Wednesday, April 11, 2012

"Хумхи ертөнцийн квант жам" -шинэ ном гарлаа..


Энэхүү номонд  хумхи ертөнцийн квант жам, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, анагаахуй, нано-био-мэдээллийн технологи,  байгаль, нийгмийн  үзэгдэл дэх түүний утга учгийг эгэл тайлбарлажквант физик, синергетик  хийгээд дорнын гүн ухааны охь үзлийн айлсалт, цаашид улам бүр өргөсөн тэлэх  хэрэглээг нь тандан товч  өгүүлнэЭдүгэ айсуй  байгаль- нийгэм, үйлдвэрлэлийн хувьсгал, эх дэлхийн хувирлын  язгуур  үндсийг  хөндөж мэдрэхэд эл судар тус болно.  


Нэгдэх хэвлэлийн өмнөх үг 

XIX зууны эцэс хэрд Ньютоны механик, Максвеллийн цахилгаан соронзоны онол, дулааны сургааль буюу термодинамик, хийн кинетик онол, уян харимхай, агаар хий ба ус шингэний динамик зэрэг физикийн сайн хөгжсөн олон салбар ухаан нийлж классик физикийг бүрэлдүүлжээ. Классик физик нь голдуу өдөр тутмын амьдралын туршлагад тулгуурласан «хар ухааны» дүгнэлтийн хүрээнээс хол гараагүй байсан боловч уул хүрээнд багтах үзэгдэлд дэс дараалалтай, дотоод бүрэн утга уялдаатай тайлбарыг өгч байв. Тэр үеийн физикчид классик физикийг бүх орчлон ертөнцийн зүй тогтоолыг илэрхийлэх төгс ухаан боловсорсон мэтээр үзэн биширч байсан юм.


Техникийн ухаан хөгжин вакуумт техник бий болж, радиоэлектроник үүссэний ачаар электрон, рентген туяа, цацраг идэвхит задралыг нээж улмаар тусгаар атом, молекулын шинж чанарыг судлах, цахилгаан соронзон цацрагийг бүртгэх боломжтой болжээ. Гэтэл тийм туршилтын дүнг классик физикийн үзлийн хүрээнд огтхон ч тайлбарлаж болохгүй байсан нь атом, атомын үзэгдэл бол эзлэх орон зай, улиран хувьсах цаг хугацаагаараа ч дотоод бүтэц, зүй тогтлоороо ч бидний мэдрэхүйд өртөх юмс, байгаль, тэгэхлээр өдөр тутмын амьдрал дахь туршлагын хязгаараас эрс хальж давсныг харуулсан юм. Энэхүү бэрхшээлийг давж манай зууны эхний мөчид атомын квант онол хөгжсөн билээ.
Материйн бүтцийн «онгон» нууцад нэвтэрч атом, цөмийн ертөнцийн тогтцыг танин мэдсэн нь физикийн шинжлэх ухааныг хурдацтай давшуулсан төдийгүй эрин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшил мөн нийгмийн хөгжилд ч асар их үр нөлөө үзүүлсэн бөгөөд цаашдаа ч хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй. Иймээс атом, цөмийн физикийн үндэс нь өнөө үеийн соёлт хүмүүсийн төсөөлөн эзэмшвэл зохих оюуны баялгийн нэг чухал хэсэг мөн. Энэ ч учраас дунд, тусгай дунд, техник мэргэжлийн сургуульд атом цөмийн физикийн үндсэн мэдэгдэхүүнийг заадаг.
Атомын  цөмийн  физикийн үндсийг заах буюу бие даан судлахад заавал анхаарвал зохих зүйл бий. Үүнд: Нэгдүгээрт, классик физикийн гол хууль зүй юу байсан бэ гэдгийг тогтоон санаад энэ нь атомын бүтцийг тайлбарлахад огт тохирохгүй байгааг тод ойлгож атомд онцгой “квант” гэгдэх зүй тогтол ноёрхдог болохыг мэдэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт, дунд сургуульд атомын физикийн эхлэлийг хөгжлийнх нь бүр эхэн үеийн Борын зэрэмдэг квант онолоор заадаг нь уг мэдлэгийн зөв чигийг олгож байгаа боловч атомын жинхэнэ квант бүтэц нь чухамдаа тэс өөр болохыг заавал сануулан орчин үеийн квант онолын хялбар төсөөлөлтэй танилцуулах хэрэгтэй юм. Гуравдугаарт, хууль, арга зүйг хэрэглэн тооцоолол үйлдэж, үзэгдэл, хэмжигдэхүүний хоорондох хэлхээ уялдааг хөгжил хувьсалд нь харах явдал бол сэтгэн бодох чадварыг төлөвшүүлж, физикийн мэдлэгийг гүн бат болгох, тэгэх тусмаа «хар ухаанд» шууд үл буух зүй тогтоол бүхий атом, цөмийн физикийн хувьд бүр чухал. Иймд гол гол физик санаа бүрт харгалзсан жишээ тооцооллыг заавал үйлдэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, атом, цөмийн физик дэх нээлт ололтыг шинжлэх ухаан, улс ардын аж ахуйн янз бүрийн салбарт хэрэглэх физик уг сурвалжийн учрыг ухан ойлгоод амьдралд хэрэглэж байгаа бодит жишээ баримтаар баяжуулах хэрэгтэй.
Толилуулж буй энэхүү бяцхан номонд атом, цөмийн физикийн үндсэн ойлголтыг физик сэтгэлгээний өнөөгийн төвшинд энгийн математик хэрэглэн хялбар дөт тайлбарлахын хамт дээр дурдсан шаардлагуудыг зохих хэмжээнд тусган бичих зорилт тавьсан болно.
Энэ ном нь дунд сургуулийн  ахлах  ангийн болон тусгай дунд, техник  мэргэжлийн сургуулийн сурагчдад хичээлээс  гадуур унших материал болохын хамт дунд сургуулийн  физикийн багш, дээд сургуулийн оюутан нарт квант  физикийн зарчим, үзэл санааг  судлахад  тустай.  Мөн физикийг бие даан судлах, дээд сургуульд элсэх бэлтгэл хийх, атом, цөмийн физикийн ололт аргыг шинжлэх ухаан техник, улс ардын аж ахуйд хэрэглэх физик үндэстэй танилцахыг хүссэн өргөн олон уншигчдад нэгэн адил хэрэгтэй болно гэж найдаж байна.
Атом, цөмийн физикийн үндсэн ойлголтыг түүхэн хөгжлөөс нь авахуулаад улс ардын аж ахуйн ач холбогдлыг нь хүртэл хамруулан бичих гэж оролдсон энэхүү бяцхан номонд алдаатай, андуу ташаа зүйл анхаарагдвал зохиогчид мэдэгдэж, цаашдын ажилд гүн туслалцаа үзүүлэхийг хүснэ.


Зохиогч



Хоёрдахь хэвлэлийн угтуул  үг

Квант жамыг чухамдаа баримжаалаа ч үгүй төгсч байхдаа атомын физик зааж билээ. Эрэгцүүлэхүй, эдүгэ бие маань газарт бодол санаа минь хумхи ертөнцөд яваа мэт. Бэдэрч туулсан зам бартаатай, амаргүй ч  чадвар  хайрладаг аж. Ой ухаанд билчсэн эрдмийн санаа, будлиухан зүтгэлээс  үлдсэн чадварыг залуу үедээ хүргэхийг эрмэлзэн бүр өнгөрсөн зууны  70-д оны эхнээс бяцхан ном тэрлүүлж, оюутан шавь нартаа уншуулан шалгуулж байлаа.  Хэвлүүлээд  40 жил өнгөрчээ. Зарим шавь, бусад ойр мэрэгжлийн хүмүүс ч  уг номыг дурсаж та дахин хэвлүүлээ ч гэж сануулдаг юм.
Математик, физик,  техникийн эрдмийг “гүйлгэн” уншиж судалдаггүй,  тооцоо, туршилт үйлдэн түүнээс өлгөж үзэгдэл, хувьслын язгуур шинжийг эрж төнхөхүйе сэтгэхүйд дүр төрх нь алгуур амилж алсдаа чадвар руу хөтөлнө.  Бяцхан номыг анх тийм санаа өвөрлөн бичиж билээ.
Тэр үед  квант физик дэх шинэхэн нээлт байсан олон ололт өнөөдөр амьдралд гүн нэвтэрчээ.  Лазерын хүчтэй, найрмал (когерент) цацрагийн үйлчлэлээр бодис  гэрлийн шинэ (шугаман бус) үүсгүүрт хувираад тусгаснаас бүр өөр олон өнгийн туяа цацруулж байна.  Өнгө сэлгэдэг олон төрөл лазер бий боллоо.  Лазерын найрмал цацрагийг жолоодох арга хөгжснөөр фотоник хэмээх шинэ чиглэл үүсч, гэрлийн долгионд суурилсан мэдээллийн болон тооцоолол, үйлдвэрлэхүйн автомат техник бүтээж байна.  
Юмсын биежил дүрс босгодог зайнаас тандах арга, компьютер томограф,  MRI, хэт авиан дүрслүүр бүтээсэн нь  шинжлэхүй хийгээд анагаах ухаан, байгаль судлал, үйлдвэрлэл, боловсролд онцгой үүрэг гүйцэтгэж байна.   Атоман хийг  хэт нам температур руу буулгаж хөргөх арга хөгжиж,  Бозе бөөмсийн тунамал  гэгдэх бодисын үлэг квант төлвийг туршилтаар гаргав. Атомын эрчим хүчийг  ашиглах нь  эх дэлхийд экологийн сүйрэл буюу хүний гараар өдөөгөөд буй галав үүсэх аюулыг холдуулах нэг найдвар болох  төлөв тодорч байна. Манай орон ураны нөөц- үүцтэй байж.  ХХ зуунд тусгаар атом, молекулыг судалж мэдээд одоо бүр “гараар” холбож хэлхэн урьдаас товлосон шинж  бүхий бодисыг бүрэлдүүлэх нанотехнологи хөгжиж байна.  
Эсийн чанадад физик, хими, биологийн ухаан амьсан байгалийн язгуур эрдэмд нийлэв. Өнгөрсөн зуунд эрчтэй хөгжсөн цөмийн физикийг дагаж хуримталсан  судалгааны их ололт эдүгэ эдэлгээнд ороод нанотөвшиндэх бодис, амьд биет, нано-биобүтцийг    туршуул- бөөмс, фотоноор тандан судлах таатай зам хэдийнэ тодорчээ. Байгалийн 3 ухаан хийгээд математик- мэдээллийн технологи  айлссан уулзвар дахь эл өвч судалгаа нь шинэ зуунд  эрдэм-үйлдвэрлэлийн гайхамшигт дэвшил, түүний дотор гени дэх эвдрэл согого, гаж мэдээллийг засварлахад лавтайя хүргэнэ гэдэгт итгэж байнам.     
Физикийн эрдэм ухаан ил ахуугаас гадагшлан  Орчлон тийш орой, хаяагүй, бас хумхи ертөнцийн гүн рүү ёроолгүй цараа тэлэн хөгжсөөр. Квант физик нь ил ахуун чанадад үл үзэгдэх  бодит орон буюу далд амьсуулах оршихуй байгааг тогтоов. ХХ зууны төгсгөл тийш синергетик хэмээх эрдэм ухаан бүрэлдэсэн нь Орчлон дахь  хувьслын язгуур зүйг тандан  таних учгийг хүмүүний гарт атгуулав. Аливаа хувьсал хуйлран уймарч байж  төрх төрөл арилжин шинэд шилждэг  буюу тооны хэлээр бол шугаман бус жамтай байж.
 Квант физик, синергетик хоёр   өрнийн шинжлэх ухааны хөтөч үзэл(paradigm)- ийг унгиар нь хувиргав. Эдүгэ хүмүүн Аристолээс эхэлсэн Орчлонд ил юмс ,хоосон хоёр л буй хэмээх яхир явцуу үзлээс салж, ил ба далд оршихуй гагцхүү сүлэлдэн, амьсахуйн жамаар бүрэлдэл хувьсдгийг тогтоов. Чингэхүй, квант физик, синергетикийн үзэл дорнын гүн ухаан лугаа шууд саахаллан ойртов. Монгол туургатны язгуур бөгөөд цогц эрдэм-Мөнх Тэнгэрийг  шинэ хөтөч үзэл лүгээ айлсуулан, Чингис хааны давтан хэлсээр байсан шид хүчэнийх нь байгалийн учир зүйг илрүүлэхээр  дэвшүүлсэн сэдэл санааг эл номондоо зориглон оруулав.
Номын  хуучин бичлэг, хэлийг яльгүй сэлбэж, тооцоог хэвээр үлдээсний дээр дурьдсан шинэ хэрэглээ болон дэвшлийн тухай  цайлгандуу сэдэл санааг  нэмж оруулав. Хуучирсан зарим зүйлийг хасав.  Хэзээ нэгэнтээ салаалсан  эрдэм ухаанууд  синергетик, квант физикийн үзэл дор амьсан нийлэхүйн илрэл энэ болов уу хэмээнэ. Эрдэм хийгээд аливаа үйлдвэрлэл, технологи математик- мэдээллийн технологид  баттай суурилчихлаа. Өгүүлснээс үзэхүл,  ХХ зууны тэртээ хөгжиж, үйлдвэрийн хувьсгалд хүргэсэн сонгодог эрдмээс гол гол тулгуур үндсийг нь үлдээж, хумхи ертөнцийн квант жам, синергетик  зүй тогтлыг  аль ч  шатны сургууль, өргөн олны анхааралд түлхүү хүргэх  цаг нэгэнтээ ирснийг  дашрамд хэлэх нь зүйтэй болов уу.
Эл номонд дурьдсан шинэ шинэ дэвшлийн санааг  нүүдэлч монголынхоо ахуй, хэл соёл  лугаа аль болох дөхүүлэн буулгаж хэлэхсэн хэмээн хичээсэн болно. Бяцхан ном маань  амьсан айлсаж буй эрдэм хийгээд хувслын жамыг төсөөлөөд шинийг ургуулан сэдэхэд нь залууст тус болоосой л доо.
         Өнгөтэй нартад  учираад, өөтэй цэгт түшиж, өөдтэй үйлсийг бүтээлцсэн, өгөөмөр сэтгэлт хань, физикч А. Рийжээдээ өчүүхэн эл бүтээлийнхээ дээжийг өргөмү.
Номын эхийг сэлбэж бэлдэх, зургийг засварлан буулгахад чин сэтгэлээр тусалсан шавь М. Батмөнх, П. Энхцэцэг, П. Батзул болон нягтлан хянасан Л. Эрдэнэтуяа нарт таларханам. Уншигчдаас алдаа мадагийг мэдээлж, санал зөвлөгөө өгч  туслахыг хүснэ. olhagvao@yahoo.com

                                    О. Лхагва,
                                                          Билгүүн.  2012. 03. 2.

No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.