг цагийн мэдээллийг  үелэн давхарлуулж “долгилог” тунамал- холограф орон  үүсгэдэг гэж үзэхэд хүргэж байна.  Скалар энерги газар дэлхий, тэнгис далай, Орчлонг ч  эгшин зуур  сааралтгүй дүүргэн дэлгэрээд, мэдээлийг  хоёр талд дайж хүргэх шидтэй. Далдыг харах боломж олгоно. Үүнээс өлгөвөл, дэлхий тойронд үүсэх скалар долгио болон скалар гэрэл хүний ухаан санаанд нөлөөлнө.  Хүнээс цацрах скалар долгио нь  санаа бодлыг нь  байгалийн үзэгдлийг залахад нөлөөлж болох юм байна. Өмнө дурьдсан туршилтын дүнг үүнийг нотлож байна.

II.                 Эсийн барилдахуйн мэдээлэл

 Эсийн мэдээлэл.  Хүний цусны цагаан цогцсоос ялгасан ДНХ-ийг  нэг өрөөнд, эзнийг нь хол зайд байлгаад туршилт үйлджээ.  Туршилтын  явцад  нөгөө хүнд ший  үзүүлж, сэтгэлийг нь догдлуулахад үүссэн цахилгаан соронзон долгионы эрчмийн ихсэж, буурсан хувирал мөнөөх дээжийн цацруулсан мэдээлэл хоёр цаг хугацааны хувьд яг давхцсан[14] байна. Дээжийг хичнээн ч алсад байрлуулсан үр дүн нь адилхан,  хугацааны өчүүхэн ч шилжилт гараагүй байна.  Шинжээч Г. Бредэний  өгүүлснээр бол амьд эс өөр хоорондоо эдүгэ хүртэл танигдаагүй энергийн үл саарах орноор мэдээлэл дамжуулан харилцдаг аж. Тэр энерги орон зай, хугацаа, орчинд өртөж хувирдаггүй, орон зайд хаа сайгүй  орогнох  боловч   эвлэрэн багцарч амьсах шидтэй аж. Үйлчлэл нь орон зайг  бүхэлд нь хамарсан  хомрого дэнс(non-local) төрхтэй  аж.

Хүмэнэй цацруулж, шингээж  буй скалар гэрэл нь ердийн гэрлээс эрс өөр амьд ертөнцийн хувьсахуйн шинж мэдээллийг хадгалах үйл заяанд зохицон бүрэлдсэн, шинэ төрх- биогэрлэн тун буюу биофотон  юм гэж үзэж байна. Биофотон ердийн фотоноос  илүү цогц “амилаг” мэдээлэл хадгалдаг бөгөөд далд билиг ертөнц рүү хургах буюу бас тэндээс цацарч ил юмст шингэх аж.  Чингэхүй ил хийгээд далд ертөнц биоскалар долгионоор шүтэн барилдах заяатай аж. Олон янз давтамж нь дотоод нарийн бүтэцэд дүйж, бас  хувирлын олон хэмжээст огторгуйн үелсэн задгай “мушгиа” эрчист  харгалзах заяатай гэвэл зохиму. Цогцостоо  төдийгүй,  орчинтой хаа  сайгүй мэдээлэл солилцож  торгон тохироот шйдвэр гаргах үйлийг жолоодоход ДНХ-ийн   биофотонт цахилгаан  соронзон орны мэдээлэл өртөөлөх үйл онцгой үүрэгтэй буюу. Мэргэн увидаст хүний эс, нейрон  билиг биофотоноор бусад хүний биед нөлөөлдөг бололтой.

 Генийн донж.  ДНХ-ийн  дээжийг нэг саванд хийгээд нөгөөд нь цэвэр  ус[15] хийжээ. Тэгээд мөнөөх хоёр  дээжийг сулхан цахилгаан соронзон долгио цацруулж буй зэс ороомог дотор байрлуулан гадны долгионы нөлөөнөөс хамгаалжээ.   Хэдэн цагийн дараа    ДНХ-ийн ямар нэгэн ул мөр шинээр үүснийг тодруулахаар дээжист  ензим нэмж биохимийн гинжин урвал явах нөхцөл бүрдүүлжээ.  Тэгтэл гайхалтай нь хоёр саванд хоёуланд нь  ДНХ-ийн бүтэц илэрч. Угтаа нэгэнд нь цэвэр ус байсан шүү дээ. Туршилтыг үйлдсэн Монтагниэр ДНХ нь өвөрмөц цахилгаан соронзон  долгио цацруулж усны  молекулд ДНХ молекул бүрэлдүүлэх донж(code) мэдээлэл  хадгалуулсан байна гэж үзжээ. Дээр өгүүлснийг санавал, усны молекулч гадны мэдээллийг хүлээн авч хадгалаад, нөхцөл тохиоход Тэнгэрийн сэрэхүйн зарлиг шийтгүүлж, улмаар шинийг бүтээхэд үйлийг өртөөлдөг шидтэй мэт байна.  Туршилтын  баримтаас өлгөвөл, ДНХ нь бас алс зайд  өөрийгөө төлжүүлэн хувилах генийн донж жорыг өөр эс рүү  дамжуулдаг  байна. Генийн донж бол удамшлыг газарт шууд жолоодох  бэлэн жор дүрэм  төдийхөн бус харин тухайн биологи бүтцийг шинээр бүрэлдүүлэх  тэнгэрийн сэрэхүйн түгээмэл (далд) билиг орны зарлигийг “тухай бүрд” нь   шийтгэж, нөхцөл тохиоход  бүтээж эхэлдэг гэмээр л байна. Тэгэхлээр Орчлон- ухаант тархи хаа нэгэнтэй үүссэн бодисын  бүтэц, удамшил хийгээд ухаарал, сэрэхүйн   мэдээллийг газар дэлхий дээр төдийгүй, нөхцөл тохиосон тэнгэрийн алс холын  эрхэст   хол ойроос хамаарахгүйгээр шууд бүрэлдүүлэх зарлиг гаргах шид хүчтэй байж болох нээ

 Эс ба соронзон скалар долгио. Эрдэмтэн Мэйлийн судалгаа квант физик,  эсийн биологийн заагт  эрдмийн шинэ мэдээ[16] илрүүлэв.   Эсийн ДНХ нь “соронзон скалар долгио” цацруулдаг болохыг илрүүсэн байна.  ДНХ-ийн цацруулж шингээдэг соронзон  скалар долгио бол эс  хооронд болон хүрээлэн буй орчин мөн бусад хүний ДНХ лүгээ зайнаас резонанслаж(найран дарвиж) мэдээлэл  солилцдог болохыг [17] эл туршилт илрүүлжээ.

 Хүмэнэй бие багцаагаар 50 тэрбум  эстэй  бөгөөд зэрэгцүүлэн байрлуулбал дэлхийгээс нар хүртлэх зайнаас 400 дахин их болно гэсэн мэдээлэл ч бий.  Өмнө дурьдсан туршилтуудаар илрээд буй эсийн “билиг” чадварыг бодолцвол хүмэнэй бие цогцос нь дотоод ертөнц төдийгүй гадаад Орчлонгийн тоо томшгүй физик, биологи хувиралтай шүтэлцэн үйлчлэлцдэг аж. Туршилтын баримтаас үзэхүл, ДНХ-ийн биоцахилгаан, соронзон орон бол аргын ухаанд ор үгүй чинад биофотон, скалар долгионоор дамждаг  болж таараад байна.  Эцэст түрүүлж хэлэхэд биоскалар долгионоор дээд оюун ухаант хүмэн, амьтан  харилцдаг байна. Бодисын цацруулж, шингээдэг  скалар долгионоос бүр ч  эрс ялгаатай. Биоцахилгаан соронзон скалар долгио(орон) нь  маний  ил ертөнцийн чинадад  төрөл олж заяасан билиг сэрэхүй- Орчлон дахь  мэдээллийг дамжуулах тавилан бүхий орон- оршихуй мэт байна.  Эсийн гайхамшигт шид чанарыг төнхөж болгоовол олон сонин санаа тэрлэнэ.Эл шид чадлыг хүмэн эзэгнэх заяатай боловч дийлэнх нь газрын “шуналт” амьдарлын эрхшээлд автснаас болж гээсэн бололтой.

.  

III.             Хойт нас. Сүнс



Амьсгал хурааж, зүрх, тархины үйл ажиллагаа зогссоноор амьдрал төгсдөггүй ухаарал, мэдрэхүйн үйл үргэлжилж, сүнс мөнх   орших тухай мэдээлэл  дэлхийн эрдмийн хийгээд цахим өртөөгөөр дэгж тарах болов. Эдүгэ  амь, сэрэхүй нь Орчлонгийн язгуур зүй жамыг танин мэдэхэд гохцоо  ач холбогдолтойг газар сайгүй хэлэлцэж, эрдмийн нэрт төвүүдэд туршин судалсаар байна.  Германы физикч болон эмч эрдэмтэд хамтран амьсгал хураасны  дараа ч амь, сэрэхүйн шид чадвар цогсоос салж дангаар оршин байхыг эмнэлэхүйн (clinic) туршилтаар [18] нотолсноо зарлажээ. Зүрх нь зогсноос хойш 20 минутын дараа   “үхлээс” эргэсэн хэдэн зуун хүмүүс дээр уг туршилтыг үйлджээ.  Цогцсоосоо салж, хөөрч дэгдэж, тогтуун амгалан, айх зовох юмгүй,  дөлгөөн байдалд орж, гэрэл гэгээ дүүрэн бялхсныг  мэдэрч байсныг мөнөөх  хүмүүс  ижилхэн хэлдэг аж. Тийм туршилтыг  дэлхийн хэд хэдэн лабораторт ч бас үйлджээ.

 Чингэхүй, тархины үйл ажиллагаа зогсмогц сэрэхүй мэдрэмж дуусгавар болно хэмээсээр  ирсэн шинжлэх ухааны  бодист суурилсан номлол эргэлзээтэй нь тодорч, харин ч  сүнс, цогцос хоёр тусдаа дагнан оршиж болохыг тийнхүү туршилтаар харуулав. Эрдмийн галын тэргүүн Др. Экерман “манай үр дүн олон хүний үзэл үнэмшилд таашаал төрүүлэхгүй байх, гэхдээ бид хүмүүн төрөлхтний түүхнээ байсаар ирсэн нэг аугаа асуудалд хариулт өгөв” гэсэн байна.

Туршилтаас ургуулж бодохуйд билиг сэрэхүй уураг тархи- бодисоос үүсч бүрэлдэж байсан бол тархины ажиллагаа зогсмогц дагаж мөхөх л байсан шүү дээ. Тийм биш ажээ. Тэнгэрийн сэрэхүй орны төлөөний элч- сүнс мөхсөн цогцсоос хийлж, дангаар орших төлөвт ороод зүрх тархи амиламагц буцаж цогцос лугаа  ний болдог аж.  Сүнс сэрэхүй бол тулгуур оршихуй буюу  Орчлонгийн алив бодислог  юмсыг  ч бүрэлдүүлэх, амьжих үйлийн  эх хөврөл нь болдог  хэмээн төсөөлбөл болох мэт.   Сүнсийг  нягтлан шинжлэх  нь  хүмүүний өмнө тулгамдсан бас нэгэн гохцоо асуудал мөн.

Дээдсийн онгодуултай хөөрөлдөв. Өвөг дээдсийн “мөнх”  сүнстэй  шууд харилцаж, хүмүүний соёлын гайхамшигт дурсхалын нэг  “нууц товчооны”  язгуур эхийг   босголоо гэдгээ зайран, удган нар над дуулгасан юм. Сүнс, цогцос тусгаар оршихуй болохыг дэлхийн эрдэмтэд нотлохоор чармайж байхад   энэ мэдээ  итгэх, эргэлзэхийн заагт намайг гайхшруулав. Тэгж онгод сүнснээс ном, эрдэм, түүхэн туршлага асууж туурвих боломжийг хэрэгжүүлсэн нь үнэн байх аваас шинжлэх ухаан өнөөдөр шийдэхээр чармайж байгаа тэнгэрийн элч - билиг сүнстэй өвөг дээдис маань аль явир цагаас харилцаж далд соёл, эрдмээ бадраах нэг чухал ундрага болгож чадсан юм биш үү гэдэг бодолд эзэмдүүлэв. Миний эргэлзээг мэдэрсэн бололтой таныг дээдсийн онгодтой хөөрөлдүүлье гэж урив.

Их эзэн Чингис хаантан “... Мөнх Тэнгэрт ивээгдэж, гүр улсыг зүглүүлж...” байснаа давтан давтан хэлсэн, бас  Да Будда багштан: “сүнс таны  юм чинь  биш,  та бол тэр чигээрээ  жинхэнэ сүнс,  харин бие цогцос чинь нь бол таных”  хэмээн сургасныг санаж очихоор зөвшөөрөв.

 Дээд тэнгэрээс заяат” төрсөн нүүдэлчид  арга эрдэмд  төдий л суралцсан бус харин бөө тархиар Орчлонгийн сүнс далай лугаа хоморголон ний болохуйд  Мөнх Тэнгэрийн  хүчний  жолоонд бултаараа атгуулан тэнгэрийн “нэгэн” хүнд багцарч  омог үндсээрээ тэнгэр- газар- бие- сэтгэлийн үл бутрах, үл урвах, ямагт ялан дийдлэх найраг шид чадал[2] олсныг суут түүхэн үйл явдлын баримт хэдийнэ баталчихсныг ч бодсоор хөөрөлдөөнд оров.    Улаач эмэгтэй олон омгийн дээдсийн сүнстэй,  нэг л өөр аялгуугаар ярьж хөөрөлдүүлэв. Ярианы учир язгуураас үзэхүл улаачийн үг биш нь тодорхой байлаа. Таны онгод  улаачийн биеийг эзэгнэн  ярьж байна уу гэвэл тийм гэлээ. Та улаачийн цогцсыг хир удаан эзэлж чадах вэ гэвэл, энэ хүний сүнс миний хажууд байна, их удаж болохгүй бие, сүнс нь холдож үжирнэ гэж байлаа.

 Нууц товчоог хэн санаачилж бичүүлсэн болоо гэсэн асуултад хариулах онгодыг дуудах болов. Тэгж байтал “би  Шихихутаг байна” гээд ярилаа. Үгий нь багцаалан сэргээвэл: их хаадаас Мөнх Тэнгэрийн хүч зарлигийг дагаж төр улсын босоо голч засаг, цааз,  ёсыг цэгцрүүлсэн  гайхамшигт дэг жаягийг мөнхжүүлж, өвөг дээдсийн тогтоож хэрэгжүүлсэн хууль, жамыг төр, эх оронд зүтгэх хэн боловч  үеийн үед  чанд  мөрдөж, хэзээ ямагт тэнгэрийн зарлигаас  буцаж няцах,  урван тэрслэх, бузрыг үл тэвчих чин бат нягт  зорилго, тэвчээртэй   яваасай хэмээн хүсээд тэр цагт байсан  хэллэгийг эмхлэн түүхэд суурилуулан эл судрыг бүтээлгэх саналыг би гаргасан юм гэлээ. 

Сүнс бол тэнгэрийн элч бөгөөд хүмэн тэгэхлээр газрын амьтан бус хүсэл, залбирлаар ариун сайхныг бүтээх шид бүхий дээд тэнгэрийн заяатан[19] ажээ.  Тэнгэрлиг, бурханлаг заяатайгаа гүнээ мэдэрч сүнсээ ариун дээдэд залж, шунал, сэтгэлийн бузраас  салангад байж, хүмүүний сайн сайхны төлөө зүтгэх нь Орчлонгийн хувьсахуйн  “зул-цэцэг” – хүмэнэй эрхэм зорилго мөн.

IV.             Тэнгэрийн сэрэхүйн хүчний орон



Тэнгэрийн сэрэхүйн орон болон хүчний тухай шинэ таамнал[3] энд дэвшүүлэв. Өмнө дурьдсан туршилтын баримт, онолын цэгнэлтээс ургуулбал маний дассан орон зай- 3D оготоргуй, хугацааны хил хязгаарын чинадад  оршиж, ил хийгээд далд ертөнц дэх аливаа үйлийг  бүхэлд нь шүтэлцүүлэн  жолоодох  тэнгэрийн сэрэхүйн хүч буюу ухаалаг орон-билиг залуур байна гэх санаанд[3, 2.БI.9] хүргэж байна.  Түүнийг  энд тэнгэрийн сэрэхүйн орны буюу  тэнгэрийн сэрэхүйн хүч хэмээн нэрлэв.

Сиергетикийн үзлийн өндөрлөгөөс үзвэл Орчлонгийн хувьсал нь оройн дээд өндөрлөгтөө “бурханлаг” бүхний тавиланг шийтгэж өрнүүлэх билиг хүчийг  төрүүлнэ.   Их суу залийн  жолоодлогоор ямагт төгөлдрийг бүтээж дэвшсээр  бүхнийг  бүрэлдүүлэх, бүрэлгэх түгээмэл гэгээн зүйг  урлажээ.   Өмнө бүтээсэн  үйлийг төгөлдөржүүлэхийн хамт шинийг агуулсан   энерги- мэдээлэл бүхий тэнгэрийн  сэрэхүйн хүчийг  тийнхүү дархалжээ. Тэнгэрийн сэрэхүйн орныг  амьгүй  болон  амьтай бодис бүрэлдэлт  юмсын хувьслын дүнд үүсэх бүтэц хийгээд далд билиг сүнслэг заяат төөргийг бүтээх  зарлиг шийтгүүр “хүч”  хэмээн  төсөөлнөм.

            Тэнгэрийн сэрэхүйн хүчний орон лугаа онгод совингоор ний болоод билиг эрдэм, соёлыг бадруулах нууцыг олоод  бүр өөд болсон өвөг дээдсийн сүнс лүгээ харилцаж сургамж авах шид увидасыг  монгол нүүдэлчид эзэмдсэн байж. Өгүүлснийг  оньс нь одооч  олдоогүй тэгсэн мөртлөө ул мөр нь  улам бүр дурайх  нүүдлийн далд ундрагат соёл, удаа дараа их талд мандан  их гүрнүүдийн мандан  тогтносон түүхэн туршилт гэрчилнэ[2.Б] гэдэгт үл эргэлзнэм.  Нүүдэлч үндэстэн тэнгэрийн сэрэхүйн хүч лүгээ бултаараа нийлэн найраад тэнгэрийн нэгэн хүмэн болж цэгцэрчээ. Тэнгэрийн “хүн”  нь тэнгэрийн сэрэхүйн хүчний орон лугаа ний шид заяаг эдэлснээр  үл няцах, үл дийлдэх ид хавыг олж, түүхэн сод үйлийг бүтээжээ.   Тэгэхлээр нүүдэлчид дээд тэнгэрийн билиг увьдаст эв хүчээр газрын дэг бүхий цэргийн олон хүн, хүчтэй тулалдаж байсан аж.

            Дээр танилцсан туршилтуудыг тойруулан санаа төлжүүлж  ярилцснаас үзэхүл,  хүн бол  яалт ч үгүй мөнөөх Орлонгийн билиг далайн дусал буюу бүх мэдээллийг өвөрлөсөн Тэнгэрийн элч ажээ. Тиймээс амьсгалаар жолоодон сэтгэлийн гүн төвлөрөлд хүрвээс өөрийн билиг  далай лугаа ний болно.  Хүмэн бол дээд оюун ухаант шидийг эзэгнэсэн болохоор  Орчлонгийн “хар” билиг холограф далайн хэлтэрхийдээ нэвтэрч 3 цагийн мөнхийн мэдээллээс оюун  сэрэхүйдээ буулгаж, улаачлан мэдээлэх чадавхитай. Догиолог төрх ноёлсон далд далай- билиг холограф сангаас мэдээллийг хүмэн тэгж олзлох шидтэй юм.  Тэгвэл хүмэн бол далд далай лугаа тэгж ний болсноор Орчлон лугаа нэгэн цул- амьд багцрах заяатай.

Тэнгэрийн сэрэхүйн хүч.  Байгальд таталцал, цахилгаан соронзон, цөмийн болон сул хүчний  үйлчлэлээр  алив бодист оршихуй бүрэлдэх, бүрлэхүйн  мөнхийн тавилан туулна.  Алив юмс бүрэлдэх, орших, хувирахуйн  тэнгэрийн зарлиг- жам тийнхүү ил Орчлонд эдгээр тулгуур хүчний үйлчлэлээр хэрэгжих нь тов тодорхой. Шинжлэх ухаан тэрхүү жамаас илрүүлснээ “нээлт” хэмээж, хууль болгож тунхагладаг зуршилтай. Улмаар ашиглах  аргыг олж  технологи бүтээгээд, дэвшлийг хөтөлсөөр ирж. 

Цэг бүрт эл дөрвөн тулгуур хүчийг  ухаалагаар  зохицуулж,  Орчлонгийн цул амьсахуйн хувьслыг  нэгэн жолоонд “атгаж” хэрэгжүүлэх үйлийг шийтгэж хөтөлдөг тэнгэрийн сэрэхүйн хүч  байгаа юм бишүү гэх бодолд хүргэж байна. Эл  4 хүчийг Орчлон даяар хаа сайгүй тэнгэрийн сэрэхүйн хүч жолоодно гэх санааг энд тийнхүү дэвшүүлж байна. Бидний дассан механик төрхт хүч бус харин алив хувирал үйлийг  хөтлөх “тэнгэрийн зарлиг”,  шийдлийг эрхлэн хөтөлдөг сэрэхүйн билиг-энерги чадавхи хэмээж буйг болгоому.  Цаашид өмнө дурьдсан  билиг ( холограф) ертөнц бол тэнгэрийн сэрэхүйн зарлиг шийтгэж  аливаа хувьслыг  энэхүү дөрвөн хүчээр гүйцэтгүүлдэг сэрэхүйн билиг орон хэмээн төсөөлж байна. Хүмэн ч ялгаагүй эхлээд хийж бүтээх шийдэл боловсруулаад мөнөөх л хүчнүүдийн цогц нь болох хүч, техникээр хэрэгжүүлдэг  шүү дээ. Хүмэн ч мөн тэр шидэт орон  холографийг тээсэн  бодисын “хэлтэрхий” нь мөнийг энд дахин хэлье. 

Дэлхийн түмний олон шашин мөргөл нь тэр далд оронд булхсан одод ертөнцөөс Орчлонгийн билиг шид хүчийг[20]    ямар нэг байдлаар мэдэрч, тэмтэрч байсан нь гарцаагүй.  Тиймээс хүмэн залбирал, тарни, шүтлэг, бясалгалаар    тэнгэрийн сэрэхүйн хүчний орон лугаа ний болохуйд гэгээн шидийг олох увидастай.  Орчлонгийн холодалай лугаа мөнөөх хүмэн- билиг холодусал ний болоход илийн хууль бүрэн алдарч Орчлонгийн мөнхийн оршихуйг тэнгэрийн сэрэхүйгээр мэдэрнэ. Энэ бол Будда багшийн анх мэдэрч  томъёолсон “хоосон чанар” гэлтэй.

Ер нь бурхан хэмээх ид шидэт “хүнлэг” төрхт  тэнгэрт байхгүй, чөтгөр ч байхгүй юм. Харин Орчлонгийн хувьслын оройн дээд гарц бүтээгдэхүүн бол Тэнгэрийн  сэрэхүйн хүчний орон буюу аливаа хувирлыг гүйцэтгэх  “зарлиг” шууд шийтгээд бас үйлсийг нь  хэрэгжүүлүүлэх тулгуур хүчний орон бүхий ухаарал сэрэхүйн эрч хүч гэж төсөөлснөө давтан хэлье.  Оройн дээд оюун ухааныг эзэгнэсэн хүмэн бол тэрхүү  тэнгэрийн сэрэхүйн орны шид хүчийг бүрэн өвөрлсөн хэлтэрхий  нь болохыг ч бас санах нь зүйтэй буюу.

Чингэхүй хүмэн Тэнгэрийн сэрэхүйн хүчний орон лугаа амьсахуйд аливааг бүтээх, бүрэлгэх зарлиг шийтгүүлэх шидийг олох заяатай. Хүний залбирал  бас ургамал, амьтны  биологи хувирлын  мэдээлэл  ч газарт хэрэгжих үйлсийн тэнгэрийн сэрэхүйн зарлигийн өсгөвөр хөрөнгө болж ил ахуй нөхцөлд биелэх магадлалтай аж. Хүмэн(хувилгаан?)   итгэл үнэмшилдээ суурилсан залбирлыг дуу хоолой болон оюундаа  бясалгахдаа ургуулан товлосон зураглал, хүсэл төсөөлөлт бодлоо давтан давтан үйлдэхэд  төв мэдэрлийн систем дэх  зураглалт мэдээлэл нь тархины цахилгаан соронзон мэдээллийг үүсгэнэ. Сүүлчийн мэдээлэл нь  зүрхний цахилгаан соронзон орны  хувирлыг өдөөж  чангараад улмаар цусны урсгалаар бүх бие, цогцост хүрнэ.  Шинжлэх ухааны өнөөгийн цэгнэлт ёсоор зүрхний цахилгаан соронзон орон  тархиныхаас 100000 дахин хүчтэй аж.

   Биес цогцсын эд эс дэх  ДНХ, нейрон  бүр нь тэр мэдээллийг аваад,  скалар долгион  үүсгэн дарвиж харилцахын сацуу далд билиг ертөнцөд зохих  мэдээ “саналыг” нэвтрүүлж бас хүлээн авдаг мэт байна. Ургамал, амьтны хувьд ч газар дахь амьдарлын нөхцөл хувирлын мэдээлэл мөн л скалар долгио болон тэнгэрийн сэрэхүйн орны  төвд нийлдэг байх. Мөнөөх мэдээлэл тэнгэрийн сэрэхүйн хүчний орноо боловсроод   шийдвэр зарлиг нь  скалар долгионоор бүхий л юмст төвшин зэрэглэл, эрэмбээр хүрч газрын амьгүй юмсын бүтэц, амьтай юмсын удамшлын түгээмэл зүй тогтлыг жолоодох  хөтлүүр донж нь болно хэмээн төөсөөлнөм.

Дашрамд хэлэхэд, байгалийн шалгарлаар амьд юмсын төрөл зүйл дэлхий дээр үүссэн гэх Дарвины номлол  нь газар- ахуйд уяатай хөтөч үзлийн хүрээнд боловсорчээ. Харин газар дэлхий  болон билиг ертөнцийн хооронд мэдээлэл солилцон шүтэлцсний үрээр тэнгэрийн сэрэхүйн  хүчний зарлигаар газарт амь заяаны төвшин бүрт хэрэгжих төөрөг бүхий  удамшлын түгээмэл донжийг амьд ертөнцөд бүрэлдүүлсэн байна. Энд хэлж буй санаануудыг өмнөх сондгой ёр туршилтуудаас  үрслүүлснийг болгоому.  Тэгж хүн тэнгэрийн сэрэхүйн хүчний бүтээхүйн үйлд амьсан нэгдэх дээд заяа түшсний ачаар бодол хүслээ хэрэгжүүлэх шидтэй аж.  Гэвч богино бодол, ханахгүй шунал, сэтгэлийн бузардал, атаархал, залхууралд хөтлөгдөн ахуй,  хар амиа бодож, хязгааргүй  “зовлон” туулж амьдарснаар тэр шид чадлаа бараг бултаар нь  гээсэн байгааг санах нь зүйтэй буюу.  Харин хар муу бодлоос ямагт зайлсхийж хүсэл мөрөөдлийг ариун байлгах нь дээд тэнгэрийн эрхэм жам ажээ.

Нууц  товчоонд “дээд тэнгэрээс” заяат удмынхан тийм увьдастай байсныг нууц товчоонд[21] товойлгон өгүүлсэн  байна.  Чингис  хааны  суут үйлс бол тэрээр  бат итгэж бүрэлдүүсэн зорилгоосоо үрслүүлсэн  мөрөөдлийн “уулыг”  тэнгэрийн сэрэхүйн хүчний орон лугаа хөрөнгө-хөврөл болгон дарвиулснаар уг үйлийг бүтээх  шийд  шийтгүүлээд, улмаар  хэрэгжүүлэх эв дүйг чадварлаг хөтөлж байсанд оршино.  Дээд тэнгэрийн заяа түшиж, билиг буюу тэнгэрийн сэрэхүйн бүтээх, хөтлөхийн ид чадал лугаа ний болоогүй аваас  хэн ч бай газарт зовлон туулах амьдралд эргэлдэх болно.



V.                   Мөнх Тэнгэрийн хүч

  Мөнөөг хүртэл нууц нь олдоогүй, ул мөр нь бүдгэрээгүй,  цуурай нь сонсдсоор буй  их талын нүүдэлчний соёл цэцэглэж, их эзэнт гүрнүүд бүрэлдсний ундрага хүч  нь чухамдаа чинад   билиг эрдэм, дээд тэнгэрийн алив үйлийг хөтлөх  ухаалаг заяаг түшсэнд оршиж байна хэмээв.  Бодист  юмст  архлаатай өрнийн  шинжлэх ухаан  яаж ч судлаад далд  хар далайн билиг ундрагад  хүрэх сачий үгүй [1,3] байсан нь тийнхүү тодорч байна.  Хүннү-гийн үеэс    чинад  билиг урдрагатай эрдэм, соёл цэцглэсэнд бат итгэнэм.   Дээр өгүүлснийг эргэн нэхвээс,  хүмэн тэнгэрийн сэрэхүйн хүчний орон лугаа амисаад газар дахь хүсэл мөрөөдлөө залбиран илэрхийлэхэд, дээд тэнгэрийн  билиг  далайд тэр нь үйлс бүтээх  билиг хөрөнгө болоод    аяндаа “эсэж” хэрэгжих ид хавыг бүрэлдүүлэх шид чадлыг олдог буюу. Их талын  нүүдэлчид Мөнх Тэнгэрийн хүчийг тэгж өнө эртнээс  эзэмдэх дадал чадвар эрчийг олсон  байж.  Дэлхий тойронд тийм шид хүч, тухайлбал өмнө ярилцсан скалар догионы эрч чадлыг эзэгнэж шийдсэн болов уу гэхээр гайхалтай ул мөр, баримт цөөнгүй байгааг санавал зохиму.  

 Нүүдэлчдийг сургууль, эрдмийн төвгүй зэрлэг мэтээр тодорхойлж байсан нь ор үндэсгүй хэмээнэм. Харин ч эдүгэ хүмүүн алгуур мацан чиглэж яваа билиг эрдмийн тодорхой өндөрлөгт  нүүдэлчид түрүүлж хүрээд, соёл бадрааж, зэр зэвсгийн хүч, цэргийн тооны давуугаар бус тэнгэрийн билиг сэрэхүйн хүчний яруу найрлын эрчээр сөрөг хүчийг ялан дийлж байсан мэт байна.  Өргөн цар хүрээтэй явуулдаг бөө зайран, удганы буулт, уул ус,    тэнгэрийг хүндлэн тайх ёсон, тулааны өмнө хар сүлд тайж  тахих зэрэг нь  бүх нийтийг хамарсан билиг эрдмийн их сургалт[22] бас дадлага ч  байж.  Тэнгэрийни сэрэхүйн оронг түших заяатай  амьдралд сургах, суралцах үйлс ч мөн л нүүх- буух үйлс дунд хэрэгждэг бололтой. Тэгснээр Мөнх Тэнгэр эрдмийн  билиг  мэдрэмж нүүдэлч үндэстнийг өвч хамран ихэнх хүн  зонд  тэнгэрийн билиг эрч хүч өгчээ. Чингэхүй  үндэстэн бүхлээрээ мөнөөх сэрэхүйн хүчний орон лугаа  найраад тэнгэрийн “нэгэн хүнд” нягтарчээ.  Тэнгэрийн  нэг “хүнд”  тэгж цогцолсон  нүүдэлчдэд дээд “тэнгэрийн  төөрөг-жам” тохиосон  болохоор   үл няцах, үл урван тэрслэх,  үл дийлдэх ид хавыг олжээ. Тийнхүү нүүдэлчид ашиг сонирхлоо  хуваалцах бүлэглэлүүдийн “аминч” зөвшилцөл болон харгис хүчээр дарангуйлдаг,  шорон гяндантай  төр бус харин Орчлонгийн жамыг  чандлан дагасан Мөнх Тэнгэрийн зарлигт төрийг байгуулсан аж. Тэнгэрийн зарлигийг сахин дээдлэх нь нүүдэлчдийн төр, нийгмийн ариун тангараг байжээ.



 Энэхүү илтгэл “гологдоод”  байхад зориг гарган өөд нь өргөж, Монголч эрдэмтний дэлхийн V их хуралд толилуулах боломж олгосон академич Ш. Бира, проф. Ц. Ишдорж нарт талархал илэрхийлье.   Матери анхдагч хэмээх номлолд автан  явахад минь дээд тэнгэрээс заяат гэгээнтэн, билиг танхай Ш. Лувсанвандан багштан “томъёонд” уяатай  “балчир”байгальчийг тоож, квант физикийн шүтэн гүйцээхүйн зарчмыг  монгол хэлний авиа сүлэлдэн   хувирах зүйд  хэрэглэх санаагаа дуулгаж, ном хаялцснаар надад билиг ухаанд зүтгэх эрч тэмүүлэл асаасныг дурсан мөргөхийн сацуу, их багштаны сод  билиг санаа холдооч бадрах  заяатайг санаж явахыг  эрх мэдэл тохиосон хэл шинжээч  Пүрэвжав  эрдэмтэнд  захису.  

                              



       Эшлэл

1.       Л.Н. Гумилев и Kуркчи, Черная легенда, Москва, экспресс,1994; Л.Н. Гумилев, В поисках вымышленного царства, стр. 4, 6, Москва,  1992.

2.      О. Лхагва, Орчлон, Суу заль, Мөнх Тэнгэр. Битпресс ХХК. Улаанбаатар, 2013.

3.      О. Лхагва, Тэнгэрийн сэрэхүй ба билиг төөрөг I, II. Онолын сэтгүүл, 2016, 1(004), х. 83, 92.

4.       О. Лхагва, Хумхи ертөнцийн квант жам, ADMON, 2011.

5.       О. Лхагва, М. Батмөнх, Молекул-нанобөөмийн квант лаборатор, БИТПРЕСС, 2010.

6.       Alain Aspect; Philippe Grangier; Gérard Roger (1982), "Experimental Realization of Einstein-Podolsky-Rosen-Bohm Gedankenexperiment: A New Violation of Bell's Inequalities", Phys. Rev. Lett., 49 (2): 91

7.      D. Bohm, (1980) Wholeness and the Implicate Order. Routledge & Kegan Paul, New York; Bohm, D. & Hiley, B.J. (1993). The Undivided Universe. Routledge and Kegan Paul,   New York.  

8.      K. H.  Pribram, 1991. Brain and Percetion: Holonomy and Structure in Figural   Processing. Hillsdale, New Jersey:;  http://www.atlanteanconspiracy.com/2013/02/our-holographic-brains.html

9.       Dean Radin et.all,  Physics Essays 25, 2 (2012).

10.   A. G. Manning, R. I. Khakimov,R. G. Dall A. G. Truscott , Nature Physics 11,539–542,(2015). 

11.   http://www. Ay127_Contents.ppt/The Contents of the Universe.


13.  http:// pesn.com/2011/03/26/9501797_Teslas_Scalar_Waves_Replicated.



16.   Journal of Cell Communications and Signaling, 2012;6(1):53–58. http://www.meyl.eu



19.  О. Лхагва, Дэм үг, санаа, бодол, Монголын товчоон түүхийн тайлал номын, I,II бөлөг, х.10-15, Тэнгэр, Монгол, Газар, 2014.

20.  Bryan E. Penrase, The Power of Stars, Springer, 2011.

21.  Монголын нууц товчоо, сонгомол  эх. I бөлөг, Мөнхийн үсэг. 2005.

22.  Д. Банзаров, Черная вера или шаманизм у бурят-монголов.- Улан-Удэ, 1997.




No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.