Saturday, May 18, 2013

Мөнх Тэнгэрийн хүчин –Орчлонгийн сүнс зарлиг


                                         Мөнх Тэнгэрийн хүчин –Орчлонгийн сүнс зарлиг     
             
Не то, что мните вы, природа,
Не слепок, небездушный лик,
В ней есть душа, в ней есть свобода,
В ней есть любовь, в ней есть язык.
                                    Ф. И. Тютчев

Penetrating into ever deeper realms of matter, he(physicist O. L) has become aware of the essential unity of all things and events. More than that, he has also learnt that he himself and his consciousness are an integral part of this unity.
F. Capra


  
Abstract
           In this essay, the  ancient Mongolian top believe —the Mighty of  Munk Тeнгeрy frequently declared  by Chinggis Khaan  is considered in the newest progression  of conceptions of quantum physics and synergy. To this day, the true mystery of nomadic civilization remains, in my opinion, unsolved, except for the recognition of black legend fallacy [1,2]. Solving the problem is not limited to the history of nomads.  It is also equally associated with the common root of the generic origin and the evolution of human cultures. Here is suggested that Chinggis Khaans’ Mighty of Munk Tengery should be acknowledged as tangible demonstration of   universal cosmic consciousness shaped by  undivided unity  of  material and spiritual realities   in the universe.

  Түлхүүр үг:  Мөнх Тэнгэр, Мөнх Тэнгэрийн хүч, Нүүдэлчний соёл иргэншил, квант физик, синергетик, амьсахуйн жам,

Түүхэн үнэний нууц. Төв азийн монгол туургат нүүдэлчид өнө эртнээс хүчирхэг эзэнт гүрнийг удаа дараа байгуулсаар ирснийг хүмүүний түүхнээ товойж,  хэзээ ч үл бүдгэрэх түүхэн туршилт буюу  бат баримт хэмээн үзэх нь зүй бөлгөө.  Тэгтэл их эзэнт гүрэн бүрэлдэх суурь нь болсон нүүдэлчдийн соёл  харамсалтай нь өрнийн шинжлэх ухааны  шалгуур торонд  торж үлдэх ул мөр хийгээд чансаагүй байж. Тэгвэл Хүн, Түрэг  Монголын эзэнт гүрнийг цэцэглэлт рүү хөтлөн мандуулсан соёл, иргэншлийн яс чанар нь өрнийн шинжлэх ухааны сэтгэлгээнд үл өртөх, үл үзэгдэх далд  шид увидастай байв уу гэдэг асуудал аяндаа босно. Харамсалтай нь эл гогцоо асуудлын битүү зангилаа өнөөг хүртэл тайлагдаагүй нууцаа[2]  хадгалсаар л аж.  


Давааг давахуй. Математикийн ухаанд томъёоллыг хөдөлбөргүй батлахын тулд хүрэлцээтэй бөгөөд гарцаагүй нөхцлийг нь урдчилан тогтоодог нь хууль. Их эзэнт гүрний цэгцрэн бадрах хүрэлцээтэй бөгөөд гарцаагүй нөхцөл бол тухайн цаг үедээ нүүдэлчид соёл иргэншлийн  өндөр давааг давсанд оршму.   Мөнөөх нөхцөл бүрэн гүйцэлдээд ирэхүйд нүүдэлчний эзэнт гүрнүүд жам ёсоороо аяндаа  бүрэлдсэн нь мадаггүй.  Өгүүлснийг чинагш нарийсган тунгааваас нүүдэлчид соёл, иргэншлийн хэд хэдэн гол хэц өндөрлөгийг гарцаагүй давсан нь илт болоод байна. Юуны өмнө олны оюун санаа хийгээд амжиргааны амар төвшин байдлын суурь нь болсон эд баялаг түүнчлэн ялан дийлэхийн тулгуур-  байлдааны зэр зэвсгийг бүтээх үйлдвэрлэлийн бас  улс гүрнээ тохинуулаад төр, нийгмийг жолоодохуйн өндөр давааг  гарцаагүй л гэтэлсэн  байж.  Энэ бодит үнэнийг яахин сөрж маргах билээ. Соёл, ухаарлын эл өндөрлөгийг эзэгнэсэн учраас их талын цуутай эзэнт гүрнүүд бүрэлдэн мандсан[2]  гэх санааг  эсэргүүцэх нь ахар бодлын гай  л байх буюу.
Өгүүлснээс өлгөхүйд өрнийн шинжлэх ухаан чухам ямар үзэлд  хөтлүүлэхээрээ түүхэн үнэнийг үнэлээгүй юм бол доо? Ахар үзлийн унги үндэс нь чухам ямар эх үүдэлтэй болоо? Иймэрхүү  асуудал бодолд хургана.   Дундад зууны  өрнөдөд энэ тулгуур асуудлыг “ултай” судлаад аминдаа “шинжлэх ухааны нээлт” хэмээн итгэсэн   онолын дүгнэлт хийж.   Хожмоо өнөөх “нээлт”   хар домог  хэмээн хочтой ч болсон аж.  Юу хэлээд байгааг төнхөж тодотговол, монголын нүүдэлчдэд эзэнт гүрэн байгуулах  сачий уулаас  байгаагүй, харин христийн дээрхийн гэгээнтэн Жон[3a] эзлэн жолоодсны дүнд дорнын их талд эзэнт гүрэн цэгцлэн мандсан гэж сод дүгнэлтэд хүрсэн байж. Түүхэн үнэний үндэст ухаж хүрэх сачий чухамхүү дутсны  харгайгаар үрсэлсэн мухар таамнал буюу хар домог чингэж үүссэн намтартай аж. 
Эл мухар таамнал руу хөтөлж будлиулсан  өрнийн шинжлэх ухааны үзлийн ир үзүүр нь юу байсныг  хайх нь нүүдэлчдийн соёл иргэншлийн оньс нууцыг тайлахад онцгой ач холбогдолтой нь мэдээж болоод ирлээ.  Түүгээрч үл барам хүмүүний  соёл, иргэншил, эрдэм ухаан чухам ямар эх ундрагатай нэг нэгэндээ  үл ойлгогдох гүн  цав ялгаа үүссэний учир  холбогдлыг мадаггүй  тогтооход  ч тулгуур  тустай болно.
Хар домог тойрууд. Нүүдэлчдийн хүчирхэгжил, аян дайны цуурай сүртэй сонсдож, айдас төрүүлэх болсноос улбаалан тэдний амжилт, дэвшлийн нууцыг илрүүлэхэд чиглэсэн “ултай” судалгаа хийсэн байж. Судалгааны  баримтыг тунгаагаад нүүдэлчид бол эвлүүлэн сэтгэх чадваргүй,  ардаа үлдээсэн соёл, иргэншлийн ямарч ул мөргүй[3b]  ердөө л морьтой дээрэмчид л юм байна хэмээх гэнэн дүрслэлт дүгнэлтэд хүрчээ. Энд өмнө дурьдсныг санахуйд өрнийн шинжлэх ухааны “тулгуур” сэтгэлгээг жолоодож буй  арга үзэл нь мухардснаас  мөнөөх домог зохиоход хөтөлж хүргээ юү дээ гэх хар төрүүлээд байгааг дахин тэмдэглэе.  Ялгаварласан атгаг үзэлдээ ааглуулан бүхэл үндэстний соёлын үнэнийг харалган алгасаж,  хар домог зориуд найруулсан хэмээн өрнийн   шинжээчдийг ихэд эгдүүцэн шүүмжилсн Лев Гумилев[3b]: “Тийм утгагүй дампуу юманд өрнийн хүмүүс бүр 500 гаруй жил итгэж үнэмшсээр ирсэн нь  даанч харамсалтай[3b]”гэж шүүрс алдсан байдаг .
            Тулхтай шинжээчид хэзээ цагийн, хаанахын  хэн байхаас үл хамааран ямагт асуудлын яс чөмөгт хүрч шийдийг олохын төлөө л үнэнхүү чармайдаг шүү гэсэн бодол надаас үл сална.  Тэгэхлээр дундад зууны шинжээчид атгаг бодлоосоо ч  бус харин шинжлэх ухааны ухар  хөтөч үзэлд  бурантагтай байснаасаа  хөлтөж мөнөөх  “таамналыг” аргаүй дэвшүүлэхэд хүрсэн юм биш үү гэсэн санаа эргэлдэнэ.  Шинжээчид хүмүүний түүхэнд  бодит үнэн  бүрэлдэн тодроод нүүдэлчид бүр хүчирхэгжснийг харж мэдэрсээр байсан атлаа   хар домог- нээлт дэвшүүлэн итгэж самуурахын  учир юунд оршино вэ гэсэн асуудал  ийнхүү  мөхөс физикчээс хариугаа нэхсээр. Шинжээчид бол ухаантай, онч сэтгэдэг, эрэлхийлдэг оюунлаг хүмүүс шүү дээ. Юутай ч хайгуулыг залхалгүй л үргэлжлүүлмээр байна.
Хаатандааа итгэх үү. Чингис хаан шадар баатар түшээ нартаа: Эдүгэ Мөнх Тэнгэрийн хүчинд тэнгэр газар хүч аугаа нэмэгдэж, хүр улсыг шударгуутхаж гагц жолоонд оруулсан …”[4] хээмэн өгүүлжээ.  Мөнх Тэнгэрийн хүчин гэж хаантан юу оноож хэлэв? Их хаандаа бид итгэх үү?  яахав?  Хаантан жинэхэнэ бодит хүчний тухай өгүүлснийг яахин үгүйсгэж болном билээ таминь, яагаад гэвэл хаантан жинхэнэ  тэр аугаа хүчинд түшиглэж байж эзэнт улсаа байгуулснаа зарлаад байна шүү дээ. Тэгвэл тэр бодит хүчин яахаараа өрнө хийгээд дорнын суурин түмэнд таг хаалттай, увидаст нууц мэт байна вэ? Харамсаад барамгүй нөгөө нэг  зүйл бол өнөөгийн бид ч Мөнх Тэнгэр гэж хий дэлдэхээс жинхэнэ дээ юу болохыг мэдрэх чадваргүй болтлоо “өрнийн” хөтөч үзэлд ааглуулжээ.  Гайхмаар, судалж нээмээр  нууц гарцаагүй мөн  биз дээ.Тэр тусмаа монгол эрдэмтэд  бас мөхөс миний  ч  эрхэм үүрэг мөнөөс мөн дөө.
            Мөнх Тэнгэр бол ахуй, бие- сэрэхүйгээрээ Орчлонгийн ил хийгээд далд оршихуй лугаа амьсан уусахуйд нүүдэлчдэд бүрэлдэж шүглэсэн  увьдис эрдэм буюу. Тэр увьдас лугаа хүмэн бүр шууд ний төрхийг үл олох боловч,  харин бие сэрэхүйн дотоод хувирлыг жолоодон  онгод хэмээх төлөвт орсноор тэрхүү билиг далай буюу маны мэдрэмжээр бол сүнс тэнгэрт нийлэх боломж байх аж. Тийм билиг сэрэхүйн увидастай хүн бол  бөө зайран, удган юм.   Бөө, удган нар “... өөд бологсдын сүнс буюу онгон эсвэл байгал(газар- этүгэн)-ийн  сүнстэй[3c]” харьцах чадварыг түүхэн турш зөвшөөрч, хүндэлсээр иржээ. Бөө, удган олны өмнө бууж, ил далдад тохиох үйл үзэгдлийн тухай  мэдээ дохиог үглэн зарладаг. Бөөгийн шид төлөв нь  хүмүүсийн дотоод зөн совинг  өгдөөж улмаар “харж” үглэсэн ил хийгээд далдын амьсал сүлэлдлээс үндэстэй билиг зүйг бие сэрэхүйдээ нэвчүүлэн   шингээх шид чадвар олгоно. Энэхүү увьдас чадвар тал нутаг даяар дэлгэрэхүйд  үндэстнийг бүхэлд нь хоморголон доргиосон тэнгэрийн билиг шид лүгээ багцруулан нэгтгэжээ.
Зөн билгийн шид хүчинэй дор хуйвран нэгдэх байгаль- амьжирахуйн гоц нөхцөл заяа гагцхүү тал нутгийн  нүүдэлчдэд тохиож, мянга мянган жилээр таньж хуримтлуулсан мэдлэг, билиг эрч нь алгуур тэгширч  цогц эрдмийн хэв шинжийг цогцлуулж. Чингэхүйд нүүдлийн ахуй, алив юмсын нүүхүйн үйлээр бүрэлдсэн өвөрмөц эрдэм буюу ертөнц хорвоог тандсан билиг  ухаан- Мөнх Тэнгэр  эрдэм хөгжиж.  Мөнх Тэнгэр бол Орчлонгийн биет хийгээд далд хий болон сүнс ухаарлын оршихуйн амьсан  сүлэлдэхүйд бүрэлдэх, замхрах, оршихуйн түгээмэл жам- эрдэм  даруй мөн.   Тэгэхлээр Мөнх Тэнгэр бол шашин мөргөл огтхонч бус номлолд нь бурхан ч үгүй, чөтгөр үгүй  гагцхүү хорвоо ертөнцийн эрэмбэ, дэг жамыг билигдэн заадаг[2d] байна. Тиймээс Мөнх Тэнгэр бол  өрнийн шинжлэх ухааны илийг эвдэлж эвлүүлдэг онч (rational) сэтгэлгээний бэлчээрийн алс чинад  дахь юмс, оюун  сэрэхүй, сүнс оршихуйн амилахуйн нөхцөлд бүрэлдсэн нүүдэлчдийн  эрдэм  мөн болох нь тодорхой. Эл  санааг тодруулан нотолгоо хайх зорилгоор хумхи ертөнцийн  жамыг номносон квант физик хийгээд хувьсахуйн түгээмэл зүй тогтлын цулбуурыг хүмүүнд атгуулаад байгаа синергетик  эрдмийн охь үзлийг түшье.
Хөтөч үзлийн хувирал. ХХ зууны төгсгөл рүү квант физик, синергетикийн үзэл, арга зүй дэвж дэлгэрэхүйд шинжлэх ухааны өрнийн хөтөч үзэл эрс хувирав[2]. Шинэ хөтөч үзлийн өндөрлөгөөс гэрэлтүүлэхүйд бидний өдөр тутам харж, мэдэрч хутгалдаж явдаг биелэг юмс бол жинхэнэ бодит оршихуй огтхонч бус харин ч хий төөрөгдөл мэт байх ажээ. Ил юмсыг харин ч Орчлонгийн  язгуур оршихуй нь бус зөвхөн “сүүдэр” нь   хэмээн төсөөлбөл[6]  зохиму.   Мэдрэхүйд хүртэх, үл хүртэх  хийгээд билиг сэрэхүйд тусах оршихуй нь тийнхүү яавч үл салах заяатай бөгөөд зуурдын төөрөг тавиланг туулан орчих Орчлонгийн  амилахуйг бүрэлдүүлдэг бөлгөө.
Хаос бол сүнс төрүүлүүр. Синергетикийн үзэл санаа дэвжиж дэлгэрснээр аливаа систем нь дотоод хийгээд гадаад үйлчлэл нөлөөн дор зогсолтгүй хувиран нүүхдээ хэрхэвч үл төлөглөм эвхрэл хуйварлыг  туулж шинэ заяа төөргөө хайж сонгодог болохыг илрүүлэв.   Энэ бол хаос үйл өрнөхүйн жам бөлгөө. Системд бүтэц  хийгээд төлөв нь бүрэн алдрахуйд тийм гэхээр дэг эрэмбэгүй, товлож тоймломгүй эвхрэл хуйлрал л нүүнэ. Мөнхүү нүүхүйн үйлд нэг гоц шинж илрэх аж. Үл ялгарам ойрхон гараанаас эхэлсэн хоёр хувирал хаос үйлийн төгсгөлд эрс тэс  их ялгаатай төрх тодорч тохиодог байна. Луу унжих болон далайн хар салхийг хаос үйл туулж буй системийн ил үзүүлэн   гэвэл зохиму.     
            Систем хаос үйлийг туулахдаа гагцхүү заяа төөргөө зориуд сонгож, шинэ дэг эрэмбэ, бүтэц шилж бүрэлдэх жамтайг өмнө дурьдсан. Чингэж нүүхүйн цувраанд системд өрнөх бүтэц, дэг эрэмбэ хайх, шилж сонгох, шинээр бүрэлдүүлэх, алдруулах  хувирлыг аяндаа цэгцрэхүйн зүй[2]  хэмээнэ. Хаос үйл тэгэхлээр төгөлдөржихүйн заяаг түшиж, илүү нарийн бүтэц, төрхийг бүрэлдүүлэх зүг чигт өрнөх аж. Орчлон дахь аливаа хувьсал бол зөвхөн эргэж буцалтгүй өгсөх заяаг дагадаг болохыг энд өгүүлж байна. Хаосыг оршихуйн ахуу төлвийг сүйрүүлэх мөртлөө удам төрх нь төгөлдөржихөд тохиосон заяа тавилангийн шинэ мэдээллийг хадгалан чамбайруулахад чиглэсэн торгон хайлт гэвэл зохиму. 
 Хаос өрнөл дунд тасралтгүй бүрэлдэн цэгцрэх сонголтыг  Орчлонгийг ухаарлыг урлан бүтээх сэрэхүй үйл хэмээн төсөөлбөл болох буюу.  Болгоон бодохуйд, дурьдсан сонгох увидсыг сэрэхүй  ухаарлын дэвшихүйн жам гэвэл зохьюу. Чингэхүй хаос үйл хувирлаар Орчлонгийн   сүнс буюу  ухаарал ухамсар  төрөл олж,    ундрага нь байгалийн хувьслаас  яндашгүй эхтэй  хэмээн үзэхэд зүй ёсоор хүргэж  байна. Аугаа их дэлбэрэлтээс инагш хаос үйлийн  эрч, төрхийн  өрнөлөөс Орчлонгийн ухаарлын хаяа, ёроол, орой нь багцаалшгүй  уужим солонгорол үүсэн бүрэлдсэн хэмээн үзэх  нь зүйтэй мэт.   
XX зууны туршилт.   1982 онд Парисын их сургуулийн профессор  Аллан Аспект, хамсагчдын хамт[5] зууны гэгдэх тулгуур туршилт үйлджээ. Тодорхой нөхцөлд атомын чинад ертөнцийн бөөмс (электрон бусад бөөм мэт)  өөр хоорондоо Орчлонд зааглаж буй зайн  хол ойроос хамаарахгүйгээр эгшин зуур харилцаж, мэдээ дохио солилцох чадвартайг тэд илрүүлсэн байна.  Яльгүй тодосговол, хоорондох зай арваад метр байна уу эсвэл олон арван тэрбум км байхаас өчүүхэн ч хамааархгүй мэдээ дохиог тэр дор  нь хүлээн авч солилцоно.  Аливаа мэдээ дохионы тарах хурд нь  гэрлийн хурдаас яасанч их байж болохгүйг нотолсон Эйнштейн харьцангуй онолыг эл туршилт шууд зөрчиж байгаа юм. Туршилтын найдвартайд итгэхүйд хурдны дээд хилийн дээсийг ийнхүү гэтлэн давж болохыг ер үгүйгэмгүй.
Физик нь хүмүүний танихуйн  өнөөдөр тэмтрэн буй хилийг давж огторгуй, хугацаа, энерги, сэрэхүйн төөрөг төрхийн эмнэг зэлүүд орон руу нэвтрэхийг ёрлоод ч байна уу гэмээр.  Хүний бие цогцос эд эс бүр бөөм бүр нь Очлонгийн ижил төрөл юмстайгаа холбоотой мэдээ дохио солилцдог болж таараад байна. Энэ мэдээ өдрийн гэрэлд ил харагдах юмсаас ирэх мэдээллээс нэн сулхан бөгөөд санамсаргүй бас үл үзэгдэх далд оршихуй юм. Харин харанхуйд эл далд мэдээ сулхан ч үйлчилж эхлэх учраас хий айдас төрүүлдэг л болов уудаа.  
Холограф Орчлон. Эдүгэ  3D холограф зураг, дүрслэл  амьдрал, үйлдвэрлэлд өргөн нэвтэрч эхэллээ. Лазерын когерент(найраг) туяаны  биетээс ойсон болон шууд  цацрагийг зургийн  хальсан дээр тусгахад  наалдас дотор нь өнөөх хоёр цацраг нийлэлдэн  шугаман бус хувирал, дифракц өрнөнө. Өмнө өгүүлснийг санавал мөнхүү үйлийн  аяндаа цэгцэрлээр   нэгэн гаж төрх бүрэлдэн үүснэ.  Энэ бол мөнөөх хальсыг  угаахад  зураг бус харин саргар хэгээс дэвсгэр  тодорно.  Хальс руу  харин лазерын  найраг туяаг тусгахад  3D  дүрс зураг тодроод ирдэг байна. Холохальсны гоц чанар бол уг хальыг хичнээн ч бутаргаж хуваасан үүрмэг бүр нь 3D  дүрсийг хадгалж үлдсэн байдаг. Гайхалтай шид чанар шүү.
Холограф хөтөч үзэл. Нобелийн шагналт физикч Д. Бом  нь Аспектийн туршилтын дүн баримтаас  ургуулан Орчлонгийн оршихуйн язгуурт холограф төрх хадгалаатайг зөгнөн таамнал дэвшүүлжээ.      Орчлон бол  бүрэлдүүн хэлтэрхий бүр нь бүхий л мэдээллийг  нь бүрэн хадгалсан аугаа их холограф  юм хэмээн Бом[6]   үзсэн байна.  Тэгвэл,  энэ таамнал ёсоор ямар ч бөөм Орчлонг бүр анх байснаар нь сэргээн босгох мэдээ дохиог бүрэн  хадгална. Өмнө өгүүлснийг  базаж хэлбэл, холограф нь бодис, сансар хорвоогийн дэг эрэмбэ, ухаарал сүнс сүлэлдсэн ний оршихуйн мэдээлэл ажгуу.   Сонгодог шинжлэх ухааны цараанаас хальж гарсан оюун ухаан,  сэрэхүй хийгээд далд оршихуйд хамаарах олон зангилаа асуудлын оньсыг Орчлонгийн  холограф онолын үзлээр тайлах чиг ийнхүү тодроод байна  уу гэмээр болов. Харсаар  байтал бодис  юмс салангад тусгаар юм шиг байгаа нь маний ухар бодол дахь хий төөрөгдөл буюу. Язгуур оршихуйн (тэнгэрийн ч гэмээр юм уу) төвшинд Орчлонгийн бүхий л зуурдын бүрэлдлүүд хоорндоо багцаалж үл тоолом  хэлхээ холбоостой нэг амь аж.
Онгод ба холограф.
Их талын нүүдэлчид байгалийн догшин ширүүн хувиралтай  бие, сэтгэлээр  тулж, эрхшээлд нь сөгдөн нийцэж амьдарсаар ирж. Тийм хатуу дарамт нөхцөл байдал нь  нүүдэлчдийн оюун санаа, бие сэрэхүйг тэнгэр газрын хуйврал эвхрэлд  хоморголон багтаажээ. Тийнхүү их талын нүүдэлчдэд  тэнгэр(сүнс)-газар- хүмүүний ний  сэрэхүй цогцост  багтах төөрөг заяах болж.  Зэлүүд орон нутагт хүмэн гагцхүү тэнгэр газрын ивээлд сөгдөн гуйж, хайрласныг нь залбиран хүртэж амьдардаг чанд дэг тогтжээ. Байгаль-хүмүүн- Орчлон, сүнс тэнгэрийн  найран сүлэлдэхүйд үүссэн холограф  тавиланг нүүдэлчид дагаж туулах заяа нүүдэлчдэд тохиосон байна.
Чингэхүйд Орчлонгийн мэдээлэл үйлийн холограф санд ойр дөт айлсаж нийлэх заяа нүүдэлчдэд  тохиосныг эргэн болгооё. Дотоод ертөнц рүүгээ нэвтэрч, бие цогцсын эд эсд хадгалаастай  мэдээ сэлтийг билиг сэрэхүйд буулгаад түүгээр дамжин Орчлонгийн их холограф сан руу дарвиж ний төрхөд орох (resonance)  увьдас  чадал нүүдэлчдэд тийнхүү түлхүү  заяажээ. Илүү онгод чадвартай нь  бөө, удган байхаас гадна үлдсэн ард түмэн  онгодыг нь  даган дарвиж тэнгэрийн зарлигийг хөдөлбөргүй дагах дархлаатай болно. Дээр өгүүлснээр нийт үндэстнийг хоморголсон билиг сэрэхүйн заяа төөрөг чингэж тохиосон байна.
Орчлонгийн холограф далайгаас мэдээллийг шууд тандах билиг сэрэхүйн шид олохыг монголчууд онгод хэмээн нэрлэдгийг өмнө дурьдсан билээ.  Онгодод хүрч гэгээрсэн бөө нар гурван цагийн ний хэлхээг нэвтэлсэн Орчлонгийн холограф сангаас ил хийгээд далд оршихуйн төөрөг тавилангийн мэдээ дохиог тандаж бас дамжуулах  чадвар эзэмддэг аж. 
Билиг сургалт.  Өмнө өгүүлснээр бөө  удган нар онгодын увьдаст хүрээд ард олныг дагуулан  доргиосноор  бүр дотоод холограф сан руу нь  ний болгон дарвиулдаг байна. Тэгэхдээ хүний дотоод зөн билиг чадварыг  нь өгдөөхөөс  илүүтэй Орчлонгийн ухаарал сэрэхүйн холограф далайн зүй жамыг чанд даган биелүүлэх  шид чадварыг суулган нэвчүүлдэг байна. Тэгэхлээр зайран удган нар онгодын чадлыг илтгэж буухдаа  олон түмнийг дарвиулан Орчлонгийн холограф далайд  ний болгож, тэнгэрийн зарлигийг нэгэн хэмээр дагах далд  чадварт сургадаг байж. 
 Энэ бол газар дэлхийд ижилгүй  бөгөөд тэнгэр-газар-хүмүүний оршихуй  ний хуйврлаар амилахуйд далд сэрэхүйд нь тэнгэрийн гэгээрэл  бадараадаг сургалт даруй мөн хэмээвээс зохьму. Дашрамд хэлэхэд, адгуусаас салах урт хугацаанд  хүмэнд хаа сайгүй  тэнгэрийн билиг  увьдас илүү байж, түүнд тулгуурлан таньснаа ухамсарлах  нь алгуур тэлсээр сүүлдээ илийг буталж тандаад улмаар онч сэтгэлгээнд ааглуулсан л байж таараад санагдана.  Харин Мөнх Тэнгэр эрдмийн сургалт нүүдэлчний мартагнан нойрссон  өнө эртний билиг сэрэхүйг сэрээгээд бүр дархлаажуулаад  тэнгэрийн зарлигийг бүхэл үндэснээрээ нэгэн амь- хүмэн мэт сахих нягтралд нэгтгэжээ.  Тэнгэр-газар-нүүдэлч түмэн  “амилж” далд сэрэхүй нь оргилон дэвэрэхүйд  аяндаа цэцгрэхүйн      билиг суу заль өрнөж Мөнх Тэнгэрийн хүчинэй язгуур унги үндсийг[7] бүрэлдүүлжээ. Молхи физикч би бээр энэ санааг шүүлгэхээр хойч үедээ зүрхлэн хэлнэм. 
Тэнгэр, газар, нүүдлийн ахуй, хүмэнэй бие-сэрэхүй  нэгэн амь  багсрал болохыг сая дурьдав.   Мөнөөх багсрал мөнх нүүхэд  төөрөг тавилан ч даган хувирахыг тандсан  үзэл санаагаа  нүүдэлчид бүхэлд нь тэнгэр хэмээн нэрийдсэн бололтой юм. Энэ нь тэнгэрт тэврүүлж, тэврэлдсэн их ний амьсахуйн зүй жам гэсэн титэм өргөмжлөл ч мэт.   Өмнө өгүүлсэн лүгээ хашиж ойртуулбал тэнгэр бол Орчлонгийн бүх юмс,  хүмэнэй бие цогцос, сэрэхүйг багтаасан их холограф далай мөн хэмээх санаа руу хөтөлнөм.  Тэгэхлээр  тэнгэр эрдэм нь буталж тоолоод төөлж хэмжээд сэтгэж, эвлүүлдэг онч сэтгэлгээт(rational) шинжлэх ухаанаас эрс ялгаатай билиг эрдэм болохын үндэс энд бас тодрох буюу. 
Их хаантандаа итгэсү.  Мөнх Тэнгэрийн хүчинэй[4]  ялан дийлэх ид хавын ачаар их эзэнт гүрэн байгуулах зорилгодоо хүрснийг Чингис хаан   олонтаа зарлан тунхагласан  нь  чинад нууц үндэстэйд гүн итгэнэм.  Тэр алс хол цагт дэлхийд яавч үл бүдгэрэх  үйлсийг    хаантан хөтлөн бүтээжээ.  Монгол хүмэнэй ир омогт хадгалаастай эл сод үйлсийг квант физик, синергетикийн охь үзлээр гийгүүлэн Мөнх Тэнгэрийн хүчинэй далд нууцыг илрүүлэх хайлтад мордох нь зүйтэй хэмээн зүтгэсээр л явнам.
Мөнх Тэнгэрийн хүчин бол газарт тогтоосон дарамтлалт засаглал, хууль дэгийн хэрэгжилтийн үр гарц бус  тэнгэр- газар – хүмүүний ний жам төөргийг тандан билиг чадал эзэмшээд  нэл үндэстнээрээ Тэнгэрийн зарлиг чанд дагасныг Хаантан баттайя хэлээд байна шүү дээ.  Хаантны хэлсэн үг бол үндэс үзүүр нь хумхи ертөнц бүр сүнс тэнгэрээс хөврөлтэй, билиг эрдмийн битүү зөн баримт  мөн. Өвөг монгол үндэстэн бултаараа мэдэрч нягтраад эрч хүчийг олсон далд оньст эрдэм болох нь гарцаагүй.  Хайж бэдэрч нууцыг нь задлах нь маны монголчуудад тэнгэрээс буулгасан зарлиг гэвэл зохиму.
Нүүдэлчид- тэнгэрийн нэгэн хүн. Нүүдэлчид  бултаараа тэнгэрийн жамыг сахих далд сэрэхүйн шидийг[7] олоод тэнгэрийн нэгэн хүмэн болон нягтарчээ хэмээх дүгнэлтийг миний бие давтан хэлсээр ирэв.  Тэгээд газрын хэн нэгэн дээдэс хүчтэний эрх ашгийг дархалсан дарангуйлал бус харин тэнгэрийн зарлигийг чандлан сахиж, үл урван тэрслэх, үл няцах, ялан дийлэхийн тэнгэрийн хатуужлаар багцарсан үндэстэн бүрэлджээ. Энэ бол Лев Гумилевын оньсыг нь  олохыг хичээсээр эцэст нь базаж, үндэстэн дэлбэрэн бүрэлдсэн гэж томъёолсон лугаа шууд нийцэнэ[1]  хэмээнэм. Нээрээ ч  үндэстэн дэлбэрэн бүрэлдсэн нь үнэн. Нууцыг нь хаанаас эрэх вэ?
 Монголын эзэнт гүрэн бол нүүдэлчид Мөнх Тэнгэрийн хүчин дор Орчлонгийн ил хийгээд далд оршихуй лугаа  амьсан ний болоод улмаар тэнгэрийн зарлигт  эзэнт гүрнийг хүмүүний түүхнээ анх байгуулсан нь баттай үнэн мөн. Нууцаа хадгалсаар буй нүүдэлчний эл эрдэм Орлонгийн сүнс тэнгэр лүгээ ний төрхийг олоод  билиг ухаарлын ер бус шид чадлыг  олсны  шинжлэх ухааны гүн үндсийг илрүүлэхсэн сэн хэмээх бодолд бурантагтай   яваа минь энэ.  Асуудлын голыг олж сэжихийг хичээе.
Нэг. Өрнийн танихуй, соёл бол газар гацааны буюу ил бодис юмс, үзэгдлээс шууд үүдэлтэй. Мэдрэхүйн эрхтнээр дамжин ирсэн мэдээ дохио  уураг тархинаа сэрэхүй болж буугаад улмаар тэнд  хариу үйлдэл өрнөхөд бүрэлдсэн дүрс, төсөөллийг чинагш  онч сэтгэлгээний эрчээр  цэгцлэх явц хөгжинө. Мөнхүү дүрс төсөөллийг төнхөж, хутгаж  уялдуулахуйд юмс үзэгдлийн  хувирахуйн баримжаа бүрэлдэхүйд ухамсар(conscious) төрөл олно.   Мөхөс би  үүнийг хүмэнэй амь сэтгэхүйг(personal psycology) бүрэлдүүлдэг хэмээн төсөөлж байна.  Хүмэнэй ухамсар бүрэлдэхүйн уг үндсийг хумхи ертөнц, квант физик, синергетикийн үзлийн өндөрлөгөөс гийгүүлж  тандаж бэдрэх  асуудал ийнхүү босож байна. Чинагш улам ч эрчрэх болно. 
            Хүмүүний амь  ухамсарыг сая дурьдав.  Суурин газраас угшилтай эл амь ухамсрын үйлээр тандсан төсөөллөө хүмүүний нийхэмийг дамнасан хүрээлэн, ний үйлсээр дэлгэрүүлж танихуй хийгээд соёлыг хөгжүүлсээр ирж. Тиймээс хүмүүний(өрнө) шинжлэх ухаан, соёл бол бас л “гацааны”  хүмүүсийн амь сэтгэхүйн  үйлийг “гаднах”  харилцаа, ажиллагааны явцаар үргэлжүүлэн ний үйлдэхүйн буюу нийхэм, соёлын бүтээл  болгон  хөгжүүлж иржээ.
 Хоёр. Эдүгэ цагийн шинжлэх ухааны дээжис үзлээс ургуулан нүүдэлчний  Мөнх Тэнгэр  эрдмийн язгуур унги үндэс хийгээд  оргил тийш мацах нь  зүйтэй байна. Газар дахь шинжлэх ухаан нь  хүмүүний амь ухамсар хийгээд сэтгэхүйн  үйлээр    бүрэлдээд,   орой ёроол, хаяа тийшээгээ гүнзгий тэлж хөгжсөн байна.  Орчлонг  гадагш 1026 м, хумхи ертөнцийг гүн рүү нь 10-33 м цараанд  тандан судалсны ачаар эдүгэ тэнгэрийн билиг эрдэм лүгээ айлсаж сахалсах  нөхцөл илт тохиогоод байна.
 Харин тийм заяа мөхөс байсан дундад зуунд өрнийнхөн шинжлэх ухаантайгаа хамт алдарт “нээлт” хар домгоороо эрдмийнх нь хилийн дээсэн дотор  нүүдэлчний соёлын ундрага багтахгүйг  хэдийнэ баталчихсан аж.  Тэгэхлээр физик, байгалийн ухааны  сонгодог эрдмийн хилийг даваад, давшиж хөгжөөд одоо бүр ойртож саахаллаад байгаа квант физик, синергетикийн  охь үзэл, туршилтын сод баримтаас ургуулан Мөнх Тэнгэр эрдмийн гол судас унгийг  тодруулах нь шинжлэх ухааны тулгамдсан асуудал гарцаагүй мөн.
Чингис хаантны дэвшүүлээд хойч үедээ шийдэхийг даалгаж үлдээсэн Мөнх Тэнгэрийн хүчин  түүний ялан дийлэхийн ундрага  чухам юу болохыг  хайж, тодруулж илрүүлэх нь цагийн эрхэнд ийнхүү тавигдав. Бас ариун судар нууц товчоонд тэр аугаа хүчийг дээд тэнгэрээс заяат төрсөн хүмэн эзэгнэх хувьтайг бүр ч товойлгон тодруулаад өгсөн дөө. Дээдсийнхээ алтан сургамж, шийдүүлэхээр үлдээсэн гохцоо асуудлыг огоорон орхисон мөртлөө сонгодог шинжлэх ухааны ухар үзэлд сөгдөж, ааглуулан суусаар байгаа нь угшилт билиг сортоогоо гээж умартсных л гэхээс өөрөөр юу гэх вэ. 
Тийнхүү маны өмнө Чингис судлалыг тэнгэрийн сэрэхүй хийгээд хүмүүн чинадын сэтгэл зүйн (transpersonal psycology) төвшнөөс нь тандан тодруулаад, газар дахь суут түүхэн баримтынх нь нууцыг дэлхийн  нүднээ товойлгон тайлбарлах цаг гарцаагүй тулж ирээд байна.  Монгол туургатны язгуур соёл, эрдмийг   тэнгэрийн суу залиар  бадраан гийгүүлэх нь манай шинжлэх ухааны амин гохцоо асуудал даруй мөн.

Дээд тэнгэрээс заяат
Эрлийн үзүүрт тос.Дээд тэнгэрээс заяат  гэж чухам ямар шид чадлыг хэлсэн бол оо. Дээд уурагт бие цогцостой, ухааралт бусад амьтанд байхгүй,  тэнгэрийн сэрэхүй хийгээд танихуйн шидийг эдлэх заяа ганцхан нүүдэлчдэд л тохиосон байж таарах уу. Үгүй дээ. Орчлонгийн хувьсал   хамгийн шудрага үнэнч замаар  өрнөж, алив тавилан төөргийг алаггүй бүрэлдүүлдэг(“бурхан”) жам билээ.  Тэгвэл дээд тэнгэрийн заяаг нүүдэлчдээс өөр  амьтад ч  бас  эдлэх болж байна уу? Тийм байхыг Тэнгэрийн зарлиг тогтоожээ[7].  Газар дахь хувь  ухамсарын чинадад тэнгэрийн  буюу  далд  ухамсрын төөрөг буюу ний суу  сэрэхүй бодитой байгааг баталж нотлох арга байна уу? Байна хэмээн бодном.  Сая өгүүлснээр тийм ний шид чадвар амьтанд “ухааралгүй” битүү дом-зарлиг мэт үйлээр илэрч, үрийг нь бүр сүргээрээ эдэлж байдаг аж.  Далдын шидээр амьтны үйлдэх хөдөлгөөн, авир раншин  ч  тэгэхлээр бас л шинжлэх ухааны нарийн үндэслэлийг  шаардсаар байна. 
Утга тайлал нь нууц далд  атлаа хүнд дасал дадал болсон  үзэгдэл, үйл хувирал байгальд тун цөөнгүйн жишээ олныг хэлж болно.  Өмнөх  асуултад нотолгоо болгочихмоор тийм дархлаажсан  үзэгдэл, хувирал ч маны орчин тойронд байнга тааралдана.  Далай, усанд загас ямар уран найраг “бүжиг” хөдөлгөөн хийж байгааг үргэлж харж байна. Шувуу, ялаан сүрэг, шоргоолж мөн тийм маяг үйлдэл хийж байдгийг үзээгүй хүн байхгүй биз ээ. Зэрлэг амьтны сүрэг ч гоц цэгцрэлт сүргийн үйл авир үзүүлдэг шүү дээ.  Тийм “дэглэлт” газрын хүний ухаанд үл багтах бүр чинадад тэнгэрийн гэмээр үйлээр цэгцэрсэнтэй хэн л маргана гэж дээ. Мэдээллийн дэвшлийн ачаар их цараатай “тулгуур туршилт” тийнхүү бидэнд хүрэлцээтэй болсоор байгааг дашрамд тэмдэглэе.  
Энэ бол Орчлонгийн далд ухамсар сэрэхүйг нотлох баттай баримт даруй мөн буюу. Энэ баримтыг яахин сөрж үгүйсгэх ч билээ. Ер нь уураг тархит дээд амьтан төдийгүй тархигүй бактери, вирус, доод эст биологи биет, түүгээрч үл барам атом молекул ч битүү сэрэхүйн ид үйлээр хоорондоо холбоотой боди үүсгэх, орчинд хамтаар нөлөөлөх шидтэй нь эдүгээ тов тодорхой болжээ.  Тэнгэрийн сэрэхүй бол  түгээмэл чанартай ажээ. Газрын хувь хүний ухамсарт суурилсан соёл иргэншил хөгжүүлснээр хүмүүн байгалиас заяасан далд сэрэхүйн билиг  чадвараа ихэд  гээсэн бололтой доо. 
Суу залийг бэдрэх нь.  Орчлонгийн ил хийгээд сүнс оршихуйн ний үйл явцад тэнгэрийн сэрэхүй хийгээд суу залийн жолоодлогоор( аяндаа цэгцрэхүйн )  эрч ончрол- шийдэл бүрэлдэнэ. Энэ бол Мөнх Тэнгэрийн хүчинэй асаж дүрэлзэх голомтын илрэл  мөн хэмээнэм.  Эл  санааныхаа үзүүрийг өнөөгийн байгалийн ухаанд бадарч буй охь үзлээр гийгүүлэхсэн гэж   бэдэрсээр яваагаа энд ч бас дахин хэлсү.  Квант физик, синергетик эрдмийн ний сүлэлдэх тэр цараанд   их эрчтэй гэрэл туяаны үйлчлэлээр бодис дотор  хоморго хуйлрал төрхт хувирал өрнөж, улмаар бодисын цэг бүр нь хувилгаан шидийг олж, гэрэл туяаны шинэ үүсгүүрт хувирдаг болох нь тодров. Луу унжиж, хуй дэгдэхэд доторх цэг бүр нь хуйн хөрөнгө эх болсон байдгийг бас дурсъя.  Шугаман бус(синергетик) эрдэмд багтах лазерын туяа бодисын харилцан үйлчлэл ийнхүү эсэж шуугисан төрх заяаг түшдэг байнам. Шугаман бус оптик хэмээн  нэрлэдэг эл  зүгийн эрдмийн онол, туршилтын галын шугам даган бэдэрч явтал  чухамхүү хэрэг болчихмоор дээжис олоод аминдаа олзуурхав.
            Тодруулбал өмнө өгүүлсэн квант холографын шидэт шинжийн тухай  няргаж ярих сэжүүр цухуйсныг  хэлэхээр болов.  Орчлон нэгэн амь холограф болохыг тэнд ярилцсан. Квант холографад мэдээлэл дохио  долгионы үйлээр хурж бас өрнөж  хуйвран эвхрэхүйд мэдээ дохио аяндаа төрөл олон цэгцрээд бас эгшин зуур түгэн тархдаг  тухай өгүүлснээ саная.  Үнэхээр холограф далай-  шугаман бус орчинд гаднаас болон дотроос нь хуран учирсан мэдээлэл  дохио эвхрэлдэн элдэншээд огторгуй- хугацааны геометр бүрэлдэл-  сүг дүрс үүсгэээд, тэгэхдээ бүр зүг чиг, эрч шидийг  нь хүртэл  тодруулаад хариулт шийдэл[8] бүтээдэг байна. Шугаман бус(шуугиж дэвэрч буй ) орчинд эл дурьдсан үзэгдлийг туршилтаар  илрүүлээд онолоор нотлох ажил мэдэгдэм хурдтай урагшилсаар байна.
Товчхондоо ирсэн долгионы мөн чанарыг сөрж ивлэсэн  долгио орчнид төрөл олон үүсэхэд бүрэлдэх холограф  хувирлыг шинээр нээсэн байна.  Квант холограф үйлээр өрнөж бүрэлддэг  геометр дүрслэл бүхий хариу үйл бол чухамдаа  холограф буюу маны дурсаад буй чинад ухамсар, сэрэхүй бүрэлдэхүйн үйл явц хэмээн олзуурхаад байгаа юм шүү дээ.


 Сөргүү долгио
Доорх зурагт сөргүү фазат долгиог үүсгэх угтуул резонанс хувирлыг тоймолжээ. Биетээс(ингэ-ботго) ирсэн туяа тархинд хүрнэ. Мөнөөхийг танихын тулд тархинд сөргүү фазатай зуурдын долгиог бүр чанх өмнөөс нь угтуулж цацруулах нэг ёсноо “толь”(ончрол) үүснэ.  Туссан, сөрсөн хоёр долгио нийлэхүйд  дүрсийн зогсонги долгио үүснэ.  Эл зогсонги долгио нь сөрмөл хоёр долгионы интерференцээр бүрэлдэх бөгөөд гүйж тархахгүй, тодорхой байранд тогтворжино. Сүг дохио хөшиж тогтносон цэгийг тэг цэг хэмээн  нэрлэдэг болсон нь хөдөлгөөний тоо хэмжээ нь  барагдсныг тэмдэглэн илэрхийлнэ. Мэдээл дохиог тээсэн энерги яг тэндээ зогсоно. Зогсонги долгио нь огторгйун цэг цэгт тийнхүү мэдээ дохиог цэгцрүүлж резонанст нөхцлийг бүрэлдүүлснээр тархи доторх 3D  хэмжээс бүхий орон зайд  уг биетийн  сүг дүрс орогнож  холограф бүрэлдэнэ. 

                                   
Зураг.  Сөргүү фазат угтуул резонанс хувирал
 Өгүүслснийг базвал хугацааны туршид үелэн ирж буй долгио   алхам бүрийг тосож үүссэн  сөргүү фазат угтуул долгиотой давхарлахад холограф сүг дүрс бүрэлдэнэ. Тархинд үүссэн сүг холо бүтэц нь резонанс төрх  өдөөсөн дохиог  төрөл хэв шинжээр нь нарийн ялгаж, таних шид чадал агуулна. Энэхүү холограф резонанс үйл хувирлыг сөргүү фазат угтуул резонанс(СФУР) [9] хэмээжээ. СФУР бол амьд амьтсын танихуйн язгуур дэвсгэр мөн нь цаашид ч улам бүр тодрох нь лавтай.  Эх газар, усны зарим амьтад дуу авиа илгээгээд цуурай мэдээллээр нь юмсын байрлал, төрхийг тандан таньдаг нь чухамхүү СФУР     үйлдлийн нэг төрөл үр гарц гэвэл зохино.     
Газар гацааны ухамсар  бас  тэнгэрийн сэрэхүйн аль нь ч бай  угтаа хүмэн орчин лугаа  харилцахуйд үүссэн сүг дүрслэл бөгөөд  таних шид чадварын хөврөл  нь сая цухас дурьдсан   СФУР – аас эхтэй юм.  Хамгийн эгэлээс аваад дээд амьтсыг хүртэл бүгд л квант хоморгодэнс(nonlocal) унги шинж бүхий найрч эвлэрэх шидээр мэдээлэл дохиог хол ойрыг ялгалгүй эгшин зуур солицдогийг квант холограф  номлол нотолсоор байна.    Уураг тархи, гадаад орчин  хоёр  холограф үйл хувирал дагуу  мэдээ дохиог квант найраг цацаргаар харилцан шууд солилцдогийг[10] бас илрүүлчихэж.  Тиймээс гадаад, дотоод бүгд нэгэн амь оршихуй нийлж багцран лугших ажгуу.
Тархинд танихуйн  үйл, сөргүү квант резонанс   хэрхэн өрнөх физик зүй рүү яльгүй  өнгийе. Юмны дүрс хийгээд байрлал тархинд урьдаас огтхон ч байхгүй нь илт. Гаднаас орсон болон сөргүү долгионы  холограф сүлэлдэл(интерференц)-ийн дүнд   сүг дүрс  тархины нейроны(атом, молекул, эд эст) тор лугаа хөрвөж буугаад чинагш танихуйн сүг  биежил бүрэлдүүлэн босгох хөврөл бодог  байна. Чингэхүй холограф сүлжээнд хаяа хязгаар, орой ёроол үгүй байх мөртлөө энэ гэх зааг хилгүй бас хаана ч  баригдах “биегүй” далд сүг оршихуй бүрэлдэнэ. Энэ бол ухамсар, сэрэхүй юм. Тийм “мөнх” оршихуй бол тэр гэх бүтэцгүй болохоор энд энэ нь тэнд тэр нь  хэмээн зааглах хил үгүй оршихуй буюу холограф шид жамаар хаа сайгүй илрэх болно. Харин физик оршихуй бол далд шидэт амь сүлэлдлээс нь  ухрын балгаар салгаж төсөөлснөөр бие, юмс энүүхэн огторгуйд хугацааны туршид байгаа мэт эндүүрэл үүсч байгаа юм.  Бие, хоосон хоёроос Орчлон бүрэлдэнэ гэх мухар бодол танихуйд харгай болдгийн илрэл энэ болой.
Өгүүлснийг физик рүү дөхүүлэн цэгнэвэл,  үзэгдэл, биесийн дүр төрхийг нь шүглүүлсэн цахилгаан соронзон долгионы  мэдээ дохио тархинаа бууж, шугаман бус үйл өгдөөхөд   сөргүү фазат долгио угтаж өрнөөд  улмаар мөнөөх “эссэн” орчиндоо хоёул нийлэлдэн резонансалж  холомэдээ дохионд  хувирах үйл өрнөдөг байна. Энэ төвөгтэй хувирлыг эдүгэ цагийн физик эрдэм чамламгүй тоймлон  танджээ. Бодохуйд шинээр бүрэлдсэн холограф мэдээ дохио чухам хаана хадгалаатай байнаа гэх асуулт шуудхан л босоод ирнэ. Энэ тухай ч бас багцаалан ярилцъя.
Хар биеийн цацрал ба сүнс орон. Квант физик хар биеийн цацарлын судалгаанаас  эх авсан түүхтэй. Цахилгаан соронзон долгио  биетээс тойрон буй “хоосон” хөндий рүү тун тунгаар цацарч бас эргэж шингэсээр тэнцвэрт оршихыг Планк nилрүүлжээ. Тэгтэл фотоны эл зүй нь хумхийн чинад далд ертөнц, сүнс тэнгэрт ч  бас төрөл төрхийн ижил     жамтайг физикт эдүгэ тандаад байна. Гайхалтай сонсогдож байна шүү.   Цахилгаан соронзон долгио буюу фотоны “хий” нь аливаа бодис, юмс хийгээд хоосныг тээргүй шигэж дүүргэх тавилантай оршихуй аж.  Бодисын бүтэц, оршин буй нөхцөл, температураас хамааран цахилгаан соронзон долгио төрхөө арилжин хувирч байж, тэнцвэрт орно.  Тэгэхдээ  өмнө дурьдсан  тэг цэгт хурах орон(ТЦХО) “манан” лугаа амьсаж шигэж орох бас шүүрч гарах заяа нь энэ жамыг хөтөлдөг аж[11].
Бодисын бөөмс хоорондоо   цахилгаан соронзон орны  фотон- бөмбөгөөр “тоглож”  харилцахдаа энерги дохио солилцоно. Амьтад хийгээд сүнс орон хоорондоо үүн лүгээ төстөй үйл- квант резонанс жамаар  хоморго дэнс сүлжээнд найрахуйд  мэдээ дохио шүглүүлсэн фотоныг  тасралтгүй солилцдог  болохыг  илрүүлээд байна. Энэхүү хоморго дэнс  ний квант үйл хувирал нь огторгуй, хугацааг нэл хамран мэдээ дохиог эгшин зуур түгээдэг болохыг ч тогтоогоод байна[12]. Тархинд үүссэн лугшил долгилог мэдээлэл дохио тэгэхлээр биеийн бүх эд эсээр барахгүй бүх Орчлонд квант хоморго дэнс үйлээр түгэн тархадаг байх нь ээ.
            Тийнхүү өнөөгийн туршилт , онолын төсөөллөөр бол тархи цахилгаан соронзон мэдээ дохиог холограф сангийн интерференц  сүг дүрслэлд буулган хадгалдаг байна. Эл холо сүг дүрслэл амьд юмсын огторгуй-хугацааны (4D) өрнөлөөр бүрэлдсэн шашдирын нүсэр мэдээг хадгалах аж.   Аливаа физик биет юмс(амьтай, амьгүй) тус тусын үл давтагдах резонанс холограф дэвсгэр ой санамжтай,  холограф сүг дүрс нь  тэг цэгт хургасан “тогтоол” оронд  хадгалагдана [13].
Цэгт хургасан тогтоол орон(ЦХТО)  хоморгодэнс шидээр хаа хаагүй тархах бөгөөд суларч арилахгүй бүр илч эрчээ хадгална. Үүнийг  Мөнх Тэнгэр эрдмийн нэг тулгуур бөгөөд утга нь далд байсаар буй сүнс орон хэмээн бодож байнам. Чинадын сүнс орноос  өмнө өгүүлсэн  зүй жамаар мэдээ дохиог  хоморго дэнсэд доргиулан төсөөг нь аваад  улмаар “гаршуулан” билиг танихуйн ундрагад хувиргадаг буюу.  Мэдээ дохиог хувиргах, угтах, хадгалах, таних хоморгодэнс үйлийг  бүхэлд нь квант холограф хэмээн нэрлэдэг болжээ.
Базаж хэлбэл,  гадна, дотны мэдээ дохионы шугаман бус үйл  уураг тархи буюу  хамсаат биежил рүү нь шигэж ороод, шугаман бус үйлээр эсэж дэврэхэд шууд болон угтуул долгио нийлэлдэн квант резонанс зүйн хуулийг дагахуйд  биеийн эд эс, атом молекул бултаараа лугшин дарвиж улмаар мэдээ тээсэн квант цацрал-  цахилгаан соронзон долгио үүсгэнэ. Хоморго дэнс  мэдээ дохиог шүглүүлсэн эл долгио  нь  чухамдаа амьд биет, юмсын  аминых нь квант холограф  мөн буюу.   Хоморго дэнс холограф нь “хөлдүү царцуу” биш харин дэнслэх үйлээр ЦХТО руу холодолгиог шингээн хадгалуулж,  бас дэврүүлж  сэргээгээд холодүрс мэдээллийг  босгох үйлд хувиргах шидтэй аж.
Тийнхүү маны газар гацаан дахь ил юмс, үзэгдлээс цацарсан, ойсон цахилгаан соронзон долгио тархинаа шугаман бус үйлээр үүссэн  сөргүү долгиотой холосүг дүрст мэдээлэл дохионд хувирах номтой аж. Энэхүү сүг дүрсийн төрлийг  олсон мэдээ дохио нь мөн холоквант резонанс үйл хувирлаар сүнс оронд шигэж шүглэх буюу уугиж гараад чинагш ухамсар сэрэхүйд буухдаа танихуй хийгээд сэтгэл зүй(psycology) бүрэлдэх эх хөврөл болдог буюу.
            Хүмэн хэн нь ч бай хувь холограмд хураасан амин мэдээлэл дохио лугаа  цаг ямагт резонансаар аргамжаатай буюу түүгээр дамжин Орчлон лугаа ний хэмд оршму.  Чингэхүйд аливаа юмс  ч квант холограф мэдээллийнхээ түүхэн сүг төрхийг нь хоморго дэнсээр хөдлөгөөнт дүрстэй нь байнга түгээж илгээхийн хамт резонанс шид чадлаар өөр бусдын холограф орон лугаа дарвиж холбогдох  шид билигтэй юм. Тэгэхлээр холограф буюу сүнс далай бол аливаа юмсыг булхуулсан бүхэнд шүглэж нэвчсэн байх аж.  Товчхон хэлбэл, хүн бүр ижилгүй, үл давтагдах квант холограф сантай бас зарим нь  түүгээрээ бусдын сантай резонансаар харилцан тандах шид чадалтайг энд өгүүлж  байнам.  
            Бусад холограф сантай мөн л сөргүү фазат угтуул резонанс  үйлээр “мэндчилэн зохицож”  холын болон өнгөрсөн мэдээ дохиог хоморго дэнс сүлжээгээр хүлээн авдаг болов уу  хэмээнэм.  Өгүүлэн  буй зүй тогтлыг  тойруулан төнхөхүйд тэнгэрийн зайран, утган хүн бусдын  билиг мэдээ дохиог “дуудах” боломж тийнхүү бүрдэх аж. Харин амь холограф сан бол язгуурын квант төрхтэй учир удам угшлын чанар жаягийг[14] хатуу дагана. Тийм болохоор удам судрынх нь хүний холограф мэдээ дохиогоор хоморго дэнс далайд доргион үүсгэвэл квант резонансаар хувь хүний сүнс холбогдон дуудаж болох мэт.   
Тэрхүү сүг мэдээллийг бясалган өрнүүлээд  танихуйн эх хөрөнгө болгох, мэрэг төлөг буулгах, эмчилгээ засал үйлдэх чадал хүмэнд заяажээ. Үүнийг хүмүүний түүхнээ  амьдарч байсан олон мэргэд, төлөгч, утган зайран,  бас элдэв хувилгаан шид үзүүлдэг увьдастны үйл намтар бэлхнээ батална байхаа. 
Мөшгөхүй.  Эдүгэ цагийн физик эрдмийн туршилтын дээжис баримт, онч сэтгэлгээний охь дүгнэлтэд түшиглэн    Мөнх Тэнгэрийн хүчинийг үзүүр тийш нь бэдэрч мөшгөхийг хичээе. Амьтай, амьгүй аливаа юмс таних мэдрэхүйн холограф сантайг сая ярилцлаа.  Энэхүү холограф мэдээ дохиог юмс бүр Орчлонгийн тэг цэгт хургасан(сүнс) оронд хадгалж бас тэндээс дуудан авч харилцдаг аж. Дурьдсан шид чадвар хамгийн доод төвшнөөс дээд уурагт амьтас хүртэл хөгжөөд төгөлдөржлийн оргил өндөрлөгт нь хүмэн цэцэг нь болон дэлгэрчээ. Дашрамд амьтай, амьгүй бүхий л ошихуй сэрэхүйтэй бөгөөд харин амьтай бүр нь сэрэхүйгээс үүдсэн ухааралтайг цохон тэмдэглье.  Хөгжиж дэвжихүйн урт хугацаанд  хувирал хэрхэн өрнөснийг бас тандан болгооё.
            Орчны мэдээлэл дохиог угтаж тархинд түүгээрч үл барам бүхий л юмст сөргүү фазат угтуул долгион үүсгэдэг шугаман бус (эвхрэлдэн эсэж дэврэх) үйл өрнөдөг хувирал бол угтаа Очлонгийн түгээмэл жам мөн. Ухаарахуйн физик шид- эсмэл хувирал нь амь бүрэлдсэн тэр мөчөөс хөгжлийн нэн ярвигтай зүй тогтлыг сонгон дэвшжээ.  Анхандаа  “бүдүүлэг” амьтны хувьд холограф сэрэхүй нь дангаар танин мэдэхүйд хүргэх чадвар мөхөс байсан нь лавтай. Тэр тохиолдолд  “дорой”  амьтасын хувьд уг юмсын  холомэдээ дохиог  хоморго дэнс үйлээр ний төрхөд багцруулж  хөтлөх сүргийн хам  сэрэхүйн  Орчлонгийн хэмнэл бүрэлджээ гэмээр байна.  Багсралын буюу сүргийн хам сэрэхүй  нь  тэгэхлээр амьгүй юмс бөөмс бас амьт юмсын  холо мэдээллийг  Орчлонгийн  квант хоморго дэнс шид үйлээр бүхэл сүргийг нэгтгэн жолоодох увидаст хүргэсэн гэмээр байна.
Урлагийн тоглолт, бөөгийн буулт, тууль хайлах зэрэг  үйлийг хүлээн авахдаа монголчууд квант хоморго дэнс  буюу тэнгэрийн сүнс орон руу нийлэхүйн шидийг олдог буюу. Жороо морины аялгуу тоглож байхад морины хөл газар товшиж явна уу гэмээр байснаа  гэнэт хөл алдан хөвж тэших мэт нуугаад явчихдаг. Мөн уртын дууны аялгуу алгуур өндөр авсаар мөнгөн дуулгат оргилоос хөлгүй сансарт дүүлэв үү гэлтэй шуранхайлаад барангүй оддог билээ. Энэ бол хуурч, дууч хийгээд сонсогч олны мэдрэмж дарвин доргисоор тэнгэрийн сүнс орон лугаа  амьсан ний төрөл олохын илрэл- гайхамшиг мөн бус уу.
Бөө буух үед квант хоморго дэнс үйл олныг нэн хүчтэй дарвиулдаг  учраас тэнгэрийн хам сэрэхүйд  дасгах сургалт болдог   байна.  Тэгэхлээр дээр өгүүлсэн амьтны сүргийн хам сэрэхүйн баримт бол  кван физик, синергетикийн охь үзлээр гийгүүлэхэд  утга   тайллын учиг нь ийн илрэв хэмээж байна. Нүүдэлчний дунд айл, өрх, хүн бүрийг хоморголон дэлгэрсэн бөөгийн үйл буулт бол чухамдаа нийт олныг сүнс орон лугаа  дарвиулан дасгаад тэнгэрийн билиг жамыг дагаж цэгцэрсэн нийхэмд  багсруулдаг шид сургалт байжээ хэмээхэд хүргэж байна.
            Бөөмсийн цэнэг, атомын цэн чанар(valentia) болон  физикийн олон төрөл  хүчийг тэгэхлээр квант холограф  резонанс үйлийн дүнд  Орчлонгийн хоморго дэнст сэрэхүйн шид шийдлээр  огторгуй- хугацааны  хязгааргүй цараанд   төрөл олж буй оршихуйн амин чанарын илрэл гэвэл илүү зохистой мэт. Сүнс далайгаас инагшлахуйд  элдэв бөөмс, цөөм, атом, молекул, бодис юмс, тэнгэрийн эрхэс бүрэлдэн оршиж байгаа нь чухамдаа өмнө өгүүлсэн мөнөөх танин(тэнгэрийн сэрэхүй) мэдэрч, ижилсэн(квант резонансаар) сүрэглэхүйн шид илрэл юм бус уу. Газар гацаанаас таамнасан “хүчийг”  эрэх үү, сүнс тэнгэрийн суу залийн зохиолоор бүрэлдэх хийгээд бүрлэхүйн  ухаалаг увидаст тавиланг хайх уу гэдэг асуудал өмнөөс минь ийнхүү босоод байна.
Хүмүүн  адгууснаас  ялгаатай нь  ухамсарт буусан дүрс төрхийг  оюун ухамсраар  бие даалган хөгжүүлснээр сэтгэхүйн тэнгэр бүрэлдүүлж, улмаатр танихуйн ундрага болгожээ. Тэр ундрага нь мөн чанартаа сэтхэлгээний  тэнгэр оршихуй болон  цогцолсон байна. Нүүхүйн жамаар аливаа бүрэлдэх, бүрлэхүйн төөрөг заяатай бүхий л юмс хийгээд  бод хий(урлаг, соёл ...) юмсын бүрэлдэл-тэнгэрийг бүтээжээ.   Мөнх Тэнгэр бол эл   төсөөлөл лүгээ шууд хамаарах нь  эргэлзээгүй. Тэгэхдээ танихуйн тэнгэр төсөөлөл бүрэлдэх нь бод оршихуйн хүрээлэн орчин, ахуй нөхцлөөс шалтгаалан  эрдэс шороо, доод амьтас хийгээд дээд буюу тэнгэрийн ухаантын   жимээр  салалаан хөгжжээ.
Дээдэс нотолном уу. Их талд амьдрал ширүүн, хүмэнэй заяа шууд тэнгэр, газраас хамааралтай.  Чингэхүй нүүдэлчин түмэн байгалиас заяасан сүргийн хам сэрэхүй  чадвараа удаан хугацаанд хадгалсаар байсан нь лавтай. Дээр өгүүлснээр бөө онгодоор олон түмнийг Орчлонгийн хоморго дэнс үйлээр сүнс орны буюу квант холограф санд хүргэж   тэнгэрийн  сэрэхүй лүгээ хөглөдөг байж.  Сорхагтани хатны хэлмэлд
 “Байгалаас хөх толбот хүнд  заяасан
   Мон тоба амин хэмийн нөөцийг
    Байгалийн бус гэгээрлийн их авьяасаар
   Маш их дахин үржүүлсэнтэй адил
   Мөнх Тэнгэрийн хүчин- бөө бөх зөнд байгааг мэдтүгэй”[15
хэмээсэн нь  өгүүлснийг шууд нотлох мэт сонсогдном. Бөөгийн үйлээр онгодод хүрэх бол тэгэхлээр хүмэн дотоод ертөц буюу хоморго дэнс эрч рүүгээ нэвтэрээд чинагшлан нүүдэлчдэд шүглэн хадгалагдсаар буй сүргийн хам сэрэхүйг хөглөн сэрээсээр тэнгэрийн хүчиний жолоо лугаа амьсан  нийлэх заяаг түшсэн байж.   Тэнгэрийн гэгээн бөө тархиар(үүд) зам нээлгэн хоморго дэнс үйлийг дагуулаад улмаар тэг цэгт хургасан Орчлонгийн холограф сан лугаа    хүмэн, айл гэр, улсыг нэлд нь амьсуулан бадраахуйд мөнөөх  тус тусд нь заяасан  холограф билиг  чадал  нь түм дахин үржиж, бүхэл үндэстнийг  тэнгэрийн төрийн суу залиар хөтлөх шид хүч  бүрэлдэж,  төмөр нэүрит засаг зөнгөөрөө хутаг олно хэмээхүй нь Мөнх Тэнгэр эрдмийн охь үзийн унги дэвсгэр нь юм.
Алс холоос дамжиж бүдгэрсэн хэдий ч  Ш. Нүрзэд өртөөчийн бэдэрч тодруулснаас үзэхүйд Мөнх Тэнгэр эрдмийн цогцсод молхи миний хэлээд байгаа Орчлонгийн тэг цэгт хургасан квант холограф мэдээ дохио лугаа  нийлэн дүйж болом сэжүүр ч дурьдсан хэлмэлд тод байх мэт сэтгэгдэл төрүүлж байна.  Нэүрит засаг ( чухамхүү тэнгэрийн жолоот хүч) хутаг олно гэдэг нь  суурин түмэнд  заяагаагүйг: ”Нүүхүй нь жам суухуй нь  зам, нүүдэл нь оршихуй суухуй нь тэсэхүй,...  суухуйд хөх амин чанар үгүй, сүр ихт билэг хасбу тэнгэр үгүй “ [15]  хэмээн тодорхойлсон байна. Төнхөж бодохуйд энэ нь Орчлонгийн тэг цэгт хургасан(сүнс) орон суумлынханд оргүй болохыг тов тодорхой хэлсэн байна.  Чингэхүй суурин түмэн нь хувь хүнд заяасан резонанс холограф мэдээ дохионы  сангаасаа сүнс тэнгэр лүгээ  харилцах чадвар  мөхөс байжээ гэх санаанд минь  дэм болж байна.
Суурин түмэнд амьдралын хувь тавилангаар  бачуу  давчуу ахууд амьдрах нөхцөл заяасан учир  сүргийн хам ухаарлын чадвараа тийнхүү алгуур гээхэд хүрчээ. Харин суурин амьдралд  ахуу юмсыг мөнх мэтээр төсөөлөх болсноор илийг  ухамсарлан таних үйл хөврөл нь  зөвхөн тархинд бүрэлдэх хувь хүний холограф мэдээ лүгээ холбоотой хөгжиж. Суурин түмний танин мэдэх, сэтхэх хийгээд хэл, соёлын олон дүрст шинжид  ил ахуйн ул мөр лавширч  бэхжээд улмаар танихуйн голч шугам буюу бодис суурьт хөтөч үзлээ тунхаглахад хүргэжээ.  Өрнийн хэл, онч(rational) сэтгэлгээний бүтэц нь эхлээд ойр ил байгаа юмыг тодруулаад чинагш хүрээлэн буй орчин юмс руу алгуур тэлж тодорхойлдог. Нүүдлэчдийн хэл, сэрэхэүйн төсөөлөлд юмыг тодорхойлохдоо  их цараа орчноос нь буюу тэнгэрлэг ний ахуйгаас нь ургуулан нэгж ширхэгт нь хүргэж илэрхийлдэг. Энэ бол сүрэглэхүйн хам чанар суурин түмний ухамсарт үүсэн бүрэлдээгүй цагт,  нүүдэлчдийн билиг танихуйд илт удамшин дархлаажсны ул мөр гэлтэй юм. 
            Мөнх Тэнгэрийн хүч бол тэгэхлээр  адгуус амьтанд илэрч харагддаг сүргийн хамсан нийлэхүйн шид лүгээ гарвал ойролцоо шид илрэл буюу. Хувь хүмнэй ухамсар лугаа холбогдох  резонанст холограф мэдээлэл бус харин юунд ч шууд  холбогдоогүй Орчлонгийн сүнс далай дахь холограф мэдээ дохионы санд  нүүдэлчдийг бөө тархины онгод сургалтаар дарвиулж (сургаж) нэгтгэснээр тэнгэрийн зарлигийг чандлан дагаж цэгцрэх жаяг бүрэлдсний л  илрэл юм.
Монгол туургат нүүдэлчид хувь хүний ухамсарт  танихуйд хүргэдэг амины хоморго дэнс холограф мэдээллээс гадна Орчлонгийн  хоморго дэнс квант холограф мэдээ дохиогоор дамжин  дарвиж, үндэстнээрээ нийлэн нягтран багсрах аугаа эрч хүч олсон байж.   Эл далд шид нэгсэхүйг  Лев Гумилев түүхэн баримт, үйл явцын замналаас битүү тандан мэдрээд монгол үндэстэн дэлбэрэн  бүрэлджээ хэмээх дүгнэлтэд хүрсэн нь  үнэнхүү гайхамшигт зөн мэдрэмж  юм.       
Квант физик, синергетикийн тулгуур үзэл санаа лавширч, сонгодог хөтөч үзэл хувирснаар билиг эрдмийн  шинжлэх ухааны гүн үндэс  жам ёсоор байр сууриа сэргээгээд бүр төлжиж эхэллээ. Синергетик(ний үйлдэхүй буюу билиг суу заль), аяндаа цэгцрэхүйн зарчим нь Мөнх Тэнгэр эрдмийн суу заль ухаан лугаа санаа цараа нийлж байна гэж үзэж байна.Сорхагтан хатны хэлмэлд:
 Сүнс  болоод эзэн бие ний хэмтэй болохыг мон гэмүү,
  Хөрст газар, хөх огторгуй
  Хүмүүн гуравын ний хэм нь
 Амьдралын зуун найман цоо ухаан билээ [15]
гэсэн нь  Тэнгэрийн зарлиг – суу залиар төрөл төрх олон бүрэлдэх, бүрлэх төөрөг тавилан бол хүмүүний сэрэхүйд эрдэм ухаан тэрлүүлэн цэгцрэхийг хэлж байна.  Энэ зүй тогтлыг эдүгэ өрнөдөд бодист онч сэтхэлгээнээс нь хальж үүссэн “ ний үйлдэн аяндаа цэгцэрнэ” хэмээх  цоо шинэ санаагаар төсөөлж байна. Тийнхүү өвөг нүүдэлчид маань Орчлонгийн үл салах  цогцсыг  амьсгалан нүүхүйн төөрөг заяанаас нь төлжүүлэн   Мөнх Тэнгэр эрдмийг  илийн онч сэтхэлгээ хийгээд билиг зөн ухааныг хослуулан байж бүтээн босгосон байнам.  Хүмүүний соёлын сод гайхамшиг өрнийн эрдмийн охь үзэл, аргаар гийгүүлэхүйд Мөнх Тэнгэр эрдэм Орчлонгийн амь язгуураас эхтэй байсан нь ийнхүү тодорч эхэллээ.
Тэнгэрээс үзэхүй. Эдүгэ хүмүүний зам Орчлонгийн жамаас хол салжээ. Бодист үзэлд хөтлөгдөн хар амиа хичээж, танихуйн ололт, оньст хөдөлгүүр бүтээхүйн дэвшлийг ашиглан  олз ашгийг арвижуулахын төлөө улайрсан өрсөлдөөн нь хүмүүнийг шуналын  бузарт унагажээ.  Олзны золиосонд хөрст газар, хүмүүн төрөлхтөн өртөж автжээ. Дэлхий ээж шархалж, амь тэмцэн бачиж байхад хайрлах энэрэх сэтгэлгүй шунал хэнээтнүүд  улам л сэдрээсээр байна. Цадахгүй шуналтан, тэрсүүд хорсолтны  хоморго хөнөөлд хүмүүн ч шаналах болжээ. 
Сүнс тэнгэрийн заяатай, ухаант өвөг дээдэс минь эрхэм баян нь эрдэм, адгийн баян нь эд хөрөнгө гэж сургасныг огоорсноос хөлтөж, “хөлөөрөө” толгой хийх харгай нүүрлэхэд тулаад байна шүү дээ.    Мөнх Тэнгэрийн хүч – Орчлонгийн жамыг  дээдлэн сахиж байгаль ээж,  тэнгэр эцгийг шүтэж, бүхнийг, хүнийг хайрлаж бас хүндлэн өргөж чадваас  хүмүүн тэнгэрийн ивээлийг түшнэ.  Цаг цагаараа байдаггүй цагаан хар чанар арилжих жамтай. Сэрэгтүн!
            Мөхөс физикчийн тэрлүүлсэн санаа  ухаант түмний минь сонорыг үргээж, Мөнх Тэнгэр эрдмийн  аугаа нууцын хайгуулд  ний болтугай хэмээн залбирнам.
Reference
1.L.N. Gumilev and Kurkchi, The Black Legend, Moscow, Express,1994 (in russian);
2. О. Lhagva, The Holographic  Root Of  the Munk Tengery, X International Congress of  Mongolists. 9-13 August 2011, Ulaanbaatar. Summaries of Congress Papers, pp. 113-116, Jour. Acta Mongolica,Vol. 11(366), 2011, pp. 141-144. Munk Tengery-World View of Nomads in the Light of Quantum Physics and Synergy, Acta Mongolica, V 10(342), 157, 2010;  On the space- time structures in the human civilization.  Proc, VII Int.  Congr. of Mongolists. Mongolica, Vol., 9(30), 1999, p. 581, Ulaanbaatar,  The Origion of Civilization of  Great Steppe Nomads,  Proceed, VIII Congress of Mongolists,   Mongolica, 13(34), 2003, 92О,  The Mystery of Human Civilization, Bulleten, The IAMS News, 2008, № 41, 160, The Holographic  Root of Munk Tengery-Nomadic Science, Abstracts of Reports represented to X Congress of Mongolists
 3. Л.Н. Гумилев, Searching for Imaginary Kingdom /Legend of the Kingdom of Prester John/,Moscow, 1992, a). c.4, b). p.9 , b). с. 226, 3d);(in russian )
 4. The Secret History of Mongols, ed by D.Tumurtogoo, Ulaanbaatar, 2006, a) § 224,];
 5. Alain Aspect et al. Experimental Realization o Einstein- Rosen-Bohm Gedankenexperimnet:A New Violationof Bell’s Inequalities, Phys. Rev. Lett. V49,(1982),91;
6. D. Bohm, Wholeness and the Implicate Order, London: Routledge,  2002, p. 227;
7. О. Лхагва, Дээд тэнгэрээс заяат хэмээхүйн шинжлэх ухааны үндсийг бэдрэхүй,  сэтгүүл: Universe of Knowledge(Academae),MAS, IPSL, pp.37-46, 2012.
8. Edgar D. Mitchell, Sc.D.1, and Robert Staretz, M.S., Journal of Cosmology, 2011, Vol. 14. Journal of Cosmology.com, 2011.
9.  Mitchell, E. (2001). Natures Mind: The Quantum Hologram, Institute of Noetic Sciences, Petalma, CA
10. 10. Ho, M., Quantum Coherence and Conscious Experience, Institute of Science in Society, Kybernetes 26, pp. 265-276, 1997. Marcer, P., Schempp, W. Model of the Neuron Working by Quantum Holography, Informatica Vol. 21, pp. 519-534. 1997.
11. 11. Haisch, B., Reuda, A., Putoff, H.,  Physics of the Zero Point Field: Implications for Inertia, Gravity and Mass, Speculations in Science and Technology, Vol. 20, pp. 99-114. 1997.
12. 12. Darling, D. (2005). Teleportation - The Impossible Leap, John Wiley & Sons. Hoboken, NJ.
13. Marcer et al. Marcer P., Schempp  The Model of the Prokaryote Cell as an Anticipatory System Working by Quantum Holography, In: Dubois D. Proceedings of the First International Conference on Computing Anticipatory Systems, Liege, Belgium, August 11-15:307-313. 1997.
14.  O.Lhagva  “On the space- time structures in the human civilization”,  Proc. VII Int.Cong. of Mongolists, Mongolica, Vol.9(30), Ulaanbaatar, 1999, p.581.
15. Сорхагтани Бэкүн, Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит их засгийн алтан дээд алгуу, XV үеийн өртөөлөгч, Ж. Нүрзэд,Улаанбаатар, 2008, 2009.

No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.