Monday, May 27, 2019

Эрдмийн гараа энтэй үйлсийн залуурч




              Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн О. Лхагва бол МУИС-ийн уугуул буюу оюутан, багш, эрдэмтэн, профессор юм. Түүний хичээл зүтгэл, эрдмийн үйлс Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг хэлэхэд сэтгэл хангалуун байна. Нэг үгээр хэлбэл, билиг танхай авьяас, эрдэм бүтээл, зүтгэлийн зам мөр, тэр тусмаа шинжлэх ухааны хэд хэдэн шинэ чиглэлийг эх орондоо хөгжүүлэхээр чармайж, чансаа нь олон улсын төвшинд бүрэн нийцсэн гэдгээрээ онцлогтой. Түүний эцэхийг мэдэхгүй хөдөлмөрч, энтэй сэтгэгч, эгэлгүй авьяастан гэвэл олон хүн надтай санал нийлэх биз. Түүний гол чанар “Би үүнийг хийсэн, бүтээсэн” гэж өөрийнхөө тухай хэзээ ч ярьж, сурталчилж явсангүй. Харин бүтээл нь он цагийн шалгуурыг давж, эзнээ түмэн олонд  улам бүр таниулж яваа нь гайхамшиг юм.
          О.Лхагваа багшийн авьяас хүүхэд байхаас нь илрэн онц сурч, багш нарынхаа хайрыг татаж чаджээ. Тухайлбал, дунд сургууль төгсөх тооны шалгалтын сэдвийг багш самбарт бичээд эргэхэд бодлогыг аль хэдийнэ бодчихдог байж. Энэ тухай Г.Додон багш нэгэнтээ бахархан өгүүлсэн нь бий. Түүний энэ чанар оюутан ахуй, судалгааны ажилд нь улам бүр шингэсэн гэлтэй. Тэрбээр Увс аймгийн 10 жилийн сургуулийг 1957 онд онц, МУИС-ийг 1961 онд улаан дипломтой төгссөн. 1971 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-д дэд докторын зэрэг хамгаалахад Онолын физикийн лабораторын дэд захирал, профессор В.Г.Соловьев “Өөрөө сурч, сэдэж, асуудлын гүнд нэвтэрдэг онолч, физикч”, 1995 онд гэрэл, бөөмс атомын үйлчлэлцлийн онолоор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад Москвагийн улсын Их сургуулийн профессор В.В.Балашов болон академич Н.Содном нар “Атом, цөмийн мөргөлдөөний онолын шинэ чиглэлийг эх орондоо хөгжүүлж, МУИС-д шавь сургууль үүсгэн бүрэлдүүлсэн эрдэмтэн” хэмээн үнэлсэн байдаг. Эдгээр нэрт эрдэмтэд О.Лхагваагийн монгол билиг авьяас болон бүтээлийнх нь цар хүрээг онож тодорхойлсон гэж одоо ч эрдэмтэн шавь нар нь дуу нэгтэй өгүүлдэг.
Түүний бас нэгэн эрхэм чанар “Амжилттай, өдий зэрэгтэй амьдарч яваагаа улс түмнийхээ буян гэж залбирах. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Монгол төрийнхөө нэр, түмний буянаар сурч боловсорч олон улсын цөмийн шинжилгээний төвд он удаан жилээр ажиллаж улмаар шавь нар, ард түмнээс нэр хүнд хүлээлгэсний ачийг хариулах нь миний эрхэм үүрэг” гэж ярих дуртай. Миний чармайж зүтгэж хураасан эрдэм, чадвар бол миний юм биш монгол улсын, ард түмний оюуны өмч юм. Би энэ баялагийг аваад бурханы оронд буцах эрхгүй гэж ярьж байлаа. Үнэхээр ч их сургуульдаа багшилж эхлэнгүүтээ л сургалтыг эрдэмжүүлэх, эх орондоо шинжлэх ухааны шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлэх, сургууль, боловсролын байгууллагыг бэхжүүлэх, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааныг удирдан зохион байгуулах, хөгжүүлэх үйлсэд өнөөг хүртэл сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, мэдлэг ухаанаа харамгүй зориулж яваа эрхэм нэгэн буурал юм. Ялангуяа тэрбээр шавь нарынхаа хамт тулгуур шинжлэх ухааны галын шугамд эрэл хайлт хийж, эрдмийн дэвшлийг ямагт соргогоор мэдэрч, шинэ чиглэлийг барьж бүтээх, туурвих оргилуун зорилго дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө одоо ч залуу насныхаа эрчээр ажилладаг, ясны сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн гэвэл олон хүн мөн л надтай санал нийлнэ. Учир нь, үйлс, бүтээлийнх нь урт зам зурайж, хөгжүүлсэн эрдмийн шинэ чиглэл, төрүүлсэн шавь нар, тулгуур бүтээл нь зүй ёсоор олны хүндэтгэл хүлээж байгаа болохоор ийм итгэлтэй хэлж байна. Тэгээд ч эрдмийн гараагаа эрчтэй эхэлсэн түүний гав-ъяа зүтгэл ямагт энтэй байдаг нь уйгагүй, туйлбартай зангийн илрэл, үргэлжлэл юм.
Эрдэмтэй  шавь нарынхааөндөр аав
Шавь сургууль гэхээр л хамгийн түрүүнд О.Лхагваа багшийн дүр төрх тодорно. Тухайлбал, тэрбээр Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Москвагийн Улсын их сургууль, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд 30 шахам жил атом, цөмийн физикийн онолыг хөгжүүлэхэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажилласан юм. Үүний үр дүнд Монголын их сургуулиуд дундын онолын физикийн шавь сургууль бүрэлдүүлсэн гавъяатай. Уг шавь сургуулиас нь манай орны болон гадаадын Шинжлэх ухааны академийн гишүүн гурав, профессор зургаа, шинжлэх ухааны доктор гурав, дэд доктор 10, олон арван магистр төрсөн төдийгүй Монгол Улсын гавьяат зүтгэлтэн дөрвийг “өлгийдөж” авсан шавь сургуулийн “Өндөр аав” юм. Эдүгээ шавь нарынх нь шавь сургууль ч салбарлан үүсч бэхжиж байгаа нь олзуурхууштай. Түүний их суу заль энэ мэтчилэнгээр үргэлжилж хэзээ ч дундрашгүй билээ.
О.Лхагваа багш хүн төрөлхтөнд хувьсал- нүүхүйн язгуур учиг үзүүрийг атгуулсан синергетикийн ухааныг ч өндөр төвшинд эзэмшсэн нэгэн. Мэдлэг чадвараа атом, цөмийн чинад зүй тогтолт- хумхи ертөнцийн туршилтад суурилсан квант  жамыг нүүдэлчний соёлын язгуур үндсийг тодруулахыг зорьсон гүн  ухааны судалгаандаа хэрэглэжээ. Өвөг монголын тэнгэр эрдмийн үндсийг квант физик, синергетикийн үзлийн өндөрлөгөөс судлах явцдаа дээдсийн  “Их суу заль” эрдэм нь өнөөгийн синергетик буюу шугаман бус эрдэмд дүйж байгааг тэрбээр тодруулсан.  Өвөг дээдэс нууц товчоондоо “Цэгээн шар хүн хэн бэ ?” гэдэг билиг чинадын зангиралт асуудлыг  нууц товчоондоо  тунхаглан үлдээсний учир утгыг квант физик, синергетик ухааны үзэл аргын өндөрлөгөөс тайлсан олны анхаарал татаж  байгаа юм.
Аливаа хувьсал  бол  хуйврал буюу хуй салхи, эргүүлэг мэт төрхийг туулан зуурдын төрөг дамжин үргэлжлэх зүйг нүүдэлчдийн соёлын нууцыг тайлахад хэрэглэжээ. Энд дээд тэнгэр нь квант физик лүгээ холбогдох санааг тодруулах нь зүйтэй. Унги үндэс буюу Өрнийн шинжлэх ухаан одоо ч учир утгыг олоогүй өвөг дээдсийн нүүдлийн соёлын гүн учрыг хумхи ертөнцийн квант физик, синергетик эрдмийн үзэл аргыг хэрэглэн бас л шинэ санаа дэвшүүлжээ. Квант физикийн үүднээс үзвэл дээд тэнгэр бол орчлонд гурван цагийг дамнан тохиох тавилан зураг сан гэж үздэг байна. Судалгааныхаа үр дүнг О.Лхагваа багш “Дэлхийн монголч эрдэмтэд”-ийн VII-XI их хуралд танилцуулж  үнэлэлт авсан байдаг.
 Монголчууд орчлонгийн дээд оюуны нууцыг билгээр таниад, хүмүүний үйлийг жолоодох оройн дээд шударга үнэн-Тэнгэрийн засаглалыг хүмүүнээс хамгийн түрүүнд бадруулсан гэх санааг нь эрдэмтэд, өргөн олон дэмжиж байгаа нь үгээр хэлэхийн аргагүй бахархал, судалгааны үнэ цэнэ юм. Өвөг дээдсийн билиг эрдмийн бүх нийтийг хамарсан сургууль нь уул усаа тайх, их цэргийн сүлд тугийг дошгируулж тахих зэрэг зан үйл байсныг цохон тэмдэглэдэг юм. Энэхүү билиг эрдмийн сургууль нь Орчлон ертөнц, байгаль орчин, хүмүүнийг нэгэн амьсалд зангидаж чадсан учраас нүүдэлчид тэнгэрийн нэг хүнд нягтарсныг онцлон тэмдэглэдэг юм. Тэнгэрийн жам хүмүүнд тохионо гэхдээ цаг нь дэндүү эрт байна гэж О. Лхагва багш ярилаа.      
Энэ санаагаа лавшруулаад  О.Лхагваа багш “Чингис хаан шуналд автаж дайн хийж байсан биш харин эд, эрхийн хавчлага, дарамтад тарчилж байгаа суурин түмнийг тэнгэрийн засаглал бүхий шударга ариуны замд гаргахыг л чармайж байсан. Тэнгэр үзэл төрийн зарчмаа сэргээж, дэлхийн нүдний өмнө дуурайлал болж чадвал өнөөгийн бид дээдсийн гэрээсийг ариунаар сахиснаа нотлон харуулна. Монгол төрийн өнөөгийн уймрал балчиг бол тэнгэр үзлээ умартан гээж, эзгүйрч эх захаа алдсан балмад танхайрлын баримт мөн” гэж харамсан өгүүлснийг дурдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Түүний эрдмийн цар хүрээ, судалсан бүтээлийг энд нэг бүрчлэн тоочвол мэдээж сонины хуудас яахан хүрэлцэх билээ. Тиймээс харь орноос эрдэм өвөрлөн ирж, эх орондоо цэцэглүүлсэн намтраас товч танилцуулъя.



Тэрбээр сүүлийн 10 гаруй жил ЦШНИ, Европын холбоо, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд цацрагийн үйлчлэлээр эс эвдрэх, биохимийн хувирал явах, эс эргэж сэргэх, мөхөх асуудлаар олон улсын хамтын ажиллагаанд оролцон үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо нэрийг дуудуулж яваа цөөн эрдэмтний нэг. Жишээлбэл, уураг тархины нейроны ДНХ-д цацрагийн үйлчлэлээр үүссэн эвдрэлийг судлах арга зүйн багц программыг шавь нарын хамт боловсруулсан нь дэлхийн 100 орчим лабораторт нэвтэрсэн байна. Тэрбээр бас “Эх оронд хавдар нүүрлэж байгаад эрдэмтний хувьд сэтгэл ихэд эмзэглэдэг. Иймээс цөмийн анагаахуй, хавдрын язгуур үндсийг илрүүлэх цитогенетикийн судалгааны чиглэлийг эх орондоо үүсгэн цэгцрүүлэхээр зүтгэж байгаа нэгэн. Мөн цацрагийн биологи, цөмийн анагаахуйн олон улсын “Geant4” багцад суурилсан тооцоо-дүрслэлт туршилтын судалгаа-сургалтын лабораторийг бүтээж, МУИС-ийн сургалтад нэвтрүүллээ. Олон улсын төвшний доктор, магистрын сургалтын хөтөлбөр нээснээр таван доктор, хэд хэдэн магистрын судалгааг удирдаж байна. М.Батмөнх Москвагийн улсын их сургуульд, Л.Баярчимэг МУИС-д эрдмийн зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа бичиж дуусгасан баяртай мэдээ надад бий. 2013, 2016 онд цацрагийн биологийн олон улсын эрдмийн хурал зохион байгуулсан. 2019 онд ЕХ-ны “GEANT4/Geant4-DNA” төв болон ЦШНИ-тэй хамтран Азийн орнуудын эрдэмтэн, мэргэжилтэн залуусыг оролцуулсан олон улсын сургалт-семинарыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна” хэмээн даруухан өгүүлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон.
Эрдэмд эрэмгий эгэлд даруу эрхэм
Түүний амнаас байнга гарах “Тооцоо-дүрслэлт лаборатори”-ийн талаар тодотгоё. О.Лхагваа багш олон жил хуримтлуулсан физик, математик, мэдээллийн технологийн мэдлэг, чадвар туршлагаа хэрэглэн байгаль-нийгмийн үзэгдлийг математикаар илэрхийлж улмаар юмс, үзэгдэл хувирлыг хөдөлгөөн дүрс, дуу авиатай нь цогцлоосон загварчлалын аргыг санаачлан боловсруулж, хэрэглэжээ. Олон улсын “Geant4” багц, математик-загварчлал, мэдээллийн технологийн дэвшил, арга зүйг хэрэглэн “Дунд сургуулийн физикийн иж бүрэн загвар лаборатори” бүтээх ажлыг хөтөлж, сүүлийн 10 гаруй жил дараалан сайжруулж, 2018 онд Улсын бүртгэл оюуны өмчийн газраас бүтээгчийн эрхийн гэрчилгээг гарджээ. Үүний онцлог шинэлэг давуу тал нь сурагцагсад лабораторийн тооцоо-дүрслэлт туршилтыг  гүйцэтгээд тоон баримтыг тойруулан ном хаялцах замаар тулгуур хуулийг өөрсдөө нээж, томьёог бичиж, томьёоллыг гаргах зарчмаар бүтээсэн инноваци юм. Цаашдаа ЕБС-ийн сургалтад нэвтрүүлэх зорилго тавин уйгагүй ажиллаж байгаагаа тэрбээр илэрхийлнэ билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа явцад МУИС, ХААИС, МУБИС, Дундговь, Архангай, Увс, Дорнод аймгийн дунд сургуулийн физик, мэдээлэл зүйн эрдэмтэн багш нарын судалгаа сургалт, зохион бүтээх баг бүрэлдүүлээд амжжээ. Энэчлэн түүний бүтээл зузаанаас зузаан болсоор л байна.
О.Лхагва багш цөм, атомын квант онолоор судалгааны ажлаа эхэлж, синергетикийн цогц үзэл, математик-мэдээлэл зүйн аргад нэвтэрч байгаль-боловсрол-нийгмийн үзэгдлийг загварчлалаар дамжин эдүгээ эсийн цацрагийн биологийн судалгааг идэвхтэй явуулж байна. Судалгааных нь  цар хүрээ өгүүлснээс илэрхий. Тэрээр дангаар болон шавь нарын  хамт нийт 500 гаруй бүтээл туурвисан эрдэмтэн  юм. “Молекуляр физик”, “Квант харвах тэртээ гүнд”, “Атомын физик”, “Тооцоололт математик физик”, “Цацрагийн биологийн тооцоо-дүрслэлт туршилтын лаборатори” зэрэг 40 гаруй ном, сурах бичиг туурвиж, хянан шүүжээ. Үүн дээр нь электрон сурах бичиг гарын авлагууд нэмэгдэж уртаас урт жагсаалт гарна.
 Эрдэмтэн, эрдэм бүтээлтэйгээ эх орны өмч
О.Лхагваа багшийг ямар хүн бэ гэдгийг мэдэхэд их амархан. Хүнтэй мэндэлж, харилцаж байгаагаас нь илт. Хөгшин, дунд, залуу үеийнхэнд ялгалгүй хандаж, илэн далангүй ярилцана. Ёстой л “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэсэн үг юутай үнэн юм гэх бодол О.Лхагваа багштай уулзангуут  санаанд бууна. Бас болоогүй ээ, түүний нэг сайхан чанар эхлээд хүний үгийг дуустал сонсоод, дараа нь санаагаа ундаргаж хэлнэ. Энэ нь  билиг тэнгэр  хүмүүжлийн илрэл  гэлтэй. Түмний хүндэтгэлийг хүлээсэн ийм л сайхан эрдэмтэн бүтээл туурвил, ажил үйлсдээ бүхий л насаа зориулаад эгэлээс эгэлхэн амьдарч байгаа ч сэдэл сэтгэлээр баян юм.
Дэлхийн эрдмийн олон бүтээл туурвилыг нь  хүлээн зөвшөөрснийг нь илтгэх шагнал түүнд олон бий. Жишээлбэл, тэрбээр Олон улсын физикийн Эйнштейний шагналтай. Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Олон улсын шугаман бус эрдмийн академийн гишүүн, ХХ зууны дэлхийн 2000 шилдэг хүний данс болон “Дэлхийд хэний хэн бэ” нэвтэрхий тольд бүртгэлтэй нэр хүндтэй эрхэм юм. Харин Монголдоо МУИС-ийн шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, их сургуулиудын консерциумын шилдэг багш, Монголын оюуны өндөр чадавхтай хүний бүртгэлтэй нэгэн ажээ. Түүнчлэн О.Лхагваа багш шавь нарынхаа хүндлэлийг жинхэнэ утгаар нь хүлээсэн хүн. Дундговь аймгийн Өлзийт сумын багш,  шавь Х.Отгонмөнх нэгэн захидалдаа:
“...Амьд бурхан байдаг гэвэл тэрний нэг нь Та
Ариун эрдмээс нь адис авсан азтай шавь нар нь
Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл
Сая саяыг босгоод ч хариулж үл хүрэлцэх
Буянтай, ачтай гэгээнтэн багш тандаа үргэлж баярлаж явдаг шүү...” гэж сэтгэлийн үгээ нандигнан урлажээ. Мөн Дубна-Наукоград хотоос шавь Н.Жаргалан:
“Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг
Самбар шохой, ном дэвтэр дунд ар гэрээ мартдаг...” хэмээн багшдаа зориулж шүлэг тэрлэснээ алс нутгаас илгээж байсан байх юм. О.Лхагваа багш шавь нарынхаа сэтгэлийн үгтэй захидлыг эрдмийн бүтээлтэйгээ адилтган эрхэмлэж яваа нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Харин багшийнхаа талаар доктор Р.Бадамдамдин “Миний багш О.Лхагваа онолын физикийн шавь сургуулийг Монголдоо байгуулсан нэрт эрдэмтэн. Одоо энэ сургууль тэлж олон доктор, профессор бүр академчид төрөн гарч байна. Манай багш шиг хэд хэдэн шавь сургууль үүсгэсэн хүн Монголд нэг ч байхгүй. Тиймээс буурал багшаараа бид бахархдаг. Нас өндөр болсон ч багш минь залуу хүн шиг эрч хүчтэй, биднийхээ түшиг тулгуур, үлгэр дуурайлал болж, эрдмийн ажлаа туурвиж явна. Багшийгаа баярлуулахыг бид хичээдэг. Жинхэнэ халамжлан хүмүүжүүлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл би О.Лхагваа багшийгаа л хэлнэ.  Багшийн минь өөрийгөө мартан зүтгэж байж  эх орон, ард түмэндээ өргөн барьсан нөр их бүтээл, бас олон арван эрдэмтэн шавь нарыг нь төр улс харж үнэлж хүндэтгэл үзүүлнэ байх аа гэдэг бид итгэж явдаг гэв. Докторант Н.Тэгшбаяр “Ихэнх хүн нэг хэвэнд баригдчихсан байдаг. Харин О.Лхагваа багш тийм биш. Цөөн үгээр хэлбэл, бүх зүйл нь хайрцагтай бус чөлөөтэй, аливаа зүйлийн цаад утга, учирт нэвтэрч байж сая үгээ хэлдэг. Туйлбартай шударга зантай. Сансар огторгуй судаллаа гэхэд түүнийгээ газар дэлхийтэй хамтад нь судалж байх жишээтэй. Монголд онолын физикийн үндэс суурийг тавилцсан эрдэмтэн. Суурь судалгаа бүхнээ амьдралд хэрэгжүүлж тооцоо судалгааг хамтад нь хийдэг ясны эрдэмтэн гэж би багшийгаа үнэлдэг. Ямар ч хүнд чин сэтгэлээсээ туслахсан гэж хичээдэг зөөлнөөс зөөлөн зантай хүн. Эрдмийн ажилдаа сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, амь амьдрал, залуу халуун насаа бүрэн зориулсан буурал эрдэмтэн. Төр түмэн бүтээлд нь үнэлгээ өгнө гэж харж хүлээж явдаг юм даа” гэлээ.
Бүтээлээрээ ч, шавь нарынхаа өгсөн үнэлгээгээр ч ийм нэгэн бяд заасан бүтээл ихтэй О.Лхагваа гэдэг эрдэмтэн та бидний дунд бүтээл туурвилаа хийж, өндөрлөг оргил өөд аль хэдийнэ гарчихсан хэрнээ чимээ аниргүйхэн эрдмийн шинэ чиглэл хөгжүүлж, “цалин хөлс”  бодох завгүй  шавь нартайгаа  өдөржингөө МУИС-ийн танхимд сууж ажилладаг  тийм нэгэн бууралтай ярилцсан юм.  “Багш та ус мөрнийг далайд үдээд байрандаа үлддэг уулс юм .Тус бүтээж даяныг тэтгээд хариу  нэхдэггүй өглөгч юм та” гэсэн их найрагчийн үг юутай үнэнийг О. Лхагва багш батлан харуулж байна. Энэ ч үүднээс хийсэн бүхнийг нь багцлан хэлбэл О.Лхагваа багш эх орондоо шинжлэх ухааны хэд хэдэн тулгуур чиглэлийг хөгжүүлж, эрдмийн шавь сургууль бас хэдийг бүрэлдүүлэн олон арван эрдэмтэн бэлтгэж, МУИС болон бусад их сургуулиудад сургалтыг эрдэмжүүлэх, нийт ард түмний дунд физик-гүн ухааны үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нөр их хөдөлмөрөө зориулж яваа эрдмийн зам мөр хөөсөн үнэлж баршгүй ачтан юм.
 Нийхмийн дэг сулрахад  ганц нэг залуу эрдэмтэн  атаараахсандаа арай  л биш гэхэд  хүнийх нь мөс  алдарсны харгайгаар ахмадыгаа насаар нь  “заазлах” бузар үзэлд  автсанд энэ зуур харамсал төрснийг  нуух юун.  Эрдэмтний эрдэм бол эх орны өмч гэж дэлхий даяар үнэлж хүндэлдэг. Тэгтэл нэг “сод” физикч багшийн  бүтээлийг нь ердөө л “хар хайрцаг” авах үнэ цэнэтэй юм байхгүй гэж олон шавь нарт нь ятган “лекц” уншиж,  дээд  газарт  хар хэл хүргэж олон улсын төвшний төслийг нь хасуулжээ. Тэгээд ШУТ сангаас байдлыг илрүүлэхээр бүтэн сар шалгаад гарсан дүгнэлтийг энд сийрүүлье:  “Сүүлийн 4 жилд Дэлхийн 100 шахам лабораторт нэвтэрсэн, ОУ-ын төвшний шинэ бүтээл нэг, гадаадын өндөр үнэлгээт сэтгүүлд 16  өгүүлэл, эрдмийн хурлын бүтээл, дотоодын сэтгүүлд 18  өгүүлэл, ашигтай загвар нэг, бас нэг зохиогчийн эрх авсан” болохыг тодруулаад БСШУС яамны ШУТ газрын дарга, ШУТсангийн дарга, МУИС-ийн дэд захирал нар гарийн үсэг зурж баталгаажуулсан байна.
   Хавдрын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх   эмнэлгийн физикийн шинэ арга боловсруулах талаар дэлхийд нэрд гарсан, Австрали улсын эрдэмтэн проф. С. Гүэтеллитэй хэдэн сар хамтарч боловсруулсан “зочин профцессорийн” төслийг нь  МУИС нас өвгөрсөн гэх ангилаар  бас хасжээ. Харин хамтран боловсруулсан эрэдэмтэн нь төсөлд сэтгэл ханамжтай байгаагаа  “Монгол улсад салбар дундын ШУ-ыг хөгжүүлж хавдрыг, эмчилэх аргыг боловсруулах, цаашид патент боловсруулах  үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс”  байгаа илэрхийлж захиа ирүүлсэн байх юм. Залуус маань хамтын судалгаагаа хэдийнээ эхэлчихсэн байгаа  юмсан. Одоо юу гэж хэлнээ уруухан хэлж байлаа.    Мэдээлэлд суурилсан сургалтыг халж, судалгаагаар залууст сэдэх сэтгэх, бүтээх чадвар олгоно гээд зарлаад байдаг зорилтоо МУИС яаж хэрэгжүүлэх болж байна даа. Татварын мөнгөөр гүйцэтгэх  улсын төвшний суудалгааг ард түмэнд үр ашгаа гарцаагүй өгөхүйц өндөр шаардлагаар явуулдаг зарчим алдарчээ. Албаны  зарим ажилтны ард түмнийхээ “дээд” эрх ашгийг эрхэмлэх сэтгэл хомсдож, юуны өмнө  амиа хичээсэн ойр зорилт тойрондоо эргэдэг  гэмийг эцэслэх  цаг ирснийг  хэлэх нь зүйтэй  гэж бодлоо.
Их эрдэмдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж, дэлхий мэддэг энэ эрдэмтнээ , бас дэлхий тоогоод байгаа бүтээлийг нь  бид үнэлж хүндлэхийн чухлыг дээрх баримт бэлхнээ харуулжээ.  Харин шавь нар нь  багшийнхаа  бүтээлээр бахархаж байгаад л баярлаж байна.  Нийхмийн дэг журам алдрахад эрдэм, сургалтын үйлс гудайх ёсгүйд ард түмэн итгэж байдаг юм шүү. Монголоо гэсэн гуйвалтгүй хүслээр дотоод гадаад дахь олон шавь нараа дагуулан дэлхийн эрдэмтэдтэй амьдралд ашигтай  хамтын ажиллагаа хөгжүүлж зүтгэж яваа буурал багшаа сонсож туслах нь чухал байна. Эрдэмтэн, багшийнхаа  урмыг сэргээж, үйлс бүтээл сэтгэлийг нь үнэлэх цаг ирнэ байхаа гэдэг итгэлээ илэрхийлж энэхүү хөрөг бичлэгээ өндөрлөе. Эрдэмт суу заль ямагт дэлгэрэх болтугай.

 Сэтгүүлч Баттөрийн Даариймаа







           

No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.