О.
Лхагва, Л. Эрдэнэтуяа, Ц. Сайнсанаа
The most beautiful thing we
can experience is the mysterious.
It is the source
of all true art and science.
—Albert
Einstein
Улаачлах үг. Эдүгэ Буддын гүн ухааны сургааль, эрин цагийн квант
физик, синергетикийн голч үзэл онолын ноён нуруу төсөө чанараараа саахаллан ойртсоор байгаа нь шинжлэх ухаан дахь
нэгэн сод үйл учрал даруй мөн бөлгөө.
Бодис, хоосон хоёроос Орчлон бүрэлдэнэ гэх Демокритийн номлолоос өрнийн шинжлэх
ухаан эх авчээ. Тэгээд илийг эвдэлж үйрүүлэн “эгэл” болгоод тус бүрийг нь
шинжиж таниад “онч” сэтгэж эвлүүлэн(нийлбэрлэхүйн зарчим) дүгнэсээр шинжлэх ухаан технологийг хөгжүүлж. Эл аугаа танин мэдэхүй бол хэнд ч гайхал төрүүлсэн, хүмүүний нийгмийг
хол давшуулсан сод дэвшил мөн.
Дорнын танин мэдэхүй нь өрнийнхөөс гараа нь ч, бэлчээр нь тэс өөр ил
хийгээд чинадын ний төөрөгтэй оршихуй- сүнс оронг(тэнгэр) тандан судалдаг аж. Тиймээс эвдэлж бутлаад эгэл болгоод судалдаг
“техникт” шинжлэх ухаанаас тэс өөр ундрагатай, үл үзэгдэх, үл баригдах оршихуйд бие- сэрэхүйгээрээ ний болоод түгээмэл
зүй тогтлыг нь багцаалан номнодог аж.
Судалгаа, танихуйн гол зэвсэг хэрэглүүр нь тийнхүү хүн өөрөө бөгөөд билиг
сэрэхүйгээ хөгжүүлэхүйд ил юмс, ахуй бол Орчлонгийн язгуур оршихуй
огтхон ч биш харин ч ахар бодол төсөөллөөр
зохиож
эвлүүлсэн “хийсвэр” загвар мэт болохыг илрүүлжээ.
Энэ нь эртний
Грэгийн гүн ухаантан Платон (427-347
мтө) орчлонд гагцхүү билиг сэрэхүйн эрчээр
ундрагад нь хүрэхүйд илэрдэг үл хувирах,
туйлын бөгөөд түгээмэл дээд ертөнц (сүнс тэнгэр, ОЛ) байна, түүн лүгээ ний болоод жамыг нь дагаваас ариун
шудрагаар амьдарч, түгээмэл үнэнийг мэдэрч, юмс оршихуйг таних болно хэмээн
сургасныг өөрийн эрхгүй санагдуулнам. Тэрээр уг зүй жамыг хүмэнд ойлгуулахыг
хичээхдээ, агууд ахууц суулгасан хоригдол ил юмс, бачуу давчуу
орчинд аргамжаатай, таг бөглүү ахуйд үүдсэн мухар мэдрэмждээ
дасаж хууртаад хавцлын хананд туссан сүүдрийг бодит юм хэмээн төөрөлдөх лүгээ
адил болохыг хэлж байсан аж.
Дорнын гүн ухааны өвөрмөц салаа мөчир бол их талын догшин
ширүүн амьдрал дунд, байгаль-хүмэн, бие-сэрэхүй өөрийн эрхгүй нэгэн амьд
цогцлон цэгцрэхүйд хөгжсөн нүүдэлчний билиг эрдэм Мөнх Тэнгэр[1] мөн бөлгөө. Сүнс тэнгэрт онгодоор хүрч, билиг ундрагаар
дэврүүлэн ам ам дамжуулан цэгцрүүлсэн эрдэм байсан болохоор өрнийн соёл
нэвтрэхийн хирээр монгол туургатныхаа
дунд ч алгуур бүдгэрчээ гэж үзэж байна. Тиймээс бусад олон орны эрдэмтэн
мэргэдэд номын хэлээр бус домог яриа байдлаар хүрсэн бөгөөд тэд голдуу онч
сэтгэлгээний эрдэмтэд учир гүн билиг шидийг нь ухаж тодруулах эрч нь ч дутмаг байсан буюу.
Энэхүү ажилд буддын гүн ухааны нэгэн тулгуур
үндэслэл- хоосон чанарын тухай номлолыг
эрин цагийн квант физик, синергетикийн цах үзлээр тулгуурлан гэрэлтүүлээд, Орчлонгийн ошихуйн
талаарх өрнийн гүн ухаан дахь ямагт чинадын бараа, чимээгүй байсаар ирсэн утга
санааг нь тодруулахын хамт Мөн Тэнгэр эрдэм лүгээ харшуулан цэгнээд зарим үр дүн, гарц санааг олны анхааралд
толилуулахыг хичээсэн нь энэ болой.
Буддын холч гүн номлолууд өнөөг
хүртэл өрнийн эрдэмтэн мэргэдэд ч
дампуу мэт сэтгэгдэл төрүүлснээр ирсний учир нь тэндэхийн шинжлэх ухаан нь бодист ахуйн
хүрээнд хөгжиж, улмаар мөнхүү тойрондоо гайхамшигтай технологи бүтээгээд түүндээ
сөгдөн биширч аргамжааны гадас мэтээр тойрч шүтсэн лүгээ шууд холбоотой аж. Энэ
тухай өмнө ч цухас өнгө дурьдав.
Квант физик
хөгжихүйд бидэнд дасал болж хэвшсэн бодис юмсын салангад тусгаар,
харьцангуй чанар хумхи ертөнцөд бүрэн алдарч, чингэхүй огторгуй дотор ч, хугацааны туршид ч үл салгаж
зааглам, бас үл ялгаж ангилам төрхт оршихуй байхыг нээсэн юм. Эл язгуур зүй тогтолтой өрнийн бүр сэлүүхэн
эрдэмтэд ч бас л эвлэрч чадахгүй тэрсэж,
мунгинаж явсаар ХХ зууныг бараг туулаад төгсгөл рүү нь хувьслын зүй жамын
түлхүүрийг хүмэнд атгуулаад буй синергетик буюу шугаман бус эрдэмтэй нийлэн хүч
хавсраад эдүгэ Орчлонгийн тухай хүмүүний танин мэдэхүйг эрс хувиргахад хүргэв.
Синергетик сургаалийн үүднээс болгоовол Орчлон бол нэгэн амь хуйлрал эвхрэл бөгөөд
монгол эрдмийн ойлголтоор бол хуйврахуйн үйл эвхрэл нь тэнгэрийн суу залийн ивээл сонголтоор шинэ дэг, эрэмбэ, бүтэц бүрэлдүүлдэг жамтай
ажгуу. Тиймээс Мөнх Тэнгэрийн их суу заль болбаас синергетик буюу шугаман бус эрдмийн гэрэл
лүгээ зүй ёсоор ханьсан тодроод, улмаар
аливаа систем нь хуйлрал эвхрэлээр аяндаа цэгцэрч ухарал, сэрэхүй, дэг
эрэмбэ, бүтцийг бүрэлдүүлдэг жамыг
багтаасан билиг эрдэм болох нь илэрхий болов.
Хаос үйлийн үрийг туулахуй дор тэгэхлээр, мөнөөх сэрэхүй
ухаарлын далайд хуйврал эвхрэл өрнөж, түүгээр шатлан дамжиж сонголт, бүрэлдэх ба бүрлэхүй өрнөдөг
жамтай ажээ. Тиймээс хаос үйл бол эгэл
сөрөлт- сэрэхүйгээс дээд оюун ухааныг хүртэл үүдэн бүрэлдэх, өв
сангаа хурааж бүрлэх төөрөг бүхий сэрэхүй
ухаарлын цогц төрүүлүүр(их суу заль) нь
юм гэж үзэхэд шууд хүргэж байна. Хэлснийг төнхвөл ухаарал- сэрэхүйн цогцос
бүрэлдэх, бүрлэх заяа нь Орчлонгийн
хувьслын дээд үр дүн нь бөгөөд язгуур оршихуй нь мөн болж таарах юм. Харин
хүмэн, бодис юмс, дээд ухаарал хоорондоо чухам ямар үйлээр харилцаж, нийлэх,
салахын заяа эдэлдэг асуудал ер нь л төдий л хөндөгдөөгүй асуудал болоов уу даа.
Хоосрохуй. Буддын гүн ухаан бол илийн гүн хийгээд чинадын орой, ёроол,
хаяа руу тэлж, язгуур төрхөд нь хүрч зүй жамыг тоймолсон сургааль мөн учир
газар ахуйн хүмэнд ойлгомжгүй бүр эгдүүцэл төрүүлж[2]
байсныг өмнө бүдэгдүүхэн хэлснээ тэмдэглье. Үүний нэг нь sunyata буюу хоосон чанар
мөн. Хоосон чанарын сургааль нь бүхнийг эхлээд
өөртэйгөөдараа нь хооронд нь харьцуулан салгаж дүгнээд санаа бодолдоо хий
төсөө “загвар” оноож босгоод, зааглан ялгадаг газрын “Би” гэдэг аминч “ухар” мэдрэмж ойлголт бүрэн
баларахад онгод гэгээрэл бүрэн ноёлох төвшинд тохиож буй хүмүүний танихуйн дээд зүйг л
илрүүлсэн аж. Шинжлэх ухааны танихуй бол мэдрэхүйн эрхтнээр төрх шинж, дуу чимээ, дүрс, өнгө
зүсийг мэдрэх хүртэхүйгээс шууд үүдэлтэй. Товчхондоо хүмэний ухаан бодол ил тойрон
юмс, Орчлон лугаа “бурантагтай” байх
нөхцөлд цэгцэрсэн эрдэм мөн.
Тэгээд энүүхэн зууртаа бодислог хуурмаг төсөө загвар бүтээсэн шинжлэх ухаан мөчидхөн болохыг хоосон чанарын
номлолд хурц тод илчлээд Орчлонгийн язгуур оршихуй нь угтаа ухаарал сэрэхүй(сүнс)
далай болохыг тандан тодруулжээ. Хоосон чанарыг бартагдуухан базаж хэлбэл, өчүүхэн “өөрийг” дөвийлгөж шинжилгээний зорилт,
дүгнэлтийн цөмд залаад, ухраар бүтээсэн олонлог загвараа гагцхүү “Би” гэх мэдрэмжээр өрж босгосон мөнөөх аминч үзэл, хуурамч загвар-
хий нэр томъёо балран замхрах (anatta,sanskrit anatman) сүнс тэнгэрт тохиож буй
Орчлонгийн оршихуйн дээд төөрөг мөн бөлгөө. Ухаарал сэрэхүйн далай буюу язгуур
оршихуйн хувирал нь хүмэн хийгээд бүхий л юмсын бие цогцост бүрэн нэвчиж ханах шид өрнөлтэй.
Тэгэхлээр хүмэний бие цогцос нь Орчлонг(тэнгэр)-ийн үнэмлэхүй
оршихуйн түгээмэл энерги- мэдээллийг
адилхан агуулж, Орчлон лугаа эн тэнцэн шууд амьсан ижилсэх шинж чадалтай. Харин
газрын ахуй дахь аминч зуршлаас болоод тэр далд шид чанарыг нь тэнгэрийн жамаас хөндийрүүлээд “БИ” гэх хар
амиа шүтдэг гэм газрын эрдэм хийгээд хүмэнд хүчтэй шүглэжээ.
Түүнээс салгах арга зам байна уу? Байна.
Гэгээрч, онгод орсон хүмэн газрын өнөөх дарамтаас салж, тэнгэрийн ухаарал
сэрэхүйн далайн ний төрх чанар лугаа гарцаагүй амьсана. Өлгөж төнхвөл хүмэн
бол жинхэнэдээ ухаарал сэрэхүйн далайн нэг
“дусал” мэт бөгөөд онгод, гэгээрэлд
хүрэхүйд тэнгэрийн сүнс далай лугаа мөнөөх дусал нийлээд даруй бүхий л
цараанд нь үл ялгаран амьсан амгаланд хүрэх бөлгөө. Чингэхүй дор гагцхүү тэнгэрийн амин чанарын туйл мэдрэмж буюу бүхий л юмс огторгуйгаар зааглан
салгах боломжгүй, бас гурван цагийн
ангилал баларч нэгэн амь болсныг л мэдрэхүйд бүх юм хоосорсон мэт байх аж. Газрын дарамт зааглал арилж, мөнөөх хуурамч загвар үгүй
болохыг “хоосон” гэсэн нь угтаа бодист
ойлголт мэдрэмжийн эрдэм бол нэр томъёо төдий болохыг илчилсэн хэрэг мөн. Чухамдаа
Орчлон хоосроогүй, Орчлонд гагцхүү сүнс далай буюу дээд язгуур оршихуй л
байгааг түүн лүгээ бие- сэрэхүйгээрээ уусаад илрүүлснийг тогтон болгоовол зохиму.
Хоосон чанар тийнхүү Орчлонгийн язгуур ахуу лугаа
нийлэхүйд, цоо шинэ өндөрлөг- Орчлонгийн язгуур оршихуй- сүнс далай байгааг
дорнын гүн ухаан тийнхүү анх нээж илрүүлсэн аж. Язгуур оршихуйд онгод гэгээрлээр(тэнгэрийн
улаач) хүрээд ухаарал сэрэхүйгээр Орчлонгийн
орон зай, цаг хугацааны зааг ялгаагүй зүй тогтлыг тандан мэддэг билиг
эрдэм буюу сүнс тэнгэрийн танихуйн
гэгээн жам бодитой байгааг тийнхүү нээсэн байна. Дашрамд, нүүдэлчний Мөнх Тэнгэр бол жинхэнэ дээ дээд тэнгэрийн танихуйн жамаар бүрэлдсэн цогц
эрдэм ухаан мөнийг дахин тэмдэглье.
Орчлонгийн сүнс
далай түүний хуйларлаар бүрэлдэн царцанги “хөөс”- бодислог ертөнц хоёр мэдээж ний
заяатай бөгөөд нэгэн амьд багцран хуйларан эврэх тавилантай. Хүмэнэй бие цогцос
бол угтаа Орчлонгийн язгуур ухаарал, сэрэхүйг тээж яваа эрчлүүр “хөөс”- эд эс нь юм гэдгийг давтан
саная. Онгод, гэгээрэлд хүрэхүйе сүнс далайд тэгж нийлээд Орчлонгийн амилан багсрахуйн
язгуур учир зүйг билгээр тандан танихуйд тохиох хоосон чанарыг Будда багш илрүүлж, Нагаржуна хөгжүүлсэн байна.
Холограф ба багсрахуй. Квант физик,
синергетикийн заагт шугаман бус оптикийн
шинэ зүй илэрсээр буйн дотор холограф[3] бүрэлдэхүйн жамыг нээжээ. Орчлонгийн цэг бүрт нь бүх мэдээллийг нь хувирахуйн жам зүйтэй нь цуг шүглүүлэн шингээсэн холограф оршихуй орогнох аж. Холограф нь бүхнийг хориггүй нэвтлэн орой,
ёроол, хаяагүй түгэж, чанар чансаа ижил нэвчинэ. Тиймээс Орчлонг
дүүргээд бас эвхрэлдэн хувирахуйг нь бүр цэг бүрээсээ хөтөлнө. Холограф бол шугаман
бус буюу хаос үйлийн (суу заль)сонголтоор бүрэлдэсэн, өмнө дурссан сүнс далай мөн хэмээнэм. Хүмэний биеийг
бүрэлдүүлэгч бөөм хийгээд эд эс бүр нь шат шатныхаа мэдээллийг агуулсан холограф
бөгөөд Орлонгийн бүх мэдээллийг ч тэгж агуулна.
Гэгээрэлд хүрсэн хэн ч бай тэгэхлээр мөнөөх сүнс далайн дусалд хувирах буюу. Мөнхүү дусал сүнс далайн
цараанд ижил “сүрэгтээ” нийлэхүйд туйл амгаланг эдэлдэг жамтайг билиг туршилтын
баримт өгүүлнэ. Та орчлон лугаа хумхи
ертөнцийн квант жамаар амилан шууд ний хийгээд амгалан заяаг эдлэх болно. Мөнөөх
“БИ” зовоож дарамталдаг газрын ахуй хий ялгаварлал үгүй болно. Чингэхүй Орчлонг
ил бариа юмст зааглан ялгах хөрстийн харьцуулдаг зуршил бүрэн ууршин замхарч хоосрохуй буюу хоосон чанар ноёлно. Тэгж
онгодод хүрсэн хүмэн Орчлонгийн сүнс
оршихуйн заяаг түшиж, амар амгаланд хүрэх заяатай аж. Хоосрохуй тиймээс
Орчлонгийн оршихуйн язгуур төрх чанар нь мөн гэдэг баталгааг квант физик, синергетикийн онол
үзүүрээс тийнхүү оллоо хэмээсээр бэдэрнэм.
Эйнштейний
харьцангуйн ерөнхий онолд масс-энерги, огторгуй- хугацаа харилцан уусан
багсарахуйд орчлон чухамдаа “чөлөөт”(хоосон
гэчихмаар) муруй огторгуй руу төрөл арилжихад
бүхий л юмс зөнгөөрөө тавилангийн шугам дагаж “сулдаа” хувьсдаг зүй
тогтлыг илрүүлсэн юм. Энэ нь хоосрохуйг өөрийн эрхгүй санагдуулнам. Тавилангийн
шугам бол “хоосон” муруй огторгуйн
нүүхүйн заяаных нь жам бол Орчлонгийн амилахуйн дээд заяа тохиохуйд сүнс далайн
хувирал ч мөн хоосон чанарт “сул” хувирал- нүүхүй мөн гэвэл зохимоор байнам.
Билиг танихуйн учир. Орчлонгийн холограф далайд хол ойрын шинж илэрдэг бол уу?
Үгүй юм байна. Тэгж илэрдэг байсан бол мөнөөх зааглан ялгах, харьцуулан ангилах
газрын загварт ухаан руу хөтөлж таарна. Тийм шинж яавч үл илэрнэ. Та хэлснээ
баталж чадах уу гэдэг асуулт босоод ирнэ. Энд нотлох санаа хэлье. Нэгдүгээрт, Орчлон хумхи
ертөнцөөс(тоос) бүрэлдэнэ. Хумхи ертөнцөд бүх юмс үл салгам нэгэн амь болохыг
квант физикт нотолсон буй[4]. Тэрхүү үл салам “амилсан” оршихуй хумхийн шинжээ
хадгалсаар их Орчлонгоо “ширээлэн” бүрэлдүүлнэ. Маньд тусгаар мэт байгаа нь далд амь холбоо хүлээг нь мэдрэхгү
байж, салангад мэтээр хуудуу дүгнэлт хийсэнд оршино. Хоёрдугаарт, Хумхи ертөнц
бол маний дассан үлэг хорвоогоос тэс өөр илүү баян шид шинж төрхтэй. Тэндэхийн зуурдын бөөмлөг-
долгиолог бүрэлдэл хоорондох харилцаа нөлөөлөл нь зай хийгээд хугацаанаас хамаарахгүйгээр
ямагт нэг дор өвөрлөлдөн эвхрэлдэх мэт нягтралтай байх аж. Үүнийг Парисын их
сургуулийн физикчид туршилтаар[5] нотолжээ.
Тэгэхлээр Орчлонгийн “бодист” төрх нь ч ялгаагүй квант физикт илрүүлсэн үл салах, үл ялгарах
зүй тогтол бүхий хумхийн чинад оршихуйн эрхшээлд бүрэлдэн үүсдэг аж. Гурадугаарт,
Бодислог хорвоо бол сүнсний буюу энерги(мэдээлэл)-ухаарал-
сэрэхүйн далайд эмхэрсэн царцмал хөөс мэтийг давтан саная. Физикийн шинжлэх
ухааны өнөөгийн цэгнэлт ёсоор энэ бол Орчлонгийн ялигүй хэсэг нь аж. Масс лугаа хуралдсан сүнс- энерги-сэрэхүй
буюу бодис Орчлонгийн зөвхөн 4 хувийг эзэлнэ. Энрги-мэдээлэл- сэхээрэхүйн далай
буюу чинад хумхи төрлийн ертөнц тэгэхлээр Орчлонгийн 96 хувийг эзэлнэ. Онгод гэгээрэлд
хүрсэн хүмэн чухамдаа бодист хорвоогийн архалаа хүлгээс тасарч, ухаарал сэрэхүйн тэнгэр буюу сүнс
далай лугаа ний болох аж. Орчлонгийн оршихуйн дийлэхийг нь агуулсан далд ертөнц
бодислог бөөмлөг төрхтэй бус харин квант
физикийн хэлээр бол ухаарал сэрэхүйн
“уймрал” хувирлын заяатай дан энерги-мэдээллийн долгилог шинжтэй байх ажгуу.
Ил хийгээд далдын ний оршихуйд гагцхүү хувьсахуйн хөтлүүр ир эрч, ур дэм (суу залийн үйлээр) хуйварна. Тиймээс сүнс далайд хүрсэн улаачийн хувьд минийх, таных, тэрнийх гэх баримжаа нь бүрэн алдран замхраад гагцхүү
Тэнгэрийн сүнс ухаарал сэрэхүйн эрхшээлд орно. Чингэхүй Орчлонгийн ил хийгээд
далд оршихуй лугаа физик болон сэтгэл,
сэрэхүйн хоморгодэнс үйлчлэлийн[6] эргүүлэгт байх юм.
Мөнх Тэнгэрийн хүч. Өгүүлснээс өлгөхүйд, онгодод хүрсэн улаач
хэдийгээр тухайн бодгаль цогцос нь хэвээр байх авч Орчлонгийн тулгуур оршихуй- ухаарал
сэрэхүйн сүнс орон лугаа сүрэгтээ нийлсэн мэт амьсан уусач, үл ялгарах, зааг ялгаагүй
амгаланг туулна. Хэрэв нэг омог ясны
хотол түм онгод гэгээрэлд нэгэн зэрэг(resonance,
дарвин) ний орж зуршваас Тэнгэрийн ухааралд нэгэн амиар нийлэн их найраг заяаг
түшнэ. Чингэж байгаль-хотол хүмэн, бие- сэрэхүй сүнс далайн хувирахуй лугаа амьсан багцарч, улмаар бултаараа тэнгэрийн “нэгэн
хүмэнд” цэгцрэх төөрөг тохионо. Энэ бол газрын салангад хар
амиа бодсон төрх заяанаас салж, тэнгэрийн найраг
хүчинээ эрхэнд аугаа ир, эрч, илч чадлыг олох дээд төөрөгт арилжин орж
буй хэрэг мөн. Тэнгэрийн тэр төөрөгийг
хүмүүн төрөлхтний дотроос нүүдэлчид л хадгалан эзэгнэсээр үлдсэн байна. Бусад,
ялангуя, суурин, давчуу ахуйд хашигдсан олон түмэн тийм чадвараа ихэд гээжээ.
-
Та адгуус амьтанд тийм шид чадвар байгаа хэмээн үзэж байна
юм уу?,
Тиймээ. Загас, шувуу, ялаа, хорхой мэт хамаг амьтас сүргээрээ гайхамшигт уран
чадварыг үзүүлж “тоглодогийг”
санаж байгаа биздээ. Тэднийг тийм урлагт хэн ч дэглэж сургаагүй, дэгд
орж сурах ухаан ч байхгүй шүү дээ. Үүнийг физик, синергетикийн дэвшил ёсоор бол холограф
резонанс үйл хувирлаар амьд амьтас нь сүнс далайн ухаарал сэрэхүйн хоморго “дарвихуйн” эрхэнд нэгэн
жолоонд бултаараа хуйларч байгаагийн
илрэл[7] мөн хэмээх нь эрдмийн зүйд илүү нийцнэ
байх.
Сүнс
далай лугаа ний болохуй дор тохиож буй
цахилгаан соронзон долгионы(энерги- мэдээлэл шүглүүлсэн) төрөлд суурилсан, эл сүрэг хийгээд хотлын (резонанс)
холограф сэрэхүйг тиймээс урьд өмнө хаана ч төдий л хөндөж байгаагүй өвөрмөц заяа- Орчлонгийн жам[7] гэж үзэж байнам. Будда багш
гэгээрэлд хүрчихээд Очлонгийн бүхий л оршихуй лугаа ганцаараа ний төрх төрөл
олсноо хүмүүнд анх удаа мэдүүлж номносон аж. Бас өмнө өгүүлснийг санахуй, Плато
ч мөн тэр сүнс далайд ний болж байсан нь тодорхой байна.
Тэгэхлээр нэгэн ясны хотол онгодод
дарвиж хүрэхүйд гүн билгийн цоо шинэ зүй
буюу тэнгэрийн сэрэхүйн хоморго холограф дахь эрч чадлыг олж эзэгнээд
бултаараа ний заяагаар Орчлонг нэгэн амиар өвөрлөж, бас нэгэн амиараа хорвоод
өвөрлүүлэн хуйлран эвхрэлдэх бөлгөө. Энэ
бол шинжлэх ухааны өнөөгийн охь үзлийн гэгээнд тодорч буй сүрэг болон хотлын ухаарал
сэрэхүйн дээд төөрөг тавилан даруй мөн буюу. Энэ шид эрч чадал-бодит оршихуйг нүүдэлч монголчууд(Чингис хаан маань) Мөнх
Тэнгэрийн хүчин хэмээн нэрлэсэн нь түүнийг мэдэрч, ашиглаж ирсний баттай баримт ч гэж үзнэм.
Эндээс өгсүүлж бодохуйд Мөнх Тэнгэр эрдэм
Будда болон Плато багшийн номносон Орчлонгийн язгуур оршихуйд хүрч уусахад илэрч байсан
дан бодгальд тохиосон “хоосон” чанараас
илүү хол давшиж, хотлоороо дээд тэнгэрийн заяа буюу тэнгэрийн нэгэн
хүнд цэгцрэх хувь тавиланг түшжээ хэмээнэм. Сүнс буюу язгуур оршихуйг монголчууд мэдэрч
байснаас гадна “Мөнх Тэнгэр
бол...гагцхүү ертөнцийн эрэмбэ жамыг залж заадаг...”[8] болохыг мэдэрч үйл
амьдралдаа хэрэгжүүлсэн байнам. Тэнгэр бол сүнс далайд бүрэлдэх, бүрлэх зуурдын
тавилан бөгөөд тэгэхлээр зогсонги
хоосрол бус Мөнх хуйлран эвхрэх нүүхүйн
заяатайг хотлооороо онгодод хүрээд билгээр танин мэдэрсэн байж.
Дээд тэнгэрээс заяат. Мөнх
Тэнгэрийн хүчин бол тэгэхлээр нэгэн ясныхан хотол
бултаараа хоосон чанарт дарвиж нийлээд улмаар
тэнгэрийн ухаарал сэрэхүйд нийлэн танин мэдэхүйн гэгээн ид шидийг эзэгнэх чадал
олсны баримт нь мөн. Хотлоороо тэнгэрийн сэрэхүйн жолоог атгаж увьдас чадалтай
болсныг нууц товчоонд[9] олон баримт түшиж өгүүлсэн буй. Чухамхүү Орлонгийн язгуур оршихуй- сүнс далай
лугаа хотлоороо онгодоор нийлэх, найраг хүчин шидийг эзэгнэх чадвартай нэгэн ясны хотол түм өөрснийгөө дээд тэнгэрээс
заяат хэмээн нэрлэж байсан гэж үзнэм. Тэд бол чухамдаа тэнгэрийн нэгэн хүмэнд
хуйлран эвхрэлдэж, далайд загас бүжиглэхүйн адил нэгэн амь ир, ур, дэмийг
эзэгнэн үл няцах, үл урвах, ямагт ялан дийлэхүйн эрч чадлыг олсон байна.
Тиймээс
их талын нүүдэлчид тэнгэрийн билиг эрдэм, газрын бодист танихуйн эрч хүчийг
хослуулж нууц оньс нь одоо ч олдоогүй танихуйн
ид шидээр өргөн цараа бүхий танихуй
хийгээд билиг соёлыг хөгжүүлжээ. Түүнийхээ ачаар эзэнт гүрэн үүсгэн байгуулахад шаардлагтай үйлдвэрлэл,
нийхэм, урлаг яруу сайхныг хөгжүүлээд, тухайн үеийнхээ тэргүүн дэвлийн манлайл хүрч өндөр босгыг нь даван аугаа соёл, сэтгэлгээ бадрааж, түүнийхээ эрчээр суут эзэнт гүрнүүдийг удаа
дараалан байгуулсан байна.
Шашин ба Мөнх Тэнгэр. Орчлонгийн
ухаарал сэрэхүйн язгуур үндэс лүгээ ний заяа түшээд, тэнгэрийн сүнс тавиланг
хүмүүнд анх тандан нээсэн Будда багшийн гүн ухааны сургаалийг дэггүй, элдэв
шуналаар базардсан үй олны сэтгэлийг ариусгаж,
амар амгаланд дасгаж номхруулахын тулд Буддын шашны номлолыг үүсгэн хөгжүүлжээ
хэмээнэм. Харин нүүдэлчид бол сүнс
далайд хотлоороо дарвин нийлээд Мөнх Тэнгэрийн хүчинээ жолоонд орсон болохоор
бултаараа амар амгалан хийгээд шудрага үнэний Тэнгэрийн ариун зарлигийг чандлан
сахих болж. Тэгэхлээр нүүдэлчид шашины зориудын номлолд огтхон ч автаагүй, Орчлонгийн язгуур үнэн хийгээд амар
амгалангийн оройн дээд сүнс тавилангийн эрхэнд ороод, хорвоо ертөнц лүгээ үл салах нэгэн амь Тэнгэр заяаг шууд эдэлжээ.
Чингис хааны нэг цэрэг голын усанд
цамцаа угаасан учир амийг нь хороох ял
оноож гэнээ. Мөнх Тэнгэрийн зарлиг ёсоор
бол энэ нь нэгэн амь дор багцарсан Тэнгэр эцэг, этүгэн эх болон төрсөн аав, ээжийн
цогцос- сэтгэл лүгээ хирээ нэвчүүлж буртагласантай эн тэнцүү бузар хэрэг
болохыг гүн мэдэрсний бат нотолгоо мөн. Элдэв шашныг
ялгаварладаггүй байсан нь Чингис
хаан өөрөө сүнс тэнгэрийн жамд бүрэн нэвтэрч сахидаг
байсны тод илрэл буюу.
Байгаль,
уур амьсгал, амдарлын нөхцөл эрс ялгаатай нөхцөлд онгод, гэгээрэлд хүрэх арга зам
за өөр өөр байж. Халуун орны Сахья Муни
олон жил дияан хийж гэгээрэлд хүрсэн, тийм нөхцөл ор заяагаагүй монгол бөө нар нүүдлийн ахуйд тэнгэр- газар-хүмэн, бие- сэрэхүйн амьсахуйн
заяа бүхий тулгуур долгиог доргиож
хэнгэрэг цохиж бүжиглээд богино хугацаанд онгодод хүрэх замыг олжээ. Эдүгэ соёлт
өрнөдөд энэ аргыг өргөн хэрэглэж байна.
Арга зам ямарч байсан, квант физик, синергетикийн үзэл онолын суварга өндөрлөгөөс
гийгүүлэхүйд онгод ч, гэгээрэл ч Орчлонгийн нэг л сүнс тэнгэр лүү нийлж байгаа
юм. Тиймээс молхи байгальч би бэр Мөнх Тэнгэр, Буддын гүн ухааны үндэс язгуур нь нэг гэдэгт итгэл төгс байна. Учрыг мэдэхгүй байж,
дорнын дээд тэнгэр танихуйн хоёр их эрдмийг хооронд нь мугуйдан ялгаварлаж,
хүмүүсийн толгойд хорон санаа цацах нь нүгэл болохыг эрхэмлэн хичээвэл зохиму. Тэнгэр
эцэг, этүгэн эхээ их хаан шигээ хайрлаж,
байгаль- хүмүүний нэгэн амь заяатай унган төрхийг өвөг дээдэс шигээ ариунаар
сахихын төлөө тэмцье.
Хотлын сэрэхүй(transpersonal psy). Дашрамд хэлэхэд, техникт шинжлэх ухаан үүсэхээс
бүр өмнөх галавын үед хүмүүн(адгуусны чадал?) сүнс далай лугаа “хотлооро”
амьсах заяаг илүү эдэлж, танихуйдаа тэнгэрийн хүчийг илт ашиглах шид
төвшинд хүрсэн байж мэдэхээр буюу. Тэгж Орчлонгийн энерги- ухааалын язгуур зүйд
уусаж ир, ур, дэм, эрчийг үржүүлснээр бодист юмст үйлчлэх язгуур хүчний тэнгэр
сэрэхүйн жолоог олж эзэмдээд эдүгэ
цагийн техникт дэвшлийн үүднээс ойлгомжгүй, гайхал төрүүлсээр буй аврага чулуун
байгууламжийг бүтээсэн байж мэдэх буюу.
Орчлонгийн ухаарал сэрэхүйн ир, ур, дэм, эрч
лүгээ дан болон хотлоор ний болохуйд тохиох сэрэхүй сэтгэл зүйг өрнийн эрдэмд transpersonal psycology гэх
нэр оноожээ. Энэ ч бас л газрын хувь хүний “аминч” раншингаас үүдэлтэй эрдмээсээ
төлжүүлэн сүнс тэнгэр лүгээ ний төрх олж хөгждөг хотлын амь сэрэхүйг илэрхийлэх
үйлс рүү чиглэж яваа гараа мөн. Сэтгэл
судалын шинжлэх ухаан хөгжиж сэрж сэтгэхүйн үйл нь холограф шинжтэйг илрүүлэд
чинагш эрчтэй хөгжих төрхийг[10] олоод байна.
Орчлонгийн ухаарал, сэрэхүйн ир, ур дэм,
эрчийг шинжлэх ухааны дэвшилтэй эн зэрэгцүүлэн хэрэглэхэд хүмүүний түүхнээ байгаль
– хүмүүн- ухаарал сэрэхүйн тэнгэрийн
хүчинэй ний заяа дэлгэрэх нь дамжиггүй.
Ишлэл
1.
О. Лхагва, Орчлон,
Суу заль, Мөнх Тэнгэр товхимол, Улаанбаатар, 2013
2.
О. Лхагва, Ц.
Сайнсанаа, Л. Эрдэнэчимэг, Физика и восточная философия,Наука и Буддизм,
Материалы научной конференции, с.
60-73, Улан-Уде, 2012.
3.
О. Лхагва, Орчлон,
суу заль, Мөнх Тэнгэр товхимол:AIII.7. Холограф
ертөнц, х. 68, УБ, 2013,
4.
Мөн тэнд, Г.8. Физика и восточная философия, х. 337.
5.
Мөн тэнд АIII.4.
ЭПР парадокс,
х. 63.
6.
Мөн тэнд, Мөнх Тэнгэр: хаос, бүрлэхүй-бүрэлдэхүй, х. 153.
7.
Мөн тэнд, Мөнх Тэнгрийн хүчин- Орчлонгийн жам, х.207.
8.
Л. Н. Гумилев, В поисках вымышленного царства, Москва, 1992, с. 212.
9.
Монголын нууц товчоо, Сонгомол эх, Мөнхийн
үсэг,2004.
10. S. Grof and Z. Bennet, The Holotrphic Mind, An
Overview of the transpersonal
Pragdigm, p. 81,Halper Collins e-Books, 2008.
3 comments:
Та нар Тэнгэртэй уулзаж учирч байсан уу? Талаар арвин Тэнгэрүүд бууж байна шүү дээ.
Катарсис бясалгал бөө буухтай төстэй санаа юм уу Хотлоор ний болох гэдэг санаа таалагдлаа Баярлалаа
Post a Comment